Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2019/00162

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ц-д холбогдох,

 

Б.Ц-ны эзэмшиж байгаа малнаас 300 толгой хонь, 200 толгой ямаа, нийт 500 толгой мал буюу 54 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр,

10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний талийгч ээж Л.П нь 1995 онд саалийн хэдэн үнээ, 2 унагатай гүү, гучаад толгой бог мал өмч хувьчлалаар авч өөрийн хэдэн баг малыг нийлүүлэн Сүмбэр сум, 4 дүгээр баг, Тэрэгт гэх газарт ах Б.Ц, Б.О, эгчийн хүү У, Б нарын хамт малладаг байсан. Ах Б.Ц 1998 онд М гэр бүл болж тусдаа амьдрах болсон ба ах Б.Цг гэр бүлтэй болоход ээж, ах Б.М болон бусад ах дүүгийн хамт гэр барьж өгч эд хөрөнгө өгснөөс гадна ээж Л.П нь ах Б.Ц-г гэр бүл боллоо гэж маллаж байсан малнаасаа 300 толгой бод, бог нийлсэн мал тасдаж өгч байсан. Б.Ц ах гэр бүл болж тусдаа гарч амьдарснаас хойш ээж Л.П минь ах Б.О, эгчийн хүү У нарын хамт хөдөө амьдарч малаа маллаж байгаад ээжийн бие 2010 оны үед муудаж төв дээр орж энэ үеэс эгчийн хүү У малаа маллаад үлдсэн. Харин Б.Ц ах нь 2003 онд өөрийн малаа зарж борлуулаад Сүмбэр сум, 2 дугаар баг, Малхын 6 тоотод хашаа байшин авч эхнэр М нь Петровис компанид түгээгч хийж ах Б.Ц тогтсон ажилгүй төв дээр амьдарч байгаад 2014 оны орчимд ах Б.Ц-х хөдөө гарч ээжийн бог бод нийлсэн 800 гаран толгой малыг авч малласан. Ээж Л.П 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, ах Б.О 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, аав Д.Б 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Миний бие аав, ээж хоёрыгоо аль алинг асарч, харж хандаж байгаад насны эцсийг нь үзүүлсэн. Ээж минь амьд сэрүүн байхдаа энэ хэдэн мал Б.О /ах/ та хоёрын л мал хөрөнгө болно гэж хэлдэг байсан. Миний бие аав, ээж ах Б.О нарын хамт нэг ам бүл гэж явдаг байсан. Гэтэл ах Б.Ц нь ээж, аав, ах Б.О нарыг нас барснаас хойш ээж, аавын малыг маллан эзэн сууж захиран зарцуулж байдаг ба миний бие ээж аавын үлдээсэн мал хөрөнгөөс өөрийн тодорхой хувийг авах гэж 5-6 жил ярьж хэлж байсан хэдий ч тодорхой үр дүнд хүрч чадахгүй өнөөдрийг хүрээд байна. Ээж П, ах Б.О нараас Б.Ц ах 2014 онд 737 толгой бод, бог мал авч маллаж байсан ба одоо уг малыг ах Б.Ц нь өөрийн ахуй амьдралдаа хэрэглэж, өсгөж үржүүлж, Сүмбэр сумын 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор бог, бод нийлсэн 1054 мал тоолуулсан байна.

Миний бие нь 2015 оны 05 дугаар сард ах Б.О-ныг нас барснаас хойш ах Б.Б, Б.М, Б.Ц нартаа би байраа томруулмаар байна, машин авмаар байна, өөрийн гэсэн мал хөрөнгөө авья гэж 2016 оны зун намраар аавын 49 хоногийн дараа эгч Х, ах Б.Б нарын хамт өөрийн мал, өмч хөрөнгийг хувааж авах ах Б.М, Б.Ц нарт хэлж байсан ба үүнээс хойш ах Б.М, ах Б.Ц нарт 2016 оны намраас эхэлсэн 2019 оны хавар хүртэл надад мөнгө хэрэгтэй байна, банкны өр ширээ дармаар байна өөрт ногдох мал, эд хөрөнгийг авах талаар өөрийн мал хөрөнгийг авах талаар хэлж байсан тодорхой шийдэлд хүрээгүй, надад мал хөрөнгө гэж тастаж өгсөн зүйл байхгүй. Мөн би ах Б.М, Б.Ц нарт талийгч ээж минь амьд сэрүүн байхдаа энэ хэдэн мал бол Б.О, Б.С нарын мал хөрөнгө болно гэж байсан шүү, надад өөрийн гэсэн мал эд хөрөнгийг тастаад өгөөч гэхээр үг дуугарахгүй утсаар ярьж байсан бол утсаа салгах, зэрэг надад оногдох ёстой эд зүйлийг шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Б.О ахаас Б.Ц ахад шилжсэн 737 мал бол хариуцагч Б.Ц мал хөрөнгө биш харин Б.Ц ах өөрийн нэр дээр маллаж байгаа гэдгээрээ эзэн суугаад миний биед зохих өмч хөрөнгийг тастаж өгөхгүй байгаад гомдолтой байна.

Иймд миний бие хариуцагч Б.Ц эзэмшиж байгаа малнаас 300 толгой хонь /нэг толгой хонь 120 000 төгрөг, 300 толгой хонь 36 000 000 төгрөг/, 200 толгой ямаа /нэг толгой ямаа 90 000 төгрөг, 200 толгой ямаа 18 000 000 төгрөг, бүгд 500 толгой ямаа буюу 54 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би аав, ээж, ахтайгаа нэг ам бүл гэж явдаг байсан. Ажлын шаардлагаар их сургуулиа төгсөөд аавыгаа хараад би төвд амьдарч, ах Б.О минь ээжтэй хамт хөдөө амьдардаг байсан. Би айлын отгон охин. Ээж минь амьд байхдаа энэ хэдэн малыг Б.О та 2 тусдаа гараагүй үлдсэн учраас ээж нь та хоёрын төлөө маллаж байна гэж хэлдэг байсан. Тиймээс би өөрийн хөрөнгөө авъя гэж бодсон. Би өөрийн гэсэн хөрөнгөтэй байж, өөрөө хоол ундаа зохицуулж байя гэж бодсон. Мөн эвлэрүүлэн зуучлалд хандсаны дараа энэ хүмүүс эвлэрье гэж хэлэх болов уу гэж их харсан. Тэгэхэд хэн ч надад хэлээгүй, намайг гэх болов уу гэж бодсон ах, дүү нар минь нүүрээ бууруулсан.

Тиймээс би шүүхэд хандаж ээж, аавынхаа үлдээсэн хөрөнгөөс өөрийн хөрөнгөө авъя гэж нэхэмжилсэн. Би Б.Ц ахтай уулзахдаа банкны зээлээ хүртэл харуулж байсан. Мөн миний бие өвдөөд Улаанбаатар хот орж үзүүлмээр байна гэхэд заа гэж хэлээд алга болдог байсан. Энэ хүмүүсийн хэрэглэсэн зүйл нь 54 000 000 төгрөгөөс давсан гэдгийг энэ хүмүүс ойлгохгүй байна. Надад нэг нь ирээд ах нь өвлийн идшийг чинь аваад ирлээ. Эгч нь өрийг чинь дараад өгье гэсэн бол би өнөөдөр шүүх гэж явахгүй байсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжилж байгаа маргаан. С.Б гэх хүн 2001-2011 он хүртэл малын бүртгэлд тоолуулсан байдаг. Говьсүмбэр аймгийн архивын тасгаас ирүүлсэн 2003, 2005, 2008 оны архивын лавлагаанд Д.Б, Л.П, Б.О, Б.С нар нь нэг ам бүл гэсэн тоо баримт авагдсан. Бусад оны баримтууд архивд хадгалагдаагүй тул байхгүй гэсэн. Мөн 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтод Б.С нь эцэг Д.Б-ын хамт 2016 он хүртэл амьдарч байсан гэсэн баримтууд хэрэгт авагдсан. Маргааны гол зүйл мал. Мал нь 2001-2011 он хүртэл Д.Б-ын нэр дээр тоологдож, 2011-2013 он хүртэл хүү О-ны нэр дээр тоологдож, 2014 оноос хойш 737 тооны мал хүү Ц-ны нэр дээр шилжсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. У гэрчийн мэдүүлэгт малыг 2013 оны хавар Б.Ц-ны нэр дээр шилжүүлсэн гэдэг. Мөн Б.Ц-ных 2013 онд 338 тооны малтай байсан ба 2014 онд 1 100 толгой малтай болсон байдаг. Үүнээс дүгнэхэд Б.Ц нь 737 тооны малыг авсан нь нотлогдож байна. 2001 оноос хойш Б.Ц нь мал тоолуулж, 2003 онд мал тоолуулаагүй, бусад онуудад мал тоолуулсан байдаг. 2014 оноос хойш малын тоо нь өссөн гэж ажиглагддаг. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Мөн Б.Ц, Б.О нар нь тус тусдаа малаа тоолуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг ба 2012 онд Б.Ц 165 тооны мал тоолуулж байхад Б.О 658 тооны мал тоолуулсан байдаг. 2013 онд Б.Ц нь 382 тооны мал тоолуулж, Б.О 737 тооны мал тоолуулсан байдаг. Тэгээд 2014 онд Б.Ц 1100 мал тоолуулсан байхад Б.О мал тоолуулаагүй байдаг. Үүнээс харахад гэр бүлийн дундын эд хөрөнгө болох мал нь Б.Ц шилжсэн нь нотлох баримтаар тогтоогддог. Б.О 2015 онд нас барахдаа 2014 онд Б.Ц 737 тооны малыг шилжүүлсэн нь үнэн. Гэр бүлийн тухай хуульд гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон амины болон амины бус эд хөрөнгөөр холбогдсон хамтын амьдралтай гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж заасан. Тэгэхээр Б.С нь Б.О, Б, П нар нь нэг гэр бүл байсан нь нотлогддог. Б.О, Б.С нар нь гэр бүл болж ам бүлээ тасалж гараагүй байсан. Б.С нь өнөөдрийг хүртэл аавынхаа гал голомтыг үргэлжлүүлэн амьдарч байгаа. Тиймээс гэр бүлийн дундын эд хөрөнгөөс зохих зүйлийг нэхэмжилсэн. Мөн 300 тооны хонь нэхэмжилж 1 хонийг 100 000-120 000 төгрөгөөр үнэлсэн. 200 тооны ямаа нэхэмжилж 1 тооны ямааг 90 000 төгрөгөөр үнэлж нийт 54 000 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс өөр гэр бүлийн гишүүн мөн, биш гэх асуудлын маргаан байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мэнд-Амар гэх хүн цаг агаар их хүнд байсны улмаас мал их хоргодсон гэсэн зүйл хэлсэн. Үүнтэй холбоотой Цаг уурын шинжилгээний албаны тодорхойлолт авсан. Түүнд цаг уур олон жилийн дунджаас дулаан байсан гэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү?

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн гэв.

 

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.С-гийн нэхэмжлэлтэй Б.Ц-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бүхэлд нь эсэргүүцэж, дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна.

1. Хариуцагч Б.Ц би Б.С-гийн төрсөн ах бөгөөд бид эхээс ах дүү 9 үүлээ байсан. Бидний 1 эгч, 1 ах маань аав, ээжийг амьд сэрүүн байхад нас барж, 1 ах маань ээжийг нас барсны дараа аавыг нас барахаас өмнө нас барсан. Бид одоогоор ах дүү зургуулаа, тус тусдаа аж төрж амьдарцгааж байна. Миний зүгээс дүүтэйгээ ийм асуудлаар шүүх дээр зөрчилдөх болсондоо харамсалтай байна. Нэхэмжлэгч миний дүү Б.С нэхэмжлэлдээ “...талийгч ээж Л.П нь 1995 онд саалийн хэдэн үнээ, 2 унагатай гүү, гучаад толгой бог мал өмч хувьчлалаар авч бага малыг нийлүүлэн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Тэрэгт гэх газарт ах Б.Ц, Б.О, эгчийн хүү У, Б нарын хамт малаа малладаг байсан гэжээ. Эдгээр нь худал юм. Магадгүй миний дүү Б.С нь тэр үед бага балчир байсан болохоор сайн санахгүй байгаа байх. Би анх наймдугаар ангиа төгсөөд 15 настай Зараагийн гашуун гэх газар 50-иад тооны бог малтай, Д-гийнх гэдэг айлийн хажууд мал маллахаар гарч байсан. 1993 онд мал маань өсөөд 1 азарга адуу, бага мал нийлээд 150-иад тооны малтай болсон бөгөөд малаа Д гуайханд орхичхоод цэрэгт явж, 1994 оны намар цэргээс халагдаж ирэхэд ээжид хувьчлалаар үхэр буюу тугалтай үнээ байгаагүй, 1 морь, 1 унагатай гүү, цөөн тооны ямаа, нийт 30 тооны мал миний мал дээр нэмэгдсэн. Ингээд тэр ондоо тэрэгт рүү ээж, талийгч эгчийн хүү Ууган /Ууганбаатар/ бид гурав хөдөө амьдрах болсон. Энэ үед Б.О ах 32 дугаар баазад жолооч ажилтай байсан. Би 1994 оны намраас эхлэн морь уяж эхэлсэн. 1996 оны аймгийн наадмаас анхны түрүүгээ авч байлаа.

2. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Б.Ц ах нь 2003 онд өөрийн малаа зарж борлуулаад Сүмбэр сум, 2 дугаар баг, Малхын 6 тоотод хашаа байшин авч эхнэр Б.М нь Петровис компанид түгээгч хийж ах Б.Ц тогтсон ажилгүй төв дээр амьдарч байгаад 2014 оны орчимд ах Б.Ц-ых хөдөө гарч ээжийн бог бод нийлсэн 800 гаруй мал авч малласан” гэжээ. Гэвч энэ нь мөн л худал юм. Би 2003 онд хөдөө малаа маллаж байсан. Охин М сургуульд орж 2008, 2009 оны хавьцаа байх төвд орон гэртэй байх хэрэгцээ гарч ах Б.Ө-ны хашаа байсан буюу Малхын 6 тоотыг Морин толгой гэх газар байсан өөрийн хороог 3 сая, хурдан удмын буурал азаргаа 1,5 сая, эхнэр М-ын аав, ээж 1 сая төгрөг өгч нэмээд 5, 6 тооны адуу зарж нийтдээ 6 сая төгрөгөөр худалдан авч байсан. Эхнэр 2003 онд Петровист байгаагүй. Хүү П 2 настай байхад буюу хүүхдээ харах зорилгоор 2011 оны 09 дүгээр сард Сод Монголд түгээгчээр орж, 2013 оны 05 дугаар сард надад туслах шаардлагаар ажлаасаа гарч хөдөө гарсан. Харин миний хувьд 2011 оноос хойш Тэрэгт болон Сүмбэр сумын төвд уралдах морио тэжээх, мөн хүүхдүүд болон ах дүү нараа эргэж тойрох зорилгоор хөдөө, төв холбож ирэн очин байж ирсэн. Үндсэндээ хөдөө малаа малласаар ирлээ. Аав ээжийн мал нэхэмжлэгчийн хэлснээр 1995-1998 оны хооронд 40-өөд тооны мал 300 болтлоо өсөх боломжгүй учир надад 300 мал тастаж өгөх боломжгүй юм. Харин би эхнэр М-тай  гэр бүл болж, малаа үргэлжлүүлж малласаар байсан. Нас залуу учир тухайн үед аав дээр малаа тоолуулж байсан. Б.М ах анх таван тугалтай үнээ авчирснаар бидний ах дүү нарын мал анх үхэртэй болсон. Б.С-д огт хамаагүй зүйл юм. Мөн Б.М ах наймаа хийж 1995 оны үед 100-гаад тооны хонь худалдан авч авчирснаар хонь, үхэр өсөхөд нөлөөлсөн. Одоогоор байгаа малд хувь оролцуулсан байдал нь үндсэндээ миний адуу, хонь, ямаа нийлсэн 200-гаад тооны мал дээр Б.М ахын адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн 100 гаруй мал ээжийн адуу, хонь, ямаа 40 өөд тооны мал нийлж байсан. Бидний мал нэг дор явсаар ирсэн бөгөөд тасдаж хэсэгчилсэн тохиолдол нэг ч байхгүй. Бид малаа өсгөхөөр олон удаа банкнаас зээл авч мал худалдан авч байсан. Иймээс өсгөх, харж хандахад нэг ч удаа сэтгэл гаргаагүй Б.С энэ хөрөнгө хэрхэн хүртээлтэйг ойлгохгүй байна.

3. Бид эхээс ах дүү 9-үүлээ бөгөөд 3 нь нас барсан. Бидний дотроос би л хөдөө мал аж ахуй эрхэлж аж төрдөг, иймийн хувьд ах дүү нараа хоолтой ундтай байхад анхаарч явахыг хичээдэг. Тэдгээрийн дотроос өөрийн төрсөн дүү, гэрийнхээ хамгийн бага дүү Б.С-д ахын сэтгэлээр харамгүй хандаж, халамжилж ирлээ. Цаашид ч ах хүний хувьд халамжлах сэтгэлтэй байна. Тухайлбал: Б.М ах маань дээд сургуульд сурах зардлыг нь даасан. Ингэхдээ малынхаа ноолуурыг борлуулж, төлбөр, зардлыг нь төлж байна. Миний хувьд Б.С 2011-2013 оны үед бөөрний дутагдал гэсэн оноштой хүндээр өвчлөхөд нь Улаанбаатар хотод сахин эмчлүүлэн хөл дээр нь босгож байлаа. 2015 онд бэлнээр 5 000 0000, 2016 онд бэлнээр 4 000 000, зарим жилд сургууль орох үед болон өвлийн цагаар 1 000 000 төгрөг, мөн нэг удаа 800 000 болон 400 000 төгрөг өгч байсан. Эдгээр үйлдэлд нь нэг удаа талархал хэлж байсангүй. Миний хөлс хүчээ зориулж, амьдралаа зориулж босгосон, өсгөн үржүүлсэн мал хөрөнгийг өөрийн хөрөнгө эсхүл эцэг эхээс үлдээсэн хөрөнгө гэж үзээд өдгөө нэхэх байсан бол эцэг, эхийн маань өнгөрөхөд энэ тухай хэлж ярих учиртай байсан. Хүн нас нэмээд ухаан суудаг байтал төрсөн ахынхаа гэр бүлийн ажил амьдрал болсон аж ахуйг өөрийн болгохоор нэхэж байгааг зөв сэтгэлээр ойлгож чадахгүй байна. Хамгийн сүүлд 2019 онд мөнгө хэрэгтэй байна гэхлээр нь 100 ишигтэй ямаа, нийт 200 мал зарж 10 000 000 төгрөг өөрийнх нь дансаар шилжүүлэн өгсөн. Б.С аавын маань орон сууцанд амьдардаг. Өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байх, энэ талаар ах дүү бид огтоос маргадаггүй. Одоо энэ нэхэмжлэлийг ямар учраас гаргаж байгааг ойлгохгүй байна.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүхэлд нь эсэргүүцэж байна. Харин ах дүү хүмүүс учраас нэхэмжлэлээ буцаан авч, элдэв зөрчилгүй эвлэрч, ойлголцож дэм тустай явахад ах нь бэлэн байгаа бөгөөд баярлах болно гэжээ.

 

Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би Б.С-гийн хэлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавар манай ах бид хэд эвлэрүүлэн зуучлалд хандахад нь ч хэлсэн. Мөн ээж, аавын минь үлдээсэн хөрөнгийг намайг ганцаар үрж, идэж байна гэж бодож байна. Түүнд тайлбар хэлье. Би 1990 оноос хойш ээжтэйгээ хамт мал малласан. Энэ малын эх суурийг манай ах Б.М тавьж өгсөн. Малын хороог мөн манай Мөнхсайхан ах 1999 оны хавар Говьсүмбэр аймгийн Рэнцэндорж гэдэг хүнээс худалдаж аваад манайх амьдарч байсан. Аавыг нас барсны дараа Б.М ах өөрөө хороогоо томруулж шинэчилж барьсан. Тэгээд хорооны гэрчилгээгээ та өөрийн нэр дээрээ аваарай гэж хэлсэн. Манай аав бүх насаараа Төмөр замд ажилласан хүн. Манай ээжийн нэр дээр хувьсгалын хэдэн мал ирээд түүнийг маллаж байсан. Манай талийгаач Б.О ах 1995 онд 32 дугаар базад жолооч ажилтай байсан ба 32 дугаар базыг тарсны дараа ээж бид хоёртой хамт мал малласан. Тэгэхэд Б.С энэ малыг манай ээж, аавын мал гэж хэлж байна. Тэгэхдээ энэ малын ихэнх нь Б.М ахын мал. Б.М ахын минь адуу, үхэр одоо болтол манайд байгаа ба би хардаг. Мөн би ахаасаа мал харсны хөлс гэж ганц мал ч гуйж үзээгүй. Дутаасан адуу, үхрээ хэлдэг бид тийм л ах дүүс. Нэхэмжлэгч Б.С гэрээр минь ордоггүй. Намайг хэрэглэдэггүй гэж хэллээ. Гэрээр нь орохоор дандаа өр авлага ярьж загнадаг. Тиймээс бид орохоо больсон. Мөн манай том эгч биднийг өсгөсөн хүн. Тэр хүнтэй 2 сарын өмнөөс холбоо бариагүй гэсэн. Том эгч Б.С 10 000 000 төгрөгийг чинь авснаасаа хойш алга болсон. Одоо миний дүү шүүхээр явж байгаа бол түүгээр нь явж шийдүүл. Б.С их сонин болсон байна гэж хэлсэн. Б.С нь надаас нэг удаа уучлалт гуйж ирээгүй. Намайг гэрт нь ороход өөдөөс дандаа загнаж, муухай аашилдаг учир би гэрт нь очихоо больсон. Хавар эвлэрүүлэн зуучлалд хандахад нь Б.М ах мал болон хороо хэрхэн манайд манайд ирснийг тайлбарлаж хэлсэн. Б.С өөрөө түүнийг сонссон. Мөн Хонхорын 1 өрөө байранд одоо би амьдарч байгаа. Манай ээж, талийгаач ах 2 тэнд амьдарч байсан. Тэр байр Б.М ахын эхнэрийн нэр дээр байдаг. 2017 оны өвөл би Б.М ахынхаа 400 тооны малыг зарж 9 000 000 төгрөгийг хүүхдийнх нь дансанд хийсэн. Тэр баримт нь Б.М ахын хүүхдийн данснаас харагдана. Би бага малаас Б.М ахынхаа хувийг өгсөн гэж бодож байгаа. Би Б.С-г ухаарч, ахтайгаа эвлэрэх байх гэж их харсан. Мөн би ноднин өвлөөс өмнө өвлийн идэш, хоолны махыг нь байнга нэг бүрчлэн эвдэж хөргөгчид нь хийж өгдөг байсан. Би байнга харж хандаж байсан. Манай бүх ах, дүү нар намайг харж хандахаа байсан гэж хэлсэн. Бид байнга утсаар ярьж, загнаад байхаар нь бид харьцахаа больсон. Б.М ахыг хавар эвлэрүүлэн зуучлалд хандахдаа ч загнасан. Б.М ах би энэ хэрүүлээс чинь гарлаа, чи Б.С-д өгөх юм байвал өг гэсэн. Тэгээд би 200 тооны мал зарж 10 000 000 төгрөг өгсөн. Би өөрөө бас амьдралтай хүн. Мөн давхар айлын адуу мал хардаг. Тэр хүмүүс надад сар болгон надад 1 000 000 төгрөг өгнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй явж байгаа. Тэглээ гээд би хэрүүл, маргаан үүсгээгүй. Б.С гудамжинд таарахаараа хэрүүлийн үг хэлж загнадаг. Дээд боловсролтой, сургуульд багшаар ажилладаг хүнээс ийм авир гардаг гэж бодохоор айж байна. Аавыг нас барахад аавын байрыг бид Б.Сд өгч банкны өрийг нь хүртэл дарж өгсөн. Үүнийг бүгд мэднэ. Мөн аавын минь бүх бурхан тахилыг гаргаж хаяад өөрөө есүс шүтдэг болсон байсан. Манай ах надад ээжээс үлдсэн 5 ханатай гэрийг чи мал маллаж байгаа хүн ав гэж хэлсэн. Түүнийг нь би янзлаад амьдарч байхад миний эхнэрийг чи миний ээжийн гэрийг янзлаад амьдарч байдаг хэн бэ? гэж хэлснээс болоод энэ хэрүүл үүссэн. Харин ч тэр гэрийг сайхан аваад яваад баярлахын оронд хүнийг загнадаг хүн. Би Б.С-г бөөрний дутагдалд ороод Улаанбаатар хотод эмнэлэгт байхад нь би л сахиж байсан. Мөн Б.С 2 хүнтэй хамтран амьдарч байсан. Сүүлийн нөхөр нь Б.С-г зодож, гэрийнх нь юмыг хулгайлахад нь би очиж хөөж явуулсан. Миний дүү ингэж явж болохгүй гэж зөндөө хэлж гуйсан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч өөрийн хөрөнгөө бусдын хууль бус өмчлөлөөс шаардана гэсэн зохицуулалттай. Үүнээс өмгөөлөгч нэг зүйлийг нэхэмжлэгчид ойлгуулах хэрэгтэй. Нэхэмжлэгч өв залгамжлах эрхтэй холбоотой маргаж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн хууль ёсны хөрөнгөтэй ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч би аав ээжийгээ асарч байгаад нас баруулсан. Тиймээс хөрөнгө шаардах эрхтэй гэж маргаж  300 хонь, 200 ямаа гээд 500 бог мал буюу 54 000 000 төгрөг нэхэмжилсэн. Эдгээр мал нь аав, ээжээс минь надад үлдээсэн мал гэж маргадаг. Харин хариуцагч тал нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өвийг хүлээн авсан гэж үзсэн. Б гэдэг хүн нас барахдаа байртай байсан ба түүнд одоо Б.С нь өөрөө амьдарч байгаа. Б гэх хүнд нас барахад нь байраас өөр хөрөнгө байгаагүй. Б гэх хүн малаа нас барахаасаа өмнө хүү Б.О-д шилжүүлж, Б.О-аас дүү Б.Ц-д шилжүүлсэн байдаг. Б.Ц-аас өөр хэнд ч шилжүүлж болох байсан. Харин өвлүүлэгчид энэ хөрөнгө байгаагүй. Б гэх хүнд байр байсан ба түүнийг нас барсны дараа түүний хүүхдүүд авахаас татгалзсан санал гаргаж Б.С-д шууд шилжин очсон. Мөн 2019 оноос өмнө 1 000 гаран тооны малтай байсан ч хаврын 150 000 000 төгрөгийн маргаан үүсэхэд хариуцагч талаас хэд, хэдэн удаа буулт хийж малаа зараад 10 000 000 төгрөгийн нэхэмжлэгчид өгсөн. Түүнээс шалтгаалан Б.С нь би ахынхаа бүх мал хөрөнгийг авах гэж байна гэж яагаад бодоогүй вэ? үүнийг бодохгүйгээр би өөрт хамааралтай хэсгээ авах гэж байна гэж маргадаг. Гэтэл өөрт нь хамааралтай хэсэг нь аль нь вэ? гэдгээ тодорхойлоогүй байна. Мөн түүнийг яагаад авах гээд байгаа вэ? худалдах худалдан авах, болон өвлөх эрхийн хүрээнд хэрхэн авах гээд байгаа нь тодорхойгүй байна. Мөн Б болон П нар нь өөрийн малаа хүү Б.О-д өгөөд энэ үеэс бусад хүүхдийн хөрөнгийн талаар ярих боломжгүй болсон. Үүний дараа тухайн мал хөрөнгийг хэнд шилжүүлэх нь О-ны эрх хэмжээ. Хүү Б.О хэнд шилжүүлэхээ мэднэ. Үүнийг малын А данс нотолдог. Хэзээ малтай, байсан хэрхэн шийдэгдсэн, яаж өөрчлөгдсөнийг нэхэмжлэгчийн өнөөдрийн гаргаж өгсөн нотлох баримт нотолно. Харин тэр үед Б.Ц-ны малтай байсан, үгүй нь хамааралгүй. Нэхэмжлэлийн хүрээнд яригдах хөрөнгө нь Б.О-аар тасалдсан. Өвлүүлэгч Б гэх хүн нас барахдаа малгүй байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн дундын өмчтэй холбоотой заалтыг тайлбарлая. Мал гэх нэр дундын өмч үү? нэгж хөрөнгө нь дундын өмч үү гэдгийг салгаж ойлгох хэрэгтэй. Тухайн өмчийн нэр дээр хэдэн хүний нэр бичигдсэн байна. Тэр нь тэдний дундын өмч. Хэн нэг нь захиран зарцуулах бол бусдаасаа зөвшөөрөл авдаг хөрөнгийг дундын өмч гэдэг. Харин малын хувьд Б.Ц-ны нэр дээр байдаг ба Б.С-гийн нэр дээр байдаггүй. Малыг тоо тоогоор нь нэг нэр дээр бүртгэдэг. Хууль тогтоомжид ч хэдэн тоогоор байна хамааралгүй нэг хүний нэр дээр бичигдэнэ гэж заасан. Дундын өмч мал дээр яригдахгүй. Гэрчүүдээс Б.С-д мал зүсэлж хувиарлаж байсан уу гэж нэхэмжлэгч болон хариуцагч талаас асуусан. Тэгэхэд бүх гэрч тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тухайн үед энэ тооны мал Д.Б болон Л.П гэх хүмүүсийн нэр дээр байсан бол өөр зүйл яригдах байсан. Магадгүй ах хүний хувьд Б.Ц ч түүнтэй маргахгүй байсан. Хэргийн материалд Б.Ц нь мэргэжил эзэмшээгүй, багаасаа мал малласан тухай баримт байгаа. Энэ хүн мал маллаж өөрийн малын эх үүсвэрийг бий болгосон ба ах, дүү нар нь тухайн малын тоог нэмэгдүүлсэн. Гэрчүүд болон хариуцагч нар аавыгаа амьд сэрүүн байхад нь малыг нь 1 000 гэж тоолуулаад нэр алдрыг нь мандуулах зорилготой байсан гэж тайлбарладаг. Дундын өмчийн шаардах эрх нь хуулиар хамгаалагдсан байдаг. Өөрөөр хэлбэл малын бүртгэлд Б.С-гийн нэр байх ёстой. Нэр нь байсан ч тодорхой хөдөлгөөний улмаас нэр нь баларсан байж болох ч ийм зүйл мал дээр яригдахгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох ёстой. Шаардах эрх нь тодорхой байх хэрэгтэй. Нэхэмжлэх зүйл нь нэхэмжлэгчийн өмч мөн эсэх нь тодорхой байх хэрэгтэй. Үүнтэй холбоотой нотлох баримтууд нь хэрэгт байх ёстой. Тэгэхэд ямар баримт хэрэгт байхгүй. Тиймээс бусдын хөрөнгийг шударга бусаар авч болохгүй гэв.

 

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.С-гийн нэхэмжлэлтэй Б.Ц-д холбогдох иргэний хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Харин тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Б.С-д холбогдуулан сөрөг нэхэмжлэлийг үүгээр гаргаж байна. Би ахын хувьд өөрийн дүү Б.С-д ахын сэтгэлээр харамгүй хандаж, халамжилж ирлээ. Малынхаа ноолуурыг борлуулж, сургуулийнх нь төлбөр, зардлыг төлж байсан. Миний хувьд Б.С 2011-2013 оны үед бөөрний дутагдал гэсэн оноштой хүндээр өвчлөхөд нь Улаанбаатар хотод сахин эмчлүүлэн хөл дээр нь босгож байлаа. 2015 онд бэлнээр 5 000 000 төгрөг, 2016 онд бэлнээр 4 000 000 төгрөг, зарим жил сургуульд орох үеэр болон өвлийн цагаар 1 000 000 төгрөг, мөн нэг удаа 800 000 төгрөг болон 400 000 төгрөг өгч байсан. Эдгээр үйлдэл нь нэг удаа талархал хэлж байсангүй. Хүн нас нэмээд ухаан суудаг байтал төрсөн ахынхаа гэр бүлийн ажил амьдрал болсон аж ахуйг өөрийн болгохоор нэхэж байгааг зөв сэтгэлээр ойлгож чадахгүй байна. Хамгийн сүүлд 2019 онд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 100 ишигтэй ямаа нийт 200 мал зарж 10 000 000 төгрөг өөрийнх нь дансаар шилжүүлэн өгсөн. Байнга нэхэж ирсэн заншлаараа авах мөртөө, машин авмаар байна хүүхдэд асаргаа шаардлагатай байна, мөнгө өг гэхлээр 10 000 000 төгрөг өгсөн. Ингэхдээ үүнийг аваад дахиж хэзээ ч нэхэхгүй гэсэн. Гэтэл тав, зургаахан хоногийн дараа шүүхээс нэхэмжлэл, бүхэл бүтэн амьдрал ахуйг минь дааж явдаг мал, хөрөнгийг бүхлээр нь битүүмжлэх шийдвэрийн хамт ирсэн. Халамж хайрыг минь хүртэж ирсэн төрсөн дүү маань хэлэлцэн ярьж ойлголцохын оронд хэрэлдэн маргаж, шүүхийн өмнө зогсож, авсандаа ханахгүй шунахай зан гаргаж байгаад үнэхээрийн гомдож байна. Нэгэнт ийм байдал гаргаж байгаа учир угаас түүний өмнө өргүй, хүлээсэн үүрэггүй би бусад өгснөө тооцохоо болъё. Харин баримттай өгсөн 10 000 000 төгрөгөө эргүүлэн авахаар шийдлээ гэжээ.

Нэхэмжлэгч Б.С сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 10 000 000 төгрөг авсан нь үнэн. Эдгээр хүмүүс намайг харж хандаагүй олон жил болсон. Дахин хэдэн жил ч болж мэднэ. Мөн би тухайн үед Улаанбаатар хотоос өмгөөлөгч авсан байсан. Тэр өмгөөлөгчөө энэ хүмүүстэй яриулахад мөнгө өгье гэсэн байсан. Тэр мөнгөө надад уурлаж, хэрүүл хийж байж өгсөн. Надад бол их мөнгө ч дундын их хэмжээний эд хөрөнгөнөөс 10 000 000 төгрөг нь 1 жилийн ноолуурын  хагас үнэнд ч хүрэхгүй мөнгө. Тэгэхэд намайг 10 000 000 төгрөг аваад шүүгч, өмгөөлөгчид өгсөн үү? гэж хэлсэн. Тэгэхэд нь би 10 000 000 төгрөгийг нь авсан. Аваагүй гэж хэлэхгүй гэж Б.Ц ахад хэлсэн гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Н сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ямар ч хүн зүгээр хүнд мөнгө өгөхгүй. 10 000 000 төгрөг нь нэхэмжлэгч Б.Ц хүүхдэдээ зарцуулаарай, өрөө дараарай гэж дүүдээ бэлэглэж хариу нэхэхгүй өгсөн мөнгө. Мөн ах, дүү хүмүүс цаашдаа муудахгүй, маргахгүй явъя гэсэн болзолтой өгөгдсөн мөнгө. Гэтэл уг болзол биелэгдээгүй. Тиймээс нэхэмжлэгч Б.Ц гомдож сөрөг нэхэмжлэл гаргасан. Төрсөн ах, дүү хүмүүс шүүхэд ирээд бие биеэ ийм, тийм гэхэд хэн гомдохгүй байх билээ. Мөн нэхэмжлэгч Б.Ц ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учир Б.С-г харж хандах ёсгүй. Өмнө нь Б.С, Б.Ц нар нь гэр бүл байсан ч одоо Б.С, Б.Ц нар нь нэг гэр бүл биш. Хариуцагч Б.С намайг харж хандсангүй гэж гомдож байхад нэхэмжлэгч Б.Ц нь миний гэр бүлийг доромжилсон гэж гомдож өгсөн мөнгөө буцааж нэхэмжилсэн. Мөн ямар ч хүн хүнд зүгээр мөнгө өгөхгүй. Хэн ч хүнээс зүгээр мөнгө авахгүй. Тиймээс хэн нэгэн үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н 10 000 000 төгрөгийн бэлэглэлийн гэрээ хэллээ. Уг мөнгө бэлэглэлийн гэрээтэй холбоогүй. 2018 оны хавар эвлэрүүлэн зуучлалд 100 ишигтэй ямаа өгье гэсэн зүйл яригдаж, түүнийг Б.С хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Тэр нь эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ утгаараа 100 ямааны оронд 10 000 000 төгрөг өгсөн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэр бүлийн талаар ярьж байна. Бид гэр бүлийн талаар яриагүй. Б.Ц нь 1999 онд гэр бүл болоод энэ ам бүлээс тусдаа гарсан. Б.Сгийн ам бүлд эцэг Б, эх П, ах Б.О, Б.С 4 бүртгэлтэй байсан. Энэ ам бүлд мал хөрөнгө байсан. Б.О болон Б гэдэг хүмүүсийн нэр дээр мал нь тоологдож яваад 2014 оноос Б.Ц гэх хүний нэр дээр уг мал очсон. Энэ мал хөрөнгөө Б.С нэхэмжилж байгаа. Өв хөрөнгөтэй холбоотой зүйл яриагүй. Тодорхой цаг хугацаанд малын ашгийг хэрэглэсэн хүмүүсээс 500 тооны малыг нэхэмжилсэн. Б.С-гийн ам бүл бүгд нас барсан. Мөн би дундын өмчтэй холбоотой зүйл яриагүй. Гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж хэлсэн. Б.С-гийн гэр бүлийн дундын эд хөрөнгө Б.Ц гэдэг тусдаа айлд шилжсэн байдаг. Б.О болон Б.Ц нар нь тус, тусдаа мал хөрөнгөтэй байсан нь малын А дансаар нотлогдсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр бусдын хууль бус өмчлөлөөс өөрийн хөрөнгө авах зорилгоор Б.С нэхэмжилсэн. Б.С-д 10 000 000 төгрөг өгсөн нь тодорхой хэмжээний Б.С-гийн эд хөрөнгө байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн асуудал. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? Мөн Б.С нь аав, ээж, ах нартайгаа нэг ам бүл гэж тоологдож тэр ам бүлд байсан мал хөрөнгөнөөсөө тодорхой хэмжээний мал хөрөнгийг нэхэмжилсэн гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. 2018 онд Б.Ц-х банкнаас зээл авахдаа 1 218 тооны мал хөрөнгөтэй гэж барьцаанд тавьсан байсан. Үүнээс харахад Б.Ц-х тодорхой хэмжээний мал хөрөнгөтэй байсан нь харагддаг. Урьд Б.С-д шилжүүлж өгсөн 10 000 000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй. 10 000 000 төгрөг нь маргалдаж байж Б.С-д ирсэн мөнгө. Бэлэглэлээр ирээгүй. Мөн нэхэмжлэгч Б.Ц өмгөөлөгч нь Б.С-г тэгж хэлээд мөнгө ав гэсэн гэх зүйл хэллээ. Би тийм зүйл хэлээгүй гэдгээ мэдэгдье. Би тэр үед Б.С-гийн өмгөөлөгч болоогүй байсан гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Ц-ны эзэмшиж байгаа малнаас 300 толгой хонь, 200 толгой ямаа, нийт 500 толгой мал буюу 54 000 000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч Б.С-д холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

  1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс “... Би аав, ээж, ахтайгаа нэг ам бүл гэж явдаг байсан, ... ээж маань амьд байхдаа энэ хэдэн малыг Б.О ах бид хоёрын төлөө маллаж байна гэж хэлдэг байсан, ... Б.Ц-д миний эд хөрөнгө байгаа учраас авъя гэж бодсон ...” гэж,

Түүний өмгөөлөгчөөс “... 2013 онд Б.Ц 382 толгой мал, Б.О 737 толгой мал тус тус тоолуулсан байдаг. 2014 онд Б.Ц руу 737 малыг шилжүүлж, 1100 толгой мал болж тоолуулсан, харин 2014 онд Б.О-ны нэр дээр мал тоолуулаагүй байдаг, үүнээс харахад гэр бүлийн дундын хөрөнгө болох мал нь Б.Ц руу шилжсэн нь нотлох баримтаар тогтоогддог учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно. 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс “... Б.С нь би өөрт хамааралтай хэсгээ авна гэдэг боловч өөрт хамааралтай хэсэг нь аль нь вэ гэдгийг тодорхойлоогүй, мөн түүнийг худалдах, худалдан авах болон өвлөх эрхийн хүрээнд хэрхэн авах гээд байгаа нь тодорхойгүй, Д.Б, Л.П нар нь өөрийн малаа хүү Б.О-д өгөөд энэ үеэс бусад хүүхдүүдийн хөрөнгийн талаар ярих боломжгүй болсон, үүний дараа Б.О хэнд шилжүүлэхээ өөрөө мэднэ, үүнийг малын А данс нотолдог, Б.Ц малтай, малгүй байсан нь хамааралгүй, нэхэмжлэлийн хүрээнд яригдах хөрөнгө нь Б.О-аар тасалдсан, малын хувьд Б.Ц-ны нэр дээр байдаг ба Б.С-гийн нэр дээр байдаггүй, гэрчүүд Б.С-д мал хуваарилж өгч байгаагүй гэж мэдүүлдэг ...” хэмээн маргана.

 Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг” хэлэх ба 2005, 2008 оны Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн хүн амын дэлгэрэнгүй бүртгэлээс Д.Б, Л.П, Б.О, Б.С нар нэг гэр бүлийн гишүүд байсан, одоо Д.Б, Л.П, Б.О нар нь нас барсан учир гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзсэн хэмээн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлана.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгоно гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Д.Б, Л.П нар нь эхнэр, нөхөр байсан болох нь 1-3/001905 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-135/, нэхэмжлэгч Б.Сгийн эцэг нь  Д.Б, эх нь Л.П мөн болох нь нэхэмжлэгчийн 1-3/001147 дугаар төрсний гэрчилгээ /хх-17/ зэргээр тогтоогдож байна.

Гэвч хэрэгт авагдсан 2005, 2008 оны Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн Хүн амын дэлгэрэнгүй бүртгэлээс /хх18-19/ үзэхэд Д.Б, Л.П, Б.О, Б.С нар нь нэг гэр бүлийн гишүүнд бүртгэлтэй байгаа боловч үүнээс хойш болон нэхэмжлэл гаргах үед Б.С нь Д.Б, Б.О нарын гэр бүлийн гишүүн байсныг, мөн би тусдаа гарч, гэр бүл болж байгаагүй гэсэн тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, баримтаар нотлоогүй.

Хэдийгээр нэг гэр бүлд нь багтаж байсан 2001-2011 он хүртэл Д.Б-ын /хх4-11/, 2012-2013 он хүртэл Б.О-ны /хх12-13/ нэр дээр малын А данс бүртгэлтэй байсан ч Б.С-г тухайн гэр бүлийн гишүүн байсан болохыг нотлохгүй юм.

Тодруулбал, хэрэгт авагдсан 2012 оны Б.О-ны малын А дансны ам бүлийн тоо гэсэн хэсэгт ам бүл 2, малчдын тоо 2, үүнээс эмэгтэй 1, 60 ба түүнээс дээш насны 2 гэж бүртгэсэн,

2013 оны малын А дансны ам бүлийн тоо гэсэн хэсэгт 1, малчдын тоо 1, 35-39 насны 1 гэж бүртгэсэн байна. Дээрх бүртгэлээс үзэхэд ам бүлийн тоо, малчдын тоо, үүнээс эмэгтэй, нас зэрэгт бүртгэсэн бүртгэлд Б.С нь бүртгэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, хариуцагчийн өмгөөлөгчөөс хэрэв Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр шаардаж байгаа бол Б.Ц яаж хууль бусаар авсан гэдгийг нотлох ёстой гэж маргана.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байдаг ба Б.С нь малыг өөрийн өмчлөлийн зүйлс болох мөн түүнийг хариуцагчийн эзэмшилд байгаа болохыг нотлох ёстой. Гэтэл үүнийг нотлоогүйн зэрэгцээ Б.О-аас 2014 онд Б.Ц руу 737 толгой мал хууль бусаар шилжсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ хэмээн зааснаас үзэхэд 2013 оны Б.О-ны малын А дансанд бүртгэлтэй байсан 737 толгой мал 2014 онд Б.Ц-д шилжсэнээр Б.О-ны өмчлөх эрх дуусгавар болсон ба гэрч нараас тухайн үед Б.С-д мал хуваарилж өгч байгаагүй гэж мэдүүлдэг.

Иймд, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч Б.С-д холбогдуулан 10 000 000 төгрөг  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Н-гээс “... Дүү нь ахыгаа гомдоосон тул бэлэглэлийн мөнгөө буцаан нэхэмжилсэн, Б.Ц нь Б.С-гийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэж,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Э.С нараас “... Энэ нь бэлэглэлийн гэрээ биш, өмнө нь нэхэмжлэгч өөрт ногдох эд хөрөнгөө Б.Цаас нэхэмжилж байхад 100 ямаа өгч болно гэж эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл дээр тусгагдсан. Энэ үндэслэлээр 10 000 000 төгрөг өгсөн. Тиймээс авах ёстой зүйлээ авсан гэж” маргана.

Шүүх зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн ба  Иргэний хуулийн 276.1-д “бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, 280.1-д бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй”, 280.1.1-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоно” гэж заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд бэлэг хүлээн авагч Б.С-гийн зөвшөөрснөөр бэлэглэгч Б.Ц нь 10 000 000 төгрөгийг хариу төлбөргүй шилжүүлсэн байна. Гэвч бэлэглэгч нь намайг гомдоосон учир 10 000 000 төгрөгөө нэхэмжилж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Гомдооно гэдэг ойлголт нь агуулгын хувьд тухайн этгээдийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьд сөргөөр нөлөөлөхийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч Б.С нь Б.Ц-ыг ноцтой гомдоосон нь тогтоогдохгүй байна.

Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430 090 төгрөг, хариуцагч Б.Ц-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ц-д  холбогдох 300 толгой хонь, 200 толгой ямаа, нийт 500 толгой мал буюу 54 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч Б.С-д холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430 090 төгрөг, хариуцагч Б.Ц-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан хариуцагч Б.Ц-ны өмчлөлийн 285 толгой бог малыг битүүмжилсэн арга хэмжээ дуусгавар болохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ЦОГЗОЛМАА