Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2003

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02068 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “БС ” ХХК-д холбогдох

 

Ачаа тээвэрлэсний хөлс 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 10 дугаар сард Яармагийн урд Арцатын ам гэх газарт барилгын хэв хашмал, тулаасыг өөрийн 98-69 УБХ улсын дугаартай Митсубиши Пуса маркийн ачааны автомашинаар зөөсөн. Нийт 4 хоног 4 удаа тээвэр хийсэн, нэг удаагийн тээврийг 200 000 төгрөгөөр тохирсон юм. Эхний өдөр Арцатын амнаас 7 буудалд, 2 дахь өдөр нь 5 шард, 3-4 дэх өдөр Чулуун овоонд тус тус ачааг хүргэсэн. Нэг удаадаа 200-350 ширхэг хэв хашмал ачиж зөөвөрсөн. Өргөгч крантай машин учир би өргөөд буулгаж өгсөн байдаг. Би эхэндээ хувь хүний ажил хийж байна гэж бодсон боловч компани байсан байна лээ. Төлбөрийг маань өгөхгүй алга болсон болохоор нь нөгөө хүнээ хайж олоод уулзтал хариуцагч компанийн ачаа зөөсөн гэдгээ мэдсэн. Тэгээд ажлын байран дээр нь очиж Б.С- гэх хүнээс тодорхойлолт гаргуулж авсан. Захирлынх нь үүдэнд сууж байсан тэр хүн компьютер дээрээс хараад миний нэрээр шүүж үзсэн. Тэгээд тээвэрлэсэн өдөр, рейсийн тоог хараад надад төлбөрийн дүн бүхий бичиг бичиж өгсөн. Компанийн тамга дарж өгөөгүй бөгөөд тамга дарахгүй бол хүчингүй биз дээ гэх миний асуултад манай албан бланк дээр бичигдсэн учир хүчинтэй гэсэн хариу өгсөн. Би тэр үгэнд нь итгээд л баримтыг нь аваад явсан. Гэвч миний мөнгийг өгөхгүй байсан тул шүүхэд хандсан байгаа. Иймд миний тээврийн хөлс 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагаас яг ямар хүнтэй ярилцсаныг тодруулах шаардлагатай байна. Би ажилд ороод удаагүй болохоор Б.С- гэх хүнийг сайн мэдэхгүй байна. Тамга дарагдаагүй баримт учир хүчингүй л гэж бодож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан “БС ” ХХК-аас 800 000 төгрөгийг гаргуулж Р.Б-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Э.Баянбаатар би Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Р.Б-гын нэхэмжлэлтэй, "БС " ХХК-д холбогдох ачаа тээвэрлэсний хөлс 800 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02068 дутаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу тус шүүх хуралдаан болох өдөр "БС " ХХК-ийг төлөөлөх иттэмжлэл гардаж авсан бөгөөд шүүх хуралдаанд бичгээр хүсэлт гаргаж хэргийн материалтай танилцах хугацаа хүссэн бөгөөд мөн өмгөөлөгч авах хусэлтийг шүүх хуралдааны явцад амаар гаргасан боловч хүсэлтийг хулээж авалгүй цөөхөн хуудастай хэрэг тул одоо танилц гэж шүүх хуралдааны явцад хэрэгтэй танилцуулаад шуүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 55 зүйлд заасан өөрийгөө өмгөөлөх болон хууль зүйн туслалцаа авах эрхийг мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдын эдлэх эрхийг эдлүүлээгүй хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр очиж шүүхийн шийдвэрийг гардаж авахдаа шүүх хуралдааны тэмдэглэлийг давхар авахыг хүсзхэд гараагүй байгаа гэсэн хариуг өгсөн ба 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр очиж тэмдэглэлтэй танилцахад миний шүүх хуралдааны үеэр гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг дурьдаагүй байсан нь хуулийг зөрчсен гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, шинжлэн судлах, тодруулах шаардлагатай баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Р.Б- нь хариуцагч “БС ” ХХК-д холбогдуулан ачаа тээвэрлэсний хөлс 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч байгууллагаас эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Р.Б-гийн Майти 9869 УБХ автомашиныг түрээслэж, хэв хашмал, тулаас төмрийг тээвэрлүүлсний хөлс 800 000 төгрөг болох нь үнэн гэсэн албан бичгийг хариуцагч компани нь өөрийн бланк дээр үйлдэж, нягтлан бодогч Б.С- гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байгааг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй байна.

            Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс мөн оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2019/09808 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд мөн оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад эрх үүргийг нь тайлбарлах ажиллагааг хийжээ. /хэргийн 1, 5, 7-9 дүгээр тал/

 

Гэтэл хариуцагч хариу тайлбарыг хуулиар тогтоосон хугацаанд гаргаагүй ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан боловч үндэслэлээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байна.

 

            Иймд шүүхээс дээрх албан бичгийг үнэн зөв эргэлзээгүй баримтаар үнэлж, хариуцагчаас 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзнэ.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

 

                                                С.ЭНХТӨР