Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 995

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, ..тоотод оршин суух, утас .., ..регистрийн дугаартай, С.Ч-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. хороолол, .. байр, .. тоотод оршин суух, утас .., .. регистрийн дугаартай, Б.О

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ..-т тус тус холбогдох

 

Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөв бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч Дархан-Уул аймгийн .. итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Снар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Ч миний бие 2017 оны 6 дугаар сард анх 2010 онд өөрийн үүсгэн байгуулж ажиллаж байсан Д.э.ш ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан билээ. Манай компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явулдаг компани юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өөрийн эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийнхээ дагуу тогтвортой үйл ажиллагаа эрхлэн явуулж ирсэн. 2010-2017 оныг хүртэл компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ч нь миний багын найз бөгөөд бид харилцан тохиролцож компанийн удирдлагыг түүний нэр дээр явуулдаг байсан юм. 2017 оны 6 сард компанийг миний бие өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш буюу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ч.Ч-ын эхнэр Б.О нь Д.э.ш ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай гэрээг хуурамчаар хийж, миний гарын үсгийг дуурайлган зурж, улмаар тус гэрээнд үндэслэн компанийн дүрэм, шийдвэр гэх зэрэг баримтыг мөн гарын үсгийг минь дуурайлгаж хуурамчаар үйлдэж 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр компанийн захирлаар Б.О өөрийгөө бүртгүүлж, Улсын бүртгэлийн байгууллагаар баталгаажуулсан байна. С.Ч миний бие 2018 оны 3 сард компанийн хувьцаа, эрх зэргийг шилжүүлэх тухай ямар нэгэн гэрээ хэлцлийг хэн нэгэнтэй огт хийж байгаагүй бөгөөд Б.О-д хувьцаагаа бэлэглэсэн зүйл байхгүй. Энэ бүхнийг миний бие найз нөхдийн хүрээллийн хүмүүс “Б.О чиний компанийн нэрээр үйл ажилагаагаа явуулаад байна” гэсэн яриагаар ам сонсоод 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн ..-т хүсэлт гаргаж компанийн хувийн хэргийн материалаас баримт гаргуулж, лавлагаа гаргуулснаар олж мэдээд ийнхүү шүүхэд хандаж байна. Б.О нь ийнхүү С.Ч надад мэдэгдэлгүйгээр гарын үсгийг минь дуурайлган зурж, хуурамч гэрээ хэлцэл баримт бүрдүүлэн компанийг минь өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, ашиг олж үйл ажиллагаа явуулсаар байгаад гомдолтой байна.

Иймд шүүх нэхэмжлэлийг минь хүлээн авч, Д.э.ш ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, Д.э.ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөвтгөн бүртгэхийг Дархан-Уул аймгийн ..-т даалгах тухай шийдвэр гаргаж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Б.О түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Б.О миний нөхөр Ч.Ч Д.э.ш ХХК-ийг 2010 оны 09 сарын 23-ны өдөр анх гишүүнээр үүсгэн байгуулж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар дүрэм, үүсгэн байгуулах гэрээ хийж, өөрөө захирлын үүрэг гүйцэтгэж үйл ажиллагаа эхэлсэн юм. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас .. тоот тусгай зөвшөөрлийг авч, уг тусгай зөвшөөрөл одоог хүртэл захирал Ч.Чын нэр дээр бүртгэлтэй байдаг. Миний нөхөр Ч.Ч нь нэхэмжлэгч С.Ч-ыг олон жилийн өмнөөс ойр дотно, найз нөхдийн холбоотой явж ирсэн бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрийн албанд буюу Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газарт ерөнхий инженерээр томилогдох болж өөрийн нэр дээр байгуулсан Д.э.ш ХХК-ийг өөрийн дотны найз С.Ч-ад итгэж төрийн албанаас халагдах хүртэл хугацаанд түр шилжүүлэхээр амаар тохиролцож бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. С.Ч энэ компанийг өөрийн нэр дээр болгож авснаас хойш удалгүй 2018 оны 03 сард миний нөхөр Ч.Ч өөрийн компаниа буцааж  авахаар С.Ч-тай тохирч, тухайн үед төрийн албанаас халагдаагүй байсан тул эхнэр болох Б.О миний нэр дээр шилжүүлэхээр бэлэглэлийн гэрээ хийж, Д.э.ш ХХК-ийг миний нэр дээр шилжүүлсэн юм. Компанийн эрх шилжүүлэх гэрээ бусад баримт бичгийг С.Ч өөрөө зөвшөөрч зөвшөөрч шилжүүлсэн бөгөөд энэ компани анхнаасаа С.Ч-ын компани байгаагүй юм. С.Ч нь багын найз Ч.Ч-ын төрийн албанд орохдоо итгэж шилжүүлсэн компанийг нь өөрийн нэр дээр шилжүүлсэн байдлыг далимдуулж, өөрийн болгож авах гэж увайгүй, хүн чанаргүй зан гаргаж байгаад бид маш их гомдолтой байгаа тул компаниа С.Ч-ад шилжүүлж өгөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. С.Ч нь хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөв бүртгэхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь уг гэрээ болон бүртгэл хүчин төгөлдөр бус болохыг одоогоор тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй байна, улсын бүртгэлийг зөв бүртгэхийг Дархан-Уул аймгийн ..-т даалгах нэхэмжлэлийн шаардлага нь  иргэний хэргийн харьяаллын бус нэхэмжлэлийн шаардлага байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн ..-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуулийн этгээдийн у.б тухай хуулийн /2003 онд батлагдсан/ 16-р зүйлд заасныг үндэслэн баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох төрийн байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр .. регистрийн дугаартай /ТА../-ыг бүртгэсэн байна.

2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.э.ш ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 онд батлагдсан/-ийн 23 дугаар зүйлийн

23.3-т заасны дагуу хувьцаа бэлэглэх тухай гэрээ, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн үүсгэн байгуулагч, удирдлагаар С.Ч /ТВ../-ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн.

Мөн иргэн Б.О нь хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрлөлтийг бүртгүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хуулийн этгээдийн у.б-ийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу 236 дугаар тойргийн нотариатч Б.Э-ын гэрчилсэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Д.э.ш ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай гэрээ, эрх шилжүүлэх шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэг, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтыг үндэслэн дээрх нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн дагуу бүртгэсэн.

Иргэн Б.О нь Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2019 оны 06 сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /одоо мөрдөгдөж байгаа 2018.6.21-ний өдөр батлагдсан/-ийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу эрх, үүрэг хувьцаа шилжүүлэх нотариатын гэрээ, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн иргэн Ч овогтой Ч /../-ын нэр дээр эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлсэн.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, /2003, 2015, 2018 оны/ хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын Улсын бүртгэл хөтлөх журам, Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн нотлох баримтуудыг хүлээн авч, бүртгэл хийсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд иргэн С.Ч-аас Б.О-д эрх шилжүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн бүртгэл нь хууль зүйн дагуу хийгдсэн гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Б.О-д холбогдуулан Д.э.ш ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж Д.э.ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөвтгөн бүртгэхийг Дархан-Уул аймгийн ..-т даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.О нь энэ компани миний нөхөр Ч.Ч 2010 оны 09 сарын 23-ны өдөр барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар дүрэм, үүсгэн байгуулах гэрээ хийж, өөрөө захирлын үүрэг гүйцэтгэж үйл ажиллагаа эхэлсэн. Төрийн албанд орж ажиллах болсон тул өөрийн найз С.Ч-ын нэр дээр Компанийн эрх шилжүүлэх гэрээ бусад баримт бичгийг шилжүүлсэн бөгөөд энэ компани анхнаасаа С.Ч-ын компани байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу 236 дугаар тойргийн нотариатч Б.Э-ын гэрчилсэн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Д.э.ш ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай гэрээ, эрх шилжүүлэх шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэг, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтыг үндэслэн дээрх нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн дагуу бүртгэсэн гэжээ.

 

Маргааны зүйл болох  Д.э.ш ХХК нь Компанийн тухай хуулийн 3.5-д заасан хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг хязгаарлагдмал хариуцлагатай компани байх бөгөөд тус компанийг 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн

Ч-гийн Ч үүсгэн байгуулж, барилгын дуусах шатны ажил гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахаар, 1 000,0 төгрөгийн дүрмийн сантайгаар компанийн шинэчилсэн дүрмийг баталж, 01 дугаартай шийдвэрээр компанийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх гэрээгээр компанийн өөрийн эзэмшлийн 100,0 хувь буюу 1 000 000 төгрөгийн 1000 ширхэг хувьцааг компанийн гишүүн С.Ч-ад бэлэглэх гэрээ байгуулан, Д.э.ш ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр компанийн захирлаар С.Ч-ыг томилж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, компанийн захирлаар ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээгээр компанийн дүрмийн сангийн өөрийн эзэмшлийн 100,0 хувь буюу 1 000 000 төгрөгийн 1000 ширхэг хувьцааг Б.О-д бэлэглэж, Д.э.ш ХХК-ийн дүрмийг баталж, Д.э.ш ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай шийдвэрээр компанийн захирлаар Б.О-ыг томилж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлд оруулж бүртгэсэн болох нь Д.э.ш ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Д.э.ш ХХК-ийг үүсгэн байгуулах үед компанийн эд хөрөнгөнд зах зээлийн үнэ цэнийг тогтоолгосон байх бөгөөд Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1 000 000 төгрөгийн эд хөрөнгөтэй болохыг тогтоож, компанийн дүрмийн санд тусгасан байна. / хх-ийн 37-39/

 

С.Ч-ад компанийн хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн өдрөөс Ч.Ч нь Дархан-хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай тушаалаар ерөнхий инженерээр томилогдон ажилласан болох нь хэрэгт авагдсан Дархан-хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ-ын даргын тушаал, Хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Д.э.ш ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Д.э.ш ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрүүдэд миний гарын үсгийг дуурайлган зурсан гэсэн үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... дээрх компанийн шийдвэр, хувьцаа бэлэглэх гэрээнд зурагдсан гарын үсэг С.Ч-ын гарын үсэг биш байна гэж ирүүлсэнтэй зохигчдын хэн аль нь танилцаж санал хүсэлт гаргаагүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Д.э.ш ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д Бичгээр хийх хуулийн шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан бол хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж зааснаар хэлцлийг хийж байгаа талууд нь гарын үсэг зурж баталгаажуулсан байх хуулийн шаардлагыг зөрчсөн хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч дээрх хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх улсын бүртгэгчийн үүргийн дагуу Д.э.ш ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж Дархан-ээж шүтээн ХХК-ийн захирлаар С.Ч-ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн ..-т даалгах нь зүйтэй.

 

          Хариуцагч Б.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээгээр компанийг Ч.Ч-ад 100 хувь шилжүүлж, компанийн дүрмийг баталж, Үүсгэн байгуулах шийдвэрээр компанийн захирлаар Ч.Ч-ыг томилж хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх боловч С.Ч-аас харицагч Б.Од шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь нэгэнт тогтоогдсон учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасны дагуу Б.О-аас Ч.Ч-ад хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн .. нь нотлох баримтаар Д.э.ш ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг өөрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Д.э.ш ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс компанийн захиралаар ажиллаж байхдаа Ч.Ч өөрийн нэр дээр авч сунгалт хийлгэж байгаа болох нь хэрэгт авагдсан Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээгээр тогтоогдож байх боловч компанийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах шаардлагад хамааралгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д тус тус зааснаар Д.э.ш ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлд оруулж, компанийн захирлаар С.Ч-ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн ..-т даалгасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА