Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2034

 

 

 

 

 

 

 

 

 

“ГФ ” ХХК болон Ж.Г  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02133 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ГФ ” ХХК болон Ж.Г  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “НТ-” ХХК нарт холбогдох

 

2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Б, гуравдагч этгээд “НТ-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Г , “ГФ ” ХХК, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГФ ” ХХК болон Ж.Г  миний бие нь Хан-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “НТ” ХХК-д 1 300 000 000 төгрөгийн төлбөр барагдуулахаар шүүгчийн захирамж гарсан бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 22/2 тоот 290,74 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 23/3 тоот 312,8 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж 23/4 тоот 290,74, м.кв талбай бүхий хувийн орон сууцуудыг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулна гэсэн. “Мөнх-Оргил Трэйд” ХХК нь миний талбай бүхий хувийн орон сууцыг 436 110 000 мөн 22/3 тоот сууцыг 469 200 000 мөн 22/4 тоот сууцыг 436 110 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг тогтоохдоо зах зээлийн өнөөгийн бодит ханшаас хэт доогуур үнэлж компанийн болон хувийн орон сууцыг үнэгүйдүүлж бусдад давуу байдал олгосон. Анхны дуудлага худалдаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 70% буюу Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 22/2 тоот 290,74 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 305 277 000 төгрөг, мөн 22/3 тоот сууцыг 328 440 000 төгрөг мөн 23/4 тоот сууцыг 305 277 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулсан. 2 дахь дуудлага худалдааг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 50%-иар Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 22/2 тоот 290,74 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 218 055 000 төгрөг мөн 23/3 тоот сууцыг 234 600 000 төгрөг, 23/4 тоот сууцыг 218 055 000 төгрөгөөр бодож дуудлага худалдаа явуулсан бөгөөд үнийн дүнгээс 50 хувь бууруулж зарсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй, ажиллагааг явуулахдаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар бусдад ялгавартай хандаж нэг талд давуу эрх олгосноор төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж борлуулсан. Дээрх ажилллагаа нь Иргэний хуулийн 197.2.4-т Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус бөгөөд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу явагдаагүй хууль бусаар явагдсан гэж үзэж байгаа тул 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр болсон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрлээ шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01177 дугаар захирамжаар Ж.Г , “ГФ ” ХХК-иас 1 304 813 910 төгрөгийг гаргуулж “НТ-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад Ж.Г ийн өмчлөлд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 21/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот, 22/2 тоот, 24/2 тоот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3 байрны подвалын 5 тоот үл хөдлөх эд хөрөнгүүд нь “НТ-” ХХК-тай байгуулсан Автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээнд бүртгэлтэй болох тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч “ГФ ” ХХК, Ж.Г  нарын арилжааны банкин дахь дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул Ж.Г ийн өмчлөлийн төлбөр авагч “НТ-” ХХК барьцааны эд хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 190/05, 190/03, 190/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 190/08, 190/09, 190/07 дугаар тогтоолоор хурааж төлбөр төлөгч Ж.Г т тогтоолын хувийг гардуулж, үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан. Төлбөр төлөгч Ж.Г , “ГФ ” ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3/115261, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3/17517, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/24974 дугаар албан бичгүүдээр үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 269 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр “Мөнх-оргил трейд” ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-оргил трейд” ХХК 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2, 23/3, 23/4, тоот амины орон сууцны зориулалттай, 3 дуусаагүй барилгыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1 341 400 000 төгрөгөөр үнэлж тайланг тус газарт ирүүлсэн. Үнэлгээний талаарх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4/27794 дугаар мэдэгдлийг” ГФ ” ХХК-ийн нярав Ц.Бямбадолгорт 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гардуулсан. Төлбөр төлөгчийн үнэлгээний талаар гаргасан нэхэмжпэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02051 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2504 дүгээр магадлалаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөрт хураагдсан хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/6162 дугаар мэдэгдэл, 3/06 дугаар тогтоолыг төлбөр төлөгч “ГФ ” ХХК, Ж.Г  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонсүрэнд гардуулсан. Хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тухай 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 4/6917 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан боловч төлбөр төлөгч Ж.Г  нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасан нь хуулийн хугацаа хэтэрсэн. Иймд нэхэмжпэлд дурдсанаар 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, Т.Ганбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Г  нэхэмжлэлийн гол үндэслэх хэсэгтээ миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны Хүрхрээ хотхоны 1-р гудамжинд байрлах 22/2 тоот үл хөдлөх хөрөнгийг 436 110 000 төгрөгөөр, 22/3 тоот үл хөдлөх хөрөнгийг 469 200 000 төгрөгөөр, 22/4 тоот үл хөдлөх хөрөнгийг 436 110 000 төгрөгөөр” Мөнх-Оргил трейд” ХХК үнэлсэн байдаг. НШШГГ- 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 70 хувиар буюу 22/2 тоот 290.74 мкв үл хөдлөх хөрөнгийг 305 277 000 төгрөг, 22/3 тоот 312.8 мкв үл хөдлөх хөрөнгийг 326 440 000 төгрөг, 22/4 тоот 290.74 мкв үл хөдлөх хөрөнгийг 305 277 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулсан, 2 дахь дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 50 хувиар 22/2 тоот үл хөдлөх хөрөнгийг 218 055 000 төгрөг, 22/3 тоот үл хөдлөх хөрөнгийг 234 600 000 төгрөг, 22/4 тоот үл хөдлөх хөрөнгийг 218 055 000 төгрөгөөр бодож дуудлага худалдаа явуулсан бөгөөд дуудлага худалдаагаар миний орон сууцууд худалдаалагдсан болно. Ж.Г  миний бие маш их гомдолтой бөгөөд 500-600 сая төгрөгийн үнэтэй эд хөрөнгүүдийг маань дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 50 хувиар бууруулж зарсанд гомдолтой байна гэжээ. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01177 дугаартай захирамжаар Ж.Г , түүний компани болох “ГФ ” ХХК нараас Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 300 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4 813 910 төгрөгийг гаргуулж “НТ-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ- нь манай компанийн хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор хуулинд заасан ажиллагаа явуулж төлбөр төлөгч буюу Ж.Г ийн манай компанийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шинжээч байгууллагаар “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийг томилсон. “Мөнх-Оргил Трейд” ХХК нь нэхэмжлэгчийн 90 хувийн гүйцэтгэлтэй 22/2 тоот үл хөдлөх хөрөнгийг 436 110 000 төгрөгөөр, 22/3 тоот үл хөдлөх хөрөнгийг 469 200 000 төгрөгөөр, 22/4 тоот үл хөдлөх хөрөнгийг 436 110 000 төгрөгөөр нийт 1 341 400 000 төгрөгөөр үнэлсэн. Тус газар нь үнэлгээг үндэслэн хуулинд заасны дагуу эд хөрөнгийн үнийг 70 хувиар тооцож 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эхний дуудлага худалдааг явуулж борлуулах гэсэн боловч борлогдоогүй. Мөн 2 дахь дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулахаар бэлтгэж байх явцад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Г , “ГФ ” ХХК нар эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гарган хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг татсан. Иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ж.Г  нь үнэлгээг эс зөвшөөрч дахин шинжээч томилох хүсэлт гаргасан тул тус дүүргийн шүүгчийн захирамжаар шинжээч байгууллагаар “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг томилсон. Шүүхээс томилогдсон “Итгэлт Эстимэйт” ХХК нь төлбөр төлөгчийн 90 хувийн гүйцэтгэлтэй 22/2, 23/3, 23/4 тоотод байрлах 3 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 1 331 961 000 төгрөгөөр буюу “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийн үнэлгээнээс доогуур үнэлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 22/2, 23/3, 23/4 тоотод байрлах 3 үл хөдлөх хөрөнгийн нэг бүрийн ханш 500-600 сая гэдэг нь үндэслэлгүй болохыг шинжээч байгууллагуудын үнэлгээгээр нотлогдсон. Тус дүүргийн шүүх 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэгч Ж.Г , “ГФ ” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ж.Г  анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүхийн 2504 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. НШШГГ- нь Нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Хүрхрээ хотхоны 22/2, 23/3, 23/4 тоотод байрлах 3 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 70 хувиар тооцож эхний дуудлага худалдааг явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэсэнтэй нийцсэн " гэж үзэж байна. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг 2 дахь дуудлага худалдаагаар доод үнийг 50 хувиар тооцож явуулсан ба үл хөдлөх хөрөнгийг иргэн хүн худалдаж авсан байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэнд худалдсан төлбөрөөс манай компанийн төлбөрийг гаргуулан төлүүлсэн. Энэхүү ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэсэнтэй нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2016 оноос хойш өөрийн санаачилгаар ямар ч төлбөр төлөөгүй, төлбөр төлөхөөс зайлсхийх, оршин суух хаягаа байнга өөрчлөх, дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй байх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж ирсэн. Нэхэмжлэгч Ж.Г  нь 2016 оноос хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд өөрийн санаачлагаар үл хөдлөх хөрөнгийг бусдад борлуулж төлбөрийг барагдуулах эсхүл бусад аргаар төлбөрийг барагдуулах боломж байсан хэдий ч өөрийн эрх ашгийг чухалчилж төлбөр төлөхгүй байх санаа зорилгыг агуулж ирсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс бусдад ялгавартай хандаж нэг талд давуу эрх олгоогүй нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас дуудлага худалдаа явуулах гэж 2 гаруй жилийн хугацаа болсон ба 2 дахь дуудлага худалдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг баримтлан  Ж.Г , “ГФ ” ХХК нарын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02133 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай заалтыг зөрчсөн, хэт нэг талыг баримталж үйл баримт болон нотлох баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

            Процессын алдааны тухайд: Тухайн шүүх хуралдаан болсон өдөр нэхэмжлэгч Ж.Г  нь эрүүл мэндийн гэнэтийн байдлаас болж шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсоныг өмгөөлөгч миний бие хүсэлт гаргаж нэхэмжлэгчийг өөрийн биеэр нь оролцуулах хүсэлт тавьсан боловч шүүх уг хүсэлтийг хүлээж авалгүйгээр зөвхөн өмгөөлөгчийг нь төлөөлөөд оролцох боломжтой хэмээн шүүх хуралдааныг явуулсан юм. Энэхүү үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн үйлдэл болсон төдийгүй их хэмжээний үнэ бүхий хөрөнгийг нь үнэгүйдүүлж 1 300 000 000 төгрөгний төлбөрт хангалттай давсан үнэ бүхий хөрөнгийг хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан үнэгүйдүүлж 650 000 000 төгрөгний дахин өрөнд оруулсан үйлдлийг өөрийн биеэр оролцож мэтгэлцэх боломжоор хангаагүй байна.

Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Шүүхийн шийдвэрт: “Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 бусдад ялгавартай хандах, давуу эрх олгосноор эд хөрөнгийг үнэгүйдүүлж борлуулсан, Иргэний хуулийн 197.2.4 Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна гэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу баримт авагдаагүй, хууль бусаар явагдсан гэсэн үндэслэлийг гаргасан гэсэн ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн З8.1 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийнхээ дагуу нотлоогүй, хэрэгт цугларсан баримтаар дээрх үндэслэл тогтоогдсонгүй" хэмээн шүүгч хариуцагч, гуравдагч этгээдэд ашигтайгаар буруу үндэслэсэн байна. Учир нь нэхэмжлэгч тал хэргийн нотлох баримтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л нотлох баримтууд цугларсан бөгөөд энэхүү нотлох баримтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчид дараахь баримт бичгийг хүргүүлнэ" 69.2.4-т "тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглах, эзэмших гэрээний хуулбар, 69.2.5-д."тухайн үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрыг ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн баримт бичиг" -т заасан нотлох баримт байхгүй бөгөөд энэхүү хуулинд заасан баримт бичгүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчид хүргүүлэлгүйгээр хуулинд заагдсан баримт бичиг бүрдэл дутуугаар дуудлага худалдааг явуулж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон талаар гомдол гаргасан мэтгэлцсэн юм. Гэтэл шүүгч нэг талыг барьж өөрөөр дүгнэсэн байна.

Хууль зүйн үндэслэлийн тухайд: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 бусдад ялгавартай хандах, давуу эрх олгосноор эд хөрөнгийг үнэгүйдүүлж борлуулсан, гэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69.2-т заасны дагуу баримт байхгүй, хууль бусаар явагдсан гэсэн Иргэний хуулийн 197.2.4 хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02133 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч нар нь НШШГГ-т холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01177 дугаар захирамжаар “ГФ ” ХХК болон Ж.Г , нар 1 304 813 910 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу хариуцагч байгууллагаас 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 22/2 тоот 290.74 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж, 23/3 тоот 312,8 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хүрхрээ 1-р гудамж 23/4 тоот 290.74 м.кв талбай бүхий хувийн орон сууцуудыг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 190/3, 190/4, 190/5 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 190/7, 190/08, 190/09 дугаар тогтоолоор тус тус хураан авч, талуудаас төлбөрт хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн санал авч, шинжээчээр эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

            Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь Баянзүрх дүүргийн Хүрхрээ хотхоны 22/2 тоотыг 436 110 000 төгрөг, 23/3 тоотыг- 469 200 000 төгрөг, 23/4 тоот байрыг 436 110 000 төгрөг, нийт 1 341 400 000 төгрөгөөр үнэлжээ./хэргийн 49-59 дүгээр тал/

            Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нар нь дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02051 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2504 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 74-79 дүгээр тал/

            Улмаар хариуцагч байгууллагаас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/06 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, Баянзүрх дүүргийн Хүрхрээ хотхоны 22/2 тоотыг 436 110 000 төгрөг, 23/3 тоотыг- 469 200 000 төгрөг, 23/4 тоот байрыг 436 110 000 төгрөг  гэж тус тус үнэлсэн  үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг 50 хувиар тогтоож, 2 дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 400 тоотод явуулах”-аар заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн  72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4 дэх хэсэгт нийцжээ. Хариуцагч Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар бусдад ялгавартай хандах, давуу эрх олгосноор эд хөрөнгийг үнэгүйдүүлж борлуулсан гэх үндэслэлгүй байна.

            Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонсүрэнд хоёр дахь албадан дуудлага худалдаа болох мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гардуулж, тэмдэглэл үйлджээ./хэргийн 80-81 дүгээр тал/

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудад дээрх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд авагдсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.4-т заасан баримтыг өгөөгүй гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

            Шүүхээс НШШГГ-т холбогдох, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Ж.Г  нь эрүүл мэндийн улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэдгээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулан хэргийн хянан шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанд биечлэн оролцох болон мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй. /хэргийн 128-131, 133-136 дугаар тал/

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                                              ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                  С.ЭНХТӨР