Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 357

 

  

 

 

 

 

                             

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Т.Отгонтөгс (томилолтоор),

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0243) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С овогт Б-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0087 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Б-ын Т, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “...” ХХК-д технологийн ажилтанаар ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байнга оршин суух, регистрийн дугаар ....

Урьд;

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

-  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 28 хоногийн хорих ялаас чөлөөлсөн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Т нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “...” ХХК-ны орчимд иргэн Д.Б-тай маргалдан, цохилоо гэж гараараа нүүрэн тус газар нь цохиж, улмаар хавсарч унагаан нүүр болон цээжин тус газар нь өшиглөн зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Гэм буруу дээр маргаан байхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 21-ний...орой би Т, О нартай хамт архи ууж дуусаад гэр лүүгээ харих болсон. Т бид хоёрын гэр Баянхошуунд байдаг болохоор автобусны буудал руу явж байсан чинь Т намайг хэл, амаар өдөөд “чи муу дээр машин дуудаад хүргүүлээд байсан биз дээ” гээд намайг машин дууд гээд байхаар нь миний дургүй хүрээд “чи муу юу гээд байгаа юм, яахаараа би чамд машин дуудаж хүргэж өгдөг юм бэ” гээд...би Т-гийн шанаа руу нэг удаа гараараа цохисон чинь Т намайг хавирч унагаад нүүр болон цээж рүү маш хүчтэй хөлөөрөө өшиглөж цохисон. Намайг газар эвхэрээд босож чадахгүй хэвтэж байхад О ирээд намайг Т-гаас холдуулж салгаад дараа нь бид хоёрыг таксинд суулгаж явуулсан. Би гэртээ ороод шууд хэвтсэн бөгөөд шөнө цээж хөндүүрлээд нүүр, ам өвдөөд хоносон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

2. Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр Т бид хоёрыг ажлаас гараад явж байхад А, Г, З, М, Б нар дуудсан. Бид хоёрыг яваад очиход тэд нар машин дотроо “Соёрхол” нэртэй 0.75 граммын архи уугаад дуусгачихсан, дахин нэг шил “Хараа” нэртэй 0.33 граммын архи уугаад сууж байсан. Бид хоёр “Хараа” архинаас нэг нэг удаа уугаад дууссан ба бид нар гэр гэртээ харихаар болоод тарсан. Т, Б бид гурав тэднээс салж яваад дахин “Цагаан” нэртэй 0.5 граммын архи хувааж уусан. Б нилээд согтсон, харин Т бид хоёр нэмээд ахин нэг шил “Арвай” нэртэй 0.33 граммын архи авч хувааж уусан. Бид нилээн согтсон учраас гэр гэртээ харих болсон ба Б, Төрөө нарыг би автобусанд суулгаж өгөхөөр Сүлжмэлийн үйлдвэрийн автобусны буудал руу явж байх замд...ам их цангаж байсан учир би дэлгүүр орж ус авахаар болсон. Б, Т нар надаас түрүүлээд алхаад явж байсан. Би дэлгүүр дотор орж ус аваад гараад тэдний араас очиход Б доошоо хараад элгээрээ хэвтсэн байдалтай, Т гар утсаараа Б-ын эхнэрийн дугаарыг хайн хүн, хүн рүү залгаж ярьсан байдалтай зогсож байсан. Би Быг босгох гэж оролдоход босохгүй байсан. ...Би юу болсон юм бэ гэж Т-гаас асуухад “намайг Б цохихоор нь би зөрүүлж цохиод хавсарч унангуут нь нүүр рүү нь өшиглөчихлөө” гэж хэлж байсан. ...Тэгээд би айж сандарсандаа Тд Б-ыг гэрт нь хүргээд өгчих гээд таксинд суулгаад явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33),

“...Б гэрлэн дохионы хажуу талын явган хүний зам дээр баруун талаараа газар биеэ атираад нүүрээ дараад хэвтсэн ёолж байсан. Би түүнээс “яасан” гээд асуусан чинь надад юм хэлээгүй,...харин Т-гаас асуухад “бид хоёр сая урагшаа алхаад явж байсан чинь Б миний нүүр лүү гараараа цохисон болохоор нь миний уур хүрээд буцаагаад Б-ын нүүр лүү гараараа цохиод, газар хөлөөрөө хавсарч унагаад нүүр лүү нь өшиглөсөн” гэж хэлсэн. Тухайн үед би согтуу байсан, тэгэхдээ өөрийгөө авч явах чадвартай, болсон зүйлийг мэдэхээр байсан. ...Б-ын хэвтэж байсан газрын ойр орчимд хүн унаж бэртэхээр ямар нэгэн нүх, шуудуу байхгүй байсан. Т тэр хоёр л байсан, өөр хэн нэгэн хүн тэр хоёртой маргалдаж зодолдоогүй, Т Б-ыг цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 35),

 

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн 860 дугаар дүгнэлт:

“...хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний алимны салстын цус хуралт шимэгдэж буй, зүүн хацарт 2х0.1см ягаан сорвитой, зүүн эгэмний доод хэсэгт 0.1х0.1см ягаан соривтой.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх №28876-д: Хэвтсэн 2016 оны 12 дугаар сарын 25, Хэвтэх үеийн зовиур: Толгой өвдөнө, цээжээр өвдөнө....Хэсэг газрын үзлэгээр: Нүүрээр зулгарсан шархтай, цээжний зүүн талаар тэмтрэхэд эмзэглэлтэй, ясны хавирах чимээтэй....12 сарын 26-нд...цээжээр өвдөнө, амьсгаадна,...уушиг зүүн талд амьсгал сулавтар...Хэсэг газрын үзлэгт: Цээжний зүүн талд өвдөлт, эмзэглэл ихтэй, зүүн талд 2-3 дугаар хавирганы завсарт эгэмний дунд шугамаар хатгалт хийн 200 мл хий соруулж авлаа, ...Рентген гэрэлд: Зүүн уушигны доод дэлбэнгийн агааржилт бага зэрэг буурсан, угууд өргөссөн, хавирга өрцний синус зүүн талд хаалттай /6-7/ түвшинд шингэнтэй. 01 дүгээр сарын 02-ны Рентген гэрэлд: Зүүн уушиг бүрэн бус ателектазтай, синус зүүн талд бүрэн нээгдэхгүй, бага хэмжээний шингэнтэй. 2016 оны 12 сарын 25-ны Цээжний хөндийн КТГ-н шинжилгээнд: Зүүн талын плеврийн хөндийн ар доод хэсгээр бага хэмжээний шингэнтэй, зүүн талын плеврийн хөндийн урд хэсгээр хий хурсан, зүүн уушигны доод дэлбэнгийн доод хэсгээр ателектазтай, зүүн талд суганы урд шугамаар 5-р хавирга зөрүүгүй, 6-р хавирга зөрүү ихтэй хугаралтай. Онош: Цээжний дарагдал, зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт, уушигны бүрэн бус авчийлт, нүүрний зөөлөн эдийн няцрал. ДҮГНЭЛТ:

1. Д.Бын цээжний зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны бүрэн бус авчийлт, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44),

- Шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 860 дугаартай дүгнэлтэд...тухайн гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой боловч цээж хөндүүрлэн зовиурлаж, өвчин эмзэглэлтэй байна. Мөн хугацаа өнгөрөх тусам биеийн байдал хүндэрч болно. ...Уг хавирганы хугарал гэмтэл нь өшиглөх, цохих үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),

 

4. Шүүгдэгч Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр...оройн 20 цагт ажлаасаа тараад гараад иртэл ажлын үүдэнд хамт ажилдаг А-ын машин дотор М, З, Г, Б нар архи уугаад сууж байхаар нь машинд нь орж суухад архиа уугаад дуусч байсан. Удалгүй өнөөх хэд харилаа гэхээр нь Б болон О бид гурав үлдээд ажлын хажуу талын дэлгүүр орж О нэг шил архи аваад бид нар байрны сааданд ууцгаасан. Ингээд авсан архиа ууж дуусахаар нь би дахин нэг шил 0.33 граммын архи авч өгөөд О бид хоёр хувааж уусан. Б уг архинаас уугаагүй... Бид нар архиа ууж дуусаад автобусны буудал руу алхаж байхад О дэлгүүр ороод ус ундаа аваад ирье гээд явсан хойно Б намайг хэл амаар доромжилон миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлэн гараараа мангасдаад өөр лүүгээ татан цохиж, газарт унагаад зүүн нүд рүү нь нэг удаа өшиглөсөн. Удалгүй О араас ирээд юу болоод байгаа юм гээд бид хоёрыг салган таксинд суулгаж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113),

“...2016 оны 12 дугаар сарын 21-ний орой Б бид хоёр О-ыг шаттай дэлгүүр лүү уух юм авах гээд орсон хойгуур урагшаа Сүлжмэлийн автобусны буудал руу алхаж байхад би Б-т “чи хэд хоногийн өмнө машинтай хүн дуудаад авахуулаад байсан биз дээ хөгшөөн, машин байвал дуудаач” гэсэн. Гэтэл Б намайг “пизда минь би яахаараа машин дууддаг юм, гөлөг минь чи муу ер нь яах гээд байна, ээжтэйгээ амьдардаг хачин ядуу гөлөг” гээд...миний ээжийг доромжилж, ядуу хоосонгоор минь дуудаж түрүүлж дээрэлхээд цохисон болохоор миний уур хүрээд тэвчээр алдаад мөн хэд хоногийн өмнө найзынхаа машинд суугаад явахдаа намайг хаяад явсанд нь миний уур хүрээд Б-ыг хавирч унагаад нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж цохисон. ...Бид хоёрыг маргалдаад зодолдож байхад биднээс өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54),

7. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9), өвчний түүх (хавтаст хэргийн 78-86), яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 107),

- хохирогчийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 88), оршин суугаа хорооны тодорхойлолт, мөрдөн байцаагчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 127),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 65), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56), шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 58-61, 70), “...” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 64, 154), нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар (хавтаст хэргийн 155) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан хүнс” ХХК-ийн урд явган хүний зам дээр 2016 оны 12 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчим, хамт ажилладаг иргэн Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар шууд санаатай үйлдлээр түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь

- Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 21-ний...орой Т намайг хэл, амаар өдөөд “чи муу дээр машин дуудаад хүргүүлээд байсан биз дээ” гээд намайг машин дууд гээд байхаар нь миний дургүй хүрээд “чи муу юу гээд байгаа юм, яахаараа би чамд машин дуудаж хүргэж өгдөг юм бэ” гээд...би Т-гийн шанаа руу нэг удаа гараараа цохисон чинь Т намайг хавирч унагаад нүүр болон цээж рүү маш хүчтэй хөлөөрөө өшиглөж цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

- Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэдний араас очиход Б доошоо хараад элгээрээ хэвтсэн...байдалтай...байсан. ...Би юу болсон юм бэ гэж Т-гаас асуухад “намайг Б цохихоор нь би зөрүүлж цохиод хавсарч унангуут нь нүүр рүү нь өшиглөчихлөө” гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33), “...Б гэрлэн дохионы хажуу талын явган хүний зам дээр баруун талаараа газар биеэ атираад нүүрээ дараад хэвтсэн ёолж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 35),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн 860 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 44),

- Шүүгдэгч Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр...Б намайг хэл амаар доромжилон миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлэн гараараа мангасдаад өөр лүүгээ татан цохиж, газарт унагаад зүүн нүд рүү нь нэг удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113)

“...2016 оны 12 дугаар сарын 21-ний...Сүлжмэлийн автобусны буудал руу алхаж байхад би Бт “чи хэд хоногийн өмнө машинтай хүн дуудаад авахуулаад байсан биз дээ хөгшөөн, машин байвал дуудаач” гэсэн. Гэтэл Б намайг “пизда минь би яахаараа машин дууддаг юм, гөлөг минь чи муу ер нь яах гээд байна, ээжтэйгээ амьдардаг хачин ядуу гөлөг” гээд...миний ээжийг доромжилж, ядуу хоосонгоор минь дуудаж түрүүлж дээрэлхээд цохисон болохоор миний уур хүрээд тэвчээр алдаад мөн хэд хоногийн өмнө найзынхаа машинд суугаад явахдаа намайг хаяад явсанд нь миний уур хүрээд Быг хавирч унагаад нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54),

- өвчний түүх (хавтаст хэргийн 78-86) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл дээрх нотлогдон тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Т-г 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 (арван мянга) нэгжээр торгож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг, 

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн оногдуулахаар дүгнэлт гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй ба харин шүүгдэгчийн хувийн байдал буюу сард олох орлогын хэмжээг харгалзан Б.Т-д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон түүний тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт нь 10.000 нэгж буюу (арван сая) төгрөгөөр торгох  ял хүлээлгэх дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин шүүгдэгч Б.Т нь ам бүл хоёр, түүний сарын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн 2016 оны цалин хөлснөөс бодож үзвэл нэг сарын дундаж орлого 968.756 төгрөг болж байх тул түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 201726010087 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Б-ын Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Т-г 10.000 (арван мянга) нэгж буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 10.000 нэгжийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсогсоноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ