Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2019/02715

 

 

 

 

2019 оны 10 сарын 09 өдөр          Дугаар 101/ШШ2019/02715           Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 0 дугаар байрны 000 тоотод оршин суух хаягтай овогт Д.О /РД:000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Д.О миний бие 2017 оны 12 дугаар 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шатны шүүхийн 101/ШШ2019/04058 шийдвэрийг хүлээн зөвшөөрч төлбөрт эзэмшлийн Ү-00000000000 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 00 дугаар хороолол /13380/  Токио гудамж 8 байрны 000 байршилтай 0000 м.кв талбайтай 00 өрөө орон сууцыг өгөх болсон боловч өнөөдрийг хүртэл Голомт банк хүлээн аваагүй билээ. Мөн Голомт банк Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан.

Мөн Голомт банк НШШГүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу миний бие НШШГүйцэтгэх газраас дуудах бүрд очиж уулзан бичгээр болон амаар тайлбар өгч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн өөрийн эзэмшлийн 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг төлбөрт тооцуулан өгөхөд бэлэн чөлөөлсөн байгаагаа мэдэгдэж байсан. Гэтэг ШШГүйцэтгэх газар 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ахлах байцаагч Д Шинжээч томилох тухай тогтоол гаргасан байна. Тус тогтоолын дагуу миний бие ахлах байцаагч Д болон Ц нартай уулзаж үнэлгээ хийлгэхгүй шүүхэд гомдол гаргана, үнэлгээ хийлгэх бол эхлээд өөрсдөө үнэлгээ хийлгэхээр тохирсон, энэ талаараа Голомт банкны ажилтан Б утсаар ярьж тайлбарлаж хэлээд ойлголцсон гэж бодоод хөдөө явсан.

Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байцаагч Ц утастаж байрны үнэлгээ хийгдсэн удахгүй дуудлага худалдаанд орно гэж ирж уулз гэсний дагуу уулзахад 2019 оны 4 дүгээр сарын 25-нд ахлах дэслэгч Даваасүрэн байцаагч миний байранд үнэлгээ тогтоосон мэдэгдлийг “М О Т” ХХК-ийн 439,000,000 төгрөгөөр үнэлсэн нэг хуудас албан бичгийг хамт өгсөн.

Үнэлгээ хийлгэхдээ мэдэгдлийг урьдчилан мэдэгдээгүй, мэдэгдлийг үнэлгээ хийлгэсний дараа НШШГүйцэтгэх газарт миний бие өөрөө ирж авсан. Мөн үнэлгээ хийхдээ газар дээрх үнэлгээ хэмжилт хийгдээгүй миний байрны дотор огт ороогүй, үнэлгээ хийсэн байна.Үнэлгээнд хуурамч зураг хавсаргасан.Энэ нь НШШГГазрын шинжээч томилсон тогтоолдоо “М О Т” ХХК-ийг томилсон боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг хэнд танилцуулсан нь тодорхойгүй мөн худалд дүгнэлт гаргасан байна.НШШГГазрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д, гүйцэтгэгч Ц нар ажил үүрэгтэй хайнга хуумгай хандаж шинжээч томилох тогтоолдоо дээрх эрх үүрэг хариуцлагыг хэн гэдэг шинжээчид танилцуулсан, сануулсан талаар бичиж тэмдэглээгүй “М О Т” ХХК эд хөрөнгө үнэлэхдээ миний орон сууцанд нэвтэрч үзээгүй бодит байдалтай тавилцаагүйгээр үнэлгээ хийсэн байна.

Шинжээч хөрөнгө үнэлэх явцдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт заасны дагуу Хөрөнгийн үнэлгээ хийдээ шаардлагатай үнэн зөв баримт мэдээллээр хангахыг үйлчлэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй шинжээч томилсон эрх бүхий этгээдээс үнэлж буй үл хөдлөх хөрөнгийг шинж чанарын бүрэн тодорхойлоогүйгээс төлбөр төлөгч миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ц шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/00944 дүгээр тогтоолоор Д.О-с 605,688,200 төгрөгийг гаргуулж г банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 301 тоотод орших 208.м.кв  талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжилж,хураасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу зах зээлийн үнэлгээг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх тухай 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/28 дугаар хариу мэдэгдэх хуудсыг мөн өдөр баталгааг шуудангаар хүргүүлжээ.

Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй төлбөртөө тооцон барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгч байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/249 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.

Төлбөр авагч Голомт банкны 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09/762 тоот албан бичгийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар тогтоолоор Мөнх-Оргил ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. Төлбөр төлөгч Д.От энэ талаар танилцуулж, тогтоолын хуулбарыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч Д.О хөндлөнгийн шинжээчийг түр хойшлуулах тухай хүсэлтийг гаргасныг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4/278 дугаар хариу мэдэгдэх хуудсаар  хүлээн авах боломжгүй тухай хариуг хүргүүлсэн.

Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 439,800,000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/10190 дүгээр албан бичгээр мэдэгджээ. Үнэлгээтэй холбогдуулан гаргасан төлбөр төлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4/34 дүгээр тогтоолоор хариуг өгсөн. Улмаар 6 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр заруулсан байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг ирүүлсэн байна.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн  1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 301 тоот хаягт байрлах 00.кв талбайтай 00 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ энэ хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж тус тус заажээ.

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 00944 дүгээр тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрээр Д.Оээс 602,517,688.05 төгрөг, улсын тэмдэгтйин хураамжид 3,170,538.44 төгрөгийг гаргуулж, Г Банк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох  Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугара хороолол Токио гудамжны 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 00 м.кв талбайтай 0 өрөө орон сууцаар хангуулахаар  шийдвэрлэжээ./хх-ийн 52-64 дүгээр талууд/

2. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 00944 дүгээр тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1263 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ./хх-ийн 51-65 дугаар талууд/

3.  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1528 дугаар, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн158/01, 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/248, мэдэгдлүүдээр ... шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дотор ирүүлэхийг Д.От мэдэгдэж шаардсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна./хх-ийн 70, 78-79, 84-85 дугаар талууд/

4. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 158/01дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 158/01 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хөндлөнгийн хоёр гэрч байлцуулан үл хөдлөх хөрөнгийг хураан тэмдэглэл хөтөлжээ. /хх-ийн 75-77 дугаар талууд/

Хариуцагч тал эд хөрөнгийг битүүмжлэхдээ хөндлөнгийн гэрч байлцуулаагүй нь хууль зөрчсөн гэж маргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна., энэ хуулийн 41.2-т Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно. гэж зааснаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураах ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиололд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно., энэ хуулийн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүцэтгэгчид гомдол гаргана гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн ажиллагаанд гомдол гаргаагүй баримтаар нотлоогүй болно.

5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт үнийн саналыг ирүүлэхийг албан тоотоор мэдэгдэн шаарджээ.

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заагдсан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 00 дугаар байрны 00 тоотод байршилтай 00 м.кв талбайтай 00 өрөө орон сууцыг төлбөр авагчид шилжүүлж өгнө гэсэн тайлбарыг гаргаж, тогтоосон хугацаанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийг саналыг өгөөгүй, төлбөр төлөгчөөс шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна.

6. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Шинжээч томилох тухай 110 дугаартай тогтоолоор “М О Т” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх-ийн 82-83, 86-102 дугаар талууд/

Түүнчлэн нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлт бодитоор хийгдээгүй гэж маргасан.”М О Т” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг харьцуулалтын аргаар шинжилж үнэлгээг гаргасан байна.

7. Нэхэмжлэгч Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний Үнэлгээг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасныг, тухайн өдөр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх хуудсаар Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д 4/278 тоотоор мэдэгдсэн баримт хавтас хэрэгт авагджээ./хх-ийн 84-85 дугаар тал/

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг гаргана  гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/10190 мэдэгдэл, 4 дүгээр сарын 25, 26, 5 дугаар сарын 03, 09-ний өдрүүдэд төлбөр төлөгч Д.О-тэй утсаар ярьсан тэмдэглэлээс ...нам дээр ажилтай байна, маргааш очно., би ажилд орох гээд хөөцөлдөөд очиж чадахгүй , ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс очно гэж ярьсан зэргээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч талуудад дүгнэлтийг мэдэгдсэн гэж үзнэ./хх-ийн 103-105,107-110 дугаар талууд/

Түүнчлэн төлбөр төлөгч 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж шийдвэр гүйцэтгэгчтэй уулзсан нь тэмдэглэлээр тогтоогдож байна./хх-ийн 109 дүгээр тал/

9.Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр сулласан эзэнгүй байсан, мэдэгдлүүдийг аваагүй мэдээгүй гэж маргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т  ..... оршин суугаа /оршин байгаа/газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх болон гүйцэтгэх баримт бичиг, хууль тогтоомжид заасан үүрэг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч оршин суугаа /оршин байгаа/ хаягаа өөрчилсөн талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, энэ талаар баримтаар нотлоогүй болно.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж зааснаар “М О Т” ХХК-ийн дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид мэдэгдсэн өдөр болох 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Д.О биечлэн 5 дугаар сарын 09-ний өдөр очсон өдрөөр тооцоход хуульд зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх шүүхэд гомдол гаргах хугацаа нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болжээ.

11.Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 158/01дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 158/01 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 439,800,000 төгрөгийн 70 хувиар тооцон 307,860,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Д.От 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4/12681 дугаартай мэдэгдлийг түүнд гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 112-113 дугаар тал/

12. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаартай шийдвэрээр Д.Оээс 602,517,688.05 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3,170,538.44 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 00 дугаар хороолол, Токио гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 00 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,49 дүгээр зүйлийн 49.4.1., 55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1., 62 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 00944 дүгээр тогтоолоор Д.О-ээс 602,517,688.05 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3,170,538.44 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ