Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 216/МА2019/00016

 

Б.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШШ2019/00162 дугаар шийдвэртэй, Б.С нэхэмжлэлтэй Б.Ц холбогдох Б.Ц эзэмшиж байгаа малнаас 300 толгой хонь, 200 толгой ямаа, нийт 500 толгой мал буюу 54 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.С холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Ц сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч Э.С нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч Э.С, Хариуцагч Б.Ц, түүний өмгөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний талийгч ээж Л.П нь 1995 онд саалийн хэдэн үнээ, 2 унагатай гүү, гучаад толгой бог мал өмч хувьчлалаар авч өөрийн хэдэн бог малыг нийлүүлэн Сүмбэр сум, 4 дүгээр баг, Тэрэгт гэх газарт ах Б.Ц, Б.О, эгчийн хүү У, Б нарын хамт малладаг байсан. Ах Б. 1998 онд М гэр бүл болж тусдаа амьдрах болсон ба ах Б.Ц гэр бүлтэй болоход ээж, ах Б.М болон бусад ах дүүгийн хамт гэр барьж өгч эд хөрөнгө өгснөөс гадна ээж Л.П нь ах Б.Ц гэр бүл боллоо гэж маллаж байсан малнаасаа 300 толгой бод, бог нийлсэн мал тасдаж өгч байсан. Б.Ц ах гэр бүл болж тусдаа гарч амьдарснаас хойш ээж Л.П минь ах Б.О, эгчийн хүү У нарын хамт хөдөө амьдарч малаа маллаж байгаад ээжийн бие 2010 оны үед муудаж төв дээр орж энэ үеэс эгчийн хүү У малаа маллаад үлдсэн. Харин Б.Ц ах нь 2003 онд өөрийн малаа зарж борлуулаад Сүмбэр сум, 2 дугаар баг, Малхын 6 тоотод хашаа байшин авч эхнэр М нь Петровис компанид түгээгч хийж ах Б.Ц тогтсон ажилгүй төв дээр амьдарч байгаад 2014 оны орчимд ах Б.Ц хөдөө гарч ээжийн бог, бод нийлсэн 800 гаран толгой малыг авч малласан. Ээж Л.П 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, ах Б.О 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, аав Д.Б 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Миний бие аав, ээж хоёрыгоо аль алинг асарч, харж хандаж байгаад насны эцсийг нь үзүүлсэн. Ээж минь амьд сэрүүн байхдаа энэ хэдэн мал Б.О /ах/ та хоёрын л мал хөрөнгө болно гэж хэлдэг байсан. Миний бие аав, ээж ах Б.О нарын хамт нэг ам бүл гэж явдаг байсан. Гэтэл ах Б.Ц нь ээж, аав, ах Б.О нарыг нас барснаас хойш ээж, аавын малыг маллан эзэн сууж захиран зарцуулж байдаг ба миний бие ээж аавын үлдээсэн мал хөрөнгөөс өөрийн тодорхой хувийг авах гэж 5-6 жил ярьж хэлж байсан хэдий ч тодорхой үр дүнд хүрч чадахгүй өнөөдрийг хүрээд байна. Ээж П, ах Б.О нараас Б.Ц ах 2014 онд 737 толгой бод, бог мал авч маллаж байсан ба одоо уг малыг ах Б.Ц нь өөрийн ахуй амьдралдаа хэрэглэж, өсгөж үржүүлж, Сүмбэр сумын 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор бог, бод нийлсэн 1054 мал тоолуулсан байна.

Миний бие нь 2015 оны 05 дугаар сард ах Б.О нас барснаас хойш ах Б.Б, Б.М, Б.Ц нартаа би байраа томруулмаар байна, машин авмаар байна, өөрийн гэсэн мал хөрөнгөө авья гэж 2016 оны зун намраар аавын 49 хоногийн дараа эгч Х, ах Б. нарын хамт өөрийн мал, өмч хөрөнгийг хувааж авах ах Б.М, Б.Ц нарт хэлж байсан ба үүнээс хойш ах Б.М, ах Б.Ц нарт 2016 оны намраас эхэлсэн 2019 оны хавар хүртэл надад мөнгө хэрэгтэй байна, банкны өр ширээ дармаар байна өөрт ногдох мал, эд хөрөнгийг авах талаар өөрийн мал хөрөнгийг авах талаар хэлж байсан тодорхой шийдэлд хүрээгүй, надад мал хөрөнгө гэж тастаж өгсөн зүйл байхгүй. Мөн би ах Б.М, Б.Ц нарт талийгч ээж минь амьд сэрүүн байхдаа энэ хэдэн мал бол Б.О, Б.С нарын мал хөрөнгө болно гэж байсан шүү, надад өөрийн гэсэн мал эд хөрөнгийг тастаад өгөөч гэхээр үг дуугарахгүй утсаар ярьж байсан бол утсаа салгах, зэрэг надад оногдох ёстой эд зүйлийг шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Б.О ахаас Б.Ц ахад шилжсэн 737 мал бол хариуцагч Б.Ц мал хөрөнгө биш харин Б.Ц ах өөрийн нэр дээр маллаж байгаа гэдгээрээ эзэн суугаад миний биед зохих өмч хөрөнгийг тастаж өгөхгүй байгаад гомдолтой байна.

Иймд миний бие хариуцагч Б.Ц эзэмшиж байгаа малнаас 300 толгой хонь /нэг толгой хонь 120 000 төгрөг, 300 толгой хонь 36 000 000 төгрөг/, 200 толгой ямаа /нэг толгой ямаа 90 000 төгрөг, 200 толгой ямаа 18 000 000 төгрөг, бүгд 500 толгой ямаа буюу 54 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аав, ээж, ахтайгаа нэг ам бүл гэж явдаг байсан. Ажлын шаардлагаар их сургуулиа төгсөөд аавыгаа хараад би төвд амьдарч, ах Б.О минь ээжтэй хамт хөдөө амьдардаг байсан. Би айлын отгон охин. Ээж минь амьд байхдаа энэ хэдэн малыг Б.О та 2 тусдаа гараагүй үлдсэн учраас ээж нь та хоёрын төлөө маллаж байна гэж хэлдэг байсан. Тиймээс би өөрийн хөрөнгөө авъя гэж бодсон. Би өөрийн гэсэн хөрөнгөтэй байж, өөрөө хоол ундаа зохицуулж байя гэж бодсон. Мөн эвлэрүүлэн зуучлалд хандсаны дараа энэ хүмүүс эвлэрье гэж хэлэх болов уу гэж их харсан. Тэгэхэд хэн ч надад хэлээгүй, намайг гэх болов уу гэж бодсон ах, дүү нар минь нүүрээ бууруулсан.

Тиймээс би шүүхэд хандаж ээж, аавынхаа үлдээсэн хөрөнгөөс өөрийн хөрөнгөө авъя гэж нэхэмжилсэн. Би Б.Ц ахтай уулзахдаа банкны зээлээ хүртэл харуулж байсан. Мөн миний бие өвдөөд Улаанбаатар хот орж үзүүлмээр байна гэхэд за гэж хэлээд алга болдог байсан. Энэ хүмүүсийн хэрэглэсэн зүйл нь 54 000 000 төгрөгөөс давсан гэдгийг энэ хүмүүс ойлгохгүй байна. Надад нэг нь ирээд ах нь өвлийн идшийг чинь аваад ирлээ. Эгч нь өрийг чинь дараад өгье гэсэн бол би өнөөдөр шүүх гэж явахгүй байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжилж байгаа маргаан. С.Б гэх хүн 2001-2011 он хүртэл малын бүртгэлд тоолуулсан байдаг. Говьсүмбэр аймгийн архивын тасгаас ирүүлсэн 2003, 2005, 2008 оны архивын лавлагаанд Д.Б, Л.П, Б.О, Б.С нар нь нэг ам бүл гэсэн тоо баримт авагдсан. Бусад оны баримтууд архивд хадгалагдаагүй тул байхгүй гэсэн. Мөн 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтод Б.С нь эцэг Д.Б хамт 2016 он хүртэл амьдарч байсан гэсэн баримтууд хэрэгт авагдсан. Маргааны гол зүйл мал. Мал нь 2001-2011 он хүртэл Д.Б нэр дээр тоологдож, 2011-2013 он хүртэл хүү О нэр дээр тоологдож, 2014 оноос хойш 737 тооны мал хүү Ц нэр дээр шилжсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. У гэрчийн мэдүүлэгт малыг 2013 оны хавар Б.Ц нэр дээр шилжүүлсэн гэдэг. Мөн Б.Ц 2013 онд 338 тооны малтай байсан ба 2014 онд 1 100 толгой малтай болсон байдаг. Үүнээс дүгнэхэд Б.Ц нь 737 тооны малыг авсан нь нотлогдож байна. 2001 оноос хойш Б.Ц нь мал тоолуулж, 2003 онд мал тоолуулаагүй, бусад онуудад мал тоолуулсан байдаг. 2014 оноос хойш малын тоо нь өссөн гэж ажиглагддаг. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Мөн Б.Ц, Б.О нар нь тус тусдаа малаа тоолуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг ба 2012 онд Б.Ц 165 тооны мал тоолуулж байхад Б.О 658 тооны мал тоолуулсан байдаг. 2013 онд Б.Ц нь 382 тооны мал тоолуулж, Б.О 737 тооны мал тоолуулсан байдаг. Тэгээд 2014 онд Б.Ц 1100 мал тоолуулсан байхад Б.О мал тоолуулаагүй байдаг. Үүнээс харахад гэр бүлийн дундын эд хөрөнгө болох мал нь Б.Ц шилжсэн нь нотлох баримтаар тогтоогддог. Б.О 2015 онд нас барахдаа 2014 онд Б.Ц 737 тооны малыг шилжүүлсэн нь үнэн. Гэр бүлийн тухай хуульд гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон амины болон амины бус эд хөрөнгөөр холбогдсон хамтын амьдралтай гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж заасан. Тэгэхээр Б.С нь Б.О, Б, П нар нь нэг гэр бүл байсан нь нотлогддог. Б.О, Б.С нар нь гэр бүл болж ам бүлээ тасалж гараагүй байсан. Б.С нь өнөөдрийг хүртэл аавынхаа гал голомтыг үргэлжлүүлэн амьдарч байгаа. Тиймээс гэр бүлийн дундын эд хөрөнгөөс зохих зүйлийг нэхэмжилсэн. Мөн 300 тооны хонь нэхэмжилж 1 хонийг 100 000-120 000 төгрөгөөр үнэлсэн. 200 тооны ямаа нэхэмжилж 1 тооны ямааг 90 000 төгрөгөөр үнэлж нийт 54 000 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс өөр гэр бүлийн гишүүн мөн, биш гэх асуудлын маргаан байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-А гэх хүн цаг агаар их хүнд байсны улмаас мал их хоргодсон гэсэн зүйл хэлсэн. Үүнтэй холбоотой Цаг уурын шинжилгээний албаны тодорхойлолт авсан. Түүнд цаг уур олон жилийн дунджаас дулаан байсан гэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү?

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн гэв.

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.С нэхэмжлэлтэй Б.Ц холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бүхэлд нь эсэргүүцэж, дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна.

1. Хариуцагч Б.Ц би Б.С төрсөн ах бөгөөд бид эхээс ах дүү 9 үүлээ байсан. Бидний 1 эгч, 1 ах маань аав, ээжийг амьд сэрүүн байхад нас барж, 1 ах маань ээжийг нас барсны дараа аавыг нас барахаас өмнө нас барсан. Бид одоогоор ах дүү зургуулаа, тус тусдаа аж төрж амьдарцгааж байна. Миний зүгээс дүүтэйгээ ийм асуудлаар шүүх дээр зөрчилдөх болсондоо харамсалтай байна. Нэхэмжлэгч миний дүү Б.С нэхэмжлэлдээ “...талийгч ээж Л.П нь 1995 онд саалийн хэдэн үнээ, 2 унагатай гүү, гучаад толгой бог мал өмч хувьчлалаар авч бага малыг нийлүүлэн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Тэрэгт гэх газарт ах Б.Ц, Б.О, эгчийн хүү У, Б нарын хамт малаа малладаг байсан гэжээ. Эдгээр нь худал юм. Магадгүй миний дүү Б.С нь тэр үед бага балчир байсан болохоор сайн санахгүй байгаа байх. Би анх наймдугаар ангиа төгсөөд 15 настай Зараагийн гашуун гэх газар 50-иад тооны бог малтай, Д гэдэг айлийн хажууд мал маллахаар гарч байсан. 1993 онд мал маань өсөөд 1 азарга адуу, бага мал нийлээд 150-иад тооны малтай болсон бөгөөд малаа Д гуайханд орхичхоод цэрэгт явж, 1994 оны намар цэргээс халагдаж ирэхэд ээжид хувьчлалаар үхэр буюу тугалтай үнээ байгаагүй, 1 морь, 1 унагатай гүү, цөөн тооны ямаа, нийт 30 тооны мал миний мал дээр нэмэгдсэн. Ингээд тэр ондоо тэрэгт рүү ээж, талийгч эгчийн хүү У /У/ бид гурав хөдөө амьдрах болсон. Энэ үед Б.О ах 32 дугаар баазад жолооч ажилтай байсан. Би 1994 оны намраас эхлэн морь уяж эхэлсэн. 1996 оны аймгийн наадмаас анхны түрүүгээ авч байлаа.

2. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Б.Ц ах нь 2003 онд өөрийн малаа зарж борлуулаад Сүмбэр сум, 2 дугаар баг, Малхын 6 тоотод хашаа байшин авч эхнэр Б.М нь Петровис компанид түгээгч хийж ах Б.Ц тогтсон ажилгүй төв дээр амьдарч байгаад 2014 оны орчимд ах Б.Ц хөдөө гарч ээжийн бог бод нийлсэн 800 гаруй мал авч малласан” гэжээ. Гэвч энэ нь мөн л худал юм. Би 2003 онд хөдөө малаа маллаж байсан. Охин М сургуульд орж 2008, 2009 оны хавьцаа байх төвд орон гэртэй байх хэрэгцээ гарч ах Б.Ө хашаа байсан буюу Малхын 6 тоотыг Морин толгой гэх газар байсан өөрийн хороог 3 сая, хурдан удмын буурал азаргаа 1,5 сая, эхнэр М аав, ээж 1 сая төгрөг өгч нэмээд 5, 6 тооны адуу зарж нийтдээ 6 сая төгрөгөөр худалдан авч байсан. Эхнэр 2003 онд Петровист байгаагүй. Хүү П 2 настай байхад буюу хүүхдээ харах зорилгоор 2011 оны 09 дүгээр сард Сод Монголд түгээгчээр орж, 2013 оны 05 дугаар сард надад туслах шаардлагаар ажлаасаа гарч хөдөө гарсан. Харин миний хувьд 2011 оноос хойш Тэрэгт болон Сүмбэр сумын төвд уралдах морио тэжээх, мөн хүүхдүүд болон ах дүү нараа эргэж тойрох зорилгоор хөдөө, төв холбож ирэн очин байж ирсэн. Үндсэндээ хөдөө малаа малласаар ирлээ. Аав ээжийн мал нэхэмжлэгчийн хэлснээр 1995-1998 оны хооронд 40-өөд тооны мал 300 болтлоо өсөх боломжгүй учир надад 300 мал тастаж өгөх боломжгүй юм. Харин би эхнэр М гэр бүл болж, малаа үргэлжлүүлж малласаар байсан. Нас залуу учир тухайн үед аав дээр малаа тоолуулж байсан. Б.М ах анх таван тугалтай үнээ авчирснаар бидний ах дүү нарын мал анх үхэртэй болсон. Б.С огт хамаагүй зүйл юм. Мөн Б.М ах наймаа хийж 1995 оны үед 100-гаад тооны хонь худалдан авч авчирснаар хонь, үхэр өсөхөд нөлөөлсөн. Одоогоор байгаа малд хувь оролцуулсан байдал нь үндсэндээ миний адуу, хонь, ямаа нийлсэн 200-гаад тооны мал дээр Б.М ахын адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн 100 гаруй мал ээжийн адуу, хонь, ямаа 40 өөд тооны мал нийлж байсан. Бидний мал нэг дор явсаар ирсэн бөгөөд тасдаж хэсэгчилсэн тохиолдол нэг ч байхгүй. Бид малаа өсгөхөөр олон удаа банкнаас зээл авч мал худалдан авч байсан. Иймээс өсгөх, харж хандахад нэг ч удаа сэтгэл гаргаагүй Б.С энэ хөрөнгө хэрхэн хүртээлтэйг ойлгохгүй байна.

3. Бид эхээс ах дүү 9-үүлээ бөгөөд 3 нь нас барсан. Бидний дотроос би л хөдөө мал аж ахуй эрхэлж аж төрдөг, иймийн хувьд ах дүү нараа хоолтой ундтай байхад анхаарч явахыг хичээдэг. Тэдгээрийн дотроос өөрийн төрсөн дүү, гэрийнхээ хамгийн бага дүү Б.С ахын сэтгэлээр харамгүй хандаж, халамжилж ирлээ. Цаашид ч ах хүний хувьд халамжлах сэтгэлтэй байна. Тухайлбал: Б.М ах маань дээд сургуульд сурах зардлыг нь даасан. Ингэхдээ малынхаа ноолуурыг борлуулж, төлбөр, зардлыг нь төлж байна. Миний хувьд Б.С 2011-2013 оны үед бөөрний дутагдал гэсэн оноштой хүндээр өвчлөхөд нь Улаанбаатар хотод сахин эмчлүүлэн хөл дээр нь босгож байлаа. 2015 онд бэлнээр 5 000 0000, 2016 онд бэлнээр 4 000 000, зарим жилд сургууль орох үед болон өвлийн цагаар 1 000 000 төгрөг, мөн нэг удаа 800 000 болон 400 000 төгрөг өгч байсан. Эдгээр үйлдэлд нь нэг удаа талархал хэлж байсангүй. Миний хөлс хүчээ зориулж, амьдралаа зориулж босгосон, өсгөн үржүүлсэн мал хөрөнгийг өөрийн хөрөнгө эсхүл эцэг эхээс үлдээсэн хөрөнгө гэж үзээд өдгөө нэхэх байсан бол эцэг, эхийн маань өнгөрөхөд энэ тухай хэлж ярих учиртай байсан. Хүн нас нэмээд ухаан суудаг байтал төрсөн ахынхаа гэр бүлийн ажил амьдрал болсон аж ахуйг өөрийн болгохоор нэхэж байгааг зөв сэтгэлээр ойлгож чадахгүй байна. Хамгийн сүүлд 2019 онд мөнгө хэрэгтэй байна гэхлээр нь 100 ишигтэй ямаа, нийт 200 мал зарж 10 000 000 төгрөг өөрийнх нь дансаар шилжүүлэн өгсөн. Б.С аавын маань орон сууцанд амьдардаг. Өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байх, энэ талаар ах дүү бид огтоос маргадаггүй. Одоо энэ нэхэмжлэлийг ямар учраас гаргаж байгааг ойлгохгүй байна.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүхэлд нь эсэргүүцэж байна. Харин ах дүү хүмүүс учраас нэхэмжлэлээ буцаан авч, элдэв зөрчилгүй эвлэрч, ойлголцож дэм тустай явахад ах нь бэлэн байгаа бөгөөд баярлах болно гэжээ.

 

Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б.С хэлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавар манай ах бид хэд эвлэрүүлэн зуучлалд хандахад нь ч хэлсэн. Мөн ээж, аавын минь үлдээсэн хөрөнгийг намайг ганцаар үрж, идэж байна гэж бодож байна. Түүнд тайлбар хэлье. Би 1990 оноос хойш ээжтэйгээ хамт мал малласан. Энэ малын эх суурийг манай ах Б.М тавьж өгсөн. Малын хороог мөн манай М ах 1999 оны хавар Говьсүмбэр аймгийн Р гэдэг хүнээс худалдаж аваад манайх амьдарч байсан. Аавыг нас барсны дараа Б.М ах өөрөө хороогоо томруулж шинэчилж барьсан. Тэгээд хорооны гэрчилгээгээ та өөрийн нэр дээрээ аваарай гэж хэлсэн. Манай аав бүх насаараа Төмөр замд ажилласан хүн. Манай ээжийн нэр дээр хувьсгалын хэдэн мал ирээд түүнийг маллаж байсан. Манай талийгаач Б.О ах 1995 онд 32 дугаар базад жолооч ажилтай байсан ба 32 дугаар баазыг тарсны дараа ээж бид хоёртой хамт мал малласан. Тэгэхэд Б.С энэ малыг манай ээж, аавын мал гэж хэлж байна. Тэгэхдээ энэ малын ихэнх нь Б.М ахын мал. Б.М ахын минь адуу, үхэр одоо болтол манайд байгаа ба би хардаг. Мөн би ахаасаа мал харсны хөлс гэж ганц мал ч гуйж үзээгүй. Дутаасан адуу, үхрээ хэлдэг бид тийм л ах дүүс. Нэхэмжлэгч Б.С гэрээр минь ордоггүй. Намайг хэрэглэдэггүй гэж хэллээ. Гэрээр нь орохоор дандаа өр авлага ярьж загнадаг. Тиймээс бид орохоо больсон. Мөн манай том эгч биднийг өсгөсөн хүн. Тэр хүнтэй 2 сарын өмнөөс холбоо бариагүй гэсэн. Том эгч Б.С 10 000 000 төгрөгийг чинь авснаасаа хойш алга болсон. Одоо миний дүү шүүхээр явж байгаа бол түүгээр нь явж шийдүүл. Б.С их сонин болсон байна гэж хэлсэн. Б.С нь надаас нэг удаа уучлалт гуйж ирээгүй. Намайг гэрт нь ороход өөдөөс дандаа загнаж, муухай аашилдаг учир би гэрт нь очихоо больсон. Хавар эвлэрүүлэн зуучлалд хандахад нь Б.М ах мал болон хороо хэрхэн манайд ирснийг тайлбарлаж хэлсэн. Б.С өөрөө түүнийг сонссон. Мөн Хонхорын 1 өрөө байранд одоо би амьдарч байгаа. Манай ээж, талийгаач ах 2 тэнд амьдарч байсан. Тэр байр Б.М ахын эхнэрийн нэр дээр байдаг. 2017 оны өвөл би Б.М ахынхаа 400 тооны малыг зарж 9 000 000 төгрөгийг хүүхдийнх нь дансанд хийсэн. Тэр баримт нь Б.М ахын хүүхдийн данснаас харагдана. Би бага малаас Б.М ахынхаа хувийг өгсөн гэж бодож байгаа. Би Б.С ухаарч, ахтайгаа эвлэрэх байх гэж их харсан. Мөн би ноднин өвлөөс өмнө өвлийн идэш, хоолны махыг нь байнга нэг бүрчлэн эвдэж хөргөгчид нь хийж өгдөг байсан. Би байнга харж хандаж байсан. Манай бүх ах, дүү нар намайг харж хандахаа байсан гэж хэлсэн. Бид байнга утсаар ярьж, загнаад байхаар нь бид харьцахаа больсон. Б.М ахыг хавар эвлэрүүлэн зуучлалд хандахдаа ч загнасан. Б.М ах би энэ хэрүүлээс чинь гарлаа, чи Б.С өгөх юм байвал өг гэсэн. Тэгээд би 200 тооны мал зарж 10 000 000 төгрөг өгсөн. Би өөрөө бас амьдралтай хүн. Мөн давхар айлын адуу мал хардаг. Тэр хүмүүс надад сар болгон надад 1 000 000 төгрөг өгнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй явж байгаа. Тэглээ гээд би хэрүүл, маргаан үүсгээгүй. Б.С гудамжинд таарахаараа хэрүүлийн үг хэлж загнадаг. Дээд боловсролтой, сургуульд багшаар ажилладаг хүнээс ийм авир гардаг гэж бодохоор айж байна. Аавыг нас барахад аавын байрыг бид Б.С өгч банкны өрийг нь хүртэл дарж өгсөн. Үүнийг бүгд мэднэ. Мөн аавын минь бүх бурхан тахилыг гаргаж хаяад өөрөө есүс шүтдэг болсон байсан. Манай ах надад ээжээс үлдсэн 5 ханатай гэрийг чи мал маллаж байгаа хүн ав гэж хэлсэн. Түүнийг нь би янзлаад амьдарч байхад миний эхнэрийг чи миний ээжийн гэрийг янзлаад амьдарч байдаг хэн бэ? гэж хэлснээс болоод энэ хэрүүл үүссэн. Харин ч тэр гэрийг сайхан авч яваад баярлахын оронд хүнийг загнадаг хүн. Би Б.С бөөрний дутагдалд ороод Улаанбаатар хотод эмнэлэгт байхад нь би л сахиж байсан. Мөн Б.С 2 хүнтэй хамтран амьдарч байсан. Сүүлийн нөхөр нь Б.С зодож, гэрийнх нь юмыг хулгайлахад нь би очиж хөөж явуулсан. Миний дүү ингэж явж болохгүй гэж зөндөө хэлж гуйсан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч өөрийн хөрөнгөө бусдын хууль бус өмчлөлөөс шаардана гэсэн зохицуулалттай. Үүнээс өмгөөлөгч нэг зүйлийг нэхэмжлэгчид ойлгуулах хэрэгтэй. Нэхэмжлэгч өв залгамжлах эрхтэй холбоотой маргаж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн хууль ёсны хөрөнгөтэй ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч би аав ээжийгээ асарч байгаад нас баруулсан. Тиймээс хөрөнгө шаардах эрхтэй гэж маргаж 300 хонь, 200 ямаа гээд 500 бог мал буюу 54 000 000 төгрөг нэхэмжилсэн. Эдгээр мал нь аав, ээжээс минь надад үлдээсэн мал гэж маргадаг. Харин хариуцагч тал нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өвийг хүлээн авсан гэж үзсэн. Б гэдэг хүн нас барахдаа байртай байсан ба түүнд одоо Б.С нь өөрөө амьдарч байгаа. Б гэх хүнд нас барахад нь байраас өөр хөрөнгө байгаагүй. Б гэх хүн малаа нас барахаасаа өмнө хүү Б.О шилжүүлж, Б.О дүү Б.Ц шилжүүлсэн байдаг. Б.Ц өөр хэнд ч шилжүүлж болох байсан. Харин өвлүүлэгчид энэ хөрөнгө байгаагүй. Б гэх хүнд байр байсан ба түүнийг нас барсны дараа түүний хүүхдүүд авахаас татгалзсан санал гаргаж Б.С шууд шилжин очсон. Мөн 2019 оноос өмнө 1 000 гаран тооны малтай байсан ч хаврын 150 000 000 төгрөгийн маргаан үүсэхэд хариуцагч талаас хэд, хэдэн удаа буулт хийж малаа зараад 10 000 000 төгрөгийн нэхэмжлэгчид өгсөн. Түүнээс шалтгаалан Б.С нь би ахынхаа бүх мал хөрөнгийг авах гэж байна гэж яагаад бодоогүй вэ? үүнийг бодохгүйгээр би өөрт хамааралтай хэсгээ авах гэж байна гэж маргадаг. Гэтэл өөрт нь хамааралтай хэсэг нь аль нь вэ? гэдгээ тодорхойлоогүй байна. Мөн түүнийг яагаад авах гээд байгаа вэ? худалдах худалдан авах, болон өвлөх эрхийн хүрээнд хэрхэн авах гээд байгаа нь тодорхойгүй байна. Мөн Б болон П нар нь өөрийн малаа хүү Б.О өгөөд энэ үеэс бусад хүүхдийн хөрөнгийн талаар ярих боломжгүй болсон. Үүний дараа тухайн мал хөрөнгийг хэнд шилжүүлэх нь О эрх хэмжээ. Хүү Б.О хэнд шилжүүлэхээ мэднэ. Үүнийг малын А данс нотолдог. Хэзээ малтай, байсан хэрхэн шийдэгдсэн, яаж өөрчлөгдсөнийг нэхэмжлэгчийн өнөөдрийн гаргаж өгсөн нотлох баримт нотолно. Харин тэр үед Б.Ц малтай байсан, үгүй нь хамааралгүй. Нэхэмжлэлийн хүрээнд яригдах хөрөнгө нь Б.О тасалдсан. Өвлүүлэгч Б гэх хүн нас барахдаа малгүй байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн дундын өмчтэй холбоотой заалтыг тайлбарлая. Мал гэх нэр дундын өмч үү? нэгж хөрөнгө нь дундын өмч үү гэдгийг салгаж ойлгох хэрэгтэй. Тухайн өмчийн нэр дээр хэдэн хүний нэр бичигдсэн байна. Тэр нь тэдний дундын өмч. Хэн нэг нь захиран зарцуулах бол бусдаасаа зөвшөөрөл авдаг хөрөнгийг дундын өмч гэдэг. Харин малын хувьд Б.Ц нэр дээр байдаг ба Б.С нэр дээр байдаггүй. Малыг тоо тоогоор нь нэг нэр дээр бүртгэдэг. Хууль тогтоомжид ч хэдэн тоогоор байна хамааралгүй нэг хүний нэр дээр бичигдэнэ гэж заасан. Дундын өмч мал дээр яригдахгүй. Гэрчүүдээс Б.С мал зүсэлж хувиарлаж байсан уу гэж нэхэмжлэгч болон хариуцагч талаас асуусан. Тэгэхэд бүх гэрч тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тухайн үед энэ тооны мал Д.Б болон Л.П гэх хүмүүсийн нэр дээр байсан бол өөр зүйл яригдах байсан. Магадгүй ах хүний хувьд Б.Ц ч түүнтэй маргахгүй байсан. Хэргийн материалд Б.Ц нь мэргэжил эзэмшээгүй, багаасаа мал малласан тухай баримт байгаа. Энэ хүн мал маллаж өөрийн малын эх үүсвэрийг бий болгосон ба ах, дүү нар нь тухайн малын тоог нэмэгдүүлсэн. Гэрчүүд болон хариуцагч нар аавыгаа амьд сэрүүн байхад нь малыг нь 1 000 гэж тоолуулаад нэр алдрыг нь мандуулах зорилготой байсан гэж тайлбарладаг. Дундын өмчийн шаардах эрх нь хуулиар хамгаалагдсан байдаг. Өөрөөр хэлбэл малын бүртгэлд Б.С нэр байх ёстой. Нэр нь байсан ч тодорхой хөдөлгөөний улмаас нэр нь баларсан байж болох ч ийм зүйл мал дээр яригдахгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох ёстой. Шаардах эрх нь тодорхой байх хэрэгтэй. Нэхэмжлэх зүйл нь нэхэмжлэгчийн өмч мөн эсэх нь тодорхой байх хэрэгтэй. Үүнтэй холбоотой нотлох баримтууд нь хэрэгт байх ёстой. Тэгэхэд ямар баримт хэрэгт байхгүй. Тиймээс бусдын хөрөнгийг шударга бусаар авч болохгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.С нэхэмжлэлтэй Б.Ц холбогдох иргэний хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Харин тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Б.С холбогдуулан сөрөг нэхэмжлэлийг үүгээр гаргаж байна. Би ахын хувьд өөрийн дүү Б.С ахын сэтгэлээр харамгүй хандаж, халамжилж ирлээ. Малынхаа ноолуурыг борлуулж, сургуулийнх нь төлбөр, зардлыг төлж байсан. Миний хувьд Б.С 2011-2013 оны үед бөөрний дутагдал гэсэн оноштой хүндээр өвчлөхөд нь Улаанбаатар хотод сахин эмчлүүлэн хөл дээр нь босгож байлаа. 2015 онд бэлнээр 5 000 000 төгрөг, 2016 онд бэлнээр 4 000 000 төгрөг, зарим жил сургуульд орох үеэр болон өвлийн цагаар 1 000 000 төгрөг, мөн нэг удаа 800 000 төгрөг болон 400 000 төгрөг өгч байсан. Эдгээр үйлдэл нь нэг удаа талархал хэлж байсангүй. Хүн нас нэмээд ухаан суудаг байтал төрсөн ахынхаа гэр бүлийн ажил амьдрал болсон аж ахуйг өөрийн болгохоор нэхэж байгааг зөв сэтгэлээр ойлгож чадахгүй байна. Хамгийн сүүлд 2019 онд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 100 ишигтэй ямаа нийт 200 мал зарж 10 000 000 төгрөг өөрийнх нь дансаар шилжүүлэн өгсөн. Байнга нэхэж ирсэн заншлаараа авах мөртөө, машин авмаар байна хүүхдэд асаргаа шаардлагатай байна, мөнгө өг гэхлээр 10 000 000 төгрөг өгсөн. Ингэхдээ үүнийг аваад дахиж хэзээ ч нэхэхгүй гэсэн. Гэтэл тав, зургаахан хоногийн дараа шүүхээс нэхэмжлэл, бүхэл бүтэн амьдрал ахуйг минь дааж явдаг мал, хөрөнгийг бүхлээр нь битүүмжлэх шийдвэрийн хамт ирсэн. Халамж хайрыг минь хүртэж ирсэн төрсөн дүү маань хэлэлцэн ярьж ойлголцохын оронд хэрэлдэн маргаж, шүүхийн өмнө зогсож, авсандаа ханахгүй шунахай зан гаргаж байгаад үнэхээрийн гомдож байна. Нэгэнт ийм байдал гаргаж байгаа учир угаас түүний өмнө өргүй, хүлээсэн үүрэггүй би бусад өгснөө тооцохоо болъё. Харин баримттай өгсөн 10 000 000 төгрөгөө эргүүлэн авахаар шийдлээ гэжээ.

Нэхэмжлэгч Б.С сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 10 000 000 төгрөг авсан нь үнэн. Эдгээр хүмүүс намайг харж хандаагүй олон жил болсон. Дахин хэдэн жил ч болж мэднэ. Мөн би тухайн үед Улаанбаатар хотоос өмгөөлөгч авсан байсан. Тэр өмгөөлөгчөө энэ хүмүүстэй яриулахад мөнгө өгье гэсэн байсан. Тэр мөнгөө надад уурлаж, хэрүүл хийж байж өгсөн. Надад бол их мөнгө ч дундын их хэмжээний эд хөрөнгөнөөс 10 000 000 төгрөг нь 1 жилийн ноолуурын хагас үнэнд ч хүрэхгүй мөнгө. Тэгэхэд намайг 10 000 000 төгрөг аваад шүүгч, өмгөөлөгчид өгсөн үү? гэж хэлсэн. Тэгэхэд нь би 10 000 000 төгрөгийг нь авсан. Аваагүй гэж хэлэхгүй гэж Б.Ц ахад хэлсэн гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Н сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар ч хүн зүгээр хүнд мөнгө өгөхгүй. 10 000 000 төгрөг нь нэхэмжлэгч Б.Ц хүүхэддээ зарцуулаарай, өрөө дараарай гэж дүүдээ бэлэглэж хариу нэхэхгүй өгсөн мөнгө. Мөн ах, дүү хүмүүс цаашдаа муудахгүй, маргахгүй явъя гэсэн болзолтой өгөгдсөн мөнгө. Гэтэл уг болзол биелэгдээгүй. Тиймээс нэхэмжлэгч Б.Ц гомдож сөрөг нэхэмжлэл гаргасан. Төрсөн ах, дүү хүмүүс шүүхэд ирээд бие биеэ ийм, тийм гэхэд хэн гомдохгүй байх билээ. Мөн нэхэмжлэгч Б.Ц ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учир Б.С харж хандах ёсгүй. Өмнө нь Б.С, Б.Ц нар нь гэр бүл байсан ч одоо Б.С, Б. нар нь нэг гэр бүл биш. Хариуцагч Б.С намайг харж хандсангүй гэж гомдож байхад нэхэмжлэгч Б.Ц нь миний гэр бүлийг доромжилсон гэж гомдож өгсөн мөнгөө буцааж нэхэмжилсэн. Мөн ямар ч хүн хүнд зүгээр мөнгө өгөхгүй. Хэн ч хүнээс зүгээр мөнгө авахгүй. Тиймээс хэн нэгэн үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н 10 000 000 төгрөгийн бэлэглэлийн гэрээ хэллээ. Уг мөнгө бэлэглэлийн гэрээтэй холбоогүй. 2018 оны хавар эвлэрүүлэн зуучлалд 100 ишигтэй ямаа өгье гэсэн зүйл яригдаж, түүнийг Б.С хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Тэр нь эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ утгаараа 100 ямааны оронд 10 000 000 төгрөг өгсөн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэр бүлийн талаар ярьж байна. Бид гэр бүлийн талаар яриагүй. Б.Ц нь 1999 онд гэр бүл болоод энэ ам бүлээс тусдаа гарсан. Б.С ам бүлд эцэг Б, эх П, ах Б.О, Б.С 4 бүртгэлтэй байсан. Энэ ам бүлд мал хөрөнгө байсан. Б.О болон Б гэдэг хүмүүсийн нэр дээр мал нь тоологдож яваад 2014 оноос Б.Ц гэх хүний нэр дээр уг мал очсон. Энэ мал хөрөнгөө Б.С нэхэмжилж байгаа. Өв хөрөнгөтэй холбоотой зүйл яриагүй. Тодорхой цаг хугацаанд малын ашгийг хэрэглэсэн хүмүүсээс 500 тооны малыг нэхэмжилсэн. Б.С ам бүл бүгд нас барсан. Мөн би дундын өмчтэй холбоотой зүйл яриагүй. Гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж хэлсэн. Б.С гэр бүлийн дундын эд хөрөнгө Б.Ц гэдэг тусдаа айлд шилжсэн байдаг. Б.О болон Б.Ц нар нь тус, тусдаа мал хөрөнгөтэй байсан нь малын А дансаар нотлогдсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр бусдын хууль бус өмчлөлөөс өөрийн хөрөнгө авах зорилгоор Б.С нэхэмжилсэн. Б.С 10 000 000 төгрөг өгсөн нь тодорхой хэмжээний Б.С эд хөрөнгө байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн асуудал. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? Мөн Б.С нь аав, ээж, ах нартайгаа нэг ам бүл гэж тоологдож тэр ам бүлд байсан мал хөрөнгөнөөсөө тодорхой хэмжээний мал хөрөнгийг нэхэмжилсэн гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. 2018 онд Б.Ц банкнаас зээл авахдаа 1 218 тооны мал хөрөнгөтэй гэж барьцаанд тавьсан байсан. Үүнээс харахад Б.Ц тодорхой хэмжээний мал хөрөнгөтэй байсан нь харагддаг. Урьд Б.С шилжүүлж өгсөн 10 000 000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй. 10 000 000 төгрөг нь маргалдаж байж Б.С ирсэн мөнгө. Бэлэглэлээр ирээгүй. Мөн нэхэмжлэгч Б.Ц өмгөөлөгч нь Б.С тэгж хэлээд мөнгө ав гэсэн гэх зүйл хэллээ. Би тийм зүйл хэлээгүй гэдгээ мэдэгдье. Би тэр үед Б.С өмгөөлөгч болоогүй байсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ц холбогдох 300 толгой хонь, 200 толгой ямаа, нийт 500 толгой мал буюу 54 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч Б.С холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430 090 төгрөг, хариуцагч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан хариуцагч Б.Ц өмчлөлийн 285 толгой бог малыг битүүмжилсэн арга хэмжээ дуусгавар болохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч Э.С нар давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШШ2019/00162 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.   Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт:

1. ... 2005, 2008 оны Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн хүн амын дэлгэрэнгүй бүртгэлээс /хх18-19/ үзэхэд Д.Б, Л.П, Б.О, Б.С нар нэг гэр бүлийн гишүүнд бүртгэлтэй байгаа боловч үүнээс хойш болон нэхэмжлэл гаргах үед Б.С нь Д.Б, Б.О нарын гэр бүлийн гишүүн байсныг, мөн би тусдаа гарч гэр бүл болж байгаагүй гэсэн тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлэхгүй, баримтаар нотлоогүй.

Хэдийгээр нэг гэр бүлд нь багтаж байсан 2001-2011 он хүртэл Д.Б /хх4-11/, 2012-2013 он хүртэл Б.О /хх 12-13/ нэр дээр малын А данс бүртгэлтэй байсан ч Б.С тухайн гэр бүлийн гишүүн байсан болохыг нотлохгүй юм. Тодруулбал: хэрэгт авагдсан 2012 оны Б.О малын А дансны ам бүлийн гэсэн хэсэгт ам бүл 2, үүнээс эмэгтэй нэг,  60 ба түүнээс дээш насны 2 гэж бүртгэсэн. 2013 оны малын А дансны ам бүлийн тоо гэсэн хэсэгт 1, малчдын тоо 1, 35-39 насны 1 гэж бүртгэсэн байна. Дээрхи бүртгэлээс үзэхэд ам бүлийн тоо, малчдын тоо, үүнээс эмэгтэй, нас зэрэгт бүртгэсэн бүртгэлд Б.С бүртгэлгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.С миний бие болон бидний ах, эгч бид аав ээжээсээ есүүлээ төрж өсцгөөсөн. Миний талийгч ах Б.О бид хоёроос бусад ах, эгч нар бүгд өрх гэр бүл тусгаарлан амьдарч, харин ах Б.О бид хоёр гэрлэж, өрх тусгаарлаагүйгээс ээж аавыгаа насан эцэслэтэл хамт амьдарсан болно.

Гэтэл шүүх Б.С миний биеийг аав Д.Б, ах Б.О нартай нэг гэр бүлд байсан болон мөн тусдаа гэр бүл болж байгаагүй гэдэг нь нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Миний биеийг болон талийгч ах Б.О аав, ээжээсээ  ам өрх тусгаарлаж гараагүй гэдгийг хариуцагч ах Б.Ц тайлбараар нотлогддог. Мөн миний аав ээж хоёр насны эцэс болтлоо гэр бүл байсан, тэд гэр бүлээ цуцлуулж тусдаа амьдарч байгаагүй. Харин аав Д.Б бид хоёр Сүмбэр сум 1-р багт Төмөр замынхаа орон сууцанд буюу бидний төвийн гэртээ, ээж Л.П ах Б.О хамт Сүмбэр сум 4 дүгээр багт хөдөөний гэртээ малаа маллаад амьдардаг байсан. Энэ байдал нь бидний ам бүлийн тусгаарлах бодит хүчин зүйл биш юм.

Миний эцэг Д.Б 1997-2008 он хүртэл 4 ам бүлтэй гэж хүн амын тооллогоор тоолон бүртгэгдэж байгаад 2009-2011 онд аав, ээж ах бид 4-ийн хэн нэгнийг орхигдуулан ам бүл 3 гэж тоолсоноор барахгүй, 2012 онд ам бүл хоёр гэж аав ээж хоёрыг тоолон бүртгэж, ах бид 2-г орхигдуулж бүртгэсэн, 2013 онд аав бид 2-ыг орхигдуулан тоолж, ах О ганцааранг нь тус тус ташаа бүртгэсэн байна.

-2009-2011 оны аав Д.Б малын А дансанд Б.С миний биеийг аав Д.Б, ах Б.О нартай нэг ам бүлд байсныг нотлох баримт байгааг доорхи байдлаар түүвэрлэв.

-2009 оны Д.Б малын А дансны ам бүлийн тоо гэсэн хэсэгт ам бүлийн тоо 3, малчдын тоо 3, үүнээс 16-34 насны гэдэг -1 /миний бие 2009 онд 31 настай, ах Б.О 38 настай байсан/, 35-39 насны гэдэгт -1, эм 55, эр 60 ба түүнээс дээш насны гэдэгт 1,

-2010 оны Д.Б малын А дансны ам бүлийн тоо гэсэн хэсэгт: ам бүлийн тоо 3, малчдын тоо 3, үүнээс эр 35-59, эм 34-54 насны гэдэгт -1, эм 55, эр 60-аас дээш насны гэдэгт – 2, нийт малчдаас эмэгтэй гэдэгт -1

-2011 оны Д.Б малын А дансны ам бүлийн тоо гэсэн хэсэгт: Ам бүлийн тоо 3, малчдын тоо 2, үүнээс 16-34 насны гэдэгт -2, нийт малчдаас эмэгтэй 1,

-2012 онд ах О малын А дансны ам бүлийн тоо гэсэн хэсэгт: Ам бүлийн тоо 2, 60-аас дээш насны гэдэгт-2

-2013 онд ах О малын А дансны ам бүлийн тоо гэсэн хэсэгт: Ам бүлийн тоо 1, дээр дурдсан нотлох баримтанд 2009 онд ээжийг, 2010 онд ах бид хоёрын хэн нэгнийг, 2011 онд аавыг, 2012 онд ах бид хоёрыг, 2013 онд аав бид хоёрыг тус тус орхигдуулж, 4 ам бүлийг 3 гэж бүртгэсэн. Мөн манай гэр бүлд малчин 3 байгаагүй ээж Л.П, ах О хоёр л малаа маллаад хөдөө байдаг байсан.

Ах Б.О маань насны эцэс болтлоо аав бид хоёроос ам бүл тусгаарлаагүй байсан. Ах О  ээж Л.П нас барсаны жил болох 2013 онд хөдөө хэдэн сар малаа маллаж байгаад малын болон хүн амын тооллогонд ам бүл-1 гэж бүртгэгдсэнээр аав бид хоёр мал хөрөнгөгүй болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Б.О ах маань төв орж амьдрах болж өөрийн ах Б.Ц малаа маллуулах гэж өгсөнөөс ах Ц өмчлөлд малаа шилжүүлээгүй. Гэтэл ах Ц нь аав болон ах бид нарын зөвшөөрөлгүйгээр манай малыг өөрийн мал дээр нэмж 2014 оны жилийн эцсийн тооллогоор тоолуулан, өөрийн өмчлөлийн мал хөрөнгө шиг малын А дансанд бүртгүүлсэн болох нь 2013 оны Б.О малын А данс, 2013-2014 оны Б.Ц малын А дансуудаар нотлогдож байна:

Мөн ах Б.Ц малтай 2013 онд Б.О ахын А дансанд тоологдсон 737 толгой мал холилдож нийлээгүй. Энэ нь ч ах Б.Ц 2013 онд 382 толгой мал тоолуулсан малын А дансаар давхар нотлогдоно.

2. Шүүх дээрхи нөхцөл байдлыг дүгнэхдээ Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Хууль гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно ... гэж үзнэ хэмээн зааснаас үзэхэд 2013 оны Б.О малын А дансанд бүртгэлтэй байсан 737 толгой мал 2014 онд Б.Ц шилжсэнээр Б.О өмчлөх эрх дуусгавар болсон ба гэрч нараас тухайн үед Б.С мал хуваарилж өгч байгаагүй гэж мэдүүлдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэжээ.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалт нь өмчлөх эрх шилжих, өөрчлөгдөх үйл явц дуусгавар болох үеийг зохицуулсан зохицуулалт юм. Харин Б.О нь өөрийн гэр бүлийн өмчлөлийн 737 толгой малаа Б.Ц өмчлөлд шилжүүлээгүй өөрөөр хэлбэл Б.О нь Б.Ц малаа худалдаалаагүй, бэлэглээгүй өөр бусад гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлээгүй зөвхөн ах дүүгийн ёсөөр гэр бүлийн өмчлөлийн малыг маллуулахаар шилжүүлсэн байхад шүүх ямар нэг нотлох баримтгүйгээр Б.О гэр бүлийн өмчлөлийн малаа Б.Ц өмчлөлд шилжүүлсэн мэтээр хууль буруу хэрэглэж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм.

Миний бие ах Б.Ц өөрийн гэсэн мал хөрөнгөтэй байж яагаад хоёр нялх хүүхэдтэй, өрх толгойлсон охин дүүгийнхээ мал хөрөнгөд бүрэн эзэн суучихаад надад өгөх мал хөрөнгө байхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Миний бие ах Б.Ц хоол хүнс авчирч өгч байсныг үгүйсгэхгүй, гэхдээ хоёр хүүхдээ тэжээх, дуртай цагтаа нэг мал аваад идчих, боломжтой цаг үед хэдэн мал борлуулдаг баймаар байна. Би юм болгонд ах Б.Ц гарыг харж, юү гэх юм бол гэж байх нь хүндрэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШШ2019/00162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.С миний нэхэмжлэлийн шаардлага болох 500 толгой бог малны үнэ болох 54 000 000 төгрөгний 175 толгой хонь болох 21 000 000 төгрөг, 100 толгой ямаа болох 9 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Ц холбогдуулан түүний эзэмшиж буй мал нь талийгч ах Б.О бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учир үүнээс 300 толгой хонь, 200 толгой ямаа, нийт 500 толгой бог мал буюу 54 000 000 төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн  шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, улмаар нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгч уг мөнгийг авсан нь үнэн, энэ нь  маргалдаж байж ирсэн мөнгө,  гэхдээ  буцаан өгөх үндэслэлгүй хэмээн талууд маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын аль алиныг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч тал  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, шийдвэрийг хүчингүй болгож, 500 толгой бог мал буюу 54 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас нийт 275 толгой бог мал буюу 30 000 000 төгрөг гаргуулж  өгнө үү гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдол гаргасан байна. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С болон түүний өмгөөлөгч Э.С нараас давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгыг тодруулахад нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй, 275 толгой бог мал буюу 30 000 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй, энэ байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү, ер нь хуульд заасан эрхийнхээ дагуу анх хариуцагч Б.Ц холбогдуулан гаргасан 500 толгой бог мал буюу 54 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад зохигч талуудаас амаар гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээс үзэхэд:  давж заалдах гомдолд дурдсан 275 толгой бог мал буюу 30 000 000 төгрөгний шаардлагын зарим болох 10 000 000 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч тал  татгалзаж, өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэлийн 10 000 000 төгрөгийг тооцон хасч энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шаардлагын дүнг 20 000 000 /хорин сая/ төгрөг болгож хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасныг хариуцагч тал зөвшөөрч, харин төлж барагдуулах хугацааны хувьд хариуцагч тал нь  20 000 000 төгрөгийг хоёр хувааж төлөх,  2021 оны 05 дугаар сард 10 000 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сард 10 000 000 төгрөгийг гэсэн хуваариар төлөх агуулга бүхий тайлбар, санал гаргасныг нэхэмжлэгч тал нь хүлээн зөвшөөрч, өөрөөр хэлбэл зохигч талууд хэн алиныхаа гаргасан “санал, хүсэлтийг ”-г харилцан зөвшөөрөлцөж “эвлэрлийн гэрээ”-г  бичгээр байгуулсан .

Эвлэрлийн гэрээнд зохигч буюу нэхэмжлэгч Б.С, хариуцагч Б.Ц нар болон байлцсан гэж талуудын өмгөөлөгч Э.С, П.Н нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү талуудын хооронд бичгээр байгуулсан “эвлэрлийн гэрээ” нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв.

Улмаар талууд Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцлийг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “ давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн,  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн зохигч эвлэрэн хэлэлцсэнээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг,  мөн энэхүү зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учиртай болохыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.5, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус  хуульчлан зохицуулсаныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :         

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШШ2019/00162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.С нь 275 толгой бог мал буюу 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 10 000 000 төгрөгийн  хэмжээгээр багасгаж, хариуцагч нь үлдэх 20 000 000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг нь 2021 оны 05 сард, 10 000 000 төгрөгийг нь 2022 оны 05 сард гэсэн хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч Б.Ц сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД                                          О.ОДНЯМАА

                                                               Х.БАЙГАЛМАА