Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2024/00655

 

 

 

 

 

 

                   2024       01           30  

             101/ШШ2024/00655

 

 

 

       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М-ийн гаргасан,

 

Хариуцагч: Х-т холбогдох 114,998,400.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч Б.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр -ын “******* Co.,Ltd” компанийн үйлдвэрлэж буй “******* *******” брэндийн нийт 99 хайрцаг буюу 1 хайрцагтаа 400 ширхэгтэй нүүрний маскийг 1 ширхгийг 1,100 вон буюу нийт 43,560,000.00 воноор худалдаж авахаар захиалгаа /хүсэл зоригоо/ нэхэмжлэгч Ц.*******т бодитоор илэрхийлж, хэлцлийг амаар харилцан тохиролцож, улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болно.

 

Өөрөөр хэлбэл, худалдан авагч Б.*******ын захиалгын саналыг үндэслэн худалдагч тал болох Ц.******* нь -д байрлах “*******.,Ltd” компанийн үйлдвэрийн агуулахаас нийт 99 хайрцаг маскийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр худалдан авагч хариуцагч Б.*******ын санал болгосны дагуу Монголд албан ёсоор хүлээж авах каргоны хаягаар бараа бүтээгдэхүүнийг шилжүүлсэн ба хариуцагч нь өөрийн биеэр 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр худалдаж авсан 99 хайрцаг бараагаа бүрэн хүлээж авсан нь зэрэг талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан ба захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан зэрэг үйлдэл нь Иргэний хуулийн 196.1.1, 248 дугаар зүйлийн 248.2-т заасан зохицуулалттай нийцэж байна.

 

Ингээд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд урьд өмнө хариуцагч Б.******* нь олон удаагийн бараа бүтээгдэхүүний захиалга хийж, талуудын хооронд худалдах-худалдан авах ажиллагаа амжилттай хийгдэж, барааны төлбөрийг урьдчилан төлөгдсөний дараагаар нэхэмжлэгч талаас захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, худалдан авагч тал барааг хүлээж авсан өдрөө үлдэгдэл төлбөрийг төлж байсан бөгөөд энэ утгаараа талуудын хоорондох итгэлцэл дээр үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 99 хайрцаг маскийн захиалгын урьдчилгаанд төлөх ёстой байсан 13,560,000 воны төлөлтийг баталгаажиж шилжүүлээгүй байхад нь худалдан авагч Б.*******ын “цаг хугацаа алдахгүйгээр миний хэлсэн каргогоор Монгол руу ачуулчих аа, би араас нь урьдчилгаа төлбөрөө төлье, и-мэйлээр нэхэмжлэхээ явуулчих, ачилт хийсэн өдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 17-нд урьдчилгаа төлбөрийг төлнө”...гэсэн саналыг харгалзан барааг түүний өөрийнх нь санал болгосон каргонд хүргүүлж ачилт хийлгэсэн болно.

 

Гэтэл хэлэлцэн тохиролцсон нийт 99 хайрцаг маскийн урьдчилгаанд төлөх ёстой байсан 13,560,000.00 вон буюу 35,798,400.00 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлөөгүй, мөн барааг хүлээж авсан даруй үлдэгдэл 30,000,000.00 вон буюу 79,200,000.00 төгрөг, нийт 114,998,400.00 төгрөгийн төлбөрүүдээс нэг ч төгрөгийн төлөлт хугацаандаа хийгдээгүй байгаа нь гэрээгээр хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ ноцтойгоор зөрчиж байна.

 

Нэхэмжлэгч талын зүгээс Б.*******тай олон удаагийн хамтын ажиллагаандаа хүндэтгэлтэй хандаж нийт төлөх 43,560,000.00 вон буюу 114,998,400.00 төгрөгийг төлж барагдуулах шаардлагыг утсаар удаа дараа сануулж мэдэгдэж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс нийт 43,560,000.00 вон буюу 114,998,400.00 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулах хүсэлтийг нь хүлээж авч өдий хүртэл хугацаанд хүлээцтэй хандаж байсан боловч дээрх хугацаанд бараа бүтээгдэхүүний үнийг төлөх талаар ямар ч хүчин чармайлт гаргалгүй санаатайгаар үүргээ зөрчиж байна.

 

Нөгөө талаар, Б.******* нь худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг тохирсон хугацаандаа бүрэн төлөхгүй байгаа, түүнд төлбөр төлөхийг удаа дараа сануулж хэлсэн, мөн түүний цахим шуудан руу мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргасан болно. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 43,560,000.00 вон буюу 114,998,400.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Гэвч сөрөг нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч Ц.******* нь “*******” ХХК-иас шилжүүлсэн хариуцагч Б.*******д өгвөл зохих 19,290,434.00 төгрөгөөс 2,531,982.00 төгрөгийг хариуцагчид өгсөн ба одоо үлдэх 16,758,452.00 төгрөгийг өгөөгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1 жилийн хугацаанд хувааж төлнө гэсэн саналыг зөвшөөрөхгүй. Иймд, хариуцагчаас 98,239,948.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Бид хоёр 2019 оноос эхлэн хамтарч ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 06 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч Ц.******* нь ******* улсад амьдрах болсон тул түүний Монголд хамтарч ажилладаг байгууллагатай түүний нэрийн өмнөөс миний бие хамтарч ажиллах болсон. Уг хамтын үйл ажиллагааны зарчим нь Ц.******* ******* улсаас над руу бараа явуулж миний бие явуулсан барааг хүлээж авч, түүний гэрээт газар болох “” ХХК-нд барааг нийлүүлэх, тус компани бөөндөж авсан барааг ширхэглэн худалдаж, борлуулалтаараа хувааж төлбөрийг шууд нэхэмжлэгчид төлдөг.

 

Энэхүү маргаан бүхий 99 хайрцаг бараанаас өмнө миний зүгээс түүнээс авсан 100 хайрцаг барааг аваад удаагүй тэдгээр нь борлуулагдаагүй байсан болно. Гэвч нэхэмжлэгч Ц.******* нь 2023 оны 01 дүгээр сард над руу холбогдож “одоо надад ахин 99 хайрцаг бараа байна чи үүнийг яаралтай “” ХХК-руу шилжүүлж борлуулаад өгөөч гэхэд нь миний зүгээс өмнөх 100 хайрцаг бараа борлуулагдаагүй байна, хэрэв 99 хайрцаг барааг Монгол руу явуулсан нөхцөлд өмнөх барааг борлуулж, дараа нь бага багаар борлуулах журмаар мөнгийг нь “” ХХК-аас гаргаж өгөх л боломжтой” гэхэд тэрээр зөвшөөрсний үндсэн дээр тухайн 99 хайрцаг барааг над руу явуулсан болно.

 

Гэвч түүний зүгээс бодит байдалд нийцээгүй анх тохирсон тохиролцооноос тэс өөр тайлбар гаргаж шүүхэд хандсаныг миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, уг маргаан бүхий 99 хайрцаг бараа яг хэвэндээ надад хадгалагдаж байх тул барааг нэхэмжлэгчид буцааж өгөх замаар, мөн миний зүгээс “” ХХК-иас 59,964,895.00 төгрөгийн авлагатай бөгөөд тэрхүү гэрээ нь нэхэмжлэгч Ц. нэр дээр байдаг тул миний мөнгийг шууд түүний дансанд шилүүлдэг. Харин 99 хайрцаг 3,600 ширхэг барааны 20 орчим хувь нь чанарын шаардлага хангахгүй, худалдан борлуулахад төвөгтэй нөхцөл байдалтай ирсэн болохыг дурдах хэрэгтэй.

 

Би, “” ХХК-нд өөрийн өмчлөлийн 59,964,895.00 төгрөгийн үнэ бүхий 60 орчим хайрцаг гоо сайхны барааг нийлүүлсэн бөгөөд барааг худалдан борлуулж, төлбөрийг шилжүүлэх тухай гэрээ нь нэхэмжлэгч Ц.*******ийн нэр дээр байдаг учир үндсэн нэхэмжлэлээр надаас шаардаж байгаа 114,998,400.00 төгрөгөөс 59,964,895.00 төгрөгийн үнэтэй “” ХХК-нд өгсөн бараанаас 2023 оны 04 дүгээр сарын байдлаар 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байгааг надад өгөхгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “” ХХК-иас нэхэмжлэгчид Ц.*******т шилжүүлсэн миний авах ёстой барааны төлбөрийн дүн нийт 19,290,434.00 төгрөг болсон бөгөөд нэхэмжлэгч нь үүнээс хариуцагчид 2,531,982.00 төгрөгийг төлсөн. Тийм учир үлдэгдэл 16,758,452.00 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан нэхэмжилж байгаа юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 114,998,400.00 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний төлбөр гэж үзэхгүй, харин хамтран ажиллах гэрээний дагуу төлөх төлбөр байж болно гэж маргаж байна.

 

Бид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдөөгүй үлдсэн 16,758,452.00 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 114,998,400.00 төгрөгт суутган тооцуулж, үлдэх 98,239,948.00 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөх санал гаргасныг нэхэмжлэгч нь зөвшөөрөхгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлнэ” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт:

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 732,942.00 төгрөг төлсөн баримт,
  2. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Р.*******д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл,
  3. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зарлагын баримт,
  4. Гар бичвэр,
  5. Хүсэлтэд гаргасан хариу тайлбар,
  6. Сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбар,
  7. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх Ц.*******ийн “ ” ХК дахь депозит дансны хуулга,
  8. Сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбар,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

 

        1. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
        2. Хариу тайлбар,
        3. Нэхэмжлэх,
        4. “ ” ХК дахь орлогын мэдүүлэг,
        5. “ ” ХХК-ийн тодорхойлолт,
        6. “ ” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт,
        7. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ашиглалт, үйлчилгээний гэрээ,
        8. 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээ,
        9. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ,
        10. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ,
        11. Ц.*******ийн “ ” ХК дахь данс хуулга,
        12. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага,
        13. Улсын тэмдэгтийн хураамжид 232,950.00 төгрөг төлсөн баримт,
        14. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа,
        15. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б.*******д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл,
        16. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа,
        17. Зарлагын баримт,
        18. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага
        19. Улсын тэмдэгтийн хураамжид 43,086.00 төгрөг төлсөн баримт,
        20. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага
        21. Улсын тэмдэгтийн хураамжид 55,462.00 төгрөг төлсөн баримт,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

              1. “*******” ХХК-иас ирүүлсэн Cose cosmetics бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ,
              2. “ ” ХХК-иас ирүүлсэн өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, харилцахын баримтын жагсаалт,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Ц.*******ээс хариуцагч Б.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 114,998,400.00 төгрөгийг нэхэмжилсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 19,290,434.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 2,531,982.00 төгрөгийг төлсөн байна.

 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдөөгүй үлдсэн 16,758,452.00 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 114,998,400.00 төгрөгт суутган тооцуулж, үлдэх 98,239,948.00 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг, хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу бусдын шилжүүлсэн мөнгийг түүнд өгөхгүй байна гэсэн үндэслэлээр буцаан шаарджээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн сөрөг нэхэмжлэлийн 16,758,452.00 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 114,998,400.00 төгрөгт суутган тооцож, хариуцагчаас 98,239,948.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

  1. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ц.******* нь 1 хайрцагт 400 ширхэг байдаг нийт 99 хайрцаг буюу 39,600 ширхэг нүүрний гоо сайхны маскийг нэг бүрийн үнийг 1,100 воноор // тооцож хариуцагч Б.*******д хүлээлгэн өгсөн бөгөөд тус 39,600 ширхэг гоо сайхны маскны үнийг нийт 43,560,000.00 вон, үүнийг монгол төгрөгт шилжүүлж тооцоход 114,998,400.00 төгрөгийн үнэтэй эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг үндэслэн хариуцагчийг 114,998,400.00 төгрөгийн үнэтэй 39,600 ширхэг нүүрний гоо сайхны маскийг хүлээн авсан талаар тухайлан тогтоох шаардлагагүй болно.

 

  1. Гэвч зохигчид энэхүү 114,998,400.00 төгрөгийн үнэтэй 39,600 ширхэг нүүрний гоо сайхны маскийг худалдах, худалдан авах гэрээний зүйл байсан, аль эсхүл хамтран ажиллах гэрээний харилцаанаас улбаатай хариуцагч нь нэхэмжлэгчид буцааж төлөх ёстой хариу төлбөр байсан эсэх талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

  1. Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.******* нь -д ажиллаж амьдардаг бөгөөд хариуцагч Б.*******ын захиалгаар түүнээс урьдчилан төлсөн гоо сайхны бараа бүтээгдэхүүний үнэ /төлбөр/-ийг хүлээн авч, захиалсан бүтээгдэхүүнийг хариуцагч руу илгээдэг, хариуцагч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, улмаар “*******” ХХК-нд нийлүүлж, тус компани худалдан борлуулсан тохиолдолд төлбөрийг нэхэмжлэгч Ц.******* рүү шилжүүлдэг, нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгийг хариуцагч Б.*******д өгдөг байх тул тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Тодруулбал, хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Ц.*******т шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүний төрөл, тоо ширхэгийн талаар захиалга өгч, төлбөрийг урьдчилан төлдөг, нэхэмжлэгч Ц.******* нь төлбөрийг хүлээн аваад -аас захиалсан барааг худалдан авахдаа нэгж барааны үнээс тодорхой төгрөгийн ашиг авч, улмаар хариуцагч Б.*******д илгээдэг бөгөөд хариуцагч Б.******* нь цааш нь дамжуулан “*******” ХХК-нд үнэ нэмж худалддаг байх тул эдгээр субъектуудын хооронд тус, тусдаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагддаг ажээ.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “*******” ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “М ” ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд нийлүүлэгч болох “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нэхэмжлэгч Ц.******* ажилладаг, хариуцагч Б.*******ын нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулагч “*******” ХХК нь бусдад худалдан борлуулж, төлбөрийг нь нэхэмжлэгч Ц.******* рүү шилжүүлдэг, нэхэмжлэгч нь үүнийг хариуцагчид шилжүүлэх байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг байна /х.х-ийн 132-136 хуудас/.

 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн харилцааг хамтран ажиллах гэрээ гэж маргасан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан. Тайлбарлавал, хоёр болон түүнээс дээш тооны иргэн, хуулийн этгээд хамтран ашиг олох, аль эсхүл тодорхой зорилгод хүрэхийн тулд тухайлан хуулийн этгээд буюу компани, нөхөрлөл байгуулахгүйгээр нэгдэж ажиллах үүрэг хүлээнэ.

  

Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний талууд ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах, аль эсхүл худалдах, худалдан авах гэрээний нэгэн адил бие, биеийнхээ өмнө ажиллагч, нийлүүлэгч, захиалагч этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээдэггүй, харин хамтын үйл ажиллагааг нэгдмэл ашиг сонирхолтойгоор хамтран хэрэгжүүлэх ба бусдын өмнө эсрэг-тэсрэг чиг үүргийг гүйцэтгэхгүй, ийм ашиг сонирхлыг илэрхийлдэггүй бөгөөд хамтран /нэг тал болж/ үйл ажиллагаагаа явуулж, олсон орлого, үүсэх эрсдэл, хүлээх хариуцлага зэргийг хуваарилдаг байна.

 

Үүний тулд талууд хамтын үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай /хөрөнгийн эх үүсвэр/ хураамжийг бүрдүүлж, түүгээр холбогдох үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ба хураамжийг мөнгө, эсхүл тодорхой төрлийн эдийн болон эдийн бус хөрөнгө, түүнчлэн ажил үйлчилгээгээр төлж болох хэдий ч хураамжийн хэлбэрээр өгсөн үйлчилгээ нь хамтын үйл ажиллагааны оролцооноос ялгагдах учиртай.

 

  1. Гэтэл нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б.******* нар ашиг олох зорилгоор хураамж бүрдүүлж, үүгээр холбогдох үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн болон хамтын үйл ажиллагааг нэгдмэл ашиг сонирхолтойгоор хамтран хэрэгжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******ын захиалсан бараа бүтээгдэхүүний үнийг урьдчилан авч, -аас захиалсан барааг худалдан авахдаа нэгж барааны үнээс тодорхой төгрөгийн ашиг авдаг, хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчээс хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг цааш нь дамжуулан “*******” ХХК-нд үнэ нэмж худалддаг, тухайн худалдсан орлогоос нэхэмжлэгч Ц.******* нь ашиг хүртдэггүй зэргээс дүгнэвэл хамтран ажиллах гэрээний харилцаа биш юм.

 

  1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь түүнээс 114,998,400.00 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна.

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж, 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.******* нь “*******” ХХК-иас хариуцагч Б.*******ын худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг өөртөө үлдээх хууль зүйн үндэслэлгүй байх тохиолдолд буцааж өгөх үүргийг хүлээнэ.

 

Гэтэл нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 114,998,400.00 төгрөгийн авлагатай бөгөөд “*******” ХХК-иас шилжүүлсэн хариуцагч Б.*******д өгвөл зохих 19,290,434.00 төгрөгөөс 2,531,982.00 төгрөгийг өгсөн боловч 16,758,452.00 төгрөгийг өгөөгүй байна.

 

  1. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж, мөн 238.4-т “Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч Ц.*******ийн худалдах, худалдах авах гэрээний төлбөрт хариуцагч Б.*******аас авах 114,998,400.00 төгрөг болон нэхэмжлэгчийн хариуцагчид өгвөл зохих 16,758,452.00 төгрөгийг ийнхүү харилцан тооцох замаар нэхэмжлэгчийн хариуцагчийн өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болгож, их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй үлдэх 98,239,948.00 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй болно. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 98,239,948.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1, 238 дугаар зүйлийн 238.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.*******аас 98,239,948.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,942.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 331,498.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 732,942.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 331,498.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.МАНДАЛБАЯР