Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0029

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0029

Улаанбаатар хот

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/2** дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0812 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0761/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь БОАЖС-д холбогдуулан “БОАЖС-ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/2** дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 812 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.5 дахь заалтыг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М давж заалдах гомдолдоо:

3.1. БОАЖС-ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/2** дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.2, Газрын тухай хуулийн 40 дугаар 40.1.4, 40.1.6 дахь заалт юм. Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 33 дугаар үйлийн 33.2 дахь хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн байсан.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу эрхийн гэрчилгээ эзэмшиж, газрын хууль тогтоомж зөрчсөний дагуу “Э” ХХК-д олгосон газар ашиглах эрхийг цуцлах саналыг уламжилж байна гэсэн. Тус саналыг үндэслэж маргаан бүхий БОАЖС-ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/2** дугаартай тушаал гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3. 48.2.5 дахь хэсэгт заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/280 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч “Э” ХХК нь 2016 оноос эхлэн Д.Э гэх хүнтэй цагдаагийн байгууллага болон захиргааны хэргийн шүүхийн маргаантай байсан гэж тайлбарладаг. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолд газрыг зориулалтын дагуу 2 жилээс дээш ашиглаагүй гэдэгт газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарладаг. Шүүхийн маргаантай байсан гэх үндэслэлээр газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд шүүх энэ талаар шийдвэртээ тодорхой дүгнээгүй, зөвхөн сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэлээр хариуцагчийг буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.3. Түүнчлэн БНХАУ-ын иргэн В нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн 70 хувийн хувьцааг эзэмшдэг буюу хуулиар эцсийн өмчлөгч гэдгийг шүүх огт харгалзаж үзсэнгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн шийдвэрээ зөвтгөсөн манай байгууллагыг буруу шийдвэр гаргасан гэж үзсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3.-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэж заасныг үндэслэн хэргийг бүхэлд нь хянахад, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хооронд Газрын харилцаа болон “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-аар зохицуулагдсан Дархан цаазат газар ашиглахтай холбоотой харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагатай нийцэхгүй байна.

 

  1. БОАЖС-ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/2** дугаар тушаалаар нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосон 1.4 га газрын ашиглах эрхийг цуцлах болсон үндэслэл нь гадаадын иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулахыг хориглосон Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 33 дугаар үйлийн 33.2 дахь хэсэгт заасан зохицуулалт байх бөгөөд ийнхүү актыг гаргахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 дүгээр албан бичгээр ирүүлсэн “... Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 33 дугаар үйлийн 33.2 дахь ... заалтыг зөрчиж байна...Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын  тухай хууль тогтоомж зөрчсөн” хуулийн зохицуулалтын дагуу “Э” ХХК-д олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг уламжилж байна” гэх санал зэргийг үндэслэжээ.

 

  1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, БОНХС-ын 2014 оны А/339 дүгээр тушаалыг үндэслэн “Э” ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газарт “аялал жуулчлалын зориулалт”-аар 1.4 га газрыг 2014/59 дугаартай гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон байна.

 

  1. “Э” ХХК-ийн 9011481101 дугаар улсын бүртгэлийн дугаартай, 0000083827 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Э” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтөөр компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын иргэн Б овогтой Б, Монгол Улсад байнгын оршин суугч иргэн В, Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1 000 000 төгрөг ба нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцаа, үүний 700 000 төгрөгийн үнэтэй 70 ширхэг хувьцаа, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх 70 хувийг БНХАУ-ын иргэн В , үлдэх 300 000 төгрөгийн үнэтэй 30 ширхэг хувьцаа, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх 30 хувийг Монгол Улсын иргэн Б.Б эзэмшиж, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээр “Хувь нийлүүлэгч 1-ээр нэмэгдэж үүсгэн байгуулагчийн тоо нийт 2 болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэж 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн байна. Уг компанийн хувьцаа эзэмшигч нарын бүртгэл өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байгаа болох нь нотлогдож байх бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй болно.

 

  1. Дээрх байдлуудаас үзвэл, анх БОНХС-ын 2014 оны А/339 дүгээр тушаалаар “Э” ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газарт “аялал жуулчлалын зориулалт”-аар 1.4 га газар ашиглах эрх үүсэхэд тус компанийн гишүүдийн тоо нэг, хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын иргэн байсан байх бөгөөд харин үүнээс хойш үүсгэн байгуулагчийн 2015 оны компанийн дүрмийн өөрчлөлтөөр “Э” ХХК-ийн 70 хувийн хувьцааг гадаад улсын иргэн В /БНХАУ-ын харьяалалтай/ тус компанид хөрөнгө оруулах замаар эзэмших болсноор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа...” гэж зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэхээр байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

 

  1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны 03/1839 тоот албан бичигт дурдсанаар “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В 1995 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Монгол Улсад цагаач буюу G хэлбэрийн оршин суух зөвшөөрөлтэй байна” гэж тодорхойлсноос үзэхэд “Э”ХХК-ийн нийт хувьцааны 70 хувийг эзэмшигч В нь БНХАУ-ын иргэн болох нь нотлогдож байна.

 

  1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““гадаадын иргэн” гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг;”, 5.1.8-д ““цагаач” гэж Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;” хэлнэ гэж зааснаар БНХАУ-ын иргэн В нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар Монгол улсад цагаачлах “G” визтэй оршин сууж байна. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д “Монгол Улсад цагаачлах эрх авах тухай гадаадын иргэний хүсэлт, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, цагаачлах хүсэлтэй хүний боловсрол, мэргэжлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрлийг энэ хуулийн 27.1-д заасан хугацаагаар олгоно.”, 30 дугаар зүйлийн 30.1.-д “Хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор Монгол Улсад ирсэн гадаадын иргэнд хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тэдгээрийн эрх олгосон байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага оршин суух зөвшөөрөл олгоно.” гэж гадаадын иргэн Монгол Улсад цагаачлах болон хөрөнгө оруулах зорилгоор оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг ялгамжтай хуульчилж өгсөн байна.

 

  1. Дээрх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”-д заасан визний ангиллаар “G” ангиллын визийг цагаачид, “B” ангиллын визийг Хөрөнгө оруулагчид олгохоор журамласан байна.

 

  1. Гэтэл нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшигч БНХАУ-ын иргэн В нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон дээрх журамд заасан цагаач ангиллын”G” визтэй атал “В” ангиллын визтэй гадаадын иргэнд олгодог хөрөнгө оруулалтын эрхийг эдэлж, улмаар гадаадын хөрөнгө оруулагчаар бүртгүүлэлгүй, Монгол Улсад оршин суугч иргэн гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлд дотоодын хөрөнгө оруулагчаар бүртгүүлснээр Монгол Улсын Дархан цаазат газарт “газар ашиглах” эрх үүссэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасантай нийцээгүй байна.

 

  1. Энэ талаар хариуцагчийн хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “Э” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  1. Үүнээс үзвэл, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

 

  1. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.5, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн БОАЖС ад холбогдуулан гаргасан “БОАЖС-ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/2** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН  

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ  

ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА