Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1945

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02228 дугаар шийдвэртэй

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Г.А” ХХК, Ч.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 150 114 205.55 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

38 020 066.24 төгрөгийг “Г” ХХК-ийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч “Г.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, Г.Оюун-Эрдэнэ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “Г.А” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ3305103135 тоот зээлийн гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийн зээлийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр БГ3305103135А тоот ипотекийн гэрээгээр Ч.Огийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202002467 дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 2 дугаар байрны 31 тоот 28 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх, БГ3305103135-Б тоот ипотекийн гэрээгээр Ч.Огийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201031908 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 11 дүгээр гудамж 34 тоот 360 м.кв гараж, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх, БГ3305103135-В тоот ипотекийн гэрээгээр Ч.Огийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2201004752 Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 11 дүгээр гудамж 34 тоот 18635318952582 нэгж талбарын дугаартай 525 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар тус тус барьцаалсан. 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ЗГ330510135-А тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж зээлийн график өөрчилсөн. “Г.А” ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч зээлийн гэрээний 2.4, 3.1.1-д заасан зээл, зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн. Иймд “Г.А” ХХК-аас Гтай байгуулсан ЗГ3305103135 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 150 114 206.55 төгрөг гаргуулж, ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээс тус тус хууль тогтоомжийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүхэд гаргасан тайлбартаа:

Авсан зээлээ гэрээ ёсоор төлж байсан боловч манай компанийн гүйцэтгэж байсан Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах барилгын ажил зогсож, захиалагч гүйцэтгэсэн ажлын төлбөрөө өгөөгүйн улмаас сааталд орсон. Энэ талаар “Г” ХХК-ийн Найман шарга дахь салбарын захирал н.Баатаржавд 2016 оны 01 дүгээр сард бид зээлээ хугацаанд нь бүрэн барагдуулах боломжгүй боллоо, та бүхэн шүүхэд хандах хэрэгтэй байна, бид барьцаа хөрөнгөөр зээлээ барагдуулах хүсэлтэй байна гэж хэлсэн. Үүнээс хойш “Г” ХХК-ийн хуулийн ажилтан гэх Д.Хишигдаваад мөн адил санал тавьж, дарга нартаа хэлээд өгөөрэй гэж гуйсан. Гэтэл хэзээ шүүхэд өгөх нь бидний хэрэг, танай барьцаа хөрөнгө хангалттай байгаа, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа түүнийг хүлээж байна гэж хэлсэн. Манай компанийн зүгээс түрүүлж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гэж хуулийн судалгаа хийсэн боловч бодитой гарц олоогүй. Бидний зүгээс аль болох эрт асуудлаа шийдвэрлүүлэх байр суурьтай байсан бөгөөд одоо хоёр дахин их төлбөрийг “Г” ХХК-д төлөх нөхцөл байдалд ороод байна. Үүнийг “Г” ХХК-ийн зүгээс зориуд бий болгосон гэж үзэж байгаа тул хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “Г.А” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компанийн зүгээс гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж байсан бөгөөд үлдэгдэл 74 074 074.08 төгрөгийг төлж чадахгүйд хүрсэн. Манай компани нь төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар “Г” ХХК-д удаа дараа хүсэлт тавьж байсан хэдий ч “Г” ХХК-ийн зүгээс холбогдох хуулийн байгууллагад хандахгүйгээр хүүг өндөр болгож, барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнэд дүйцүүлж хугацааг санаатай сунгаж нэхэмжлэл гаргасан. “Г” ХХК нь үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 76 040 132.48 төгрөгийг нэхэмжилж байгаа уг үнийн дүнгийн 50 хувь болох 38 020 066.24 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 38 020 066.24 төгрөгийг “Г” ХХК-ийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хасалт хийж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, Г.Оюун-Эрдэнэ нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“Г.А” ХХК нь “Г” ХХК-д төлбөр төлөх боломжгүй буюу хуулийн байгууллагад хандах хүсэлтийг өгсөн нь нотлох баримтаар батлагдахгүй байгаа тул үндэслэл болохгүй. Г ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.2-д заасны дагуу зээлдэгч зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр гэрээнд заасан хувийн хүүг төлөх ёстой байдаг. Мөн Банк, эрх бүхий этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байдаг тул сөрөг нэхэмжлэлд заасан хүүнээс хөнгөлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г.А” ХХК-аас 136 645 829.55 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 468 377 төгрөгт холбогдох хэсгийг, мөн нэхэмжлэгч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний 50 хувь болох 38 020 066.24 төгрөгийг хасуулах тухай хариуцагч “Г.А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г.А” ХХК шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ч.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002467 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 2 дугаар байр 31 тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031908 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрханы 11 дүгээр гудамж 34 тоот хаягт байршилтай, 360 м.кв талбайтай, гараж, хувийн сууц болон уг хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201004752, нэгж талбарын 18635318952582 дугаартай, 525 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар хариуцагч “Г.А” ХХК-аас 841 179 төгрөг, хариуцагч Ч.Огаас 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас илүү төлсөн 450 төгрөг гаргуулан хариуцагч “Г.А” ХХК-д тус тус олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 978 721.03 төгрөг, хариуцагч “Г.А” ХХК-аас төлсөн 348 050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “Г.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “Г” ХХК-ийг арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг нь нотлогдож байна гэж дүгнэсэн боловч шууд нотлох баримт байхгүй. Хүн, хуулийн этгээд, хэн боловч хууль шүүхийн өмнө эрх тэгш байдаг ба шүүх аливаа шийдвэрийг хөдөлшгүй гэж үзсэн нотлох баримтыг үндэслэж гаргах ба эргэлзээ бүхий эсхүл нийтэд илэрхий гэх зэргээр шийдвэрлэх боломжгүй. Оролцогч нарын хэн нэг нь давуу байх учиргүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй, учир дутагдалтай. Нэхэмжлэгч нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө хариуцагч маш өндөр хүүгийн төлбөрт орсон энэ нь шууд санаатай илтэд үйлдэл. Иймд шүүхийн шийдвэрийн дүнгээс 25 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Г.А” ХХК, Ч.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 150 114 206.55 төгрөгийг гаргуулах, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээний үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүний 50 хувь болох 38 020 066 төгрөгийг хасуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

“Г” ХХК болон “Г.А” ХХК, Ч.О нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ3305103135 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 100 000 000 төгрөгийг жилийн 35.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 2 дугаар байрын 31 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрханы 11 дүгээр гудамжны 34 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрханы 11 дүгээр гудамжны 34 тоот газар зэргийг тус тус барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хуульд зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Зохигчид гэрээний хугацаанд үндсэн зээлд 25 925 925.92 төгрөг, зээлийн хүүд 20 253 421.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 552.51 төгрөг тус тус төлсөн талаар маргаагүй байна. /хх.4/

 

Анхан шатны шүүх хариуцагчийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 12 015 000 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалалд нийцэхгүй гэж дүгнэж, хариуцагч зээлийн гэрээний үндсэн үүрэгт төлөх 74 074 074 төгрөгөөс дээрх мөнгийг хасч тооцсон дүгнэлт хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Хариуцагч “Г.А” ХХК, Ч.О нар зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид удаа дараа хүсэлт тавьсан боловч хуулийн байгууллагад хандалгүй хүүг өндөр болгож, барьцаа хөрөнгийн үнэд дүйцүүлж хугацааг санаатай сунгасан гэх тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна. Анхан шатны шүүх зээлдүүлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцоололд үндэслэж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 136 645 829.55 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Мөнх шүүх талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Г.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Г.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Г.А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                                                              Ц.ИЧИНХОРЛОО