Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2019/00034

 

“Х.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2019/00299 дүгээр шийдвэртэй, 

 

  Нэхэмжлэгч: ... тоотод байрлах “Х.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: ... тоотод байрлах “Х.Э” ХХК /РД:3305864/,

 

 Хариуцагч: ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, Н.Ц нарт холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалтын зардалд төлсөн 14233800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, Б.Санжрагчаа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, Б.Санжрагчаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагийнамжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “М” ХХК-д олгогдсон 174/А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан ба “Ч” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж уг орд газрын талбайн түрээсийн урьдчилгаа төлбөр, хөрөнгө оруулалт гэх нэрээр нийт 15.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардсаны дагуу хариуцагч Н.Цийн данс руу шилжүүлсэн. Тодруулбал, 5.000.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр, 10.000.000 төгрөгийг түүний Хаан банкны ...тоот дансанд 2014 оны 07 дугаар сарын 03, 10-ны өдрүүдэд, 2.000.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус тус шилжүүлсэн. Гэтэл гэрээгээр тохирсон хэмжээгээр уг ашиглалтын талбайгаас жонш гараагүй, жоншны гарцны ажил явагдахгүй байсан тул манай талаас 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Н.Ц-тай биечлэн уулзаж гэрээг цуцлах, төлбөр тооцоог дуусгавар болгох, талбайг хүлээлцэх талаар тохиролцсон боловч ирээгүй, түүнийг талбай дээр 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 19 хоног хүлээж зардал чирэгдэл надад учирсан юм. Улмаар түүнээс талбайн түрээсийн мөнгө гэж шилжүүлсэн 17.000.000 төгрөгийг шаардсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр надад 2.766.200 төгрөгийг буцаан өгсөн, түүнээс хойш үлдэгдэл төлбөрийг төлөх талаар түүнтэй байнга холбогддог байсан. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч холбогдож “...8 тоннын даацтай чиргүүлийг 8.000.000 төгрөгөөр тооцож өгье...” гэж хэлсэн ба манай компани тооцоо нийлсэн актаа үйлдээд бэлэн болсон даруй уулзахаар тохиролцсон. Манай талаас уг актаа үйлдээд тус өдөр очиж уулзахад чиргүүл нь дугуйгүй байсан тул тохиролцоонд хүрч чадаагүй. Түүнээс хойш надтай огт холбогдоогүй. Иймд түүний данс руу шилжүүлсэн жоншны талбайн түрээсийн үлдэгдэл төлбөр, хөрөнгө оруулалтын зардал зэрэг нийт 14.233.800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.  гэжээ.

 

Хариуцагч “Х.Э” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...“Х.Э” ХХК-ийн 14233800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Тус компаниас хамтран ажиллах гэрээний дагуу харилцан тохиролцож, 30/70 хувийн урьдчилгаа болгож 10 000 000 төгрөг дансаар шилжүүлсэн нь үнэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээгээр тохирсон хэмжээгээр уг ашиглалтын талбайгаас жонш гаргаагүй гэжээ. Тус талбайд жонш байгаа эсэх талаар сайн нягталж мэргэжлийн хүнээр үзүүлж байж тохиролцъё гэж удаа дараа сануулсны эцэст нэхэмжлэгч Ц.Д нь манай компаний мэргэжлийн геологич Б, эхнэр Сгийн ангийн хүүхэд гээд ирж үзүүлээд гэрээ байгуулъя гэсэн. Ц.Дийн хуулийн зөвлөх гэх залуугаар гэрээний төсөл боловсруулж бид харилцан тохиролцсон тул “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Эхний жонш гаргаад 15 тонн даацтай машинаар удаа дараа Бадамжав зөөж Солонгос компанид өгч байсан. Бид 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, Ц.Д, С нар 7 сар гарсны дараа ирж ажилласан. Огт жонш байхгүй газар бол байгаагүй, жонштой гэж бидэнтэй гэрээ байгуулсан. М компаний баталгаажсан зурагнуудыг Ц.Д өөрөө үзэж судалсны үндсэн дээр хамтран ашигтай ажиллах юм байна гэж үзэж зөвшөөрсөн. Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу нөхөн сэргээлтийг мэргэжлийн компаниар хийлгэж зардлыг нэхэмжлэх болно. Ямар нэгэн хууль бусаар авсан, өгсөн мөнгө биш, “Х.Э” ХХК уг мөнгө нь гэрээний дагуу урьдчилгаа болгон өгсөн мөнгө тул буцааж өгөхгүй...” гэжээ. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагийнамжил анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ мөнгө “Х.Э” ХХК-ийн мөнгө биш гэдгийг Солонгос ХХК нотлоод байгаа юм. Энэ нь ... төлөөлөх эрхгүй этгээд мөнгө нэхэж байгаа учир татгалзаж байна ... “ гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476, 480 дугаар зүйлийн 480.2.1, 480.3-т зааснаар “Ч” ХХК болон Н.Ц нарт холбогдох хамтран ажиллах гэрээний дагуу хураамжид төлсөн 14 233 800 төгрөгийг буцаан гаргуулах тухай “Х.Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 119 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, Б.Санжрагчаа нар давж заалдсан гомдолдоо болон Б.Санжрагчаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Харин анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь хянаж, талуудын гаргасан үндэслэл нотолгоог хангалттай авч үзээгүй, нэг талыг барин 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 299 тоот шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манай компани нь “Ч” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, “М” ХХК-ийн 174/А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг түрээсийн гэрээний дагуу талбайд олборлолт хийх, олборлолт хийхтэй холбоотой хөрөнгийг хариуцсан бөгөөд Н.Ц-д 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5 000 000 сая төгрөг бэлнээр, 2014 оны 7 дугаар сарын 3, 5-ны өдрүүдэд нийт 10 000 000 төгрөгийг Хаан банкны ... тоот данс руу шилжүүлж, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мөн 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн юм. Харин “Ч” ХХК нь орд газар талбайтай холбоотой бичиг баримтын бүрдлийг хангах, орд газрын хэвийн үйл ажиллагааг хангаж гэрээний 3.3-т зааснаар борлуулалтын орлогоос 30 хувь, "Х.Э" ХХК нь 70 хувийг хүртэхээр тохиролцсон байдаг. Харин гэрээгээр тохирсон хэмжээгээр тус ашиглалтын талбайгаас жонш гараагүй, жоншны гарцны ажил ч сайн явагдахгүй байсан. Энэ талаар хэлтэл Н.Ц нь би өөрөө ажиллана, авсан мөнгөө ч буцааж өгнө, сард 500-1000 тонн жонш нийлүүлнэ гэж амласан боловч энэ амлалтандаа ч хүрээгүй 2 сар орчим ажилласан ч нийт 20.7 тонн жонш л гаргасан. Талбайн зургийн дагуу геологич нар ажиллаад ч үр дүнд хүрээгүй тул жоншны ажил явагдахгүй байгааг түүнд ахин дахин хэлсэн. Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Н.Ц-тай биечлэн уулзаж, ажлыг зогсоох талаар тохирч дахин 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээг цуцалж, төлбөр тооцоог дуусгавар болгох, талбайг хүлээлцэхээр тохиролцоонд хүрсэн боловч тохирсон хугацаандаа ирээгүйгээс гадна залгахаар утсаа авахгүй, удаан хүлээлгэсээр л байсан. Түүнийг 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хүлээх хугацаанд надаас дахин маш их зардал чирэгдэл гарсан. Тухайлбал ажилчдын хоол хүнс, цалин, байрны түрээс, цахилгааны төлбөр, бензин шатахууны хэрэглээ зэрэг багтана. Энэ талаар Шүүгч үндэслэх хэсэгтээ дээрх гэрээнээс үзвэл "Х.Э" ХХК нь хуульд заасан хураамжийг мөнгөн хэлбэрээр, "Ч” ХХК үйлчилгээ үзүүлэх хэлбэртэй байхаар тус тус тохиролцсон гэж үзэхээр байх ба "Х.Э" ХХК нь хураамжид 17 000 000 төгрөг төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн байдаг. Гэвч шүүх хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эхэлж, 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дууссан гэх ба 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн актад хариуцагч гарын үсэг зураагүй байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасан үр дагавар үүсгэхгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай шалгаж үзээгүй болох нь харагдаж байна. Учир нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн актад хариуцагч өөрөө гарын үсэг зураагүй боловч, талууд дахин тооцоо нийлсэн акт үйлдэж 12 233 800 төгрөгийг бэлнээр Н.Цаас буцаан авахаар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тохиролцож хариуцагч өөрөө гарын үсэг зурсан байдаг. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэлд хамаарч байгаа юм. Тус хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэх тул энэхүү хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс дахин шинээр эхлэн тоологдох тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дүгээр заалтад заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болох нь нотлогдож байна. Иймд Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

             Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийг нь хараад үзэхээр түрээсийн төлбөрөө буцааж авъя гэсэн байна. Гэрээг нь аваад үзэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Хамтран ажиллах гэрээн дээрээ хөрөнгө оруулагч гэж байдаг. Хөрөнгө оруулагч нь юм уу гээд харахаар ажилласан байдал нь “Х.Э” компани ажилласан байдаг. Тэгэхээр гол маргаад байгаа 15 000 000 төгрөгийг Солонгос улсын компаниас шилжүүлсэн байдаг. Ер нь бол Солонгос улсын компани хөрөнгө оруулагчаар хамтран ажиллаад тэгээд жонш гарахгүй биш Солонгос улсын компани нь хөрөнгөө татсан учраас энэ ажиллагаа зогссон гэж үздэг. Үүн дээр яг хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхой бус. Зарим мөнгийг буцааж өгсөн гэдэг. Н.Ц бол буцааж өгөөгүй гэдэг. Үүн дээр бас тооны хувьд маргаантай байгаа. Анхан шатны шүүх шийдэхдээ Иргэний хуулийн 476 дугаар зүйл буюу хамтран ажиллах гэрээ, 480 дугаар зүйлээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон юм байна. Учир нь гэвэл 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан байна. Энэ гэрээний хугацаа 1 жил учраас 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дууссан байна гэж ингэж дүгнэсэн. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх явцад нэхэмжлэлийг гаргахдаа нэгэнт Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу төлөөлөх эрхгүй этгээд гаргасан байна гэж манай талаас маргасан. Яагаад гэвэл Солонгос улсын компаниас мөнгө авсан байхад түүн дотор итгэмжлэл буюу мөнгөний талаар нэхэмжлэл гэх зүйл олгоогүй байна.  Ийм учраас “Х.Э” компани Солонгос улсын компанийг төлөөлж энэ компаниас 15 000 000 төгрөг нэхэмжлэх боломжгүй байна гэж үзэж байна гэсэн юм. Шүүх үзэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно гэсэн байдаг ийм нөхцөл байдал ерөөсөө гараагүй. Ийм нөхцөл байдал гарсан бол тасалдсан гэж үзэхээр байгаа юм. Гэтэл ийм нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдоогүй учраас анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч “Х.Э” ХХК нь хариуцагч “Х.Э” ХХК болон Н.Ц нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу түрээсийн төлбөрт болон хөрөнгө оруулалтын зардалд төлсөн 14233800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлээ 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд үндэслэжээ.

 

            Хариуцагч “Х.Э” ХХК-ийн төлөөлөгч Г.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... гэрээний дагуу урьдчилгаа болгон өгсөн мөнгө тул буцаан өгөхгүй ... гэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагийнамжил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Солонгос компанийн мөнгө учир төлөөлөх эрхгүй этгээд мөнгө нэхэж байгаа учир татгалзаж байна ... гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйл, 480 дугаар зүйлийн 480.2.1, 480.3-т заасныг хэрэглэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч “ ... хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2014 оны 06 дугаар сард “Х.Э” ХХК-ийн түрээсийн дагуу эзэмшиж байгаа М ХХК-д олгогдсон 174/А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг буюу орд газарт ашигт малтмал олборлох, борлуулах, олборлосон ашигт малтмалыг талууд гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр хуваах замаар ашиг хүртэх зорилгоор хамтран ажиллахаар тохиролцож гэрээг 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бичгээр байгуулсан, нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалт буюу түрээс болон бусад үйл ажиллагааны зардалд нийт 17000000 төгрөг хариуцагч нарт шилжүүлсэн, олсон борлуулалтын орлогоос 2766200 төгрөгийг нэхэмжлэгч суутган авсан, олборлолтын явцаас шалтгаалж талууд гэрээг цуцалсан  тухай нэхэмжлэлд дурдсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д гэрээний зорилгыг “... орд газарт “Х.Э” ХХК хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу ашигт малтмалыг олборлох, борлуулах, олборлосон ашигт малтмалыг талууд гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр хуваах замаар ашиг хүртэх ...”гэж,

 

Гэрээний 3.1-т хамтын үйл ажиллагааг “ ... ашигт малтмалыг олборлоход шаардагдах хөрөнгийг Б тал дангаар гаргах, ... татвар хураамжийг энэхүү гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр хамтран гаргаж, олборлолтын үйл ажиллагаанаас олсон орлогыг мөн хувь хэмжээгээр хүртэх, ашиг олох ...”,  3.2-т “... тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээний 2.2-д заасан ажлыг хийх хөрөнгийг Б тал гаргаж, ашигт малтмалыг олборлох бөгөөд харин А тал талбайг түрээсээр эзэмшигчийн хувьд 174/А тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харьцах, орд газар, талбайтай холбоотой бичиг баримтын бүрдлийг хангах, Төрийн холбогдох байгууллагууд, орон нутгийн засаг захиргаатай харилцаж, ордыг ашиглахад хэвийн ажиллагааг нь хангахад бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, ашиглалт явуулах хугацаанд талбай ашиглалтын инженер, маркшейдерын инженерыг тус тус ажиллуулж, уурхайн хөдөлмөр хамгааллын үйл ажиллагаанд хяналт тавих ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцов” гэж,

 

Гэрээний 3.3-т “... олборлолтын үйл ажиллагаанаас олсон борлуулалтын орлогыг А тал 30 /гуч/ хувь, Б тал 70 /далан/ хувь тус тус ашиг хүртэх ...” гэж тус тус зааж тохиролцсоноос үзэхэд талууд ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар үүрэг хүлээж, хамтын ажиллагаанд зориулж нэхэмжлэгч тал хамтын үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг гаргах, хариуцагч тал хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх буюу ашигт малтмалыг олборлоход шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллах байдлаар хураамж төлөх, үйл ажиллагаанаас олсон ашгийг 30, 70 гэсэн харьцаагаар хуваарилах зэрэг гол нөхцлийг тусгасан ба энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ талуудын хооронд хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д нийцсэн.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д нийцээгүйн гадна хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо энэ талаарх хэрэгт цугларсан нотлох бармтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Зохигчид 2014 оны 06 сард амаар тохиролцон улмаар хамтран ажиллах гэрээг 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бичгээр байгуулахдаа 1 жилийн хугацаатай байгуулсан боловч гэрээний зорилго хэрэгжих боломжгүй болж талууд хугацаанаас өмнө гэрээг цуцалж, гэрээ 2014 оны 10 дугаар сард дуусгавар болсон боловч нэхэмжлэгч тал гэрээг дүгнэж тооцоо хийхийг хариуцагч нараас шаардаж байсан болохыг хариуцагч тал үгүйсгээгүй, улмаар хамгийн сүүлд буюу 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “...8 тонны даацтай чиргүүлийг 8000000 төгрөгөөр тооцож өгөх ...” талаар харилцан тохиролцсон боловч энэ тохиролцоо нь хэрэгжээгүй талаар зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа дуусаагүй гэж үзнэ.

 

Тодруулбал Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн ... үеэс үүсэх тул 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр буюу гэрээний ерөнхий хугацаа дууссан үеэс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн буюу шаардах эрх үүсч улмаар хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан боловч зохигчид 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрээний үүрэгт “...8 тонны даацтай чиргүүлийг 8000000 төгрөгөөр тооцож өгөх ...” талаар харилцан тохиролцсоноор буюу Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан ... үүрэг хүлээсэн этгээд ... бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 03 дугаар сараас эхлэн тоолбол дээрх хуульд заасан 3 жилийн хугацаа дуусаагүйн гадна зохигчид хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх хуульд заасан шаардлагыг зөрчжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй тул шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааны үйл баримтанд хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй .

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан буюу хөрөнгө оруулалтад шилжүүлсэн мөнгө нь нэхэмжлэгчийн мөнгө биш  гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан байх ба энэхүү тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй буюу нэхэмжлэгчийн гаргасан хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг “МАЙН энд ФИЛД КОРЕА” ХХК санхүүжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан “МАЙН энд ФИЛД КОРЕА” ХХК-ийн тодорхойлолтоор /хх-21/ тогтоогдсон байх боловч энэ нь маргааны үйл баримтад хамааралгүй, ач холбогдолгүй юм.

 

Учир нь нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар хөрөнгө оруулалтыг 100 хувь дангаар хариуцах үүргийнхээ хүрээнд мөнгөн хөрөнгийг дээрх компаниас авч хариуцагч нарт шилжүүлсэн байх ба нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор бусдаас авсан хөрөнгийн асуудал нь “МАЙН энд ФИЛД КОРЕА” ХХК болон нэхэмжлэгч нарт хамааралтай болохоос нэхэмжлэгчээс хариуцагч “Х.Э” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй юм.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Х.Э” ХХК нь хариуцагч “Х.Э” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү үйл баримт нь тэдний гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой ба “МАЙН энд ФИЛД КОРЕА” ХХК нь зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний оролцогч тал биш, тухайн компани нь энэхүү гэрээгээр эрх, үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн хариуцагч талын энэхүү татгалзал, тайлбар нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-т “... Гэрээнд заасан Б талын дангаар гаргах хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь дотоодын болон гадаадын аль ч хэлбэр байж болох бөгөөд хөрөнгө оруулалтын эх үүсвэрт А тал хөндлөнгөөс оролцохгүй” гэсэнтэй нийцээгүй ба хэрэгт цугларсан нотлох баримтаар “МАЙН энд ФИЛД КОРЕА” ХХК болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардсан гэх үндэслэл нөхцөл тогтоогдсонгүй.

 

Улмаар  нэхэмжлэгчийн гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор бусдаас авсан хөрөнгийн асуудал нь нэхэмжлэгч “Х.Э” ХХК болон хариуцагч “Х.Э” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэж үзэх, хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээ цуцлагдсан тул гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр болон хөрөнгө оруулалтын зардалд гаргасан нийт 17000000 төгрөгөөс буцаан суутган тооцсон 2766200 төгрөгийг хасаад нийт 14233800 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.Мягмартогтохын мэдүүлэг /хх-53/ болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “... 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр  Н.Ц-тай биечлэн уулзаж гэрээг цуцлах төлбөр тооцоог дуусгавар болгох, талбайг хүлээлгэж өгөх талаар тохиролцсон боловч ирээгүй, түүнийг талбай дээр 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүлээж ...” гэж дурдсанаас үзэхэд гэрээгээр тохирсон хамтын үйл ажиллагаа буюу жонш олборлох үйл ажиллагаа 2014 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэл нийт 4 сарын хугацаанд үргэлжилж энэ хугацаагаар гэрээ хэрэгжсэн гэж үзэхээр байна.

 

Гэрээний 3.2, 3.3-т зааснаас үзэхэд гэрээний хураамжийг нэхэмжлэгч мөнгөн хэлбэрээр, хариуцагч үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр тохиролцож, нэхэмжлэгч хариуцагчид нийт 17000000  төгрөг  /2014.07.03-нд 5 сая төгрөг, 2014.07.10-нд 5 сая төгрөг, 2014.07.16-нд 5 сая төгрөг, 2014.08.29-нд 2 сая төгрөг/ шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон кассын зарлагын ордер /хх-14/, ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-15/, ХААН банкны мөнгөн шилжүүлэг /хх-16/ баримтаар тогтоогдсон.  

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д заасан хураамж гэдгийг хамтын үйл ажиллагаанд зориулж оруулж байгаа хөрөнгө гэж ойлгох бөгөөд энэ утгаараа нэхэмжлэгчээс гаргасан нийт 17000000 төгрөгийг хураамж гэж үзэх ба энэ нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т зааснаар тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болох юм.

 

Талуудын хамтын үйл ажиллагаа буюу жонш олборлох ажиллагаа нь жоншны гарц муу байснаас талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байх ба ингэснээр Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар гэрээ дуусгавар болж, улмаар хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасан үр дагавар буюу үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах нөхцөл бий болжээ.

 

Хэрэгт цугларсан зохигчдоос ирүүлсэн тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэвэл гэрээ ёсоор хамтын үйл ажиллагааны зардлыг тооцвол:

 

  1. Гэрээний 3.3-т зааснаар үйл ажиллагаанаас олсон борлуулалтын орлогыг хариуцагч /А тал/ 30 хувь, нэхэмжлэгч /Б тал/ 70 хувь тус тус ашиг хүртэх, ... тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан түрээсийн гэрээний төлбөр болох 2000000 /хоёр сая/ төгрөг ...ийг тус тус дээрх хувь хэмжээгээр талууд хууль болон гэрээгээр тогтоосон хугацаанд хариуцан төлөхөөр зохицуулснаас үзэхэд гэрээ хэрэгжсэн 4 сарын хугацааны түрээсийн төлбөрт нэхэмжлэгч нь 5600000 төгрөг /2000000х4х70%/ төлөх үүрэгтэй байна.
  2. Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Н.Ц-дшилжүүлсэн 2000000 төгрөгийг машины түрээсийн төлбөрт шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлэг баримтын /хх-16/ гүйлгээний утга хэсэгт тэмдэглэгдсэнээр тогтоогдсон тул уг мөнгийг үйл ажиллагааны зардалд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан түрээсийн гэрээний төлбөрөөс тусдаа гарсан зардал гэж үзнэ.
  3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нийт 2766200 төгрөгийг хариуцагчаас буцаан авсан гэж дурдсан ба энэ нь кассын зарлагын ордер баримтад /хх-20/ тэмдэглэгдсэнээр болон зохигчдын тайлбараас үзэхэд борлуулалтын орлогоос 1400000 төгрөгийг түрээсийн төлбөрт хариуцагчаас төлөх төлбөрт,  1366200 төгрөгийг  борлуулалтын 30 хувьд тооцож суутгасан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг дундын хөрөнгөнөөс энэ хэмжээний буюу нийт 2766200 төгрөгийг буцаан авсан гэж тооцов.

 

Дээрх бүгдээс дүгнэж үзвэл нэхэмжлэгчээс гэрээний хураамжид шилжүүлсэн нийт 17000000 төгрөгөөс үйл ажиллагааны зардалд дээрх байдлаар зарцуулснаас өөрөөр ямар зардал гарсан болохыг зохигчид нотлоогүй тул энэхүү нотлогдсон хэмжээгээр буюу нийт 7600000 төгрөгийн зардлыг хамтын үйл ажиллагаанд нэхэмжлэгч төлөх үүрэгтэй, мөн 2766200 төгрөгийг буцаан авсан гэж тооцвол үлдэх 6633800 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд зааснаар үйл ажиллагаатай холбоотой хөрөнгийг нэхэмжлэгч 100 хувь хариуцахаар тохиролцож, дээрх мөнгөн хөрөнгийг гаргасны зэрэгцээ үлдэх 6633800 төгрөгийн хувьд хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул энэхүү мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 480 дугаар зүйлийн 480.3-т нийцнэ гэж үзэв.

 

Мөн хамтран ажиллах гэрээ нь нэхэмжлэгч “Х.Э” ХХК болон хариуцагч “Х.Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан байх боловч нэхэмжлэгчээс гэрээний хураамжид төлсөн нийт 17000000 төгрөгийг хариуцагч Н.Ц хүлээн авсан болох нь ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-15/, мөнгөн шилжүүлэг /хх-16/ баримтаар тогтоогдсон тул түүнийг нэхэмжлэлд хариуцагч гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчөөгүйн гадна  хариуцагч Н.Ц нь энэ хэргийн хариуцагч биш гэж маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдолд дурдсан тооцоо нийлсэн баримтанд /хх-17/ хариуцагч Н.Ц 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан гэх боловч тухайн гарын үсгийг хэнийх болох талаар талууд анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй, зохигчдын тайлбарт дурдагдаагүйн гадна хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар хариуцагч Н.Цийн гарын үсэг болох нь тогтоогдоогүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2019/00299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.2.1, 480.3-т зааснаар хариуцагч “Х.Э” ХХК болон Н.Ц нараас нийт 6633800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х.Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229119 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 121091 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, Б.Санжрагчаа нарын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А. САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ