Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/MA2017/0486

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 04 өдөр             Дугаар 221/МА2017/0486           ******* хот

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Д.******* нарыг оролцуулан хийж, Д.*******гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 321 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “******* ******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Хөх тэнгэр” хотхоны 44Г байрны 3 тоот 148.4 м.кв орон сууцыг Д.*******гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч , улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу ”Хөх тэнгэр” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц , 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689, Ү-2206014006, Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378 дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103677, 000104004, 000104013, 000104010, 000109415, 000109417 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу ”Хөх тэнгэр” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц , 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.*******г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус  болохыг тогтоолгох, 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.*******г бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “******* ******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Иргэн Д.*******гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0321 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд ******* ******* банкнаас дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тухайд: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлохдоо “маргааны зүйл болох орон сууц, автомашины зогсоолуудыг захиалан бариулж, төлбөрийг төлсөн бөгөөд хууль ёсны өмчлөгч болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байхад миний өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж маргадаг бөгөөд банктай байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан эсэх дээр маргадаггүй. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... үндсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэхээр байна, ... барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг буруу хэрэглэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “талууд хооронд байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу ******* XXK болон ******* ******* банкны хооронд байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан эсэхийг захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэнэ. Өнөөдрийн байдлаар талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх талаар иргэний хэргийн шүүхээс ямар нэгэн шийдвэр, тогтоол гараагүй байхад захиргааны хэргийн шүүх энэ талаар дүгнэлт хийж, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Иргэн Д.*******г өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016.07.05-ны өдөр мэдүүлгээ гаргах үед түүний бүртгүүлэхээр мэдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “*******” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байснаас гадна уг үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцааны гэрээ бүртгэлтэй байсан тул бүртгэхээс татгалзаж, ******* ******* банк, Капитрон банкны зөвшөөрлийг заавал авсны үндсэн дээр бүртгүүлэх боломжтойг мэдэгдсэн улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл ... хуулийн заалтуудад нийцсэн, хууль ёсны үйлдэл байна” гэж дүгнэсэн хэрнээ уг үйлдэлд шууд хамаарах нэг харилцаанд ялгавартай байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу ******* ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үлдэгдэл барьцаа хөрөнгүүдэд хамаарах ******* ******* банкны барьцааны эрх дуусгавар болоогүй бөгөөд барьцааны эрхийг бүртгэсэн улсын бүртгэл өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0321 дугаар шийдвэрт “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох”-оор өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “... 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “*******” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, “Блю скай” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 дугаар автозогсоолуудыг захиалан, төлбөрийг бүрэн төлсөн байсан ... Уг гэрээний дагуу “*******” ХХК-тай үүргээ биелүүлэхгүй, орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр шилжүүлэхгүй байсан тул Иргэний шүүхэд хандсан, “*******” ХХК-тай нь нэхэмжлэлийн шаардлагыг буюу уг орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч гарсан захирамжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад “... тус үл хөдлөх эд хөрөнгө нь “*******” ХХК нэр дээр бүртгэлтэй, мөн “Капитрон банк” ХХК, “******* ******* банк” ХХК-ийн барьцаанд байгаа тул өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй...” гэсэн хариу өгсөн. ... “Зээлийн гэрээ”-нүүд нь надад хамааралгүй ...” гэх үндэслэлээр “Мфикс Капитал” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689, Ү-2206014006, Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103677, 000104004, 000104013, 000104010, 000109415, 000109417 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue Sky” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын  өмчлөгчөөр иргэн Д.*******г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууц болон автозогсоолуудыг иргэн Д.*******гийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 

Хариуцагчаас “... Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-т “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж тус тус заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгүүд нь “*******” ХХК, ийн нэр дээр бүртгэлтэй, “Капитрон банк” ХХК, “******* ******* банк” ХХК-ийн барьцаанд байгаа тул өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2015/00021 дүгээр захирамж[1]-аар нэхэмжлэгч Д.*******гийн “Мфикс капитал” ХХК-д холбогдуулан гаргасан “орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталснаар Д.******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, “Блю скай” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 дугаар автозогсоолууд тус бүрийн хууль ёсны өмчлөгч болсон байна. 

Тус шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр  Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, “Блю скай” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 дугаар автозогсоолуудын өмчлөх эрх”-ийг өөрийн нэр дээр бүртгүүлэх”-ээр хандсан байх боловч уг үл хөдлөх эд хөрөнгийг “Капитрон банк” ХХК, “******* ******* банк” ХХК-уудад барьцаалсан, зээлийн гэрээ бүртгэлтэй тул тус орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр Д.*******г бүртгэх боломжгүй гэх хариу[2] өгчээ.  

Анх гуравдагч этгээд болох “*******” ХХК нь “Блю Скай” хотхоны барилгын ажлын санхүүжилтэд зориулж өөрийн өмч болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Америк сургуулийн урд байрлах, 50 хувийн гүйцэтгэлтэй 5 блок 120 айлын орон сууцны барилга, 29.000 мкв газар, дэд бүтцийн хамт, 7.000 мкв 205 автомашины автозогсоол, иргэн Б.Батхүүгийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхон, 17 тоот 3 өрөө орон сууц,  автозогсоолын хамт, “*******” ХХК-ийн  зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “*******” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл нийт 2,968,985,000.00 төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг барьцаалан, “Капитрон банк” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр  №Т07/141 дугаар барьцааны гэрээ[3] байгуулсан байна.  

Гэтэл дээрх барьцааны гэрээгээр барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 дугаар авто зогсоолуудыг “*******” ХХК нь иргэн Д.*******д худалдахаар 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлбөрийг бүрэн хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан “*******” ХХК болон Д.******* нарын хооронд байгуулагдсан 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”[4], 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Тооцоо нийлсэн акт[5] зэрэг баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.*******г 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий орон сууц, автозогсоолуудыг худалдан авахаас өмнө “*******” ХХК нь тус орон сууц, автозогсоолуудыг 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Капитрон банк”-нд ХХК-тай байгуулсан №Т07/141 дугаар барьцааны гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгөөр тусгасан байна.

Улмаар, “*******” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “*******” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 13 дугаар хурлын тогтоол[6]-ын дагуу “Агро Алтай Импекс” ХХК болон “Капитрон банк” ХХК нарын байгуулсан 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №08/01 дүгээр Зээлийн гэрээ[7]-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай №08/01 дүгээр Зээлийн барьцааны гэрээ[8] -г 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Капитрон банк” ХХК-тай байгуулсан, мөн “*******” ХХК нь 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “№ЗГ0002/100319 дүгээр Зээлийн гэрээ[9] -ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах ЗБГ0001/120521 дүгээр Зээлийн барьцааны гэрээ[10] -г 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр“******* ******* банк” ХХК-тай тус тус байгуулсан байх бөгөөд тус барьцааны гэрээнүүдэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гудамжны 44Г байрны, 3 дугаар тоот 90%-ийн гүйцэтгэлтэй 4 өрөө маргаан бүхий орон сууц багтжээ.

Харин маргаан бүхий авто зогсоолуудыг “*******” ХХК нь “Чинтулга Эрдэнэ” ХХК болон “Капитрон банк” ХХК-тай байгуулсан 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №09/15 дугаар Зээлийн гэрээ[11]-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гудамжны 46В байрны зоорийн  давхрын 4, 10, 15, 16, 18 дугаар автозогсоолуудыг “Капитрон банк” ХХК-д барьцаалж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №09/15 дугаар Зээлийн барьцааны гэрээ[12] байгуулсан, “Капитрон банк” ХХК-ийн тус барьцаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 5580 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 165 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2015/00021 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дээрх орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.*******г тогтоосон тул “Мфикс Капитал” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689, Ү-2206014006, Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103677, 000104004, 000104013, 000104010, 000109415, 000109417 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн өөрчлөн бүртгэх нь зүй ёсны асуудал юм.

Гэвч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11/8939 дүгээр албан бичгээр “... өргөдөлд дурдсан ... эд хөрөнгө ... “Капитрон банк” ХХК, “******* ******* банк” ХХК-ийн барьцаанд байна ... “Капитрон банк” ХХК болон “******* ******* банк” ХХК -ийн хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлгээ дахин гаргана уу ...” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр “*******” ХХК нь “******* ******* банк” ХХК-тай байгуулсан 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ0002/100319 дүгээр Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж үндсэн зээлээ төлсөн болох нь хэрэгт авагдсан “******* ******* банк” ХХК-ийн Зээлийн дансны хуулга[13]-д зээлийн үлдэгдэл 00 төгрөг гэж тусгагдсанаар тогтоогдож байх боловч “*******” ХХК болон “******* ******* банк” ХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЗБГ0001/120521 дүгээр “Зээлийн барьцааны гэрээ” болон “*******” ХХК болон “Капитрон банк” ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №09/15 дугаар “Зээлийн барьцааны гэрээ” тус тус хүчин төгөлдөр буюу өөрөөр хэлбэл, тус үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрх хүчинтэй, түүнчлэн тус маргаан бүхий орон сууц, автозогсоолуудыг барьцаалагч этгээд болох “******* ******* банк” ХХК болон “Капитрон банк” ХХК нар нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөх талаар зохих зөвшөөрлийг өгөөгүй байхад Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийг нэхэмжлэгч Д.*******гийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан мэдүүлгийн дагуу тус үл хөдлөх хөрөнгүүдийг түүний нэр дээр бүртгэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Ийнхүү хариуцагчийн Д.*******гийн гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж тус тус хуульчилсантай нийцсэн, хариуцагчийн тус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу шүүх тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.*******г бүртгэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй. 

Түүнчлэн гуравдагч этгээд “******* ******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмэндийн “... талууд банктай байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан эсэх дээр маргаагүй ... гэтэл барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн гэж ... нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэрлэсэн ... барьцааны эрхийг бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “барьцааны гэрээ дуусгавар болсон тул бүртгэхийг даалгах” гэж тодорхойлоогүй, харин “шүүхийн шийдвэрээр маргаан бүхий эд хөрөнгүүдийн өмчлөгч өөрчлөгдсөн тул өмчлөгчөөр бүртгэх ёстой, бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах” гэж нэхэмжлэгчийн шаардлагаа тодорхойлсон байх тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрээр маргаан бүхий эд хөрөнгүүдийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байтал анхан шатны шүүх “... барьцаалагч банкны гаргаж өгсөн дансны хуулгаар барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн, барьцаалагч  “******* ******* банк” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байдал одоогоор тогтоогдохгүй ...” гэж нэхэмжлэгчийн маргаагүй асуудал буюу барьцааны гэрээ дуусгавар болсон эсэхтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус /хувийн эрх зүйн/ асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue Sky” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууцыг Д.*******гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах ...” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “******* ******* банк” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн ““Мфикс Капитал” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689, Ү-2206014006, Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103677, 000104004, 000104013, 000104010, 000109415, 000109417 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue Sky” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын  өмчлөгчөөр иргэн Д.*******г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууц болон автозогсоолуудыг иргэн Д.*******гийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “******* ******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмэндийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

            ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ