Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1001

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. багт байрлах, /УБД: .., РД: .., гүйцэтгэх захирал Н.Г, утас ../ Д.х ХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Б.У-д холбогдох

 

487 760 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанид Б.У нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нэрийн барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад өр дутагдал үүсгэсэн. Өр төлбөр болох 487 760 төгрөгийн тооцооноос графикийн дагуу бүрэн төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй учир төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б овогтой У миний бие нь Д.х ХК-аас гаргасан 487 760 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нь анх тус компанийн нэрийн барааны дэлгүүрт 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр худалдагчаар ажилд орсон. Анх орохдоо нэрийн барааны дэлгүүр гэхээр нь өөрсдийн хийдэг талх, нарийн боов, зайрмагаа зардаг л дэлгүүр байна гэж бодсон чинь хүнсний 8 нэрийн дэлгүүр байсан ба эхний үлдэгдэл 5 660 079 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. .. нь хугацаа нь дууссан ба 157 дээр байгаа .. нь 250 төгрөгөөр зарагддаг, .. нь 4400 төгрөгөөр үлдэгдэл тооцоонд орсон байгаа. Би анх худалдагчаар орохдоо Ц.ч, х.ч, аль ч болохыг ч мэдэхгүй шууд л авч билээ. Бараагаа хүлээж авсныхаа дараа бараатайгаа танилцаж, өөрөө тулгаж тэмдэглэгээ хийн тулгах явцад 0 гэсэн нь байхгүй, би олж таньсангүй гэсэн тэмдэглэгээ хийж билээ. Ингээд 7 сар дуусаад тайлан гарах болж тооллого болоход асуудал гарсангүй, болчихлоо л гэж хэлсэн. Харин ч 2 нягтлан маань хурал дээр хотын захирлууд маань наад худалдагч чинь яагаад ямар ч асуудалгүй гарсан юм, та хоёр ажлаа зөв хийсэн юм уу гэж загнууллаа гэхээр нь худалдагч гэхээрээ заавал өртэй гарах ёсгүй ш дээ гээд л өнгөрсөн.

Тэр сард хугацаа нь дууссан хиамаа ерөнхий нягтлан маань мах импексийг дуудаад арга эвийг нь олоод тал хагасаар нь ч болов солиулаад авахгүй бол чам дээр өр бичигдэнэ шүү гэж хэлэхээр нь захирал Н.Г-д хэлсэн чинь “юу гэж тэгэх юм чамайг ирэхээс өмнө хугацаа нь дууссан байхад гээд нягтланд устгалд оруул гэж устгуулсан асуудлыг эс тооцвол ямар ч асуудал гарсангүй. Тэгээд 8 сар болоход нягтлан Т.Д амарсан чинь явц дунд тоолно гээд ерөнхий нягтлан Д үйлчлэгч Н-гаар сарын дунд тооллого хийлгэсэн. Нэр төрөл зөрж байна, дотоод орлого хийнэ гээд л оруулчихна, сарын сүүл тооллого болсон чинь 2 429 883 төгрөгийн өртэй гарлаа, үүнийгээ төл гэж хэлсэн. Би ерөнхийрүүгээ уулзаж “яахаараа ингэж өртэй гардаг юм, өөрөө ажлаа хийж чадахгүй албаар хүнийг өрөнд орууллаа” гэсэн чинь нөгөө төл гэж байсан хүн чинь У “энэ чинь зүгээр л одоо тооллогын зөрүү ш дээ, одоо эндээс чиний кассанд тушаасан мөнгө, ажилчдын зээл энэ тэр гээд нааш цааш хөдөлнө. Тэгээд Д ирж байж тайлан чинь гарна, санаа зоволтгүй, ажлаа хийж бай” гэж хэлэхээр нь тайширч, идэж уусан юм байхгүй юм чинь гараад ирэх байлгүй гэж бодоод л өнгөрсөн. Тооллого дутлаа гэж нэг өрдөөд л илүүдлээ гэж орлогодоод л будьлуулчихсан. Тэгээд Д нягтлан ажилдаа орж ямар ч зав алга хоёулаа тухтай л нэг сууя гээд байсан. Цалин бодох болоход ерөнхий нягтлан маань тайланг чинь тулгаж амжсангүй, гэхдээ дараа сарын тайлантай харьцуулж байж болъё гээд энэ удаа цалинг чинь бүтнээр нь бодоод оруулчихлаа, дараа сарын тайлан чинь яах нь уу харж байж өртэй байсан бол цалин бодохгүй байлгүй дээ бас нэг баримжаа байсан болоод цалинг маань бүтэн бодсон байлгүйдээ гэж бодоод л өнгөрсөн. Ингээд 9 сарын тайлан гарсан. Тайлан гарахаар нь яасан гэсэн чинь гайгүй болсон л гэж хэлсэн. Тэгээд би 9 сарын тайланг дуудах хүн байвал дуудаарай гэж хүний нөөцдөө хэлсэн чинь байна, чи яах юм гэхээр нь би тооцоо гэхгүй дотогшоо оръё гэж хэлсэн. Тэгээд дуудсан хүнийг нь дахин хүн сургана гэж цаг хугацаа, дээр нь жаахан хүүхэдтэй юм байна гээд буцаасан байсныг нь би лав хийхгүй шүү өөр хүнээ дуудаарай гэж байж дахин дуудсан.

Тэгээд Д.х ХК-ийн хэрчсэн гурилын цехэд 10:03-аас эхлэн ажилласан. Шинэ хүмүүс эхний сар савлагч хийдэг, хийснээрээ цалинждаг гэхээр нь надаас л бүх юм шалтгаалах юм байна гэж бодсон чинь биш юм билээ. Цехэд ажиллаж байх хугацаандаа 8 сарын тайлангийн асуудал юу болсон гэсэн чинь Аудитын шалгалт энэ тэр гээд шалгаж амжаагүй л яваа гээд байсан. Тэгээд нэг өдөр ажлынхаа цайны цагаар нь нягтлан Д дээр хоёулаа ядаж хөл дүнгээр нь тулгаад баримжаа аваадахъя тэгэх үү гээд эхний үлдэгдэл дээр цехүүдийн орлого, харилцагч байгууллагуудын орлогыг нэмээд кассанд тушаасан мөнгөө хасаад бас ажилчдад олгосон зээлийг хасаад үлдэх үлдэгдэл нь тоолсон дүнтэй тулах нь уу Та завгүй гээд байх юм, ядаж ингээд товч тулгаж санаагаа амраах гээд жижиг дэвтэр дээрх улаан балаар хийсэн хүснэгт хийсэн билээ. Тэгтэл Ерөнхий нягтлан Да алив нааш ир, хоёулаа баримжаалъя гээд өөрөө гар аргаар бичсэн нь 40 697 төгрөгөөр зөрлөө бараг гараад ирчиж байгаа юм биш үү, за за явж ажлаа хий гэхээр нь би ч ингээд өргүй болчиж байгаа юм байна гэж бодоод санаа амраад явчихсан. Тэгээд ажил дээрээ байж байтал 11.6-ны өдөр Б бид нарыг ахалж байсан хүнээр дуудуулаад Д нягтлан, Ш, ерөнхий нягтлан Да 3-г дуудахад шууд л энэ дээр гарын үсгээ зур гээд энэ сарын цалинг чинь шууд суутгалаа шүү гэж хэлээд 684 629 төгрөгийн тооцооны акт шууд тулгасан. Би “юун өр, болчихлоо гээд байсан биз дээ гэсэн чинь Ерөнхий нягтлан Да, Д нягтлан нар “чи одоо энэ хүндээ хэлээгүй юм уу, энэ чинь өртэйгээ ч мэдэхгүй явж байна ш дээ, эсвэл чи өөрөө төлөх гэж байгаа юм уу” гээд  уурлаад загнаж эхэлсэн. Би өөрөө чинь тулгачхад болчихлоо гээд байсан биз дээ зурахгүй гэсэн чинь уурлаад, хэн тэгсэн юм, чи юу яриад байгаа юм, Д чи тэгж хэлсэн юм уу, цалин нь бүгдийг нь суутга, хүн ажил ихтэй байхад хурдал гээд хүн учиргүй загнаад байхаар нь Та л өөрөө болчих юм байна гээд цалинг маань хүртэл бүтэн бодоод гаргасан гэхээр чинь би өргүй л гэж бодож таараа ш дээ гэж хэлсэн. Тэгсэн Ш алив хурдлаач ээ, ажилтай яараад байна гээд бас хажуугаас шавдуулаад байсан. Тэгээд 10 сарын цалинг бүгдийг нь суутгаж ав гээд уурлаад байхаар нь надад бол ууж идсэн юм байхгүй, тайлангаа сайн тулгаж, шалгаж байгаад өгсөн мөнгөө бүгдийг бөөнд нь буцаагаад авчиж болно биздээ гэж байгаад гурвууланг нь байхад тэгж хэлээд зурсан. Тэгээд л тулгая гэхээр дандаа завгүй гээд ердөө тулгаж өгөөгүй. Хэрэв би өртэй байсан бол тэр сар сард нь л өртэй гэдгийг  нь хэлж, ядаж эргэлзээтэй яаж ч магадгүй гээд тэр үед нь цалинг таллаж юм уу эсвэл тайлан жигдэрэхээр бодъё гэж хэлбэл хүн өөр юм бодно биздээ. Ядаж л өртэй гарч магадгүй гээд бодож явна ш дээ. Тэгээд сүүлд нь за за яг л албаар өрөнд оруулах гээд л дахин дахин тооллого хийж байна гээд нэмж хасаад байсан юм байна, дээр нь дандаа завгүй гээд бас 7 сарын тайлан дээр тооллого хийснээс хойших 7.30, 7.31-ний ажилчдын зээлийг 8 сард оруулах байтал тайланг илүүдэлтэй гарсныг надад юу ч хэлэлгүйгээр өмнөх худалдагч Х-гийн өрнөөс нь хассан байсан. Бас би ажилчдын зээлийг нэг бүрчлэн дэвтэр дээрээ хөтөлдөг байсан чинь 8 сард битгий дэвтэр дээрээ бич, чамд ямар ч хамаагүй шууд пос дээр шивээд шууд гарах болохоор чамд зээл байх шаардлагагүй гээд дэвтэр дээр хөтлүүлэхээ байсан. Ингээд энэ бүгдийг бодоод үзэхэд л заавал өртэй гарах гээд л янз янзаар үзэж дээ гэж бодоод хурдхан л төлж дуусаад гарах минь гэж хэлсэн чинь 11 сард 15 хоног ажиллаад жигнүүр, тосолгоон дээр нэмэгдэлтэй ажил хийгээд байхад л 7 хоног цалинг маань бодоод ямар ч нэмэгдэл бодоогүй. Уг ажилласан хоног, цалингийн мэдээг биднийг ахалж байсан Б буруу гаргаж өгсөн байсан. Нягтлан Д-д хэлсэн чинь харин ч 3 хоногоор аваад ирснийг нь би яахаараа ажил хийж яваад л байсан шүү дээ гэж байж 7 хоног болгосон гэж байсан. Тэгвэл хоол идсэн гал тогооны дэвтрийн шүүгээд 12 сард нөхөж оруулаад хамаа алга наад өрнөөсөө суутгачхаач гэсэн чинь урд сарын цалинг нөхөх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би за уучлаарай би цалин авдаг цех дээр ирэхгүй л бол цалин авах ч үгүй юм байна, дахин энэ цехэд лав ажиллахгүй гээд хүний нөөцдөө өөр цех дээр хүн авах бол дуудчихаарай гэж хэлсэн чинь 12 сард нарийн боов дээр хүн авах болчихлоо хүрээд ир гэхээр нь ирсэн чинь би гадуур ажилтай явж байна, ганц өдөр ч гэсэн яахав хэрчсэн гурилын цех дээрээ ажилчих, маргааш би нарийн боовны цех рүү оруулаадахъя гэж хэлснээ маргааш нь ирсэн чинь 7 хоног л явчих гэж байснаа 7 хоног болсон чинь за шинэ жил болох гэж байхад тасагтайгаа орвол зүгээр биз дээ энэ сараа л дуусгачих гэхээр нь за гэсэн чинь 12 сардаа бас л цалин гэх юм гар дээр 40 000 төгрөг авсан байх. Тэгээд л би өөр цех дээр дуудахгүй л бол би энэ цехэд лав ажиллахгүй гэсэн чинь дуудаагүй. Харин ч цех дээрээ ирж ажлаа хийж, өрөө төлөөч гэхээр нь надад бол идэж уусан явдал байхгүй, харин ч ажил хийгээд наад өрийг чинь төлье гэсэн ч цалин авдаггүй, дээр нь ямар ч цаг нар гэж байхгүй, 100 000 төгрөг байсан бол хамаа алга, тооцооны ажил би алдаа биз гэж бодоод төлье гэхээр тийм их мөнгө би төлж чадахгүй ээ, та намайг шүүхэд өгчих өө гэж хэлсэн. Ажлаа хийхгүй бол шүүхэд өгнө шүү гээд байхаар нь тэг тэг л гэж хэлсэн. Цех дээр ажиллах явцад бол өглөө 09 цагт ирээд өдөр 12-13 цагийн хооронд 1 хоол идлээ, шөнө 00-03 цагт бууна. Ингээд яваад гар дээр авах цалин байхгүй болохоор биегүй болох юм билээ. Нэрийн барааны дэлгүүрийн борлуулалт 36 500 төгрөг, 22 776 төгрөг, 25 852 төгрөг нийт 85 126 төгрөг, бас юу гэдгийг мэдэхгүй юм. 11:06 гэнэт дуудаад загнаж загнаж зур гэхээр нь л зурчихсан чинь сайн харж лавлаагүй юм байна. Анх тооллогоор ..г 4 400 төгрөгөөр 50 ширхгийг хүлээж авсан. 4 400*50=220 000 төгрөг, 250*50=12 500 төгрөг, 220 000-12 500=207 500 төгрөг, дээр нь миний 11 сарын ажилласан 8 хоногийн цалинг нэмэгдэлтэй нь бодчихвол энэ надаас авах өр нь суутгагдчих юм гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.х ХК нь хариуцагч Б.У-д холбогдуулан 487 760 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь би анхнаасаа төлөх ёсгүй өр байсан, би графикийн дагуу төлөөд дуусгая гээд гарын үсэг зурсан нь буруу болсон, одоо нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хариуцагч Б.У нь нэхэмжлэгч Д.х ХК-тай 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу Д.х ХК-ийн Нэрийн барааны дэлгүүрт худалдагчаар 2018 оны 11 сар хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.х ХК-ийн дотоод аудитор Ц.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Б.У-гийн хариуцан ажиллаж байсан дэлгүүрт тооллого хийж 684 926,29 төгрөгийн өр төлбөртэй гарсныг баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдсэн байх бөгөөд цалингаас 84 926,29 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл 600 000 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, тооцооны дэлгэрэнгүй зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх тохиролцооны дагуу хариуцагч Б.У нь 2018 оны 12 сард цалингаас 100 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сард 12 240 төгрөг нийт 112 240 төгрөг төлсөн, үлдэгдэл 487 760 төгрөг болох талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, нотлох баримтаар ажиллаж байх хугацаандаа хөтөлж байсан баримтыг ирүүлсэн боловч дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

 Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.3-д Өөрийн буруутай үйл ажиллагаанаас ажил олгогчид болон бусад этгээдэд ямарваа нэгэн хохирол учруулсан бол ажилтан түүнээ бие даан, өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө, 7.4-д Энэ гэрээтэй нийцүүлэн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээг заавал байгуулна гэж тусгасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар хариуцагч Б.У-гаас 487 760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.х ХК-д олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар хариуцагч Б.У-гаас 487 760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.х ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 283 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 283 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА