Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 22 өдөр             Дугаар136/ШШ2019/00299                              Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын богино, 2-73 тоот, “Хос Од-Энхжин” ХХК /РД: 5763893 /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Даланжаргалан сумын 4 дүгээр баг, Цомог, 0 тоотод байрлах, “Чулуут Даваа” ХХК /РД:3305864/,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Даланжаргалан сумын 5 дугаар баг, Олон овоо 8 дугаар байр 4 тоотод оршин суух, Их сул овогт Нацагдоржийн Цэнд-Аюуш РД:/д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний дагуу хураамжид төлсөн 14 233 800 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, Б.Санжрагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагийнамжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор, Б.Санжрагчаа нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Монголросцветмет ХХК-д олгогдсон 174/А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан ба Чулуут даваа ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж уг орд газрын талбайн түрээсийн урьдчилгаа төлбөр, хөрөнгө оруулалт гэх нэрээр нийт 15.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардсны дагуу хариуцагч Н.Цэнд-Аюушийн данс руу шилжүүлсэн, тодруулбал, 5.000.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр, 10.000.000 төгрөгийг түүний Хаан банкны 5375036614 тоот дансанд 2014 оны 07 дугаар сарын 03, 10-ны өдрүүдэд, 2.000.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус тус шилжүүлсэн юм. Гэтэл гэрээгээр тохирсон хэмжээгээр уг ашиглалтын талбайгаас жонш гараагүй, жоншны гарцны ажил явагдахгүй байсан тул миний зүгээс 2014 оны 09 дүгээр сарын 13- ны өдөр Н.Цэнд-Аюуштай биечлэн уулзаж гэрээг цуцлах, төлбөр тооцоог дуусгавар болгох, талбайг хүлээлцэх талаар тохиролцсон боловч ирээгүй, түүнийг талбай дээр 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 19 хоног хүлээж зардал чирэгдэл надад учирсан юм. Улмаар миний бие түүнээс талбайн түрээсийн мөнгө гэж шилжүүлсэн 17.000.000 төгрөгийг шаардсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр надад 2.766.200 төгрөгийг буцаан өгсөн, түүнээс хойш үлдэгдэл төлбөрийг төлөх талаар түүнтэй байнга холбогддог байсан. Улмаар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч надтай холбогдож “...8 тоннын даацтай чиргүүлийг 8.000.000 төгрөгөөр тооцож өгье...” гэж хэлсэн ба манай компани тооцоо нийлсэн актаа үйлдээд бэлэн болсон даруй уулзахаар тохиролцсон юм. Миний зүгээс уг актаа үйлдээд тус өдөр эхнэрийн хамт очиж уулзахад чиргүүл нь дугуйгүй байсан тул тохиролцоонд хүрч чадаагүй, түүнээс хойш надтай огт холбогдоогүй юм. Иймд түүний данс руу шилжүүлсэн жоншны талбайн түрээсийн үлдэгдэл төлбөр, хөрөнгө оруулалтын зардал зэрэг нийт 14.233.800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. “Хос Од Энхжин” ХХК-ийн мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Хавтаст хэрэгт Дондогоос Цэнд-Аюуш руу 10 000 000 шилжүүлсэн баримт байгаа. Тохирсон хэмжээгээр жонш гараагүй учир хөрөнгө оруулсан мөнгөө авах гээд байгаа юм. Жонш олборлолтын явцад 2 сар жонш олборлоод үлдэгдэл мөнгийг буцаан өгсөн. Энэ тал дээр маргахгүй байгаа. Хариуцагчийн хариу тайлбар дээр эхний жонш гараад 15 тонны даацтай машинаар удаа дараа зөөсөн гэж байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагийнамжил шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Тухайн нэхэмжлэлд 14 233 800 төгрөг гаргуулахад уг мөнгийг Цэнд-Аюушийн данс руу бэлнээр явуулсан гэж байгаа ч энэ талаарх баримт байхгүй. Хавтаст хэрэгт байгаа 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн албан бичигт байгаагаар Цэнд-Аюушид өгсөн мөнгө нь Солонгос компанийн мөнгө юм. Авах гэж байгаа шалтгаан нь түрээсийн төлбөр 15 000 000 буцааж авна гэж байна. 09,16-ны өдөр 1 761 000 төгрөг буцааж өгөөгүй. Хавтаст хэрэгт нотариатаар баталгаажуулсан баримт байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар Солонгос компаний мөнгийг “Хос од энхжин” ХХК төлөөлөх бүрэн эрхтэйгээр нэхэмжилж байна. Анх нэхэмжилсэн 17 000 000 төгрөгөөс машины түрээс, жонш олборлолт хийгээд 30 хувь, 70 хувиар хуваагаад өгсөн мөнгийг хасаж байгаа юм байна. Нэхэмжлэгч мөнгө буцаан авах гэсэн шалтгаан нь хүссэн хэмжээгээр жонш гараагүй гэж байна. Дондог Сайнаа гэх хоёр хүн жонш олборлолтын газар дээр очиж үзээд, геологич авч ирж үзээд, үндсэн зургийг нь үзээд тохирсон. Хүссэн хэмжээгээр жонш олборлоно гэж тохирсон асуудал байхгүй. Мөн жонш удаа дараа зөөсөн гэдгийг гэрч нотолно. Түрээсийн гэрээ нь өөр агуулгатай. Яагаад гэвэл Монголросцветмет ХХК-иас “Чулуут даваа” ХХК-тай хийсэн түрээсийн гэрээ байдаг. Энэ гэрээг хэргэжүүлэхийн тулд цаашаа дамжуулаад гэрээ хийсэн. Бид 15 000 0000 төгрөг дээр маргахгүй байна. Энэ мөнгө ямар зориулалтаар орж ирсэн бэ? гэдэг дээр маргаж байна. Энэ мөнгө “Хос од энхжин” ХХК-ийн мөнгө биш гэдгийг Солонгос ХХК нотлоод байгаа юм. Энэ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд төлөөлж байна. Үүнийг шүүхэд нэхэмжлэх эрх олгосон бичиг баримт гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл хуулийн шаардлага хангаагүй бичиг баримт юм. Үүнийг үндэслээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар төлөөлөх эрхгүй этгээд мөнгө нэхэмжилж байгаа учир татгалзаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хос Од-Энхжин” ХХК нь “Чулуут даваа” ХХК болон Н.Цэнд-Аюуш нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу хураамжид төлсөн 14 233 800 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч “Чулуут даваа” ХХК болон Н.Цэнд-Аюуш нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зохих олборлолт явуулах боломжтой талбай байсан, 7000 000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлээгүй гэж тус тус маргажээ.

 

“Хос Од-Энхжин” ХХК, “Чулуут даваа” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдийн “Хамтран ажиллах гэрээ”-гээр талууд Монголросцветмет ХХК-д олгогдсон 174/А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт хийх, олборлолт хийхтэй холбоотой хөрөнгийг “Хос Од-Энхжин” ХХК хариуцаж, орд, газар, талбайтай холбоотой бичиг баримтын бүрдлийг хангах, ордыг ашиглах хэвийн үйл ажиллагааг хангахыг Чулуут даваа ХХК тус тус хариуцахаар тохиролцсон байна.

 

 Мөн гэрээний 3.3-т борлуулалтын орлогоос Чулуут даваа ХХК-30%, “Хос Од- Энхжин” ХХК-70 %-ийн ашиг хүртэхээр тохиролцсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гэрээ нь талуудын хэн алинд нь ашигтай байх нөхцөлтэйгээс гадна тэдгээрийн хамтын ажиллагааны талаар тодорхой зохицуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагджээ. /хх-7-9/

 

Хамтран ажиллах гэрээ нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаа гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хураамж нь ерөнхий утгаараа хамтран ажиллах гэрээний оролцогч талууд хамтарсан үйл хэрэгтээ оруулж буй хөрөнгө юм.

 

Дээрх гэрээнээс үзвэл “Хос Од-Энхжин” ХХК нь хуульд заасан хураамжийг мөнгөн хэлбэрээр, “Чулуут Даваа” ХХК үйлчилгээ үзүүлэх хэлбэртэй байхаар тус тус тохиролцсон гэж үзэхээр байх ба “Хос Од-Энхжин” ХХК нь хураамжид 17 000 000 төгрөг төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Хос Од-Энхжин” ХХК тус талбай ашигт малтмалын нөөц багатай, гэрээгээр тохиролцсон хэмжээний олборлолт гарах боломжгүй гэдэг үндэслэлээр 2014 оны 09 дүгээр сард үйл ажиллагаагаа зогсоож, хураамжид төлсөн 14 233 800 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа.

 

Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдснаар гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуусчээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байна” гэж зааснаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс буюу  2015 оны 07 дугаар сарын 28-наас эхлэн тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дууссан байна.

 

Иймд “Чулуут даваа” ХХК болон Н.Цэнд-Аюуш нарт холбогдох хамтран ажиллах гэрээний дагуу хураамжид төлсөн 14 233 800 төгрөгийг буцаан гаргуулах тухай “Хос Од-Энхжин” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 136/Ш32019/01003 дугаар захирамжаар Н.Цэнд-Аюушид холбогдуулан гаргасан 12 233 800 төгрөг гаргуулах тухай Ц.Дондонгийн нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Мөн хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн акт авагдсан ба хариуцагчийн зүгээс гарын үсэг зураагүй байх тул Иргэний хуулийн 79.1, 79.7-д заасан үр дагаврыг үүсгэхгүй юм.

 

Дээрх байдлаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 119 төгрөгийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476,  480 дугаар зүйлийн 480.2.1, 480.3-т зааснаар “Чулуут даваа” ХХК болон Н.Цэнд-Аюуш нарт холбогдох хамтран ажиллах гэрээний дагуу хураамжид төлсөн 14 233 800 төгрөгийг буцаан гаргуулах тухай “Хос Од-Энхжин” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 119 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АЛГИРМАА