Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 682

 

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, А.Энхтүвшин, Г.Ганцэцэг нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 663 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1205 дугаар магадлалтай, Г.Б-д холбогдох 201201040254 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, урьд Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоног хорих ял шийтгүүлсэн,

Төв аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 7 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил хорих ял шийтгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Д овогт Г-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-г онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан,

мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан,

мөн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б-г 16 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-г 3 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б-г 1 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 20 жил хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-гээс нийт 11,611,393 төгрөгийг гаргуулж, хохирогчйн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-д 7,516,910 төгрөгийг, хохирогч З.О-д 2,861,483 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Х-д 80,000 төгрөгийг, хохирогч Н.Б-т 500,000 төгрөгийг, хохирогч С.Т-д 650,000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Д овогт Г-ын Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д заасан онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн,...” гэснийг “...Шүүгдэгч Д овогт Г-ын Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн,...” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл миний бие өөрт ямар ч хамааралгүй, огт мэдэхгүй хүн амьны хэрэгт хилсээр хоригдож байна. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд одоог хүртэл эрх чөлөөтэй, ял завшиж байгаад маш их гомдолтой байна. Эрүүгийн процессын хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т заасныг хэтэрхий өрөөсгөл байдлаар шууд дүгнэлт өгч бүхэл бүтэн хүн амьны хэрэгт хэтэрхий хайнга хандацгаан энэ хэргийг хэргийг эцэст нь тултал шалгалгүйгээр гэм буруугүй хүнд уг хэргийг тулган эрх зүйн байдлыг маань маш ихээр дордууллаа. Мөн процессын хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасныг орхигдуулан нотлох баримтуудыг эцэст нь хүртэл судлаагүй. Ямар ч эзэнгүй хурууны хээ байдаг. Прокурор нь хэргийн чухал нотлох баримт болох хурууны хээний эзэнг тогтоолгүйгээр намайг хийсэн байж магадгүй гэсэн дүгнэлтээр ялласан. О.Б, н.Б нар гэнэт яагаад 7 жилийн дараа мэдүүлгээсээ буцсан, өмнө нь таниагүй хүнээ 7 жилийн дараа эргэлзээгүй таних болсон нь маш их эргэлзээтэй. Энэ хэрэгт 2012-2019 он хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явагдсан боловч О.Б, н.Б нарын мэдүүлгийг өөрчлүүлж намайг буруутайд тооцуулсан. Анхан шатны шүүх хуралдаанаар О.Б, н.Б нарыг суулгах хүсэлтэй байна. Миний хувийн байдал муу, муухай байхыг үгүйсгэхгүй. Гэвч энэхүү байдлыг маань үндэслэн хилс хэргээр ялласанд гомдолтой байх тул намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтууд нь эргэлзээтэй, зөрүүтэй, эд мөрийн баримт алга болсон, солигдсон асуудлууд бий бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн. Гэрч Б2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ Г.Б-тэй 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн уулзсан талаар дурдсан нь хэрэгт авагдсан. Мөн Г.Б, Б нарын хамт хоносон нийтийн байранд хоносон тухай мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр явуулж, тэмдэглэл үйлдсэн. Дээрх нөхцөл байдлыг тодруулсан гэрч нарын мэдүүлэг хавтаст хэргээс алга болсон. н.Б 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зарагдсан утсыг мөн оны 02 дугаар сарын 16-17-нд харсан гэдэг нь эргэлзээтэй бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Мөн гэрч н.С 2012 онд өгсөн мэдүүлгээ өөрчил тэмдэглэлийн дэвтэр гэх зүйлийг гаргасан нь ихээхэн эргэлзээ төрүүлдэг. Эдгээр гэрч нарыг оролцуулснаар дүгнэлтэд нөлөөлж болохуйц чухал мэдүүлгүүдийг өгөх байсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Миний хувьд хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулж гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт байхгүй, нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг илт зөрүүтэй. Мөн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, дүгнэлтэд нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анзаараагүй. Хэрэг үйлдсэн зэвсэг маш эргэлзээтэй буюу гурван удаагийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг зэрэг нь хоорондоо зөрүүтэй. Прокурорын зүгээс нотлох баримтууд солигдсон эсэхийг шалгаагүй. Мөн хутгыг танисан гэрч Н-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хэрэг гарсан газар, цаг хугацааг хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Мөн хамгийн сүүлд уулзсан хүний тухай өдрийн маршрутыг зайлшгүй тогтоох шаардлагатай байсан. Хэрэгт эргэлзээтэй баримтууд байхад нотлогдсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өмгөөлөгч нарын зүгээс зайлшгүй оролцуулах шаардлагатай гэрчүүдийг нэрсийг дурдаж хүсэлт гаргасан боловч хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Мөн гэрч н.Н-ийн өгсөн мэдүүлэг хэргээс алга болсон, сэжигтэй байж болзошгүй хүмүүсийг шалгаагүй зэрэг нөхцөл байдлууд бий. Гэрч Б 7 жилийн өмнө мэдүүлэг өгөхдөө дарамтлуулж байсан гэх үндэслэлгүй буюу дарамтад байсан бол хорих ангид очиж 72 цагийн уулзалт хийх боломжгүй. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлалд эргэлзээ бүхий дүгнэлтүүд бий. Г.Б хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан шаардлага хангасан эсэхэд маш их эргэлзээ төрсөн. 2012 өгсөн гэрчүүдийн мэдүүлэг 2019 онд өөрчлөгдсөн, зөрүүтэй болсон нөхцөл байдлыг анхаарах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлохыг шаардах бөгөөд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх эсэх нь эргэлзээ бүхий байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсвэл прокурорт өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлан үзэхэд гэрч н.Г 7 жилийн дараа шүүгдэгчийг танисан үйл баримт тогтоогдсон. Шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтын хэмжээнд зөв тогтоосон байна. Мөн гэрч Б-аас 2019 онд мэдүүлэг авахад 2012 онд ямар учраас зөрүүтэй мэдүүлэг өгсөн нөхцөл байдлыг тайлбарласан. Сүхбаатарын дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. 2012 онд 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан тус гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт агуулгын хувьд зөрүүгүй тусгагдсан. Тийм учраас давж заалдах шатны шүүх хүндрүүлэх шинжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нотлогдсон гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос Г.Б-д холбогдуулан хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алах, бүлэглэн бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах, мөн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргүүдэд яллаж анхан болон давж заалдах шатны шүүхүүд түүнийг эдгээр гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн байх боловч 2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, **** тоотын орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ж.М-ын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж, такси үйлчилгээнд явж байсан **** УБЛ дугаартай “Соната-2” загварын тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх аюултай үйлдлийн улмаас амь хохирогч Ж.М нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан гэмт хэргийг Г.Б үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэх боломжгүй байна.

Хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.

          Энэхүү зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

Шүүгдэгч Г.Б-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан гэмт хэргийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт хангагдаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтын хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц байдал, гэм бурууг тогтооход хангалттай байх шаардлагад дүгнэлт өгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Г.Б-гийн Ж.М-н амь насыг хохироосон гэх үйлдлийг гэрч Б.М, Р.Г, Т.Б, О.Б, Д.С, М.Н нарын мэдүүлгээр тогтоосон гэсэн боловч эдгээр гэрч нарын 2012 онд өгсөн мэдүүлгүүдээр Г.Б-г уг хэрэгт холбогдолгүй гэж прокурор үзэж байсан атал 2019 онд гэрч нарын дахин өгсөн мэдүүлгүүд Г.Б-г энэ гэмт хэрэгт буруутгах нотлох баримт болсныг харгалзан шүүх гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлгийн зөрүүг арилган байцааж зөрүүтэй мэдүүлэг өгөх болсон шалтгаан нөхцөлийг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Гэрчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах зайлшгүй шаардлага бий болсон байхад энэ талаар талуудын гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй байна. 

Тухайлбал, гэрч Т.Б нь 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр анх өгсөн мэдүүлэгтээ /1хх-ийн 162 хуудас/ “...намайг уг гар утас авсан болохыг гэрчлэх хүн байхгүй, би ганцаараа зогсож байгаад хүнээс авсан. Эрэгтэй эмэгтэй ямар хүнээс авснаа санахгүй байна” гэж,

гэрч О.Б нь анх 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ /1хх-ийн 71-72 хуудас/ “...2012 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед Г.Б ээжийн утас руу залгаад гараад ир гээд түүнтэй хамт Налайх явсан” гэж,

мөн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /1хх-ийн 106 хуудас/ “...2012 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад ээжийн 91***** гэсэн дураар руу 99**-тай дугаараас залгаад гараад ир гэж хэлсэн”, “...Г.Б-гийн хамт суутал шар хадны тэнд байдаг *** дугаар сангийн тэнд очоод нэг дотуур байранд орж, би энд байр хөлсөлж байгаа хааяа ирж хонодог гэж хэлсэн. Тэгээд байранд орсны дараа Г.Б-гийн хамт буцаж гараад гудамжны үзүүрт байдаг хүнсний дэлгүүрт ороод уут боов, ундаа, ширхэгийн тамхи авч буцаад тэр байранд ороод буцаж гараагүй тэндээ хоноод өглөө 14 цаг өнгөрч байхад цуг гараад...”, “...тэгээд Г.Б-г баригдсаныг мэдээд би одоо үнэн зөв мэдүүлж байна” гэж,

гэрч Д.С нь 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ /1хх-ийн 206 хуудас/  “...2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байх Валентины өдөр гэж байсан. Гэртээ орой 18 цагийн үед хүүхдүүдийн хамт хоолоо хийж байхад миний утас руу танихгүй дугаараас дуудлага орж ирээд авахад Б-тай ярья гэж эрэгтэй хүний дуу гарахаар нь Б-д утсаа өгч яриулсан.”, “...гадуур хувцсаа өмсөөд хүнтэй хамт юманд яваад ирье удахгүй гээд гарсан. Тэр шөнөдөө ирээгүй”, “...тэгээд хаашаа явсан юм бэ гэхэд Сансрын хойшоо байшин хөлсөлж байсан. Тэнд очсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би лавлаж асуугаагүй” гэж тус тус мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Дээрх мэдүүлгүүдийг нягтлан үзэхэд гэрч О.Б нь шүүгдэгчийн дарамт шахалтад орсон тул өмнө худал мэдүүлсэн талаар дурдсан байх боловч бусад нэр бүхий гэрч нар нь анх өгсөн мэдүүлэгтээ хэрэг учрал болсон гэх үеийн нөхцөл байдлуудыг дурдаагүй атлаа 2019 онд дахин мэдүүлэг өгөхдөө 7 жилийн өмнөх үйл явдлыг нарийвчлан санаж өмнө өгсөн мэдүүлгүүдээ тодорхой цаг хугацааны дараа эрс үгүйсгэсэн мэдүүлгийг өгсөн байх тул эдгээр гэрч нарын мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд урьдаас хөдөлбөргүй үнэн тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Хэдийгээр хувь хүний нас, оюун ухаан, сэтгэц, санах ой тогтоолт зэргээс шалтгаалан урьд өмнө болж өнгөрсөн үйл явдлыг хэсэг хугацааны дараа нэг бүрчлэн эргэн санахыг үгүйсгэхгүй боловч Г.Б-гийн эсрэг ашиг сонирхолтой байж болзошгүй энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан зарим гэрч болон цагдан хоригдож байсан нэр бүхий гэрчүүдийн хожим өгсөн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх нүүр тулж шалгаж үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг энэ хуралдаанаар залруулах боломжгүй байна.

Түүнчлэн, хохирогчийн төрөл садангийн хүн гэрч н.У-ийн цагдаад өгсөн гомдолд дурдсан амь хохирогч Ж.М-ын нас барахаас өмнө мөрдөгчид өгсөн гэх 5 минутын бичлэг, мөн 2012 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө гэрч О.Б нь шүүгдэгч Г.Б-тэй хамт хоносон талаар мэдүүлсэн гэх гэрч н.О-ын мэдүүлэг болон хэргийн эд мөрийн баримт болох хохирогчийн гар утас зэрэг нотлох баримтууд хэрэгт анхнаасаа авагдаагүй, эсхүл хэргээс гээгдсэн алин нь эргэлзээтэй, гар утсыг борлуулж алга хийсэн гэх өдрийн дараа шүүгдэгчид байхыг О.Б харсан гэсний зөрүүг гаргаагүй, гэрч М.Н, С.Б нар хэрэг учрал болсон өдөр хаана байсан болохыг тодруулаагүй, тухайн өдөр гэрч Д.С-н 91***** дугаар утас руу шүүгдэгч болон О.Б нар залгасан эсэхээр огноо, өдрийг тогтоох ажиллагаа хийгээгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 663 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1205 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                               Б.АМАРБАЯСГАЛАН

                 Б.БАТЦЭРЭН                                                               

                 Ч.ХОСБАЯР

                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН