Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/77

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШТ/137 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 39 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Г.Бд холбогдох 201201040254 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......тоотод оршин суух хаягтай,  

1. Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2. Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

3. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Шүүгдэгч Г.Б нь 2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 29 дүгээр гудамжны 264 тоотын орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ч.Мын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж такси үйлчилгээнд явж байсан 13-25 УБЛ улсын дугаартай “Соната-2” маркийн тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг, товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх аюултай үйлдлийн улмаас амь хохирогч Ч.М нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан,

- үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Д.Л нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 17 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэмүүн Сант асар” ХХК-ий барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, 2 ширхэг монетон ээмэг, 3 ширхэг монетон кулон, 4 ширхэг монетон бөгж зэрэг нийт 11.946.450 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

- 2018 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 103 дугаар байрны подволд байрлах “Алт мөнгөний дархан”-ы газрын хаалганы цоожийг эвдэн 10 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга, 8 лан мөнгө, 7 лан хар мөнгө, 5 грамм алт, 3 ширхэг мөнгөн бугуйвч, 5 ширхэг мөнгөн гинж, 29 ширхэг бөгж, 6 ширхэг эрэгтэй бөгж, 8 ширхэг мөнгөн зүүлт, 7 ширхэг мөнгөн бөгж, 52 ширхэг мөнгөн бөгж, 32 ширхэг мөнгөн хослол, 12 ширхэг мөнгөн ээмэг, 48 ширхэг тогтоогч суурь, төмөр сейф, монетон бугуйвч, сийлбэртэй мэлхий, 700 грамм мөнгө зэргийг буюу нийт 14.008.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан авсан,

- ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Якут годон, якут годон” гэх фейсбүүк сайтад “Зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гутал 30 хувийн лизингээр худалдаалж байна, та бүхэн 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн мэдээлэл оруулан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Таас 650.000 төгрөг, М.Б-оос 80.000 төгрөг, П.Г-ээс 40.000 төгрөг нийт 770.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5064817965 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

- 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк зарын группэд “ВааskaAldaraa” гэсэн хаягаас “Айфоне икс” гар утас хямд захиалж өгнө” гэх зарыг байршуулж улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Н.Бт “...2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гэхэд захиалсан гар утас ирнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Н.Баас интернэт банкаар 500.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5064817965 дугаарын данс руу шилжүүлэн авч, залилан бусдад нийт 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

“...Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй боловч шүүгч өөрийн санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16 дахь заалтад заасан асуудлыг нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэнд анхан шатны шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр тогтсон.

Прокуророос Г.Бг 2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 29 дүгээр гудамжны 264 тоот хашааны орчим өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ч.Мын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж, такси үйлчилгээнд явж байсан 13-25 УБЛ улсын дугаартай “Соната-2” загварын тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх аюултай үйлдлийн улмаас амь хохирогч Ч.М нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хяналтын шатны шүүхээс Г.Бд холбогдох хэрэг нотлох баримтын бүрдлийг хангаагүй, шаардлагатай бүх ажиллагааг хийхгүй байдлаар мөрдөн байцаалтыг дутуу дулимаг явуулсан гэж үзэж “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр” прокурорт буцааж байжээ. Үүнээс зарим ажиллагааг, тухайлбал “...гар утсыг борлуулж алга хийсэн гэх өдрийн дараа шүүгдэгчид байхыг О.Баярмаа харсан гэсний зөрүүг гаргаагүй, ...Т.Бэхбат хэрэг учрал болсон өдөр хаана байсан болохыг тодруулах...” гэсэн ажиллагаа огт хийгдээгүй байх бөгөөд энэ ажиллагааг хийх нь дараах байдлаар ач холбогдолтой гэж үзэж байна.

Шүүгдэгч Г.Б, гэрч Т.Бэхбат нар нь энэ гэмт хэрэгт хоёул яллагдагчаар татагдан өөрсдийн тайлбар, мэдүүлгийг гарган өөрийгөө гэм буруугүй гэж, харин 2019 онд Т.Бэхбатын дахин өгсөн мэдүүлгээр Г.Бг энэ гэмт хэрэгт буруутгах нэг үндэслэл болжээ.

Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан байхаар үнэлэгдэх бөгөөд хэргийн оролцогчтой эсрэг ашиг сонирхол бүхий этгээдээс авсан нь мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог болохыг анхаарах учиртай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байсан нь Г.Б, Т.Бэхбат нарыг эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд гэж үзэхэд хүргэж байна.

Хүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ялангуяа хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцоход дан нотлох баримтаар, ялангуяа тухайн нэг гэмт хэрэгт хамт шалгагдаж байсан эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө.

Түүнчлэн хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар “Ч.Мын амь насыг хохироосон гэх хэргийг Г.Б үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна” хэмээн мөрдөн байцаагчаас 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлж байжээ. Мөн “Ч.М нас барсан хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдохгүй байна” гэж үзэж 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн прокурорын тогтоолоор “Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн” байна.

Дээрх байдлаар Г.Бг уг хэрэгт холбогдолгүй гэж үзэж байсан бол мөрдөн байцаагчийн саналыг прокурор хэрхэн шийдвэрлэж байсан талаарх баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нотлох баримтын эх сурвалжийг үнэлж Г.Бг хэрэгт холбогдолгүй гэж үзэж байсныг тодруулах шаардлагатай. ...” гэж шийдвэрлэжээ.    

Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Гэрч О.Баярмаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр удаа дараа мэдүүлэг өгөхдөө Г.Бтэй уулзсан өдрийг тогтмол өөр өөрөөр мэдүүлдэг бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэхдээ “...2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр уулзсан...” гэсэн.

Хэрэгт гэрч Г.Наранзана “...2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12 цагт гар утсыг Бекээс авсан...”, гэрч М.Чулуунбаатар, Э.Ууганбаатар нар “...2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 15.000 төгрөгөөр худалдан авсан...” талаар тус тус мэдүүлсэн ба амь хохирогч Ч.Мын гар утсыг 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Т.Бэхбат худалдан авч Г.Наранзанад өгсөн, Г.Наранзана 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М.Чулуунбаатар, Э.Ууганбаатар нарт худалдан борлуулсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан 2012 оны 02 дугаар сарын 14-15-ны шилжих шөнөөс хойш амь хохирогчийн гар утсыг худалдан борлуулсан болох нь хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж байна.

2. Т.Бэхбат нь 2012 оны 02 дугаар сарын 14-өөс 15-ны шилжих шөнө хаана байсныг шалгаж тогтоогоогүй гэх боловч хавтаст хэргийн 153 дугаар хуудсанд гэрч Т.Баасанжаваас 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “...Монтел дээр гар утас авч зардаг ажилтай, ямар нэгэн лангуу байхгүй зүгээр л хүмүүсээс хямдхан гар утас худалдаж аваад буцааж зардаг. Гар утасны ченж хийгээд 4-5 жил болж байна. Т.Бэхбат энэ эхнэртэйгээ манайд амьдарч байгаад, хүүхэд нь төрөөд манайд бас амьдарч байгаад сая энэ хэрэгт баригдахын 4 хоногийн өмнө байх тусдаа гарсан..." гэж мэдүүлсэн.

Үүнээс дүгнэхэд Т.Бэхбат нь хэрэг гарах үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжны 904 тоотод хэрэг гарах цаг хугацаанд төрсөн ах Т.Баасанжавын гэрт амьдарч, “Монтел” худалдааны төв орчмоор гар утас худалдан авч борлуулдаг байсан болох нь тогтоогдсон бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 14-өөс 15-ны шилжих шөнө хаана хэнтэй байсныг 2021 онд тогтоох боломжгүй юм.

Хяналтын шатны шүүхээс “...гэрчүүдийн хожим өгсөн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх нүүр тулж шалгаж үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг энэ хуралдаанаар залруулах боломжгүй...” гэж дүгнэсэн тул анхан шатны шүүх гэрч нарыг оролцуулан мэдүүлэг авч шийдвэрлэх боломжтой байсан.

“Ч.Мын амь насыг хохироосон гэх хэргийг сэжигтэн Г.Б, Т.Бэхбат нар үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна" хэмээн мөрдөн байцаагчаас 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналуудыг прокурорт хүргүүлсний дагуу тухайн саналуудыг прокуророос хүлээн авч сэжигтэн Т.Бэхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

“Ч.М нас барсан хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдохгүй байна” гэж 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд сэжигтэн Г.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй гэж үзэн саналыг шийдвэрлээгүй байна. Мөрдөн байцаагчийн саналыг заавал шийдвэрлэх талаар хуульд зохицуулаагүй байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтад үндэслэн яллагдагч Г.Бг “Ч.Мыг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд “мөрдөн байцаагчийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн саналыг шийдвэрлэсэн” эсэх асуудал нь хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байхад энэ асуудлыг тодруулахаар буцааж буй нь үндэслэлгүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШТ/137 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг дахин хийлгүүлэх хүсэлттэй байна. Прокурор Т.Бэхбатыг 2012 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баасанжав ахындаа байсан гэдэг. Баасанжав 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ 5 дугаар сард болсон үйл явдлаа ярьдаг бөгөөд “манай дүү хоригдохоос өмнө манайд байсан” гэдэг. Гэтэл Т.Бэхбат 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хоригдсон байхад прокурор 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдөр болгож яриад байгааг нягталж өгнө үү. Т.Бэхбат “2012 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө гэртээ очиж эхнэртэйгээ тэмдэглэсэн”, “хаана очиж хоносноо мэдэхгүй” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Ийм байхад намайг гүжирдэж, гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Мөн Т.Бэхбат, Нямзаяа нарыг шалгуулах хүсэлтэй байгаа талаараа мөрдөгчид хэлэхээр “прокурорт хэл” гээд байдаг. Би энэ хэрэгт 2 жил 4 сар хоригдож байна. Хорих хугацаа дууссан байхад цаашид ийм байдалтай үргэлжлүүлэн байх юм уу. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн тогтоолд тусгагдсан асуудлаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэгдэлгүй явсаар өдийг хүрсэн. Гэрч Нямзаяагийн мэдүүлэг байнга өөрчлөгддөг ч сүүлд дарамтаас гарч 7 жилийн дараа өгсөн мэдүүлэг нь үнэн зөв гэдэг. Гэхдээ 2012 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө уулзахдаа харсан утасны үнэ, 2 симтэй байсан, утасны код зэргийн талаар тодорхой ярьж мэдүүлдэг. Тухайн утсыг анх авсан Т.Бэхбат сүүлд мэдүүлэг өгөхдөө “урьд нь би худал мэдүүлэг өгсөн, яг санаж байгаа нь валентины дараах өдөр буюу 2 дугаар сарын 15-ны өдөр байсан” гэж мэдүүлсэн 2 дугаар хавтаст хэргйн 20 дахь талд авагдсан байдаг. Үүнээс Нямзаяа, Бэхбат нарын мэдүүлгийн аль нь үнэн болохыг тогтоогооогүй. Наранзун гэх хүн хэзээ авсан гэдэг үйл баримтаар Нямзаяагийн мэдүүлгийг үнэн гэж прокурор дүгнэдэг. Гэтэл Наранзун гэх хүн утас худалдсанаа л мэдүүлдэг болохоос анх хохирогчийн утсыг худалдаж Т.Бэхбат “үнэн зөв мэдүүлж байна гээд 2 дугаар сарын 15-нд авсан” гэдэг. Мөн тухайн үед Эрүүгийн байцаан шийтгэх хууль үйлчилж байх үед 193 дугаар зүйлийн 193.1.14-т “хэрэгсэхгүй болгох талаар мөрдөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх ёстой” гээд прокурорын хяналтыг тодорхой тайлбарласан байдаг. Энэ асуудлаар Г.Б удаа дараа мэдүүлэг өгч “прокурор, мөрдөгч чиний холбогдолгүй болохыг тогтоож хэргийг нь хаасан, хэрэгсэхгүй болгосон” гэдэг. Гэтэл Г.Бтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ёстой хуулийн заалт нь хэрхэн, яаж шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт байдаггүй. Магадгүй Г.Бгийн “нийтийн байранд хамт байсан Отгоо билүү Оогий гэх найз, нийтийн байрны эзэн тухайн өдөр валентин тэмдэглэж хоноход дуу чимээ гаргаад байсан” гэж ярьсан нь тогтоогдоогүй хийгээд малгай алга болсон, хутга үнэн зөв, байсан эсэх нь мэдэгддэггүй зэрэг олон эргэлзээтэй зүйл байхад прокурор олон жил өнгөрсөн гэх шалтгаанаар шалгаагүй өнгөрүүлсэн. Түүнчлэн Нямзаяагийн мэдүүлгийг шалгаагүй үндэслэлээр бид удаа дараа хүсэлт гаргасан. Тухайн үед Нямзаяа “салаад Улаанбаатар зочид буудал руу очиж биеэ үнэлсэн, тэндээс гараад Шилэн дэлгүүр буюу 100 айлаас цааш явж буудалд орж хоносон, тэндээс Цэнгэл гэх хүн дээр очиж уулзсан” гэж мэдүүлдэг. Эндээс үзэхэд хайр дурлалын болооод хардалтын асуудал байсан болох нь харагддаг. Амь хохирогчоос Нямзаяад хандан “биеэ битгий үнэл” гэдэг бол Нямзаяа “тухайн үед би Цэнгэлтэй эр, эмийн харилцаатай байсан, Цэнгэлийнд орж хоносон” гэдэг. Прокуророос Цэнгэл гэх хүнийг хайгаад олоогүй гэж байгаа боловч түүнийг хайх ямар ч ажиллагаа хийгээгүй. Цэнгэлийн оршин суух хаяг Михалай гэх хүний гэрээс 3 гудамжны зайтай, Т.Бэхбатын амьдарч байсан Сүхбаатар дүүргийн Миний захын хажууд байрлах гэр нь мөн адил тэдэнтэй ойрхон байсан. Цэнгэл гэх хүн нь автобус баазад ажилладаг, Нямзаяа гэрийн хаягийг нь тодорхой мэдүүлдэг байхад түүнийг олоогүй, хүсэлт гаргаад байхад шийдвэрлээгүй тул түүнийг олуулах хүсэлтэй байна. Нямзаяа Улаанбаатар зочид буудал руу явсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоор байхад одоо энэ талаар дахин шалгах бүрэн боломжтой гэж үзэж байна. Сувдаагийн дэвтэр, мэдүүлгийг үнэлж Г.Бн буруутгадаг. Гэхдээ түүний дэвтэрт үзлэг хийхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж хийсэн. Учир нь, эзэмшигчийг оролцуулалгүй үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч байлцуулаагүй. Гэрч байхгүй бол дуу, дүрсний бичлэг хийх ёстой. Гэтэл хаана байгаа нь мэдэгдэхгүй хэдэн зураг дарж баталгуулж яллах дүгнэлт үйлдсэн нь тухайн хүн амьны хэргийг Г.Б үйлдсэн гэдгийг бүрэн нотолж чадаагүй, шүүх уг баримтад үндэслэж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Энэ бүгд асуудлаар өмгөөлөгч гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хүлээж авч, ажиллагаа хийлгэхээр болсон ч энэ талаарх ажиллагаа хийгдээгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн хяналтын шатны шүүхийн Г.Бд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий байна, шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг хийх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн Г.Бд холбогдох “...2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 29 дүгээр гудамжны 264 тоотын орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ч.Мын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж такси үйлчилгээнд явж байсан 13-25 УБЛ улсын дугаартай “Соната-2” маркийн тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг, товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх аюултай үйлдлийн улмаас амь хохирогч Ч.М нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан...” хэргийн яллах нотлох баримт болох гэрчүүдийг мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж, эх сурвалжийг нь эргэлзээгүй болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэнг нотлоход ач холбогдолтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. ...” гэж заасан.

2012 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Г-2970 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлт “... цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушигны дээд дэлбэн, дээ хөндий венийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, ...хүзүүний 2 талын болон цагаан мөгөөрсөн хоолойн хатгагдаж зүсэгдсэн шарх...”./1хх 79-80/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 601 дугаартай задлан шинжилгээгээр тогтоогдсон “...хүзүүний баруун хэсгийн ховч бамбайн булчин, бамбайн мембран гэмтээсэн, зүүн хэсгийн улаан хоолойн дээд хэсгийн гадна хальсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх...” /1хх 82-89/, их эмч Ш.Батсайханы “...хүзүүндээ баруун, зүүн талдаа тус бүр 2 удаа хутгалуулсан шархнуудтай, амьсгалах тоолонгоор хий гарна...” /1 хх 21-22/ гэсэн гэмтэл бүхий Ч.М нь үг ярих, үг хэлэх боломжтой эсэхийг шалгаж тогтоох нь хэрэгт чухал ач холбогдолтой.

Учир нь:

гэрч Б.Михлай “...Би тэр залуугийн дэргэд очоод юу болсон талаар асуутал “хүнд дээрэмдүүлээд, хутгалуулчихлаа” гэж хэлэхээр нь гэртээ ороод утсаар цагдаа дуудсан. ...цагдаагийн ажилтан “дээрэмдсэн хүнээ таних уу” гэхэд “үгүй” гэж хэлж байсан...” /10 хх 40-42/, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгал  “...амь хохирогч 4 хоног сэхээнд байж байгаад сэргэсэн гэж манай дүү тэгсэн. Гэхдээ яриа сонсогдож, мэдрэгдээгүй, шуугисан байсан. ...” /7 хх 15/, “...миний дүү Урангоо хажууд нь байсан. ...манай ах ухаан ороод “...Нямзаяа хаана байна, Нямзаяаг дууд, би бүгдийг нь ална...” гэдэг зүйлийг хэлсэн гэж манай дүү надад хэлсэн...” /7хх 203, 10 хх 14/,

гэрч Ч.Урангоо “...Талийгаач ухаан ормогцоо тод хэлсэн үг нь “...Заяаг олоод ир. Тэднийг олоод ир, бүгдийг нь танина гэж хэлсэн. ...тухайн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч Дамдинжав нь манай ахыг ухаан орсны маргааш нь ирж уулзсан. Намайг гадаа гараад байж бай гэсэн болохоор юуны талаар ярьсанг нь мэдэхгүй байна. Ямарч байсан 5 минутын бичлэг хийсэн, яриа нь сайн сонсогдохгүй байсан. ...” /7 хх 220/,

гэрч Г.Дамдинжав “...Мөнхбаатар гэгчээс мэдүүлэг авах гэхэд хоолойндоо шархтай, ярьж байгаа зүйлс нь хожигносон ойлгомжгүй ярьж байсан.  ...үг яриа нь ойлгомжгй байсан. Ер нь хохирогчийн рлёр нүд л хөдөлж байсан, өөрөө яриад байгаа боловч юу ярьж байгаа нь ойлгомжгүй байсан юм. ...Тухайн үед ярьж чадахгүй байна гэдгийг эмчлэгч эмч нь хэлж байсан ба хоолойны хөвч нь гэмтсэн гэж байсан. ...”/7хх 213/ гэж мэдүүлжээ.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 682 дугаартай тогтоолд заасан гэрч М.Нямзаяагийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж тодруулах ажиллагаа нь хэрэгт чухал ач холбогдолтой. М.Нямзаяагийн “...Цэнгэл гэгчийнд байсан, тэднийхээс гараагүй байж байхад Чука /Чулуунцэцэг гэгчийн ярихад зааж өгснөөр Цэнгэлийнхээс 2 цагдаатай ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...” /1 хх 66, 7хх 215/ гэсэн /автобус баазад ажил бүхий, тодорхой хаяг бүхий газар оршин сууж байсан Цэнгэл гэх ,утсаар ярьдаг Чука гэгч эмэгтэйт/ гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг нотолж, бодит байдлыг тогтоох нь ач холбогдолтой байна.    

Иймд давж заалдах шатны шүүх прокурор Н.Булганчимэгийн “шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх...” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоолгохоор хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШТ/137 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Булганчимэгийн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 39 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ