Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2019/02713

 

2019 оны 10 сарын 24 өдөр

   Дугаар 184/ШШ2019/02713

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ё.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Ч-т холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Нуурын .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах, нэгж талбарын ....... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, ашиглах зориулалттай ... м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.А, түүний өмгөөлөгч А.Г, хариуцагч А.Ч, түүний өмгөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ё.А нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Нуурын .. дугаар гудамжны .. тоот хаягт байршилтай газар болон ... тоот хаягт байршилтай 70 м.кв хувийн сууцыг охиныхоо аав буюу салсан нөхрөөсөө хүүхдийн тэтгэлэгт тооцон бэлэглэлийн гэрээгээр авсан юм. Тэгээд хууль журмын дагуу бичиг баримтаа аваад уг байшиндаа нүүж орох гэтэл иргэн А.Ч гэгч нь нүүхгүй, энд олон жил амьдарсан гэх шалтгаанаар хашаа байшинг минь чөлөөлж өгөхгүй байна. Тус хорооны Нуурын .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах 70 м.кв хувийн сууцыг хариуцагч А.Чын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсан тул Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Нуурын .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах, нэгж талбарын ... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, ашиглах зориулалттай 446 м.кв талбай бүхий газрыг хариуцагч А.Чын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч А.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Нуурын .. дугаар гудамжны .. тоот хаягт биш, .. тоот хаягт оршин суудаг. Мөн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Нуурын .. дугаар гудамжны .. тоот хаягт байрлах 446 м.кв газрыг 1994 оноос хойш эзэмшиж байгаа. Эхнэр Ч.С нь миний өмнөөс холбогдох бичиг баримтыг үйлдэж, өмчлөх эрхийг шилжүүлснийг би мэдээгүй ба надад газрын бичиг баримтыг гаргаж өгнө гэж хэлсэн юм. Эхнэр Ч.С-ээс Б.М-д шилжсэн нь үндэслэлгүй, түүнчлэн Б.М нь уг газрыг огт эзэмшилдээ байлгаж байгаагүй тул Б.М-ы өмчлөх эрх нь эрхийн зөрчилтэй гэж үзнэ. Нэхэмжлэгч Ё.А нь эрхийн зөрчилтэй газрыг Б.М-аас шилжүүлэн авсан тул надад холбогдуулж биш, Б.М-д холбогдуулж нэхэмжлэл гаргах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.А нь шүүхэд хандаж, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Нуурын .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах 70 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 446 м.кв талбайтай газрыг хариуцагч А.Чын эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Нуурын .. дугаар гудамж, ... тоот хаягт бус, .. тоот хаягт байрлах 70 м.кв хувийн сууцыг хариуцагч А.Чын эзэмшлээс чөлөөлүүлнэ хэмээн нэхэмжлэлийн нэг шаардлагаа тодруулсан ба энэ шаардлагаасаа хожим татгалзсан.

Нэхэмжлэгч Ё.А нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Нуурын .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах, нэгж талбарын ... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, ашиглах зориулалттай 446 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг насанд хүрээгүй хүүхдийн тэтгэлэгт тооцон, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр, тэтгэлэг төлөх үүрэг бүхий этгээдээс шилжүүлж авсан гэх үндэслэлээр хариуцагч А.Чын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Ч нь, маргаан бүхий газрыг 1994 оноос хойш эзэмшиж байгаа, өмнөх өмчлөгч Б.М-д шилжсэн газар өмчлөх эрхийн шилжүүлэг хууль бус, өмнөх өмчлөгч Б.М уг газрыг өөрийн эзэмшилдээ бодитоор аваагүй байсан, энэ үндэслэлээр эрхийн доголдолтой газрыг нэхэмжлэгч нь Б.М-аас шилжүүлж авсан тул маргааны хариуцагч нь Б.М байх ёстой гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Нуурын .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах, нэгж талбарын ... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, ашиглах зориулалттай 446 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрх анх 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч А.Чын өмчлөлд бүртгэгдэж, 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ч.С-ийн өмчлөлд, 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах-худалдан авах гэрээгээр иргэн Б.М-ы өмчлөлд, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Ё.Агийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7/.... дугаартай лавлагаа баримтаар тогтоогдож байна.

/хх 105 дугаар тал/

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д: Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг

шударгаар олж авсан гэж үзэхгүй. гэж заажээ.

Нэхэмжлэгч Ё.А нь, маргаан бүхий газрын анхны өмчлөгч хэн байсан, А.Ч, Ч.С, Б.М нарын хооронд өмчлөх эрх ямар үндэслэлээр, хэрхэн яаж шилжсэн, хуулийн дагуу шилжсэн эсэхийг мэдэх боломжгүй байжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ё.А нь маргаан бүхий газрын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шударгаар олж авсан гэж үзнэ.

Иймд өмнөх өмчлөгч нарын хооронд шилжсэн газар өмчлөх эрхийн шилжүүлэг хууль бус гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй ба түүний эзэмшлийг зөвтгөх, улмаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д: Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. гэж заажээ.

Нэхэмжлэгч Ё.А нь хэлцлийн үндсэн дээр Б.М-аас 446 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх ба тухайн үед улсын бүртгэлд Б.М-ы нэр дээр бүртгэгдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж үзэх боломжгүй, буруу ташаа гэж өөр этгээд эсэргүүцээгүй байна. Энэ тохиолдолд мөн л маргаан бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэл нь нэхэмжлэгч Ё.Агийн хувьд үнэн зөвд тооцогдох юм.

Хариуцагч А.Чын зүгээс өөрийн эзэмшлээ зөвтгөхдөө, 1994 оноос хойш маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа гэжээ.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг ба үүнээс өөрөөр өмчлөх эрх үүсэх үндэслэлийг хуульд заагаагүй тул 1994 оноос хойш уг газрыг эзэмшиж байгаа гэх хариуцагчийн тайлбар түүний эзэмшлийг зөвтгөх, хариуцагчийг маргаан бүхий газрын өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нь, өмнөх өмчлөгч Б.М уг газрыг өөрийн эзэмшилдээ бодитоор аваагүй байсан, энэ үндэслэлээр эрхийн доголдолтой газрыг нэхэмжлэгч нь Б.М-аас шилжүүлж авсан тул маргааны хариуцагч нь А.Ч бус, Б.М хэмээн маргасан.

Дээр дурдсанаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэдэг тул хөрөнгийг бодитоор эзэмшилдээ авсан эсэх нь өмчлөх эрхийг тодорхойлох ач холбогдолгүй, өмчлөгчийн эрхийг үгүйсгэх үндэслэл болдоггүй байна. Нөгөө талаас, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар бэлэглэлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхийг хүсээгүй, харин өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох шаардлагыг, эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа этгээд болох хариуцагч А.Чын эсрэг гаргасан байна.

Энэ тохиолдолд, шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүссэн маргааны хэмжээнд дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэгч Ё.А болон хариуцагч А.Ч нарын хувьд хэн нь уг хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй болохыг тогтоох үүрэгтэй.

Хариуцагч А.Ч нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Нуурын .. дугаар гудамжны .. тоот хаягт бус, .. тоот хаягт оршин суудаг гэх боловч тэрээр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Нуурын .. дугаар гудамж, ... тоот хаягт оршин суудаг, уг хаягт байрлах, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 446 м.кв газрыг эзэмшилдээ байлгаж байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаар тодорхойлолт, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19/039 дугаар дүгнэлт, маргаан бүхий газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өөрөө гаргаж байсан 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өргөдөл баримтуудаар тус тус тогтоогдож байна. / хх 133, 201-203, 214 дүгээр тал/

Хариуцагч нь хэрэгт авагдсан бичмэл баримтууд /А.Чаас Ч.С-д өмчлөх эрхээ шилжүүлсэн баримт, газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гэх мэт/-д өөрөө гарын үсэг зураагүй гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

Дээр дурдсанаар, хариуцагч А.Чын эзэмшлийг нэхэмжлэгч Ё.Агийн өмчлөх эрхийн хувьд зөвтгөх боломжгүй, А.Чын хувьд Ё.Агийн өмчлөх эрхийг хамгаалах хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй, шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Нуурын .. дугаар гудамжны .. тоот хаягт байрлах газар болон .. тоот хаягт байрлах 70 м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан нь нэг нэхэмжлэлд бичигдсэн тус тусдаа бие даасан шаардлагууд гэж үзэхээр байна. Улмаар нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Нуурын .. дугаар гудамжны .. тоот хаягт байрлах 70 м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагч А.Чын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсан байх тул энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Чт холбогдуулан өөр үндэслэлээр, эсхүл өөр этгээдэд холбогдуулан, энэ үндэслэлээр болон өөр үндэслэлээр шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь дээр дурдсанаар 2 тусдаа хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахдаа нэг шаардлагад ногдох 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлсөн байна. Иймд нөгөө шаардлагад төлөх ёстой 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй юм.

Мөн нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Нуурын .. дугаар гудамжны .. тоот хаягт байрлах 70 м.кв талбай бүхий хувийн сууцыг чөлөөлүүлэх шаардлагаа нотлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулжээ. Энэ шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар, шинжээчийн зардлыг нэхэмжлэгчид хариуцуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Нуурын .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах, нэгж талбарын .... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, ашиглах зориулалттай 446 м.кв талбай бүхий газрыг хариуцагч А.Чын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 5 дугаар гудамж, 8б тоот хаягт байрлах 70 м.кв талбайтай хувийн сууцыг хариуцагч А.Чын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ё.А татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Ё.Агээс нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч А.Чаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Ад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ё.Агээс, шинжээчийн зардал 123.388 төгрөгийг гаргуулан Эй Би Эн Дизайн ХХК-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР