Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0812

 

 

 

 

 

 

  2023          11           06                                    128/ШШ2023/0812

       

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: *******,*******,

Маргааны төрөл: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид тусгай хамгаалалттай нутагт газар ашиглуулах эрх олгосон нь хууль зөрчсөн, газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэртэй маргасан,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, Д.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: *******,*******ын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалыг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухай:                                                                     

2.1. *******,*******ын 2014 оны А/339 дүгээр тушаалаар  2014/59 дугаартай газар ашиглах гэрчилгээгээр Э******* ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Нүхтийн аманд 1.4 га газар ашиглах эрх аялал жуулчлалын зориулалтаар олгосон.

2.2. 2017 оны А/288 дугаар тушаалаар газраас нь хэсэгчлэн цуцалж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 570 дугаар шийдвэрээр цуцалсан тушаалыг хүчингүй болгосон.

2.3. *******,*******ын 2019 оны А/309 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/280 дугаар тушаалаар ашиглах эрхийн хугацааг сунгасан.

2.4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 тоот албан бичгээр гаргасан саналыг үндэслэн   *******,*******ын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар:

3.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Хан Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/59 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан. Газраа зориулалтын дагуу ашиглаж байтал 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр наадмаар хөдөө яваад 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иртэл Д.Э******* гэх хүн манай хашааг буулгаад гэр барьж манай компанийг ажилчдыг оруулахгүй дарамталж улмаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг маргаан явсаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 697 дугаартай магадлал гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Ингээд манай компани хууль ёсны дагуу тус газар дээр үйл ажиллагаа явуулах гэхэд Д.Э******* гэх хүн саад болж газар чөлөөлж өгөхгүй байсан тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд эдгээр хүмүүсийг нүүлгэж өгөх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч 2023 оны 06 дугаар сард та нар өөрсдөө нүүлгэж хашаагаа барь гэдэг хариултыг хуулийн мэргэжилтэн амаар өгсөн. Ингээд бид дахин шинээр хашаа захиалж, хашаагаа барихаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газартаа очиход Д.Э******* гэх эмэгтэй хэсэг бүлэг согтуу хүмүүстэй нийлж элдвээр доромжилж танай газрыг *******,*******ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн A/250 дугаартай тушаалаар цуцалсан гээд тушаалыг үзүүлсэн. Тушаал гарсан өдрөөс хойш 47 хоногийн дараа манай компанид хамааралгүй Д.Э******* гэх эмэгтэйгээс өөрийн газар ашиглах эрх цуцлагдсаныг мэдсэн. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 дугаартай саналыг үндэслэн тухайн газар ашиглах эрхийг цуцалсан байсан тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр очиж уулзаж, *******,*******ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн A/250 дугаар газар ашиглах эрх цуцалсан тушаалыг хүлээн авч улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

 Уг тушаалаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт "дотоодын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хун/-ийг хэлнэ гэж заасан байдаг. Э******* ХХК нь дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт “Э******* XXК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай гэх үндэслэлгүй” тухай албан бичгээр хүргүүлсээр байхад зориуд хууль зөрчсөн үйлдлийг санаатай гаргасан.

Манай компанийг газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй. 2016 оноос Д.Э******* гэх хүнтэй цагдаагийн байгууллага болон Захиргааны хэргийн шүүхийн маргаантай байсан ба 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 697 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар ашиглах эрх нээгдсэн. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Д.Э******* баахан хүмүүсийн нэрс, утасны дугаар бичээд өргөдөл гаргасан байдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шууд *******, аялал жуулчлалын яам руу энэ асуудлыг шийдвэрлэ гэж албан бичиг явуулдаг. Улсын бүртгэлийн байгууллага “энэ компани дотоодын хөрөнгө оруулалттай компани” гээд албан бичиг явуулсаар байхад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “гадаадын хөрөнгө оруулалттай компани” гээд цуцлах санал явуулсан. *******, аялал жуулчлалын яамны хэлтэст очиж улсын бүртгэлийн газрын “Э******* ХХК нь дотоодын хөрөнгө оруулалттай компани” гэсэн албан бичиг байна, хуулийн зүйл заалтаа баримталж байна уу гэхэд “бидэнд хэлэх зүйл байхгүй, уучлаарай” гэсэн. *******, аялал жуулчлалын яам энэ бичгийг хүлээж авсан ч архивтаа хийгээгүй, олдохгүй байна гэдэг. Улсын бүртгэлийн газар шүүхэд албан ёсны тайлбарыг ирүүлсэн гэж байна. 

Олон жил маргаан үргэлжилж Д.Э*******ы гаргасан үйлдэл хууль бус гэж шийдвэрлэдэг. Шүүхийн шийдвэрийг биелүүлье гэхээр *******, аялал жуулчлалын яам хэрэгжүүлдэггүй.

Э******* ХХК нь Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасан гадаадын хөрөнгө оруулалттай компани биш. В******* гэх хүн нь цагаач бөгөөд Монгол Улсад төрсөн хүн юм. Статусын хувьд гадаадын хөрөнгө оруулалттай компани биш гэдгийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас өөр этгээд тодорхойлохгүй боломжгүй. Д.Э******* гэх хүний нэхэмжлэлтэй холбоотой асуудал 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/59 дугаартай газар ашиглах эрхийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх явцад энэ асуудлыг мөн дурдагдаж байсан. Тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани биш, дотоодын хөрөнгө оруулалттай компани гэж шүүх хуралдаанд тайлбар хэлж байсан. *******, аялал жуулчлалын яамнаас хариуцагчаар оролцож байхдаа манай тайлбарыг хамгаалж оролцож байсан, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

 2016 оноос хойш Д.Э******* гэх хүний нэхэмжлэлтэй хэрэг үргэлжилж 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байхад 2020 оноос хойш газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзсэн. Энэ хугацаанд манай газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байсан бөгөөд шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь мэдэгдэхгүй буюу шүүхийн шийдвэр гараагүй байсан учраас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү хашаагаа гүйцээж барих хүсэлтэй байгаагаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд илэрхийлж байсан. Тэгэхээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй.

Манай компани гадаадын хөрөнгө оруулалттай компани биш гэдэг нь тогтоогдож байгаа учраас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн *******,*******ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаартай газар ашиглах эрхийг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “*******,*******ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцлах тухай" А/250 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.2, Газрын тухай хуулийн 40 дугаар 40.1.4, 40.1.6 дахь заалт юм.

*******,*******ын газар ашиглах эрх цуцлах болсон үндэслэл нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал. Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 33 дугаар үйлийн 33.2 дахь хэсэгт тусгай хамгаалалттай газар нутаг гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно." гэж заасныг зөрчсөн байсан.  Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу эрхийн гэрчилгээ эзэмшиж, газрын хууль тогтоомж зөрчсний дагуу Э******* ХХК-д олгосон газар ашиглах эрхийг цуцлах саналыг уламжилж байна гэсэн. Тус саналыг үндэслэж маргаан бүхий *******,*******ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаартай тушаал гарсан.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д "хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан", 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5 дахь хэсэгт заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.", Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно." гэж тус тус заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/280 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй." гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч Э******* ХХК нь 2016 оноос эхлэн Д.Э******* гэх хүнтэй цагдаагийн байгууллага болон захиргааны хэргийн шүүхийн маргаантай байсан гэж тайлбарладаг. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах” тухай тогтоолд газрыг зориулалтын дагуу 2 жилээс дээш ашиглаагүй гэдэгт газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарладаг. Шүүхийн маргаантай байсан гэх үндэслэлээр газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй байна.

    В******* нь цагаачаар Монгол Улсад байдаг. Монгол Улсын иргэн гэж үзэхгүй байгаа тул дотоодын хөрөнгө оруулалттай компани биш гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэж газар ашиглах эрхийг цуцалсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаар газар ашиглах эрхийг 2020 онд сунгасан байдаг. Манайхаас цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгоно.”, 48.3-т “тус актыг гаргаснаас хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасны дагуу сунгасан тушаалаа хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын “хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлт тухайн газарт цөлжилт бий болсон, бусдын хууль бус эзэмшил зэрэг газар эзэмшигчээс шалтгаалах нөхцөл байдал байхгүй байсныг ойлгоно” гэсэн. Бусдын хууль бус үйлдэл гэдэгт Д.Э******* гэх хүний үйлдлийг хууль бус гэж тогтоосон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр байхгүй байсан учраас Э******* ХХК нь 2020 оноос газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой байтал зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн тул маргаан бүхий захиргааны акт гарсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э******* ХХК нь *******,*******ын 2014 оны А/439 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Нүхтийн аманд байрлах 2 нэгж талбар бүхий 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авч, 2017 онд газраас нь хэсэгчлэн цуцалсан А/288 дугаар тушаалтай маргаж, шүүхийн 2018 оны 570 дугаар шийдвэрээр *******,*******ын 2019 оны А/309 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/280 дугаар тушаалаар ашиглах эрхийн хугацааг сунгасан байдаг.

Хариуцагч *******,******* Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 тоот албан бичгээр гаргасан саналыг үндэслэн Э******* ХХК-ийг “гадаадын хөрөнгө оруулалттай компани”, мөн “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан  ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр 2014 оны А/439 дүгээр тушаалаар  аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон 1.4 га газар ашиглах эрхийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалаар цуцалсан.

Нэхэмжлэгч нь “тус компани дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, шүүхийн маргаанаас шалтгаалаад газраа зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй, газар ашиглах эрхийг цуцлах энэ үндэслэл үүсээгүй” гэж маргасан бол хариуцагч “тус компани гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, шүүхийн маргаантай байх нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй” гэж тайлбарлажээ.

Хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгээр тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглодог бөгөөд хариуцагч нь Э******* ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани тул гадаадын хөрөнгө оруулалттай компанид тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрх олгосон нь хуулийн энэ заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг, 3.1.4-т "дотоодын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг, 3.1.5-д "гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг ойлгоно” гэж заасан.

Нэхэмжлэгч Э******* ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан 30 хувийг Монгол Улсын иргэн, 70 хувийг Монгол Улсад байнга оршин суугч БНХАУ-ын иргэн Ван Юу Фэй /Wang Yufei/ эзэмшдэг, Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээр бүртгэлтэй, /861446/ регистрийн дугаартай хуулийн этгээд болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, тус компанийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Wang Yufei нь 1995 оноос хойш цагаач буюу G хэлбэрийн оршин суух зөвшөөрөлтэй Монгол Улсад байнга оршин суугч гадаадын иргэн болохыг Гадаадын иргэн, харьяатын газар тус тус тодорхойлжээ.

Тиймээс тус компанийн 70 хувийн хөрөнгө оруулагч нь Монгол Улсад байнга оршин суугч гадаадын иргэн буюу 3.1.4-т заасан дотоодын хөрөнгө оруулагч байх тул 3.1.5-д тодорхойлсон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж үзэхгүй.

*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар тус компанийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд мөн эсэх лавлагааг авахаар 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 01/5670 тоот албан бичгээр хандсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5/8558 тоот албан бичгээр Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т дотоодын хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг ойлгоно гэж заасан тул Э******* ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай гэх үндэслэлгүй юм” гэсэн хариу өгсөн байдаг ч энэ лавлагааг авснаас хойш хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа тодорхойлолтыг үл харгалзан 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалаар “гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 846 тоотоор сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж үзээд газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлд тайлбар шаардсан, тус компани 8 дугаар сарын 11-ний өдөр 22/07 тоотоор “дотоодын хөрөнгө оруулалттай компани” гэх тайлбараа хүргүүлсэн, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1784 тоотоор сонсох ажиллагааны мэдэгдэл дахин хүргүүлж, тус компани 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дээрх албан бичгээр “дотоодын хөрөнгө оруулалттай компани” гэсэн лавлагаа хүргүүлсэн” талаар тайлбар өгчээ.

Ийнхүү сонсох ажиллагааг шийдвэр гаргахаасаа өмнө хуульд заасан журмаар хийсэн байх ч оролцогчийн тайлбар болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолтыг шийдвэр гаргахдаа харгалзаагүйн дээр харгалзаагүй үндэслэлээ тайлбарлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд захиргааны үйл ажиллагаа нийцээгүй байна.

2. *******,*******ын 2017 оны А/288 дугаар тушаалаар Э******* ХХК-ийн 1.4 га газраас хэсэгчлэн цуцалснаар тус компани нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын  18-ны өдрийн 570 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, газрыг хэсэгчлэн цуцалсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, улмаар *******,*******ын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/309 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж, энэ талаар 2014/59 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тэмдэглэгээ хийж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2020/446 дугаартай газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга, хамгаалалтын захиргаатай байгуулсныг баталж, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/280 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг сунгаж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан байдаг.

Мөн иргэн Н.Г нарын иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* “иргэдийн хүсэлт гаргасан газартай ашиглах эрх олгосон газар нь давхцалтай” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанид анх газар ашиглах эрх олгосон 2014 оны А/339 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж 2018 оноос маргасан, улмаар  газар ашиглах эрхийг сэргээсэн 2019 оны А/309 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодорхойлсноор, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 697 дугаар тогтоолоор “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хүчин төгөлдөр захирамж, тогтоол байгаа” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Учир нь өмнө уг шаардлагыг “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн 1488 дугаар захирамж, давж заалдах шатны шүүхийн 223 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байжээ.

 Өөрөөр хэлбэл “иргэдийн хүсэлт гаргасан газартай давхцалтай” гэх маргаан 2018 оноос 2022 оны 9 дүгээр сарыг хүртэл үргэлжилж шийдвэрлэгдсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх 2 жилийн хугацаанд иргэдийн гаргасан нэхэмжлэлээр шүүхэд ийнхүү маргаантай байсан, үүнийг газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох эсэхийг ч хариуцагч шийдвэр гаргахдаа харгалзаагүйгээс шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Учир нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 846, 12 дугаар сарын 07-ны өдрийн 1784 тоотоор хийсэн сонсох ажиллагааны мэдэгдэлд “газраа гэрээнд заасан зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл тусгагдаагүй буюу энэ үндэслэлээр сонсох ажиллагаа хийгээгүй. 

Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 тоот албан бичгээр ирүүлсэн санал нь “гадаадын хөрөнгө оруулалттай компанид ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн” гэх үндэслэл байснаас “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр санал гаргаагүй байна.

Ийнхүү А/309 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг сэргээсэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болон А/280 дугаар тушаалаар ашиглах эрхийн хугацааг сунгасан 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн аль хугацаанаас газраа ашиглаагүй гэх хугацааг тооцсон нь тодорхойгүй, нэр бүхий иргэдийн нэхэмжлэлээр шүүхийн маргаантай байсан хугацааг газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах эсэхийг харгалзалгүй, сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэлээр шийдвэр гаргасан нь “шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны хуулиар тогтоосон шаардлагад нийцээгүй шийдвэр болжээ.

3. Тушаалд мөн Газрын тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг баримталсан хэдий ч эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлийг тогтоосон баримтгүй, энэ талаар сонсох ажиллагаа хийгээгүйн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч хариуцагч энэ үндэслэлд тайлбар өгөөгүй болно. Энэ нь мөн л “шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны хуулиар тогтоосон шаардлагад нийцээгүй, шийдвэрийг хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хууль бусаар зөрчсөн гэж дүгнэх үндэслэл боллоо.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******,*******ын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.5 дахь заалтыг тус тус баримтлан Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******,*******ын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА