Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

 

Д.Саруул-Эрдэнэд холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд  

 

   Прокурор Э.Гантулга

   Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

   Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, Ерөнхий шүүгч С.Цэрэнханд, шүүгч Д.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэд холбогдох 2115000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Дашдаваагийн Саруул-Эрдэнэ, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 1977 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, О аймаг, Бсум, О баг *-**-** тоотод оршин суух бүртгэлтэй, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн малын суурийн нярав ажилтай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 44 настай, эрэгтэй,

-урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 1 жил 6 сарын, Эрүүгийн хуулийн  214 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг багтааж 1 жил 6 сарын хорих ялаар,

-Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар,

-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар,

-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

 

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нь 2020 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт “Зүйлийн эх” гэх газарт Ц.Ундрах-Эрдэнэтэй гар барилдаан хийх явцдаа маргалдаж, түүний толгойн тус газар зэвсэг /сүх/ хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж гэмт хэрэгт холбогджээ.

 

  Булган аймгийн Прокурорын газраас Д.Саруул-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

  Шүүгдэгч Боржигон овогт Дашдаваагийн Саруул-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Саруул-Эрдэнийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэд оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Саруул-Эрдэнийн цагдан хоригдсон 221 /хоёр зуун хорин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Ундрах-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй, модон ишний урт 62.5 см, ажлын хэсгийн урт 18 см сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нь энэ шүүх хурал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байхад анхан шатны шүүх өмгөөлөгч нарын байр суурийг харгалзаж гэж ялыг хөнгөрүүлэхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Өмгөөлөгчид бол хуульд заасан эрхийг эдэлж үүргийг хүлээж шүүгдэгчид мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилладаг хүмүүс. Өмгөөлөгчид хэргийн материалтай танилцаж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлууд байсан учраас шүүхэд байр сууриа илэрхийлсэн. Харин шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн шүүх түүнийг гэм буруугаа хүлээсэн ч сүхээр цохисоноо хүлээгээгүй гэж буруу дүгнэлт хийсэн.

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нь шүүх хурал дээр сүхээр цохиогүй гэж хэлээгүй болно. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтын 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нарын давж заалдсан гомдлыг хүлээн авсугай гэсэн заалтыг биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нар бас үндэслэлтэй зүйл яриад байна шүү гэсэн утга агуулга бүхий дүгнэлт хийгээд гомдлыг хүлээж авсан байхад бид давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэж шүүх эмнэлэгийн дүгнэлт дахиж гаргуулах санал гаргасан юм.

Гэвч одоо Эруүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж ялыг хөнгөрүүлэх гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

  

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга дүгнэлтдээ:

“...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нь 2020 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт “Зүйлийн эх” гэх газарт Ц.Ундрах-Эрдэнэтэй гар барилдаан хийх явцдаа маргалдаж, түүний толгойн тус газар зэвсэг /сүх/ хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайучруулсан болох нь:

 -мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Саруул-Эрдэнийн “...Ундрах-Эрдэнэ миний хойноос зүүн шанаа руу самардсан. Тэгэхээр би би зүүн тохойгоороо хүчтэй ширвэж Ундрах-Эрдэнийн толгой хавьцаа хүрсэн. Тэгээд бид хоёр давхралдаж унасан, ...унахдаа юм мөргөсөн бололтой Ундрах-Эрдэнэ толгойгоо бариад эргээд хэвтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/

-хохирогч Ц.Ундрах-Эрдэнийн “...үйл явдлыг одоо сайн санахгүй байна. Одоо бодоход намайг Амгаланбаатар ахынхаас гарч байхад урд Саруул-Эрдэнэ ах явж байгаад үүдний таамбараас гарч байхад өөдөөс нэг юм ирээд толгой руу хүчтэй цохисон санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/ тал/

-гэрч Ц.Жавзаагийн “...Ундрах-Эрдэнэ байшингийн тамбарын хаалганы урд шороон дээр толгойгоо барьчихсан, толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. ...Отгонбаяр ах Саруул /Саруул-Эрдэнэ/ руу “чи лантуу сүхээр хүн алчихлаа шүү дээ” гээд дайрч уурлаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн18-20 тал/

-гэрч Д.Отгонбаярын “...Ундрах-Эрдэнийн урдаас Саруул-Эрдэнэ сүхээр толгой руу нь нэг удаа цохиж харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

гэрч Д.Сарантуяа, Б.Амгаланбаатар, П.Хишигбат, Б.Бямбахишиг,  Л.Болд, Д.Тогтохсүрэнгийн нарын мөрдөн шалгах ажиллгааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 856 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нь зэвсэг хэрэглэж хохирогч Ц.Ундрах-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь болох нь тогтоогдож байх ба анхан шатны шүүх түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэж хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнийн гэм буруутай дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.Ундрах-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Харин шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Ц.Ундрах-Эрдэнэд төлж барагдуулсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийг сүхээр цохиж хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул өөрт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэд холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэж заасан байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Саруул-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

 1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Саруул-Эрдэнийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,

Эрүүгийн хуулийин ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Саруул-Эрдэнийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэд оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хүлээн авсгай.

 

 3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Саруул-Эрдэнэд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Саруул-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 280 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН