Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 104

 

С.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00617/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 995 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Ч-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О-,

          Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох,

          “Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөв бүртгэхийг даалгах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ч-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нараас:

 “...Нэхэмжлэгч миний бие 2017 оны 06 сард анх 2010 онд өөрийн үүсгэн байгуулж ажиллаж байсан Дархан ээж шүтээн ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Манай компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. 2010-2017 оныг хүртэл компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ч- нь миний багын найз бөгөөд бид харилцан тохиролцож компанийн удирдлагыг түүний нэр дээр явуулдаг байсан юм. 2017 оны 6 сард компанийг миний бие өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш буюу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ч.Ч-ын эхнэр Б.О- нь Дархан ээж шүтээн ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай гэрээг хуурамчаар хийж, миний гарын үсгийг дуурайлган зурж, улмаар тус гэрээнд компанийн дүрэм, шийдвэр гэх зэрэг баримтыг хуурамчаар үйлдэж 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр компанийн захирлаар Б.О- өөрийгөө бүртгүүлж, Улсын бүртгэлийн байгууллагаар баталгаажуулсан байна. С.Ч- миний бие 2018 оны 03 сард компанийн хувьцаа, эрх зэргийг шилжүүлэх тухай ямар нэгэн гэрээ хэлцлийг хэн нэгэнтэй огт хийж байгаагүй бөгөөд Б.О-д хувьцаагаа бэлэглэсэн зүйл байхгүй. Энэ бүхнийг миний бие найз нөхдийн хүрээллийн хүмүүс “Б.О- чиний компанийн нэрээр үйл ажиллагаа явуулаад байна” гэсэн яриагаар ам сонсоод 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж компанийн хувийн хэргийн материалаас баримт гаргуулж, лавлагаа гаргуулснаар олж мэдээд ийнхүү шүүхэд хандаж байна. Б.О- нь ийнхүү С.Ч- надад мэдэгдэлгүйгээр гарын үсгийг минь дуурайлган зурж, хуурамч гэрээ хэлцэл баримт бүрдүүлэн компанийг минь өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, ашиг олж үйл ажиллагаа явуулсаар байгаад гомдолтой байна. Иймд Дархан ээж шүтээн ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, Дархан ээж шүтээн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөвтгөн бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шийдвэр гаргаж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч Б.О-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нараас:

Б.О- миний нөхөр Ч.Ч- Дархан ээж шүтээн ХХК-ийг 2010 оны 09 сарын 23-ны өдөр анх гишүүнээр үүсгэн байгуулж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар дүрэм, үүсгэн байгуулах гэрээ хийж, өөрөө захирлын үүрэг гүйцэтгэж үйл ажиллагаа эхэлсэн юм. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас БУ37-821/16 тоот тусгай зөвшөөрлийг авч, уг тусгай зөвшөөрөл одоог хүртэл захирал Ч.Ч-ын нэр дээр бүртгэлтэй байдаг. ...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрийн албанд буюу Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газарт ерөнхий инженерээр томилогдох болж өөрийн нэр дээр байгуулсан Дархан ээж шүтээн ХХК-ийг өөрийн дотны найз С.Ч-ад итгэж төрийн албанаас халагдах хүртэл хугацаанд түр шилжүүлэхээр амаар тохиролцож бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. С.Ч- энэ компанийг өөрийн нэр дээр болгож авснаас хойш удалгүй 2018 оны 03 сард миний нөхөр Ч.Ч- өөрийн компаниа буцааж авахаар С.Ч-тай тохирч, тухайн үед төрийн албанаас халагдаагүй байсан тул эхнэр болох Б.О- миний нэр дээр шилжүүлэхээр бэлэглэлийн гэрээ хийж, Дархан ээж шүтээн ХХК-ийг миний нэр дээр шилжүүлсэн юм. С.Ч- нь хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөв бүртгэхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь уг гэрээ болон бүртгэл хүчин төгөлдөр бус болохыг одоогоор тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй байна, улсын бүртгэлийг зөв бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хэргийн харьяаллын бус нэхэмжлэлийн шаардлага байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Долгоржав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг үндэслэн баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох төрийн байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 4256298 регистрийн дугаартай /**********/-ыг бүртгэсэн байна.

2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дархан ээж шүтээн ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 онд батлагдсан/ -ийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу хувьцаа бэлэглэх тухай гэрээ, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн үүсгэн байгуулагч, удирдлагаар С-гийн Ч- /**********/-ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн.

Мөн иргэн Б.О- нь хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу 236 дугаар тойргийн нотариатч Б.Энхболдын гэрчилсэн 2018 оны 03 дугаар 14-ний өдрийн Дархан ээж шүтээн ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай гэрээ, эрх шилжүүлэх шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэг, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтыг үндэслэн дээрх нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн дагуу бүртгэсэн.

Иргэн Б.О- нь Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2019 оны 06 сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу эрх, үүрэг хувьцаа шилжүүлэх нотариатын гэрээ, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн иргэн Ч- овогтой Ч- /**********/-ын нэр дээр эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлсэн.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, /2003, 2015, 2018 оны/ хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын Улсын бүртгэл хөтлөх журам, Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн нотлох баримтуудыг хүлээн авч, бүртгэл хийсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд иргэн С.Ч-аас Б.О-д эрх шилжүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн бүртгэл нь хууль зүйн дагуу хийгдсэн гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 995 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д тус тус зааснаар Дархан ээж шүтээн ХХК-ийн  улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, компанийн захирлаар С.Ч-ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагыг хангаагүй буюу анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж хариуцагч талын зүгээс үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.  Шүүх шийдвэрийнхээ 1 дэх заалтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь заалтуудыг баримталсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримттай нийцээгүй буюу шүүх хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Шийдвэрийн заалтаар зохигчдийн хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Дархан ээж шүтээн ХХК-ийн эрх, үүрэг, хувьцааг С.Ч-аас Б.О-д шилжүүлсэн бэлэглэх гэрээ мөн 2019 оны 06 сарын 14-ний өдрийн Б.О-, Ч.Ч- нарын хооронд байгуулсан эрх, үүрэг хувьцаа шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсоны эцэст улсын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх байтал дээр дурдсан гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцолгүйгээр шууд улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан нь хамгийн сүүлийн бүртгэлээр Ч.Ч-ын нэр дээр бүртгэгдсэн бүртгэлийг автоматаар хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй зүйлийг шийдвэрлэснээр Ч.Ч-ын эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэхээр байна. Эдгээр үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх иргэн С.Ч-ын нэхэмжлэлтэй Б.О-, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсд холбогдох “Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулах, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөв бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэсд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан хэргийн харьяаллыг зөрчиж шийдвэрлэсэн байна.

Хэргийн болсон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Ч- нь Б.О- болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “ Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол “-д Иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэхээр зохицуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”-ыг захиргааны байгууллага гэж ойлгоно гэж заасан ба аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны байгууллагад хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчилэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг онцлогтой.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, /эс үйлдэхүй/-ийг хэлцэл гэж тодорхойлсон.

Түүнчлэн “хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илэрлийг “хүсэл зоригийн илэрхийлэл” гэж ойлгодог.

Гэтэл нэхэмжлэгч С.Ч- нь хариуцагч Б.О- болон Улсын бүртгэлийн байгууллагатай ямар нэгэн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх,шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор “хүсэл зориг”-оо илэрхийлсэн ямарваа нэгэн үйлдэл буюу хэлцэл  хийгээгүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, бусад бичгийн нотлох баримтаар нотлогдоно.

Харин иргэн Б.О- хуулийн этгээдтэй холбоотой улсын бүртгэлийн баримт бичгийг хуурамчаар үйлдэн  холбогдох захиргааны байгууллагад хандсанаар Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлийг өөрчилж шийдвэрлэсэн захиргааны акт гаргасан байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчсөн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар шийдвэр гаргасан нь хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 995 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр үйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ                              

                                                                ШҮҮГЧИД                                 С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                  Л.АМАРСАНАА