Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/01038

 

 

 

 

 

 

2024 02 23

101/ШШ2024/01038

 

 

 

 

 

       

 

 
 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-гийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-нд холбогдох,

 

Орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, хууль зүйн туслалцаа авахад төлсөн зардал 12,600,000.00 төгрөг болон алданги 2,699,409.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 54,599,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Би, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж,*******,*******нд байрлах, хаягт байрлах м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг автозогсоолын хамт худалдан авахаар тохиролцсон. Ингээд миний бие тухайн өдөрт урьдчилгаа төлбөрт 50,000,000.00 төгрөг, дулаан зогсоолын төлбөрт 2,000,000.00 төгрөгийг төлсөн ба үүний дараа 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 16,000,000.00 төгрөг болон 10,131,000.00 төгрөгийг тус тус төлж, орон сууцны төлбөр болох 76,131,000.00 төгрөгийг төлсөн.

 

Түүнчлэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 14,000,000.00 төгрөгийг дулаан зогсоолын төлбөрт төлөөд нийт 16,000,000.00 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл орон сууц захиалан бариулах гэрээний 4.1-д зааснаар хариуцагч компани тухайн барилгыг 2021 оны 2 дугаар улиралд багтааж барих үүрэг хүлээсэн боловч үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд надтай байгуулсан гэрээг цуцалсан гэсэн үндэслэлээр түлхүүрийг гардуулж өгөөгүй.

Хариуцагч компани миний худалдан авахаар тохиролцсон орон сууцыг олон нийтийн цахим сүлжээгээр худалдахаар зар сурталчилгаа явуулж байсныг миний бие олж мэдээд лавлатал миний орон сууц мөн байсан. Тэгэхээр би орон сууцаа алдахгүйн тулд орж суусан маань үнэн. Хариуцагч нь Ковид-19 цар тахлын үед барилгын ажлыг эхлүүлсэн тул энэ талаар мэдэх боломжгүй байна гэж үгүй учир орон сууцны өртөг нэмэгдсэн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Намайг өөрийн авах ёстой орон сууцанд амьдарч байсан чинь хариуцагч компанийн ажилтнууд гээд баахан залуучууд түлхүүр тааруулж хүч түрэн орж ирсэн учир миний бие айж сандраад тагтан дээрээ гарсан нь үнэн. Үүнийг хариуцагч нь амиа хорлох үйлдэл гаргасан гэж ярьдаг. Би, хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлаагүй, надаас үндэслэлгүйгээр м.кв тутамд 710,000.00 төгрөг нэмэгдүүлж нийт 54,599,000.00 төгрөг шаардаж байгааг зөвшөөрөх боломжгүй.

 

Хариуцагч нь надтай анх гэрээ байгуулахдаа та хамгийн анхны захиалагч болсон, бас төлбөрийг 100 хувь төлсөн, тийм болохоор ямар нэгэн эрсдэл хүлээхгүй гэж ярьж байсан боловч барилгын ажлын явцад автозогсоолын талаар мэдээлэл өгөөгүй байж одоо болохоор таны автозогсоол нийтийн эзэмшлийн талбай болсон гэж намайг хохироож байна. Би, хариуцагчийн орон сууцыг барих өртөг өссөн гэсэн тайлбарт итгэдэггүй. Үнэхээр тийм байсан бол надаас яах гэж төлбөрийг 100 хувь бүрэн авсан юм. Өнөөдөр энд, тэнд зохион байгуулагдаж байгаа бүхий л арга хэмжээг хариуцагч ХХК-ийн зүгээс ивээн тэтгэж, мөн байрны доод давхарт байрлах автозогсоолоор дүүрэн үнэтэй машинууд тавьж байгаагаас харахад энэ компани санхүүгийн хувьд хэцүү нөхцөлд байгаа гэсэн тайлбар худал.

 

Барилгыг дээрээс нь бус доороос барьдаг. Гэтэл хариуцагч нь автозогсоолыг чухам хаана байрлах талаар нэхэмжлэгчид тодорхой зааж өгөөгүй байж хэрэв барилгын ажлын явцад өөрчлөлт орсон бол энэ талаар хэлж болох л байсан. Бид хариуцагчид орон сууц болон автозогсоолын төлбөрийг 100 хувь төлсөн учир гэрээний дагуу авах ёстой зүйлийг шаардаж байна. Тийм болохоор ижил нэр төрлийн автозогсоолыг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх ёстой.

 

Хариуцагч нь хаанаас, хэнээс ямар валютаар барилгын материал худалдаж авдаг байсан талаар тодорхой баримт байхгүй, тэгэхээр долларын ханшаар бодоод байдаг юм уу, аль эсхүл юанийн ханшаар бодоод байдаг юм уу, эсхүл рублийн ханшаар бодоод байдаг юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Ковид-19 цар тахлын үеэр өрөнд орчихоод, санхүүгийн байдал хүнд байна гэж тайлбарладаг боловч энэ нь нэхэмжлэгчид огт хамаагүй, яагаад гэвэл нэхэмжлэгч нь төлбөрийг 100 хувь төлсөн тул эрсдэлийг хариуцагч нь тооцоолох ёстой.

 

Валютын харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалсан анхны үнэд өөрчлөлт оруулж болно гэдэг заалт байдаг ч гэрээ хийж байх үеийн ханшаас валютын ханш хэдэн хувь өссөн гэдгийг юугаар яаж нотлоод бэ, монгол банкны ханш, судалгаанууд хэргийн материал дотор байдаггүй, ингээд гэрээний нөгөө тал дур зоргоороо нэмж мөнгө нэхэх нь зохимжтой биш.

 

Би, хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас хууль зүйн туслалцаа авахад 12,600,000.00 төгрөгийн зардал гаргасан ба хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тул хугацаа хэтэрсэн хоногоор алдангийг тооцож үзвэл 2,699,409.00 төгрөг болсон. Иргэний хуулийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг 100 хувь төлчихсөн тул зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн учраас хариуцагч нь эрсдэлийг өөрсдөө хүлээх ёстой.

 

Иймд, нэхэмжлэгчийг*******,*******,,, тоот хаягт байрлах м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагчид ижил нэр төрлийн автозогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж, хууль зүйн туслалцаа авахад төлсөн зардал болон алдангид 15,299,409.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд өгсөн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Манай компани орон сууцны барилгын ажил гүйцэтгэх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэж хил, гааль хаагдах, бараа материалын үнэ нэмэгдэх, мөн Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэх зэрэг үйл явдал удаа дараа бий болсон. Үүнээс үүдэж барилгын бараа материалын үнэ огцом нэмэгдсэн учир бидний зүгээс орон сууц захиалсан захиалагчдыг дуудан уулзаж, бараа материалын үнийн нэмэгдэлтэй холбоотойгоор орон сууцны захиалгын гэрээний үнэ нэмэгдэх болсон талаар танилцуулж, улмаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

 

Гэвч зарим захиалагчид нэмэлт гэрээ байгуулаагүй ба бид санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон тул ХК-иас зээл авч орон сууцыг барьж дуусгасан. Тодруулбал, барилгад ашиглагддаг бараа материалын үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотой компанийн зүгээс м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 76,131,000.00 төгрөгөөр барьж хүлээлгэж өгнө гэдэг нь боломжгүй болсон. Иймд, манай компани хариуцагч тай нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж чадаагүй учир гэрээнээс татгалзаж байгаагаа түүнд мэдэгдсэн.

 

Барилгын тухай хууль тогтоомжид зааснаар орон сууцыг байнгын ашиглалтад оруулаагүй байхад хүн амьдрахыг хориглосон байхад, мөн улсын комиссын дүгнэлт гараагүй байхад нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус орон сууцны хаалгыг эвдэж орсон бөгөөд компанийн үйл ажиллагаа явуулж байсан байранд хэрүүл маргаан үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. Түүний энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол өгсөн.

 

Бид нэхэмжлэгч тай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж,*******,*******,, хаягт байрлах м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг автозогсоолын хамт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болон нийт 92,131,000.00 төгрөгийг авсан талаар маргахгүй. Гэхдээ тухайн барилгыг барих явцад Ковид-19 цар тахал гарч Монгол Улсын Засгийн газраас нийтийг хамарсан хөл хориог 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хэд, хэдэн удаа тогтоосон ба үүнтэй холбоотойгоор хил, гааль хаах, төрийн болон хувийн байгууллагын үйл ажиллагааг зогсоож байсан.

 

Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан барилгад ашиглагддаг бараа материалын хомсдол үүссэн ба ялангуяа арматур, цемент зэрэг материалын үнэ огцом нэмэгдсэн. Ингэснээр барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд батлагдсан барилгын төсөвт өртгийн хэмжээнд барилга барьж гүйцэтгэх, ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

 

Өөрөөр хэлбэл, манай компанийн хэрэгжүүлж байсан Дэлгэрэх апартмент хотхоны барилгын анхны төсөвт өртөг 70-80 хувиар нэмэгдсэнээр барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэл үүсч эхэлсэн. Гэсэн хэдий боловч бид арилжааны банкнаас өндөр хүүтэй их хэмжээний зээл авч, барилгыг барьж гүйцэтгээд Улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд манай компани барилгын төсөвт өртөг хоёр удаагийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 2021 онд 9 тэрбум төгрөг, 2022 онд 12 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байсан талаарх баримтыг шүүхэд өгсөн.

 

Мөн бид энэхүү цар тахал болон гэдгийг урьдчилан таамаглах боломжгүй байснаас гадна дэлхийн улс орнууд хил, гаалиа хааж, үүнээс шалтгаалан бараа материалын үнэ өснө гэдгийг мэдэх боломжгүй байсан бөгөөд бараа материалын үнэ огцом өссөнтэй холбоотойгоор өндөр үнээр худалдан авч байсан талаарх нотлох баримтыг шүүхэд өгсөн тул үүнээс гэрээний үнийн зөрүүг ялгаж харах боломжтой.

 

Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 3.2-т .......энэхүү орон сууцны захиалгын үнэд барилгын өртөг зардал багтсан үнэ гэж үзнэ /НӨАТ багтаагүй/. Барилгын өртгийн дийлэнх хувийг материалын зардал эзэлдэгтэй холбогдуулан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш гэрээ байгуулах үеийн ханшнаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно. Энэ тохиолдолд нь захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж заасан.

 

Манай компани барилгыг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн ба барьж дуусах үед 12,509,793,535.00 төгрөгийн өртөг гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 1 м.кв тутамд 710,000.00 төгрөгийн алдагдал хүлээсэн тул үүнийг нөхөх зорилгоор нэмэгдүүлж нэхэмжлэгчээс 54,599,000.00 төгрөг шаардаж байна. Бид зөвхөн нэхэмжлэгч гаас шаардаагүй, бусад орон сууц захиалсан хүмүүстэй гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 10 гаруй хүмүүстэй маргаан үүсээд тэгээд шүүхээр шийдвэрлүүлээд дуусаж байна.

 

Нөгөө талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч тал хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтаа бүрдүүлэх, тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлан аль болох богино хугацаанд шүүх хуралдаан зарлах, талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хязгаарлаж нэхэмжлэгч талаас гаргаж буй "... тодорхой хэрэг маргаан, өмнө нь танай шүүх бусад захиалагч нарын маргааныг шийдвэрлэхдээ өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн, хариуцагч хугацаа авах зорилготой шүүх хуралдаан хойшлуулж байна гэх..." санал хүсэлтэд үндэслэн манай компанид холбогдох хэргийг шийдвэрлэхээр улайрч байгаад гомдолтой байна. Энэ нь хариуцагч тал тухайн шүүгчээс, тус шүүхийн бүх шүүгчээс, шүүхээс татгалзах нөхцөл байдлыг шүүх өөрийн үйл ажиллагаагаар бий болгож байна гэж үзэхэд хүргэж шүүхээс үнэн зөв шийдвэр гарна гэдэгт эргэлзэх нөхцөлийг бүрдүүлж байгааг зориуд хэлье.

 

Манай компани гэрээнээс татгалзсан, татгалзлаа нөгөө талдаа бичгээр мэдэгдсэн учраас үүрэг дуусгавар болсон буюу гэрээ хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж байгаа тул гэрээнээс татгалзсаны үр дагавар болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан харилцан буцаах, хохирол шаардах эрх л талуудад байгаа гэж үзэж байна. Шүүх дээрх нөхцөл байдлыг үл харгалзан практик тогтоож манай компанид холбогдох хэргүүдийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж байгаа байдал, нэхэмжлэгч талаас тайлбарлаж буй шүүх өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж байгаа гэх субьектив тайлбар зэрэгт үндэслэн харилцан тооцуулах зорилгоор м.кв талбайн зөрүү үнэ болох 54,599,000.00 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн бол, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй" гэж зааснаар 2020 оны 03 дугаар сараас хойш барилгыг барьж гүйцэтгэх хугацаанд талуудын хүсэл зоригоос гадуурх нөхцөл байдлаас болж барилгын салбарын бараа материалын үнэ илтэд өөрчлөгдсөн, энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, энэ талаарх байдлаа хариуцагч баримтаар нотолж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

Түүнчлэн нэхэмжлэгч м.кв талбайн үнийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй буюу нэмэлт гэрээ байгуулахаас татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөхгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж тус тус зааснаар хариуцагч нь гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Автозогсоолын хувьд гэрээнд хаана байрладаг, ямар хэмжээтэй талаар тодорхой заагаагүй учир ижил төрлийн автозогсоол өгөх боломжгүй. Нэхэмжлэгчийн ашиглаж байсан автозогсоолыг нийтийн эзэмшлийн талбайд хамруулсан, мөн гэрээнээс татгалзсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь захиалагчид энэхүү үүргээ биелүүлэхээр мэдэгдсэн, мэдэгдсэний дараа нэхэмжлэгийнх зүгээс буцаагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг хариу ирсэн. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан гэрээ заавал хэрэгжих ёстой зарчим байдаг боловч хүнд нөхцөл байдлын улмаас анхны нөхцөлөөрөө гэрээ хэрэгжих боломжгүй болчихсон.

 

Хэрэгт манай компанийн хууль бус үйлдэл гаргасан болон үүний улмаас нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авахад 12,600,000.00 төгрөгийн зардал гаргасан гэсэн баримт байдаггүй, алдангийн хувьд нийтийг хамарсан хөл хорионы улмаас барилгын ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх боломжгүй болсон, үүнийг нотолсон Засгийн газрын тогтоолуудыг хэрэгт өгсөн тул алданги төлөх үндэслэлгүй бөгөөд гэрээнээс татгалзсан. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 54,599,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.            Улсын тэмдэгтийн хураамжид 618,605.00 төгрөг төлсөн баримт,

2.            Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ,

3.            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

4.            2 дугаар давхрын байгуулалтын зураг,

5.            Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

6.            Авлаг өглөгийн тайлан,

7.            Кассын орлогын ордер,

8.            ХК дахь мөнгөн шилжүүлгийн мэдээлэл,

9.            Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

10.          Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд,

11.          Мөнгөн шилжүүлгийг баримт,

12.          Иргэний үнэмлэхийн хуулбар,

13.          Улсын тэмдэгтийн хураамжид 91,660.00 төлсөн баримт,

14.          Улсын тэмдэгтийн хураамжид 234,448.00 төлсөн баримт,

15.          Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

 

Хариуцагчийн шүүхэд өгсөн нотлох баримт:

 

1.            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

2.            Хариу тайлбар,

3.            Зөрчлийн хэрэг нээх тухай дугаар тогтоолын хуулбар,

4.            ХХК-ийн 2021.07.09-ний өдрийн 21/112 тоот албан бичиг,

5.            гийн 2022.04.11-ний хариу мэдэгдэл,

6.            ХХК-ийн 2022.05.25-ны өдрийн 22/216 тоот албан бичиг,

7.            гийн 2022.05.27-ны мэдэгдлийн хариу,

8.            2021.10.07-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

9.            2021.10.07-ны өдрийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

10.          2021.10.07-ны өдрийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

11.          2022.02.25-ны өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

12.          Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт,

13.          Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

14.          Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

15.          Барилгын хөгжлийн төвийн 2023.01.10-ны өдрийн 1/51 тоот албан бичгийн хуулбар,

16.          12 гол нэрийн барилгын материалын үнийн мэдээлэл,

17.          Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

18.          Вакум шилэн цонх, хаалга үйлдвэрлэж, барилгад угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

19.          Барилгын материал худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

20.          2022.04.06-ны өдрийн 22/34 дугаартай Барилгын тагтны хаалт угсрах ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

21.          Барилгын гадна зам талбай, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

22.          Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон хуурай хольц бэлтгэн нийлүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

23.          Бетон зуурмаг худалдах худалдан авах болон хуурай хольц бэлтгэх нийлүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

24.          2021.05.27-ны өдрийн 21/15 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

25.          Зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

26.          Дансны хуулга,

27.          Зарлагын баримт,

28.          Мөнгөн шилжүүлгийн баримт,

29.          Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хуулбар,

30.          Улсын тэмдэгтийн хураамжид 430,945.00 төгрөг төлөн баримт,

31.          Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

32.          Суурийн нүх ухсан актын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

33.          Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх актын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

34.          Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа,

35.          Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

36.          Хүнд нөхцөл байдлын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

37.          С блокын 108 айлын орон сууцны барилгын төсөвт өртгийн нотариатаар

38.          Үл хөдлөх эд хөрөнгийн захилагчийн нэрсийн жагсаалт,

39.          ХХК-ийн удирдлагад гаргасан хүсэлтийн хуулбар,

40.          Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт нь:

 

1.            Барилгын хөгжлийн төвийн 2023.03.22-ны өдрийн 1/709 тоот албан бичиг,

2.            Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалын 2020 оны үнийн мэдээлэл,

3.            Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалын 2021 оны үнийн мэдээлэл,

4.            Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалын 2022 оны үнийн мэдээлэл,

5.            Үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч гаас хариуцагч ХХК-нд холбогдуулан орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, хууль зүйн туслалцаа авахад төлсөн зардал 12,600,000.00 төгрөг болон алданги 2,699,409.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь орон сууцнаас гадна ижил төрлийн автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан нөхцөл байдал өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр 54,599,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талуудын нэхэмжлэлийн шаардлагыг үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж,*******,*******,,,, тоот хаягт байрлах м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг мөн тоот хаягт байрлах автозогсоолын хамт өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байна /1-р х.х-ийн 7, 8 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь орон сууцыг 1 м.кв талбайг 990,000.00 төгрөгөөр тооцож нийт 76,131,000.00 төгрөг, автозогсоолыг 16,000,000.00 төгрөгөөр өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон энэхүү гэрээний дагуу нийт 92,131,000.00 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч ХХК-нд төлсөн байна /1-р х.х-ийн 11,12, 15-21 хуудас/.

 

3.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон автозогсоол нь тус тус нэхэмжлэгч г зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй, харин хариуцагч ХХК нь уг орон сууц болон автозогсоолыг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шинээр барьж гүйцэтгэж 2021 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, мөн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хариуцагч ХХК нь зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас гадна автозогсоолыг барьж гүйцэтгэх, ийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч д хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч , хариуцагч ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

 

4.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний талууд гэрээнд заасан үүргээ тэдгээрээс үл хамаарах шалтгаанаар биелүүлэх боломжтой байвал заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.

 

Энэ талаар Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.1гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж, 350.1.6захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж тус тус заасан байдаг.

 

Ингээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчдын маргаж буй гэрээний зүйлийн албан ёсны хаягийг*******,*******,,, тоот хаягт байрлах орон сууц гэж тодруулсан бөгөөд хариуцагч ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байдаг, нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд амьдарч, эзэмшиж байгаа ажээ.

 

5.            Гэтэл хариуцагч ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээг түүнд нийцүүлж өөрчилж чадаагүй учир цуцлагдсан гэсэн үндэслэлээр орон сууц болон автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Тодруулбал, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээний талууд гэрээг харилцан тохиролцож цуцалж болно.

 

Гэвч гэрээний аль нэг ийнхүү цуцлахыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд шүүх цуцлах эсэхийг шийдвэрлэх бөгөөд хэрэв гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжтой бол тийнхүү шийдвэрлэж болно.

 

6.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна гэрээг цуцлахыг эрс няцааж, харин гэрээний зүйлийг бодитоор эзэмшиж байхын сацуу өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг өгөхийг нөгөө талаас шаардаж байгаа бол хариуцагч нь гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжтой гэж 54,599,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Нэгэнт захиалагч буюу нэхэмжлэгч нь бий болсон ажлын үр дүнг шаардаж байгаа, тэрээр гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй байгаагаас гадна ажил гүйцэтгэгч тал үүнийг баримтаар үгүйсгэхгүй байх тул нэхэмжлэгч г*******,*******,,, тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч ХХК-нд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нь зүйтэй.

 

7.            Харин талуудын байгуулсан автозогсоолын байршлын талаар зохигчид тухайлан тохироогүй байна. Тодруулбал, зохигчид гэрээнд энэ талаар тохироогүй, автозогсоолын байршлыг тодорхойлох холбогдох зураг байхгүй байхад хариуцагчийн нэхэмжлэгчид өгөх автозогсоолыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн гэсэн тайлбар үндэслэлтэй биш байна.

 

Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1Үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно гэж, 188.2Үүргийн агуулгыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг түүнийг эзэмшигч тал нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр өгөх боломжтой тохиолдолд нөгөө тал нь мэдээлэл авах эрхтэй гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ХХК нь тухайн барилгыг барьж гүйцэтгэж буй ажил гүйцэтгэгч этгээд болохын хувьд барилгын зураг төслийг эзэмшигч этгээд мөн юм. Энэ ч утгаараа тус компани нэхэмжлэгч д D3 автозогсоолын байршлын талаар мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд тийнхүү өгөх үүргээ биелүүлээгүй бол хариуцлагыг захиалагч хүлээх учиргүй.

 

8.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж заасан. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч ХХК нь нийт 2 блок айл амьдран суух зориулалт бүхий 109 автозогсоолтой орон сууцны хотхон барьсан бөгөөд эдгээр автозогсоолыг бусдад худалдан борлуулсан гэсэн тайлбараар баримтаар нотлохгүй байна.

 

Дээр дурдсан хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Иймд, хариуцагч ХХК-нд ижил нэр төрлийн автозогсоолыг нэхэмжлэгч д шилжүүлэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нь шударга ёсонд нийцнэ.

 

9.            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

 

Тодруулбал, гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн, эсхүл гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нөгөөг талд учирсан хохирол болон гэрээнд заасан алдангийг төлөх үүрэг үүсч болно. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.9-д Орон сууцыг товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0.01 хувийн алданги тооцоо захиалагчид олгоно. Алдангийн үнийн дүнг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцно. Алдангид НӨАТ тооцохгүй болно гэж заажээ.

 

10.          Гэвч хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол тэрээр хариуцлага хүлээхгүй. Энэ талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан.

 

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тоот тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 181 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн хөл хорио тогтоосон гэх зэргээр 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийтийг хамарсан хөл хорио тогтоосон бол 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг тус тус сунгасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хариуцагч ХХК-нд хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгосон ба үүнд нэхэмжлэгч тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ багтсан байна /2-р х.х-ийн 122, 123 хуудас/.

 

11.          Харин нэхэмжлэгч бусдаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн 12,600,000.00 төгрөгийн зардлын хувьд ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу орон сууц болон автозогсоолыг хүлээлгэн өгөөгүйтэй холбоотой бусдад төлсөн зардал гэж үзэж болох хэдий ч хэрэгт энэ талаар баримт байхгүй, нөгөө талаар гэрээний талуудаас үл хамаарах давагдашгүй хүчин зүйлийн улмаас өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг тохируулах талаар хэн аль нь тохироогүйтэй холбоотой маргаан байх тул гагцхүү хариуцагчийг шууд буруутгах боломжгүй байна.

 

Иймд, хариуцагчид ажил гүйцэтгэх гэрээний хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдлыг давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 2,699,409.00 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 12,600,000.00 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

12.          Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заажээ.

 

Тайлбарлавал, нөхцөл байдал өөрчлөгдөх гэдэг нь гэрээ байгуулсны дараа тухайн нөхцөл байдал үүссэн, эсхүл талууд энэ талаар хожим мэдсэн, мөн гэрээний талууд урьдчилан таамаглах боломжгүй байсан, уг нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, эрсдэлийг урьдчилан тооцоолох боломжгүй тийм хүнд хэцүү байдал /hard ship/-ыг ойлгох ба энэ нь гэрээний талуудаас үл хамаарсан шинжтэй байдаг тул тэдгээрийн гэм буруу шаардахгүй.

 

Энэ тохиолдолд аль нэг нь нөгөө талаасаа үүрэгтээ үнэнч байхыг шаардах нь хүнд нөхцөл байдлын улмаас эрх ашигт нь сөргөөр нөлөөлсөн тэр этгээдэд огт өөр нөхцөл байдалд байгуулагдсан гэрээг хүнд хэцүү нөхцөл байдлын үед дагаж мөрдөхийг шаардах нь шударга биш байдаг тул хэрэв талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд байсан, эсхүл мэдэж байсан бол гэрээг ямар нөхцөлөөр байгуулах боломжтой байсан тэрхүү нөхцөлөөр байгуулах боломжийг олгох ёстой болдог. Үүнийг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж заасан байна.

 

13.          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч ХХК нь анх буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн төсөвт өртгийн тооцооллоор энэхүү 108 айлын орон сууцыг 7,876,012,942.00 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг 947,091,05 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр төсөвлөсөн байжээ /2-р х.х-ийн 129-131 хуудас/.

 

Гэвч дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн төсөвт өртгийн тооцооллоор 9,780,797,70.33 төгрөг, 1 м.кв талбайг 1,176,142.00 төгрөг болж нэмэгдсэн бол, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12,509,793,535.00 төгрөг, 1 м.кв талбайг 1,504,304.18 төгрөг болж, анхны тооцооллоос даруй 557,213.13 төгрөгөөр нэмэгдсэн байна /2-р х.х-ийн 132-137 хуудас/.

 

Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн барилгад хэрэглэгдэх гол нэрийн материалын 2020, 2021, 2022 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын үнийн мэдээг үзвэл барилга барихад хэрэглэгддэг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөн байгаагаас гадна хариуцагч ХХК нь бусад этгээдтэй байгуулсан бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээний үнийн дүн нэмэгдсэн өөрчлөлт оржээ /1-р х.х-ийн 134-139, 165-250, 2-р х.х-ийн 1-33 хуудас/.

 

Иймд, хариуцагч ХХК-ийн хүнд нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэсэн тайлбар үндэслэлтэй байх тул шүүхийн журмаар өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг тохируулах боломжтой. Ингээд зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийг өөрчлөгдсөн нөхцөл байдалтай холбогдуулан тооцвол:

 

13.1       Талуудын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний 1 м.кв талбайн үнэ 990,000.00 төгрөг, бодит өртөг 947,091.00 төгрөг, үүнээс хариуцагчийн хүлээх ашиг 42,909.00 төгрөг,

 

13.2       COVID-19 цар тахлын улмаас өссөн өртөг 1 м.кв талбайн хувьд 1,504,304.00 төгрөг, барилгын анхны өртөг 947,091.00 төгрөг бөгөөд зөрүү 557,213.00 төгрөг болно. Үүнээс хариуцагчийн хүлээх ашгийг 42,909.00 төгрөг гэж тооцоод сөрөг нэхэмжлэлээр нэмсэн ашиг бус анхны ашгийг хасвал 514,304.00 төгрөг, үүнийг м.кв талбайгаар үржүүлэхэд 39,549,977.00 төгрөг болж байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь цар тахал гарахаас өмнө энгийн үед нэхэмжлэгчээс 42,909.00 төгрөгийн ашиг хүлээж тухайн орон сууцыг 1 м.кв талбайг 990,000.00 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон тул энэхүү тохиролцоог өөрчлөх боломжгүй, хүнд нөхцөл байдал бий болсны дараагаар ашиг авах ёстой гэж нэхэмжилсэн нь шударга биш байна.

 

14.          Гэвч шүүх өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан нэхэмжлэгч гаас 39,549,977.00 төгрөгийн 20 хувь буюу 7,909,995.00 төгрөгийг гаргуулж хариуцагч ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь,

 

14.1       хариуцагч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг этгээдийн хувьд илүү хариуцлагатай тооцоотой байх ёстой, мөн тус компани нэхэмжлэгчээс төлбөрийг 100 хувь урьдчилан авч нэхэмжлэгчид гэрээнд заасан хугацаанд үүргийг биелүүлэх талаар тодорхой итгэл төрүүлсэн, нөгөө талаар нэгэнт бий болсон орон сууц, автозогсоолыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн байна,

 

14.2       Нөгөө талаар хүлээх алдагдлыг энгийн үед өөрөө хариуцах талаар тохирсон байтал онцгой нөхцөл байдлын үед нөгөө талдаа бүрэн хүлээлгэхээр шаардаж байгаа нь шударга биш байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь аж ахуйн үйл ажиллагааг байнга эрхэлж, бизнесийн эрсдэлийг зохих түвшинд үнэлэх, тооцоолох чиг үүрэг бүхий аж ахуй эрхлэгч бол, нэхэмжлэгч нь энэ төрлийн харилцаанд тогтмол оролцдоггүй, ахуйн буюу хувийн зорилгоор нэг удаагийн чанартай гэрээ байгуулсан аж ахуй эрхлэгч бус иргэн байна. Энэ тохиолдолд бизнесийн үйл ажиллагааны эрсдэлийн ихэнх хувийг гүйцэтгэгч хариуцах нь аж ахуй үйл ажиллагааны зарчимд нийцнэ.

 

15.          Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т ........ төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно гэж заасан. Гэвч энэхүү тохиролцооны урьдчилсан нөхцөл болох 10 хувиас дээш хэмжээгээр ханш өөрчлөгдсөн гэж үзэхэд аль төрлийн гадаад валюттай харьцах ханшийг гэрээнд тогтоосон нь ойлгомжтой байх ёстой боловч энэ талаар гэрээнд тохирсон зүйл байхгүй байх тул гадаад валюттай харьцах ханш 10 хувиас дээш хэмжээгээр нэмэгдсэн нь гэрээний үнийг нэг талын санаачилгаар өөрчлөхийг шаардах эрхтэй гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийг гэрээнд заасан орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагчид ижил нэр төрлийн автозогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчээс 7,909,995.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч г*******,*******,,, тоот хаягт байрлах м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч ХХК-нд ижил нэр төрлийн автозогсоолыг нэхэмжлэгч д хүлээлгэн өгөх, орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 15,299,409.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч гаас 7,909,995.00 төгрөгийг гаргуулж хариуцагч ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 46,689,005.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,011,003 төгрөг, хариуцагчийн төлсөн 430,950.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 618,605.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 141,510.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР