Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2000

 

Ё.А-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо              даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02713 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ё.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ч-т холбогдох

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 5 дугаар гудамж, 8а тоот хаягт байрлах, нэгж талбарын 18637314550482 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн                   Г-2201004474 дугаарт бүртгэлтэй, ашиглах зориулалттай 446 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Ё.А-, хариуцагч А.Ч-, түүний өмгөөлөгч Л.Дашравдан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа                            нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ё.А- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 5 дугаар гудамжны 8а тоот хаягт байршилтай газар болон 8б тоот хаягт байршилтай 70 м.кв хувийн сууцыг охиныхоо аав буюу салсан нөхрөөсөө хүүхдийн тэтгэлэгт тооцон бэлэглэлийн гэрээгээр авсан юм. Тэгээд хууль журмын дагуу бичиг баримтаа аваад уг байшиндаа нүүж орох гэтэл иргэн А.Ч- гэгч нь нүүхгүй, энд олон жил амьдарсан гэх шалтгаанаар хашаа байшинг минь чөлөөлж өгөхгүй байна. Тус хорооны Нуурын 5 дугаар гудамж, 8б тоот хаягт байрлах 70 м.кв хувийн сууцыг хариуцагч А.Ч-ын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсан тул Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 5 дугаар гудамж, 8а тоот хаягт байрлах, нэгж талбарын 18637314550482 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201004474 дугаарт бүртгэлтэй, ашиглах зориулалттай 446 м.кв талбай бүхий газрыг хариуцагч А.Ч-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ч- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 5 дугаар гудамжны 8а тоот хаягт биш, 8 тоот хаягт оршин суудаг. Мөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 5 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 446 м.кв газрыг 1994 оноос хойш эзэмшиж байгаа. Эхнэр Ч.Сэлэнгэ нь миний өмнөөс холбогдох бичиг баримтыг үйлдэж, өмчлөх эрхийг шилжүүлснийг би мэдээгүй ба надад газрын бичиг баримтыг гаргаж өгнө гэж хэлсэн юм. Эхнэр Ч.Сэлэнгээс Б.Мэндсайханд шилжсэн нь үндэслэлгүй, түүнчлэн Б.Мэндсайхан нь уг газрыг огт эзэмшилдээ байлгаж байгаагүй тул Б.Мэндсайханы өмчлөх эрх нь эрхийн зөрчилтэй гэж үзнэ. Нэхэмжлэгч Ё.А- нь эрхийн зөрчилтэй газрыг Б.Мэндсайханаас шилжүүлэн авсан тул надад холбогдуулж биш, Б.Мэндсайханд холбогдуулж нэхэмжлэл гаргах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 5 дугаар гудамж, 8а тоот хаягт байрлах, нэгж талбарын 18637314550482 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201004474 дугаарт бүртгэлтэй, ашиглах зориулалттай 446 м.кв талбай бүхий газрыг хариуцагч А.Ч-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 5 дугаар гудамж, 8б тоот хаягт байрлах 70 м.кв талбайтай хувийн сууцыг хариуцагч А.Ч-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ё.А- татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Ё.А-гээс нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч А.Ч-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ё.А-гээс, шинжээчийн зардал 123.388 төгрөгийг гаргуулан “Эй Би Эн Дизайн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.2.1-т тус тус эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж заасан байна. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэн ч ирж намайг хууль бусаар амьдарч байгаа гэж хөөж тууж байгаагүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар бодит үйлдэл байх бөгөөд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл биш юм. Тухайн газар очиж үзээгүй байгаа нь шилжүүлсэн, эзэмшилдээ авсан гэж үзэхгүй бөгөөд эд хөрөнгийн доголдолтой, эрхийн маргаантай гэдгийг мэдэж байсан болох нь харагдаж байна. Мөн Иргэний хуулийн 278 дугаар зүйлийн 278.1 дэх хэсэгт гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Б.Мэндсайханыг хариуцагчаар татаж өөрт учирсан гэм хорыг арилгуулах ёстой. Иймээс Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу уг газрыг суллаж өгөх үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас шинжээч томилох хүсэлт гаргаагүй байхад шүүгч шинжээч томилсон захирамж гаргасан нь шүүгч хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргалаа гэж дүгнэхэд хүргэж байна. Энэ нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.2 дугаар зүйлийн 3.2.3-т заасныг зөрчсөн үйлдэл боллоо. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02713 дугаартай Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь намайг энэ газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг нотолсон баримт байхгүй байхад энэ шийдвэрийг гаргасанд гомдолтой байгаа бөгөөд миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 5 дугаар гудамж, 8а тоот хаягт байрлах 63 м.кв бүхий өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших ашиглах эрхийг нь хязгаарласан үйлдэл боллоо. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дах хэсэгт заасныг зөрчсөн. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ё.А- нь хариуцагч А.Ч-т холбогдуулж  Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 5 дугаар гудамж, 8а тоот хаягт байрлах 70 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 446 м.кв талбайтай газрыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 5 дугаар гудамж, 8б тоот хаягт байрлах 70 м.кв хувийн сууцыг хариуцагч А.Ч-ын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч Ё.А- нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 5 дугаар гудамж, 8а тоот хаягт байрлах, нэгж талбарын 18637314550482 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201004474 дугаарт бүртгэлтэй, ашиглах зориулалттай 446 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг насанд хүрээгүй хүүхдийн тэтгэлэгт тооцон, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр, тэтгэлэг төлөх үүрэг бүхий этгээдээс шилжүүлж авсан гэх үндэслэлээр хариуцагч А.Ч-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 5 дугаар гудамж, 8а тоот хаягт байрлах, нэгж талбарын 18637314550482 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201004474 дугаарт бүртгэлтэй, ашиглах зориулалттай 446 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрх анх 2007 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч А.Ч-ын өмчлөлд, 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 213 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ч.Сэлэнгийн өмчлөлд, 2009 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах-худалдан авах гэрээгээр иргэн Б.Мэндсайханы өмчлөлд, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 327 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Ё.А-гийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн нотлох баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч Иргэний  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Гэвч хариуцагч нь Ё.А- эрхийн зөрчилтэй газрыг Б.Мэндсайханаас шилжүүлэн авсан гэж маргаж буй газрын өмчлөх эрх шилжих үндэслэлийн талаар маргаж байгаа тохиолдолд “...хүүхдийн тэтгэлэгт тооцон бэлэглэлийн гэрээгээр авсан...” гэх тайлбараа нэхэмжлэгч нотлох үүрэгтэй байхаас гадна  газрын өмчлөх эрх Б.Мэндсайханы өмчлөл болон нэхэмжлэгч Ё.А-гийн өмчлөлд шилжсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүх тодруулах, энэ талаар талуудыг  мэтгэлцүүлэх, улмаар энэ талаар шүүх дүгнэх учиртай болно.

 

Хариуцагч Ё.А-гийн эхнэр Ч.Сэлэнгэ “Д.Азжаргалаас 1.200.000 төгрөг зээлсэн, хүүтэйгээ 1.800.000 төгрөг болсон, Д.Азжаргал намайг 5.000.000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж гуйсны дагуу гарын үсэг зурж өгсөн, дараа нь зээлсэн мөнгөө өгөх үед хашаа байшинг Мэндсайхан гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн байх боловч Ч.Сэлэнгэ, Б.Мэндсайхан нарын хооронд хийгдсэн 2009 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээнд Д.Азжаргал гарын үсэг зуржээ.

 

Ч.Сэлэнгээс 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Д.Азжаргалд олгосон итгэмжлэлийн 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад дээрх гэрээнд Ч.Сэлэнгийг Д.Азжаргал ямар үндэслэлээр төлөөлөн гарын үсэг зурсан  болох нь тодорхой бус үлджээ. /хх-ийн 174-176/

Хэдийгээр нэхэмжлэгч Ё.А-гийн хувьд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөвд  тооцогдож, өмнөх өмчлөгч нарын талаар мэдэх боломжгүй байж болох хэдий ч бэлэглэлийн зүйлийн бодит эзэмшлийн талаар тухайн үед шалгаж хүлээн авах боломжгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тохиолдолд түүнийг маргаан бүхий газрын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шударгаар олж авсан гэж үзэх нь эргэлзээтэй болно.

 

Дээрх байдлаар хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүх тодруулаагүй, талууд мэтгэлцээгүй, газрын өмчлөх эрх шилжих үндэслэл болсон хэлцэлд оролцогч этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Ч-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ      

                                                                                                     Н.БАТЗОРИГ