Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Р.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БС” ХХК-д холбогдох,

 

Ачаа тээвэрлэсний хөлс 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянбаатар, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би 2018 оны 10 дугаар сард хариуцагч компанийн нярав гэх хүнтэй холбогдож, Яармагийн урд байдаг Арцатын ам гэх газраас барилгын хэв хашмал, тулаасыг өөрийн 98-69 УБХ улсын дугаартай “Митсубиши Пуса” буюу хүмүүсийн хэлж сурсан “Майти” маркийн крантай ачааны автомашинаар зөөж, буулгасан. Нийт 4 хоног 4 удаа тээвэр хийсэн, нэг удаагийн тээврийг 200,000 төгрөгөөр тохирсон юм. Эхний өдөр Арцатын амнаас 7 буудалд, 2 дахь өдөр нь 5 шард, 3-4 дэх өдөр Чулуун овоонд тус тус ачааг хүргэсэн. Нэг удаадаа 200-350 ширхэг хэв хашмал, тулаас төмөр ачиж зөөвөрлөн буулгасан. Өргөгч крантай машин учир би өөрөө ачаад буулгаж өгсөн байдаг.

Би эхэндээ хувь хүний ажил хийж байна гэж бодсон боловч компани байсан юм билээ. Төлбөрийг маань өгөхгүй алга болсон болохоор нь нөгөө хүнээ хайж олоод уулзтал хариуцагч компанийн ачаа зөөсөн гэдгээ мэдсэн. Тэгээд ажлын байран дээр нь очиж Б.Соёлмаа гэх хүнээс тодорхойлолт гаргуулж авсан. Захирлынх нь үүдэнд сууж байсан тэр хүн компьютер дээрээсээ хараад миний нэрээр шүүж үзсэн. Тэгээд тээвэрлэсэн өдөр, рейсийн тоог тулгаж үзээд надад төлбөрийн дүн бүхий бичиг бичиж өгсөн. Компанийн тамга дарж өгөөгүй бөгөөд тамга дарахгүй бол хүчингүй биз дээ гэх миний асуултад манай албан бланк дээр бичигдсэн учир хүчинтэй гэсэн хариу өгсөн. Би тэр үгэнд нь итгээд л баримтыг нь аваад явсан. Гэвч миний мөнгийг өгөхгүй байсан тул шүүхэд хандсан байгаа.

Иймд миний тээврийн хөлс 800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагаас яг ямар хүнтэй ярилцсаныг тодруулах шаардлагатай байна. Би ажилд ороод удаагүй болохоор Б.Соёлмаа гэх хүнийг сайн мэдэхгүй байна. Тамга дарагдаагүй баримт учир манай компанийн бланк дээр бичигдсэн зүйлийг хүчингүй л гэж бодож байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “БС” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлс 800,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Шүүх уг нэхэмжлэлд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчаас 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлд үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнд гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулсан боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч тал ийнхүү хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар, нотлох баримт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй учир шүүх хуралдааныг товлосон бөгөөд товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч нь өөр төлөөлөгчийг томилон ирүүлснээс өөрөөр хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй тул шүүх томилогдсон төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулж, эрхийг нь хангасны үндсэн дээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгт байгаа тус компанийн бланк бүхий баримтад тамга дарагдаагүй тул хүчингүй гэх үндэслэлийг гаргаж маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сард хариуцагч компанийн хүсэлтээр барилгын хэв хашмал, тулаас төмөр ачиж, зөөж, буулгах ажлыг 4 өдөр 4 удаагийн давтамжаар гүйцэтгэсэн гэх үндэслэлээр хариуцагчаас 1 удаагийн хөлсийг 200,000 төгрөгөөр тооцож, нийт 800,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хэрэгт энэ үйл баримттай холбоотой “БС” ХХК-ийн хэвлэмэл хуудас /албан бланк/ бүхий 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөр огноолсон ганцхан баримт авагдсан бөгөөд түүнд 2018 онд Бямбахүүгийн “Майти 98-69 УБХ” автомашиныг түрээсэлж, хэв хашмал, тулаас төмрийн буцаалтад явуулсан нь үнэн болно, Хас банк 5000124227 тоот данс, 800,000 төгрөг гэсэн агуулга тусгагдаж, нягтлан бодогч Б.Соёлмаа гэх хүн гарын үсэг зуржээ.

 

Энэ баримтад хариуцагч компанийн тамга, тэмдэг дараагүй нь үнэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “БС” ХХК-аас төлөөлөх бүрэн эрхийг М.Цэндсүрэнд олгосон итгэмжлэлийг олгосон хэвлэмэл хуудас /албан бланк/-тай ижил байх тул шүүх тухайн баримтыг хариуцагчийн үйлдсэн баримт мөн гэж үзлээ.

 

Шүүхээс тухайн баримтын агуулгыг талуудын тайлбартай харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэх дүгнэлтэд хүрэв.

 

Дээрхээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хуулиар уг гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдаагүй учир шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр хууль буюу гэрээнд зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй.

 

Хариуцагчаас Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 368.1-д заасан үүргийн хүрээнд олгогдсон 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн баримтад “Майти” маркийн 98-69 УБХ улсын дугаартай Бямбахүүгийн техникийг хэв хашмал, тулаас төмрийн буцаалтад явуулсан нь үнэн гэж бичигдсэн тул шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хөлс шаардах эрхтэй.

 

Харин хариуцагч тохирсон хөлс буюу тухайн баримтад тусгагдсан 800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн эсэх талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул хөлс төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан “БС” ХХК-аас 800,000 төгрөгийг гаргуулж Р.Бд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА