Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 103

 

“Д-” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00900/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж,  С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 25-ны өдрийн 1001 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Д-” ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Б.У-д холбогдох

"487.760 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Б.У-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ганбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанид Б.У- нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нэрийн барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад өр дутагдал үүсгэсэн. Өр төлбөр болох 487.760 төгрөгийн тооцооноос графикийн дагуу бүрэн төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй учир төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.У- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.У- миний бие нь “Д-” ХК-аас гаргасан 487.760 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нь анх тус компанийн нэрийн барааны дэлгүүрт 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр худалдагчаар ажилд орсон. Анх орохдоо нэрийн барааны дэлгүүр гэхээр нь өөрсдийн хийдэг талх, нарийн боов, зайрмагаа зардаг л дэлгүүр байна гэж бодсон чинь хүнсний 8 нэрийн дэлгүүр байсан ба эхний үлдэгдэл 5.660.079 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хиам, сосиск, элэгний нухаш нь хугацаа нь дууссан ба 157 дээр байгаа Петровская цай нь 250 төгрөгөөр зарагддаг, жимсний цай нь 4400 төгрөгөөр үлдэгдэл тооцоонд орсон байгаа. Би анх худалдагчаар орохдоо цагаан чингис, хар чингис аль ч болохыг ч мэдэхгүй шууд л авч билээ. бараагаа хүлээж авсныхаа дараа бараатайгаа танилцаж, өөрөө тулгаж тэмдэглэгээ хийн тулгах явцад 0 гэсэн нь байхгүй, би олж таньсангүй гэсэн тэмдэглэгээ хийж билээ. Ингээд 7 сар дуусаад тайлан гарах болж тооллого болоход асуудал гарсангүй, болчихлоо л гэж хэлсэн. Харин ч 2 нягтлан маань хурал дээр хотын захирлууд маань наад худалдагч чинь яагаад ямар ч асуудалгүй гарсан юм, та хоёр ажлаа зөв хийсэн юм уу гэж загнууллаа гэхээр нь худалдагч гэхээрээ заавал өртэй гарах ёсгүй ш дээ гээд л өнгөрсөн. Тэр сард хугацаа нь дууссан хиамаа ерөнхий нягтлан маань мах импексийг дуудаад арга эвийг нь олоод тал хагасаар нь ч болов солиулаад авахгүй бол чам дээр өр бичигдэнэ шүү гэж хэлэхээр нь захирал Н.Г-д хэлсэн чинь юу гэж тэгэх юм чамайг ирэхээс өмнө хугацаа нь дууссан байхад гээд нягтланд устгалд оруул гэж устгуулсан асуудлыг эс тооцвол ямар ч асуудал гарсангүй. Тэгээд 8 сар болоход нягтлан Т.Д- амарсан чинь явц дунд тоолно гээд ерөнхий нягтлан Д- үйлчлэгч Н-р сарын дунд тооллого хийлгэсэн. Нэр төрөл зөрж байна, дотоод орлого хийнэ гээд л оруулчихна, сарын сүүл тооллого болсон чинь 2.429.883 төгрөгийн өртэй гарлаа, үүнийгээ төл гэж хэлсэн. Д- ирж байж тайлан чинь гарна, санаа зоволтгүй, ажлаа хийж бай гэж хэлэхээр нь тайширч, идэж уусан юм байхгүй юм чинь гараад ирэх байлгүй гэж бодоод л өнгөрсөн. Тооллого дутлаа гэж нэг өрдөөд л илүүдлээ гэж орлогодоод л будилуулчихсан. Тэгээд “Д-” ХК-ийн хэрчсэн гурилын цехэд 10.03-аас эхлэн ажилласан. Цехэд ажиллаж байх хугацаандаа 8 сарын тайлангийн асуудал юу болсон гэсэн чинь Аудитын шалгалт энэ тэр гээд шалгаж амжаагүй л яваа гээд байсан. Тэгээд нэг өдөр ажлынхаа цайны цагаар нь нягтлан Д- дээр хоёулаа ядаж хөл дүнгээр нь тулгаад баримжаа аваадахъя тэгэх үү гэхэд. Ерөнхий нягтлан Д- алив нааш ир, хоёулаа баримжаалъя гээд өөрөө гар аргаар бичсэн нь 40.697 төгрөгөөр зөрлөө бараг гараад ирчиж байгаа юм биш үү, за за явж ажлаа хий гэхээр нь би ч ингээд өргүй болчиж байгаа юм байна гэж бодоод санаа амраад явчихсан. Тэгээд ажил дээрээ байж байтал 11.6-ны өдөр Б- бид нарыг ахалж байсан хүнээр дуудуулаад Д- нягтлан, Ш-, ерөнхий нягтлан Д- 3-г дуудахад шууд л энэ дээр гарын үсгээ зур гээд энэ сарын цалинг чинь шууд суутгалаа шүү гэж хэлээд 684.629 төгрөгийн тооцооны акт шууд тулгасан. Нэрийн барааны дэлгүүрийн борлуулалт 36.500 төгрөг, 22.776 төгрөг, 25.852 төгрөг нийт 85.126 төгрөг, бас юу гэдгийг мэдэхгүй юм. 11:06 гэнэт дуудаад загнаж загнаж зур гэхээр нь л зурчихсан чинь сайн харж лавлаагүй юм байна. Анх тооллогоор Петровская цайг 4.400 төгрөгөөр 50 ширхгийг хүлээж авсан. 4.400*50=220.000 төгрөг, 250*50=12.500 төгрөг, 220.000-12.500=207.500 төгрөг, дээр нь миний 11 сарын ажилласан 8 хоногийн цалинг нэмэгдэлтэй нь бодчихвол энэ надаас авах өр нь суутгагдчих юм гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 25-ны өдрийн 1001 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар хариуцагч Б.У-гаас 487.760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д-” ХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.283 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.283 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.У- давж заалдсан гомдолдоо:

Миний бие “Дархан хүнс” ХК-ийн нэрийн барааны дэлгүүрт анх 2018 оны 7-р сарын 4-ний өдөр ажилд орж байсан. Ажилд ороход 8 нэрийн барааны дэлгүүрийн барааны үлдэгдэл 5.660.079 төгрөг байсан би 7 сарыг дуусгаад тооллого хийхэд асуудал гарсангүй болчлоо гэж хэлж байсан. Дараа нь 8 сард ерөнхий нянтлан тооллого хийлгэхэд 2.429.883 төгрөгийн өр гарлаа төл гэсэн. Ингээд би 10 сараас өөр ажлын байранд очоод ажилсанч 8 сарын өр гэх тооцоон дээр санаа зовоод юу болсон талаар Д- нягтлангаас асуухад хэд хэдэн удаа тулгаж амжсангүй гэсэн миний Ерөнхий нягтлан Д- надтай 8 сарын тооцоо нийлээд 40.697 төгрөгөөр зөрлөө бараг гараал ирчлээ гээд дээр нь 9 сарын цалинг бүтэн олгосон учраас би өр төлбөргүй юм байна гэж ойлгсон байсан. Үүнээс хойш 2 сарын дараа ерөнхий нягтлан Д- нягтлан Д- компанийн дотоод ауидитор Ш- нар намайг хүнээр дуудуулаад 684.629 төгрөгийн өрийг шууд надад тулгаад тооцооны актанд гарын үсэг зур гэж дарамтлан хэдэн талаас загнан шавдуулсаар гарын үсэг зуруулаад цалинг чинь суутгалаа гэсэн. Ингэж л хүчээр надад өр үүсгэж намайг хохироосон. Хэрэг хянан шийдвэрлэх явцад би шүүхэд “Дархан хүнс” ХК-аас 2018 оны 7 сарын 4-өөс 2018 оны 9 сарын 31 хүртэлх хугацааны харилцагч байгууллагын орлого кассанд тушаасан мөнгө ажилчдаас суутгасан зээлийн баримтуудыг гаргуулж хэрэг хавсаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргахад шүүхийн шүүгчийн 3925 дугаартай захирамжаараа хүсэлтийг хангахаас татгалзсан. Би энэ баримтуудыг хэрэгт хавсаргуулснаар тооцоог шалгаж нягталж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлохыг зорьсон. Шүүх энэ хүсэлтийг хүлээн аваагүй учраас бидний маргааны бодит үнэн байдал нотлогдож чадаагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “Д-” ХК нь хариуцагч Б.У-д холбогдуулан нэрийн барааны дэлгүүрт ажиллах хугацаандаа гаргасан өр төлбөр болох 487.760 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг  хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлдээ хэргийн талд авагдсан тооцоо нийлсэн актыг дурдсан байна.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гарган мэтгэлцэхдээ тооцоо нийлсэн актанд намайг гарын үсэг зур гэж шаардсаар байгаад гарын үсэг зуруулсан надад ямар учиртай актаар өр төлбөр тавьсныг тайлбарлаагүй  тул би энэ актыг зөвшөөрөөгүй гэжээ.

Дээрх маргаан бүхий тооцоо нийлсэн актыг маргааныг шийдвэрлэх хангалттай нотлох баримт гэж үнэлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч тал шүүхэд хариуцагч Б.У-д холбогдуулж гаргасан өр төлбөрийг хэзээ гаргасан юуны өр болохыг /тухайлбал барааны дутагдал эсхүл гүйлгээний орлогыг дутуу тушаасан/ анхан шатны баримтаар нотолж ирүүлээгүй  байна .

Энэ нь Б.У-тай тооцоо нийлэн актаас ч харагдахгүй байна.

Энэ тохиолдолд тооцоо нийлсэн акт нь маргааныг шийдвэрлэх хангалттай үнэн зөв эргэлзээгүй баримт болохгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаар Б.У- нь Д- ХК–тай  хөдөлмөрийн гэрээ байгуулж худалдагчаар ажиллаж байжээ.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулна гэж дурдсан боловч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг худалдагчтай  байгуулаагүй, ийм гэрээг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд  Хөдөлмөрийн тухай хуулийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний заалтыг баримтлан нэхэмжлэгч талаас гаргасан шаардлагаа хангалттай нотлоогүй  тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн тооцоо нийлсэн актанд дурдсан хариуцагчийн гарын үсгийг үндэслэн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тохиолдолд шүүхэд татгалзлаа нотлох үүрэгтэй  хэдий ч нэхэмжлэлд дурдагдсан дээрх 478 760 төгрөг нь хэзээ юунаас үүссэн өр болохыг нэхэмжлэгч тал тайлбарлаагүй тохиолдолд хариуцагчийг татгалзлаа нотлоогүй гэж буруутгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч талыг нэхэмжлэлээ нотлоогүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлий хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 25-ны өдрийн 1001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Д-” ХК-ийн хариуцагч Б.У-д холбогдуулан ажиллах хугацааны өр төлбөр 487.760  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосугай.          

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 15.583 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                   

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                     ШҮҮГЧИД                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ