Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2064

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02715 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Д.О- миний бие 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шатны шүүхийн 101/ШШ2019/04058 шийдвэрийг хүлээн зөвшөөрч төлбөрт эзэмшлийн Ү-2204029120 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/  Токио гудамж 8 байрны 301тоот байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг өгөх болсон боловч өнөөдрийг хүртэл Голомт банк хүлээн аваагүй билээ. Мөн Голомт банк НШШГГ-т гүйцэтгэх ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан. Мөн Голомт банк НШШГГ-т гүйцэтгэх ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудах бүрд очиж уулзан бичгээр болон амаар тайлбар өгч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн өөрийн эзэмшлийн 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг төлбөрт тооцуулан өгөхөд бэлэн чөлөөлсөн байгаагаа мэдэгдэж байсан. Гэтэг НШШГГ- 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ахлах байцаагч Д- Шинжээч томилох тухай тогтоол гаргасан байна. Тус тогтоолын дагуу миний бие ахлах байцаагч Д- болон Ц- нартай уулзаж үнэлгээ хийлгэхгүй шүүхэд гомдол гаргана, үнэлгээ хийлгэх бол эхлээд өөрсдөө үнэлгээ хийлгэхээр тохирсон, энэ талаараа Голомт банкны ажилтан Баттүвшинтэй утсаар ярьж тайлбарлаж хэлээд ойлголцсон гэж бодоод хөдөө явсан. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байцаагч Ц- утастаж байрны үнэлгээ хийгдсэн удахгүй дуудлага худалдаанд орно гэж ирж уулз гэсний дагуу уулзахад 2019 оны 4 дүгээр сарын 25-нд ахлах дэслэгч Д- байцаагч миний байранд үнэлгээ тогтоосон мэдэгдлийг Мөнх-Оргил трейд ХХК-ийн 439,000,000 төгрөгөөр үнэлсэн нэг хуудас албан бичгийг хамт өгсөн. Үнэлгээ хийлгэхдээ мэдэгдлийг урьдчилан мэдэгдээгүй, мэдэгдлийг үнэлгээ хийлгэсний дараа НШШГГ-т миний бие өөрөө ирж авсан. Мөн үнэлгээ хийхдээ газар дээрх үнэлгээ хэмжилт хийгдээгүй миний байрны дотор огт ороогүй, үнэлгээ хийсэн байна.Үнэлгээнд хуурамч зураг хавсаргасан.Энэ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилсон тогтоолдоо Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг хэнд танилцуулсан нь тодорхойгүй мөн худалд дүгнэлт гаргасан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д-, гүйцэтгэгч Ц- нар ажил үүрэгтэй хайнга хуумгай хандаж шинжээч томилох тогтоолдоо дээрх эрх үүрэг хариуцлагыг хэн гэдэг шинжээчид танилцуулсан, сануулсан талаар бичиж тэмдэглээгүй Мөнх-Оргил трейд ХХК эд хөрөнгө үнэлэхдээ миний орон сууцанд нэвтэрч үзээгүй бодит байдалтай тавилцаагүйгээр үнэлгээ хийсэн байна. Шинжээч хөрөнгө үнэлэх явцдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт заасны дагуу Хөрөнгийн үнэлгээ хийдээ шаардлагатай үнэн зөв баримт мэдээллээр хангахыг үйлчлэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй шинжээч томилсон эрх бүхий этгээдээс үнэлж буй үл хөдлөх хөрөнгийг шинж чанарын бүрэн тодорхойлоогүйгээс төлбөр төлөгч миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/00944 дүгээр тогтоолоор Д.О 605 688 200 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 301 тоотод орших 208.м.кв  талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжилж,хураасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу зах зээлийн үнэлгээг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх тухай 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/28 дугаар хариу мэдэгдэх хуудсыг мөн өдөр баталгааг шуудангаар хүргүүлжээ. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй төлбөртөө тооцон барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгч байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/249 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Төлбөр авагч Голомт банкны 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09/762 тоот албан бичгийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар тогтоолоор Мөнх-Оргил ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. Төлбөр төлөгч Д.О-т энэ талаар танилцуулж, тогтоолын хуулбарыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч Д.О- хөндлөнгийн шинжээчийг түр хойшлуулах тухай хүсэлтийг гаргасныг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4/278 дугаар хариу мэдэгдэх хуудсаар  хүлээн авах боломжгүй тухай хариуг хүргүүлсэн. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 439 800 000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/10190 дүгээр албан бичгээр мэдэгджээ. Үнэлгээтэй холбогдуулан гаргасан төлбөр төлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4/34 дүгээр тогтоолоор хариуг өгсөн. Улмаар 6 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр заруулсан байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг ирүүлсэн байна.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 00944 дүгээр тогтоолоор Д.О-ээс 602 517 688.05 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3 170 538.44 төгрөгийг тус тус гаргуулж “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02715 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлд заасан дагуу гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх шийдвэрээ бичгээр үйлдэж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.2-т заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тухайд:

Анхан шатны шүүхийн бичгээр үйлдэгдсэн шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчсөн буюу гомдол гаргах хугацаа өнгөрсөн байхад шүүхэд гомдол гаргасан гэсэн байх бөгөөд шүүх хуралдаан явагдаж талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж дүгнээд шүүгч шийдвэрээ амаар танилцуулахдаа бичгээр гаргасан шийдвэртээ дурдсан энэ үндэслэлээр биш, үүнээс огт өөр үндэслэлүүдийг дурьдаж, эдгээр байдлаар үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т "шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтзй болно " гэсэн заалтыг зөрчсөн.

Өөрөөр хэлвэл Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаар тогтоолд "энэ зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр хүчинтэй болно. Шийдвэр хүчинтэй болсноор анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ өөрчлөх, уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэр гаргах, шийдвэрлээгүй ... эрхгүй. Хүчинтэй болсон шийдвэрийг уншиж танилцуулсан агуулгаар нь бичгийн хэлбэрт оруулж, зохигчдод хүргүүлнэ" гэж тайлбарласан байх тул үүгээрээ шүүх хуулийн дээрх заалтыг зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслгүй байх тул хүчингүй болгож өгнө үү. /Шүүх хуралдааны бичлэгийг хавсаргав/

Хоёр. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, "Хөрөнгийн үнэлгээний тухай хууль" болон "Шүүхийн шинжилгээний тухай хууль" зөрчиж. бодитой бус, хуурамч баримтаар хавсаргаж, үнэлгээ хийх хэргийн обьекттой бүрэн танилцаагүйгээр хийсвэрээр үнэлсэн болох тухайд:

Шүүх шийдвэрлэсэн гол асуудал болох нэхэмжлэлийн шаардлага, маргааны үндэслэл нь "Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, бодитой биш хийгдсэн тул уг үнэлгээ, дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай" бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд бодитой хандаагүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримт, мэтгэлцээнийг анхаарч үнэлж дүгнээгүйгүйгээр зөвхөн нэг талаас нь өөрийн үнэлэмжээр хэргийг шийдвэрлэсэн нь тухайн хэргийг тал бүрээс нь бодитой, үнэн зөв эргэлзээгүйгээр үнэлж дүгнэх энэ үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, үүнээс хамаарч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй болно.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ зааж, 1-6-д тусган өгсөн үнэлэлт, дүгнэлтдээ: "... шийдвэр, магадлал, тогтоолоор ... шийдвэрлэжээ, ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ, ... битүүмжлэхдээ гэрч байлцуулаагүй хууль зөрчсөн гэж маргасан хууль зөрчөөгүй байна, ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.4-д ... ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргана гэж зааснаар ... гомдол гаргаагүй, баримтаар нотлоогүй" гэж, "... үнийн санал ирүүлэхийг мэдэгдэн шаарджээ, ... төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй ... төлбөр төлөгчөөс шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна" гэж, "шинжээчид эрх үүргийг тайлбарлан ... үнэлгээний тайлан ирүүлжээ, ... харьцуулалтын аргаар шинжилж үнэлгээг гаргасан байна" гэж тус тус үнэлж дүгнэсэн нь маргаж буй зүйлийн хувьд шүүх бодитой үнэлж дүгнээгүй болно. 2.1 нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болох Шинжээчийн үнэлгээ хууль зөрчсөн мөн бодитой биш хийгдсэн болох нь:

Шинжээч   томилсон   тогтоолдоо   "Шүүхийн  шинжилгээний  тухай хууль"  болон "Хөрөнгийн үнэлгээний тухай хууль"-ийн 13,  14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийг танилцуулж, дүгнэлт гаргахыг даалгасугай" гэсэн байдаг боловч хэнд танилцуулсан нь тодорхойгүй, улмаар томилогдсон шинжээч нь Тогтоолд ийнхүү хууль сануулсаар байхад эдгээр хуулийн зүйл заалтуудаа зөрчиж, Төлбөр авагч нэг талаас хараат байдлаар буюу “Голомт банк” ХХК нь зээл олгох үедээ иргэн Д.О-ийн гэрт ирж, тухайн үеийн тавилгатай орон сууцны доторх фото зураг авсан байсныг тухайн банкнаас авч, энэхүү Дүгнэлтдээ хавсаргаж ирүүлсэн байгаа нь уг үнэлгээ банкнаас хамаарсан, хараат байдлаар хийгдсэн, ийм хуурамч баримт бүрдүүлсэн нь нотлогдох тул,  мөн үнэлгээ хийх тухай обьектийн дотор нь Шинжээч орж үзээгүй, иймээс үнэлгээ нь нэгэнт тухайн үнэлгзэ хийгдэх обьектынхоо дотор нь орж танилцаагүйгээс бүрэн, бодитой хийгдээгүй. Улмаар тухайн  орон  сууц  байрлах   барилга   нь  орон сууцны зориулалттай давхрууд бол үйлчилгээний зориулалттай давхрууд гэсэн ийм 2 өөр хэсгээс бүрдэх бөгөөд үнэлэгдэх энэ орон сууц нь Үйлчилгээний зориулалттай , давхруудад байрладаг тул үнэ цэнэ нь өндөр болохыг Шинжээч мэдээгүй, огт үнэлж дүгнээгүй энэ талаар тодорхойлж, ялгаж салган үнэлгээндээ тусган заагаагүй ззргээрээ хийсвэр байдлаар буюу тэр орчимд, ойролцоо байж болох жирийн орон сууцны жишиг харьцуулалтыг хийж үнэлж Дүтнэлт гаргасан байх тул хууль зөрчсөн бөгөөд уг дүгнэлт үнэлгээ нь бодитой бус үндэслэлгүй болсон болно.

Дүгнэлтдээ /хх-23 болон 97/ хавсаргасан фото зургууд нь харин хх 164-172 дахь талд нэхэмжлэгч өгсөн, тухайн хөрөнгийн үнэ цэнийг илэрхийлэхэд ач холбогдолтой нотлох баримт фото зургууд

Гурав. Шүүхийн шийдвэрийн Тогтоол хэсэгтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар    ... үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй бопгосугай гэсэн нь үндэслэлгүй болох тухайд:

Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-10-д тусган зааж, өгсөн үнэлэлт, дүгнэлтдээ:  ... утсаар ярьсан тэмдэглэлээс дүгнэлтийг мэдэгдсэн гэж үзнэ" гэж, "... мэдэгдлүүдийг аваагүй , мэдээгүй гэж маргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар оршин суугаа хаяг; өөрчилсөн бол мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, энэ талаар нотлоогүй " гэж, " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйяийн 55.7-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар    ... мэдэгдсэн өдөр болох 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр. НШШГГ- Д.О- биечлэн 5 дугаар сарын 09-ний өдөр очсон өдрөөр тооцоход ... шүүхэд гомдол гаргах хугацаа нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болжээ"  гэж тус тус үнэлж дүгнэсэн байдаг.

3.1. Шүүхийн энэхүү үнэлэлт дүгнэлт үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэгчээс удаа дараа Тэмдэглэл үйлдсэн, түүнийг шүүх үнэлж дүгнэсэн бөгөөд түүний үйлдэж байсан Тэмдэглэл нь нэг талын буюу зөвхөн түүний өөрөө зохиож, өөрөө хугацааг нь бичиж үйлдсэн баримт нь хариуцагч нэг талын баримт тул үндэслэл бүхий хангалттай нотлох баримт болж чадахгүй ба нөгөө талаар Шийдвэр гүйцэтгэгчтэй биечлэн уулзсан үйл баримт нь 2019 оны 5 дугаар сарын 10-нд буюу " өнөөдөр энэ 7 хоногийн сүүлчийн өдөр тул ирэх 7 хоногт дуудлага худапдаанд оруулна" гэж утсаар ярьж уулзсан, үнэлгээ тогтоосон тухай ийнхүү гардуулж өгсөн байдаг бөгөөд эндээс хугацаа тоолж дараа 7 хоногийн 5 дахь өдөр нь шүүхэд гомдлоо өгсөн, шүүх хүлээн авч иргэний хэрэг үүссэн болно. Үүнийгээ нэхэмжлэлдээ тодорхой дурдаж, тусгаж гаргасан, хариуцагч тал үүнд холбогдуулан шүүхэд гаргаж буй тайлбараараа, шүүх хуралдаанд мэтгэлцээнээрээ маргадаггүй бөгөөд Төлбөр төлөгч, шүүхэд нэхэмжлэл гаргагч иргэн хүний хууль ёсны эрх ашиг ноцтой, илэрхий зөрчигдөж буй энэ асуудалд шүүх ийнхүү үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх, үндэслэл бүхий байх, мөн шударга ёсны зарчим тус тус зөрчигдөөд байгааг Давж заалдах шатны шүүхээс анхаараж үзэж, хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээндээ бодитой үнэн зөвөөр үнэлж, дүгнэн хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсч гомдол гаргаж байгаа болно.

Дөрөв. Шинжээч томилох хуулийн үндэслэлгүй байхад хууль зөрчин хуурамч баримтаар үндэслэн шинжээчийг томилсон тухайд:

4.1.      Шинжээч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон эсэх, мөн хуульд заасны дагуу үнэлгээ дүгнэлтийг хараат бусаар, шударгаар гаргаж ирүүлсэн эсэх, шинжээчийн энэхүү дүгнэлт нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн үндсэн зарчимд нийцсэн эсэхийг болон мөн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх болон эрх зөрчсөн энэ үйлдэл хооронд ямар шалтгаант холбоо байгааг шүүхээс үнэн зөв тодорхойлох нь иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох" талаар, 42.1-д " ... ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно" гэж, 42.2-т "Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баргимтлана " гэж тус тус заасан байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд "Хөрөнгө үнэлэх" талаар зохицуулсан ба 55.2-т "Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ" гэж, 55.2.2-т "үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө" гэж тус тус хуульчилсан байна. Тэгвэл хуулийн эдгээр зохицуулалтуудаас харахад Шийдвэр гүйцэтгэх газраас явуулж буй ажиллагаанд шинжээч ямар тохиолдолд оролцох вэ гэдэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлээр илүү нарийвчлан тодорхойлогдож, гол асуудал нь үнэлэгдэх тухайн хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч тохиролцоогүй бол гэсэн тохиолдлыг хуульчилсан байх ба ийнхүү тохиролцохын өмнө хийгдвэл зохих ажиллагаа нь талуудаас үнийн саналыг авсан байх явдал байна. Гэтэл уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  явцад \үнийн санал авахаар талуудад хандсан албан бичгийн Мэдэгдэх хуудас /хх-79/ хүргүүлсэн гэх нь хэрэгт авагдсан ба харин энэ дагуу үнийн саналыг авсан, ирүүлсэн нотлох баримт хэрэгт байхгүй авагдаагүй байна. Талууд үнийн санал өгөөгүй байхад юуг үндэслэн Шинжээч томилсон гэдэг нь хууль зөрчигдсөн болохыг нотолно.

4.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж ирүүлсэн 09/762 тоот бичиг /хх-8.1 дэх талд/ хэрэгт авагдсаныг шүүх үнэлсэн байдаг бөгөөд энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй үнийн санал ирүүлсэн биш, харин "шинжээч томилуулах хүсэлтэй" гэх агуулгатай ба эдгээр байдлаараа үүнийг үндэслэн Шинжээч томилох боломжгүй, үндэслэлгүй болно. Төлбөр авагч талаас санал ирүүлсэн гэх энэхүү бичигтээ: " ... Д.О-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээний үнийн санал ирүүлсэн байна. Тус санал нь зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэтэй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилуулах саналтай байгаа тул шийдвэрлэж өгнө үү" гэжээ. Гэтэл уг бичигт дурьдсанчлан Төлбөр төлөгч Д.О- үнийн санал өгөөгүй байхад санал өгсөн мэт дурдаж, улмаар энэ бичиг нь хэрэгт авагдахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй байхад үүнийг үндэслэн Шинжээч томилсон үндэслэлгүй болно. Мөн Төлбөр төлөгч иргэн Д.О- үнийн санал өгөөгүй, санал ирүүлээгүй болох нь /хх-85 талд/ авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4/278 дугаартай Д.О-т хаягласан шинжээч томилсныг мэдэгдэх тухай гэсэн агуулга бүхий энэ албан бичгээр нотлогдож байна. Иймээс шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөд үнийн саналыг талуудаас авсан мэт, талууд тохиролцоогүй мэт, мөн нотлох баримтын шаардлага  хангахгүй,  хуурамч баримтыг төлбөр авагч  Голомт банкаар үйлдүүлсэнээ үндэслэл болгон шинжээч томилсон байгаагаараа хууль зөрчсөн, ийнхүү шинжээч томилсон нь хуулийн үндэслэлгүй болох нь тус тус нотлогдож байна. Нэхэмжлэгч   шаардлага,   үндэслэлээ   шүүх   хуралдаанд   нэмж,   тодотгож гаргасаныг шүүх шийдвэрлээгүй, үнэлж дүгнээгүй тухайд:"... иргэний шийдвэр гүйцэтгэлийг   баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлэх хууль зөрчиж явуулсан тул эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бухэлд нь хүчингүгй болгуулах "-аар төлбөр төлөгч нь тус хуульд заасан журмаар шат дараалан гомдлоо гаргасан ба эрх бүхий этгээд нар нь Гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн нь /хх-113 дахь талд/ хэрэгт авагдсан, гэхдээ энэ хугацаанд "үнэлгээнд гомдол гаргах" хуулийн хугацаа болсон шүүхэд   гомдол   нэхэмжлэлээ   гаргасан   байсан   тул   үүнтэй   холбоотойгоор   Ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргаагүй, энэ нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчигдсөн, нөгөө талаар үүнээс хамаарч шүүхэд гаргасан гомдол нэхэмжлэлийн шийдвэрлүүлэхээр   гаргасан   нэмж   тодруулсан   энэ   шаардлага   үндэслэлийг   нь шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-д үнэлж, дүгнэн улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д нийцсэн ажиллагаа "төлбөр төлөгч ... гомдол гаргаагүй,... баримтаар нотлоогүй" гэсэн нь харин ч уг хуулийн 49.4.1-д заасан энэ ажиллагаа нь мөн хуулийн 49.7-д заасан дагуу баталгаажих ёстой байтал тийм нотлох баримтгүйгээр, илт үндэслэлгүй ийнхүү нэр төдий үнэлэлт, дүгнэлт өгсөн болж уг нэхэмжлэл гомдол гаргагчийн шаардлагыг шийдвэрлээгүй хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын ийнхүү шинжээч томилогдож үнэлгээ хийх үндэслэл нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөрөнгийн үнийг харилцан тохиролцож чадаагүй буюу зохих ёсоор хуулийн дагуу ажиллагаа хийгдэж шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулан битүүмжилж хураагдсан хөрөнгө байх ёстой. Мөн хуулийн  55.1-д   " ...  хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө " гэснийг зөрчсөн. Шинжээчийн үнэлгээ хуулъ бус, хууль зөрчсөн, хараат " ийнхүү үнэлгээ хийлгэхийн өмнө, үнэлгээ хийлгэх үндэслэл нь болох Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь үнийн санал авах, үнэлгээ тохиролцоогүй байх гэх зэргээр хуульчлагдсан бөгөөд хийгдвэл зохих ажиллагаанууд буруу, дутуу хийгдсэн байгаагаараа Шинжээчийн дүгнэлт буюу үнэлгээ үндэслэлгүй, буруу байх тул өмнөх хууль бус ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болоод байгаа бөгөөд "Шинжээч томилох тухай тогтоол"-ыг нь хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан дагуу гаргасан гомдлыг нь шүүх зохих ёсоор шийдвэрлээгүй болно. Иймд Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шинжээчийн дүгнэлт буюу үнэлгээг хүчингүй болгож, мөн шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах, хөрөнгө үнэлэх ажиллагаа нь хууль зөрчсөн, хууль бус ажиллагааны дагуу шинжээч томилсон тогтоолыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д.О- нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 301 тоот хаягт байрлах 208м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ./хэргийн 1-2, 48-49 дүгээр тал/

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаартай шийдвэрээр Д.О-ээс 602 517 688.05 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 3 170 538.44 төгрөгийг гаргуулж, Голомт банк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Токио гудамжны 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 00944 дүгээр тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хэргийн 52-64 дүгээр тал/

 

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч байгууллагаас 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1263 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчээс “Голомт банк” ХХК-аас зээл авахдаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Токио гудамжны 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 158/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 158/01 дугаартай тогтоолоор хураан авах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хэргийн 75-77 дугаар тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч болон төлөгч нар барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийг 439 800 000 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 82, 87-100 дугаар тал/

 

            Хариуцагч байгууллагаас шинжээч Б.Э-т 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эрх үүргийг тайлбарласан байх боловч хөрөнгийн үнэлгээний тайланд шинжээчээр хөрөнгийн тэргүүлэх үнэлгээчин Б.Э-, туслах үнэлгээчин Б.М нар оролцсон талаар тэмдэглэжээ. /хэргийн 88 дугаар тал/

 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах”-аар заажээ.

 

Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд нэр нь бичигдсэн Б.М-г туслах шинжээчээр ямар гэрээний үндсэн дээр оролцуулсан тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, дүгнэлтэд гарын үсэг зураагүй байна. Түүнчлэн түүнд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан шинжээчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулах ажиллагааг хийгээгүй Шүүхийн шинжилгээний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна.”, гэсэн, 9.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэсэн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн   17.1 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна.” гэсэн, 7.6 дахь хэсэгт “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна.” гэснийг тус тус зөрчжээ.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/02715 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай,” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                      ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

 

                                                С.ЭНХТӨР