Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 45

 

                                                               Н.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09  дүгээр сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаар магадлалтай, Н.А-д холбогдох 1828000000013 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын гаргасан гомдол болон Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/23 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Н-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.А-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэйгээс гадна шийтгэх тогтоол ойлгомжтой, эргэлзээгүй бичигдэх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунчимэг гаргасан гомдолдоо “Н.А нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 8-27 тоот хашааны гадаа миний хүү Д.Б-г зодож амь насыг нь хохироосон бөгөөд тус орой нь Н.А нь миний хүүтэй маргалдаж О-ын гэрээс хамт гарсныг нь, мөн буцаж оруулж ирэхэд нүүрэндээ гэмтэл авсан, ухаангүй байдалтай байж байгаад нас барсан болохыг нь насанд хүрээгүй гэрч Энхмэнд болон бусад гэрч нар тодорхой мэдүүлдэг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд онц чухал ач холбогдолгүй үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх бөгөөд энэ нь Н.А-д ял завшиж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Н.А нь тухайн хэрэг гарсан орой “би хүн алчихлаа” гэж хэлснийг талийгаачийг маань газар хэвтэж байхад нь очсон гэрч Хүрэлбаатар хэлдэг бөгөөд гэрт талийгаачийг оруулж ирсний дараа “танай хүү тэнгэрийн оронд явчихсан” гэж хэд хэдэн удаа хэлээд уйлж байсныг миний бие баттай нотолж байна. Ийнхүү Н.А хэрэг болсон орой өөрийн гэм бурууг хүлээж байсан атлаа яг шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө ямар ч гэм буруугүй байсан мэтээр худал мэдүүлэг өгч байгаа нь хийсэн үйлдлээ анхнаасаа нуун дарагдуулсан болохыг харуулж байна. Тус орой миний хүү Д.Б-ийн нүүрэнд ямар нэг шарх сорви огт байгаагүй бөгөөд Н.А-тэй гараад л удаагүй Хүрэлбаатар оруулж ирэхэд нүүрэн тус газраа олон тооны шарх сорвитой, зодуулсан гэдэг нь тодорхой байсан.

Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд болон бусад баримтуудтай танилцахад Н.А-гээс өөр хүн гэмтэл учруулсан байхаар цаг хугацаа, нөхцөл байдал болоогүй байдаг. Иймээс Н.А-н өөрийгөө өмөөрч хэргээс мултрах гэсэн худал мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтаар хангалттай үгүйсгэгдэн няцаагддаг. Үүнийг нь ч анхан шатны шүүх дотоод итгэлээрээ шударгаар үнэлэн хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх хурал дээр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шинжээчийн дүгнэлттэй л холбоотой асуудлаар хэргийг буцааж шийдвэрлэлээ гэсэн мөртлөө бичгээр гаргасан шийдвэртээ хэлээгүй зүйлээ дурдаж гомдлыг хангасан мэтээр “анхан шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг няцаасан дүгнэлт хийгээгүй байна” гэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/23 дугаартай эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд магадлалыг уншиж сонсгохдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэж танилцуулсан бөгөөд энэ нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээр баталгаажсан. Гэтэл бичгээр үйлдэгдсэн давж заалдах шатны шүүхийн 58 дугаартай магадлалд “шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнээд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2 дахь заалтад шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн байгаа нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрээс зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлийг тайлбарласан бөгөөд энэ нь магадлалд бичигдсэн үндэслэлээс зөрүүтэй, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл, агуулгаас өөр байхад тэдний гомдлыг хүлээн авсан гэх дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болгожээ. Магадлалд “...анхны шинжилгээний явцад хийсэн үзлэг, шинжилгээний тэмдэглэлд “...нэмэлт шинжилгээ: ...14 зүсэм эд, 4 судас авав...”, “...нэмэлт шинжилгээний хариу...” гэж тэмдэглэгдсэн байх боловч хаана, хэн, хэзээ, ямар баримтыг үндэслэн ямар төрлийн нэмэлт шинжилгээ хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Хууль зүй, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Цогцост шинжилгээ хийх журам”-ын 3.8-д заасны дагуу шинжилгээг хийсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна” гэж дүгнэсэн байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шаардлагатай тохиолдолд харьцуулан шинжлэх хэв загвар буюу дээж авч дүгнэлт гаргахдаа ашиглах эрхтэй. Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/215/421 дугаар тушаалаар батлагдсан “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ын 5.2 дугаар зүйлийн 5.2.4-т “цогцосноос авах нэмэлт шинжилгээний дээжүүдийг лабораториудаас гаргасан зааврын дагуу авна”, 5.2.6. “цогцост шинжилгээ хийх явцад эд эрхтнээс шинжилгээний болон эрдэм шинжилгээ, сургалтын зорилгоор дээж авсан бол энэ тухайгаа шинжилгээний тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасны дагуу шинжээч нь цогцост шинжилгээ хийхдээ эд эрхтнээс дээж авч, энэ талаараа дүгнэлтдээ тусгасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 9 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 477 дугаартай дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу хийгдсэн тул эргэлзээ төрөх үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар бичигдсэн, хавтаст хэрэгт цугларсан бүхий л баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч миний зүгээс хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүдийг тодорхой хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал нь тус хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангахгүй байгаа нь 39.8 дугаар зүйлийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 ... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Тодруулбал магадлалд “...Хууль зүй, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Цогцост шинжилгээ хийх журам”-ын 3.8-д заасны дагуу шинжилгээг хийсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна” гэсэн бөгөөд энэхүү магадлалд дурдсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 189/385 тушаалаар батлагдсан “Цогцост шинжилгээ хийх журам” нь 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын А/216/422 тушаалын 4 дэх заалтаар хүчингүй болгож, тушаалын 2 дугаар хавсралтаар “Цогцост шинжилгээ хийх журам”-ыг шинэчлэн баталсан байдаг. Иймээс хүчингүй болсон журмын заалтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тодорхойгүй, эргэлзээтэй болгож байна.

Мөн магадлалд: “...Дээрх ямар обьектод шинжилгээ хийсэн нь тодорхойгүй шинжээчийн дүгнэлтүүд нь Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “шүүхийн шинжилгээ” гэж эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний обьектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг хэлнэ гэсэнтэй нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ нь шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д зааснаар хориглосон шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах ажиллагааг явуулж дүгнэлт гаргасан гэж үзэх эргэлзээг үүсгэж байна” гэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтүүдийн “Үзлэг ба шинжилгээ” хэсэгт шинжээч нь ямар обьектод шинжилгээ хийсэн нь тодорхой бичигдсэн байх бөгөөд холбогдох албан тушаалтны тогтоолыг үндэслэн дүгнэлтүүд гаргасан байдаг.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д “шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах” гэж заасан байхад магадлалд “хориглосон шинжилгээ хийхийн тулд” гэж хуулийн утга агуулгыг өөрчилж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх бас нэг үндэслэл болж байна.

Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар явцад магадлалын тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа “...гомдол гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болголоо” гэснийг оролцогч нарт гардуулсан магадлалын тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасан нөхцөл байдалд хамаарч байх тул нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан байна. Хэргийн хүрээнд прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хариу тайлбар гаргасан. Тухайн хүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа юм. Шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн хүрээнд гараагүй ба эсэргүүцэл, гомдолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсгүүдийг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Н.А-д холбогдох хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ. Энэ хэрэгт амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоож 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүхийн эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх амь хохирогчийн үхэлд хүргэсэн шалтгаан нь тодорхойгүй гэж дүгнэсэн ба анхан шатны шүүхээс дуу дүрсний бичлэгийг хэргийн хамт хүргүүлээгүй, шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй гэх үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн. Гэтэл нэг дор ажиллаж байгаа шүүхүүд дуу дүрсний бичлэг хүргэгдээгүй гэх үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй, ойлгомжтой, эргэлзээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа тул магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын гаргасан гомдол болон Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/23 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Н.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 08-27 тоот хашааны гадна Д.Б-г алсан болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.А-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна эд мөрийн баримтаар хураагдсан СД-г ирүүлээгүй, шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн 06 дугаартай шүүхийн тогтоолын удиртгал хэсэгт шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч нарын нэрийг орхигдуулсан зэрэг зөрчлийг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэл муутай байсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг хэргийн талаар бусад нотлох баримтаар тогтоогдсоноос илт зөрүүтэй, үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэж болох боловч эргэлзээтэй гэж үзсэн үндэслэлээ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд тодорхойлох шаардлагатай. Үндэслэлд шинжээчийн дүгнэлтийн зөрүүтэй байдал нь шүүхийн шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлөх боломжтой, эсвэл нөлөөлсөн зэргийг тусгаж хэргийн ач холбогдлыг онцолно. Мөн өмгөөлөх талаас гаргасан санал няцаагдаагүй гэдэг нь хэргийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хийсэн үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ төрүүлэх хэмжээнд тавигдаж улмаар яллах талаас гаргасан нотлох баримтаар үгүйсгэгдэхгүй хэвээр байхыг хэлнэ.    

 Хэрэгт буй шинжээчийн дүгнэлтэд талийгаач Д.Б-ийн биед учирсан гэмтэл хэдэн удаагийн үйлчлэлээр, юунаас болж үүссэн, энэ нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах болон нас барагчийн үхлийн шалтгаан зэргийг тусгасан нь хэргийн талаар тогтоогдсон ямар нөхцөл байдалтай зөрчилдөж буй, эсвэл өмгөөлөгчөөс гаргасан ямар дүгнэлттэй тохирч буй талаар магадлалд тодорхой зааж чадаагүй байх бөгөөд энэ талаар шалтгаант холбоог үгүйсгэсэн илэрхий зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн анхан шатны шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан Н.А-г гэм буруутайд тооцсон дүгнэлтдээ хохирогч унаж гэмтэл авсан байх боломжтой талаар гаргасан өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгасан нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г давж заалдах шатны шүүхэд хүргүүлээгүй, шүүхийн тогтоолын удиртгал хэсэгт шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчдийг нэрийг орхигдуулж бичсэн зөрчил гаргасан боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй болно. 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг ханган магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09  дүгээр сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН