Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0711/з |
Дугаар | 237 |
Огноо | 2018-05-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 237
С.Б-гийн нэхэмжлэлтэй,
ЗТХС-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0037 дугаар,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0203 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа,
Нэхэмжлэгч С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дашравдангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0037 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5, 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-гийн гаргасан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0203 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дашравдан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0037 тоот анхан шатны шүүхийн шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0203 тоот магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан журмыг баримтлан дараах хяналтын гомдлыг гаргаж байна.
4. Шүүхийн шийдвэрт “Зам тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн албан тушаалын аль ч ангилалд хамаардаггүй болох нь хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1413 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Нэгэнт нэхэмжлэгч С.Б- нь төрийн жинхэнэ албан хаагч биш байх тул Төрийн албаны тухай хуульд заагдсан төрийн албан хаагчийн нийтлэг эрх, нэмэгдэл баталгаа хангагдаагүй тухайд маргах эрхгүй” гэж дүгнэсэн. Энэхүү маргааны гол үндэслэл нь хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн тухай маргаан бөгөөд төрийн албан хаагчийн ангилалд байхгүй гэх үндэслэлээр гомдол гаргах эрхийг шүүх хязгаарласан юм. С.Б- нь 2016 оны 9 сард иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улсын Дээд шүүхийн 001/хт2017/00790 тоот тогтоол гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гол үндэслэл нь захиргааны албан тушаалтантай маргаж буй тул гэсэн үндэслэлийг зааж, энэхүү шийдвэр нь захиргааны шүүхэд хандахад саад болохгүй гэсэн. Захиргааны болон Иргэний хэргийн шүүхийн дунд бөмбөг шиг өнхөрч, энэ дунд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах” эрхийг нь зөрчсөн гэж үзэж байна.
5. Магадлалд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан хүн уг албан тушаалд ажиллах боломжтой гэж дүгнэсэн нь хууль зүйн фактын орон зай, цаг хугацааг буруу дүгнэсэн гэж үзэхэд хүргэж байна. Уг ажлын байр нь ажлын байрны тодорхойлолтгүй байсан ба энэхүү маргаан 2016 оны 09 дүгээр сард иргэний шүүхэд эхэлснээс хойш буюу 2016 оны 11 дүгээр сард энэ ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгөхдөө 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр огноолон гаргаж байсан. Түүнчлэн С.Б- нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд хавтаст хэрэгт байхгүй үйл баримт болох физикч гэдэг мэргэжил гаргаж ирсэн байна. Энэ нь магадлал хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг зөрчсөн.
6. Маргаан нь Ч.Алтанхуягийг чөлөөлж, С.Б-г томилсон тухай маргаан биш бөгөөд хэрэгт хамааралгүй үйл баримтыг магадлалаар дүгнэсэн нь Хянавал хэсэг буюу 2 дугаар хуудасны “давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад гэсэнтэй зөрчилдөж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 118 дугаар зүйлийн 118.3-д заасан журмыг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улс Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ'' гэж заасныг зөрчсөн юм. С.Б- нь төрийн албан хаагч биш юм бол төрийн албаны тухай хуулийн зүйл заалтад хамрагдахгүй гэж шүүх дүгнэсэн юм бол хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5 дахь заалтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой байсаар атал хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.
7. Шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн 122/ШШ2018/0037 тоот шүүхийн шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0203 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
9. Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 310 дугаар тушаалаар С.Б-г тус яамыг төлөөлж Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагад суух төлөөлөгчөөр томилж, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төлөөлөгчөөр ажиллуулах 02 тоот гэрээг 3 жилийн хугацаатайгаар байгуулж ажиллуулсан байх боловч, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын дүрмийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
10. Нэхэмжлэгч С.Б- нь дээрх Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...тушаалд ажлаас чөлөөлөх үндэслэлийг дурдаагүй. Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн, ...хууль бус шийдвэрийн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж маргасан байна.
11. Шүүхүүд тухайн маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын дүрмийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
12. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж хуульчилсан.
13. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага /ТЗХАБ/-ын тухай дүрмийн I зүйлийн 3-т “ТЗХАБ нь энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах олон улсын байгууллага юм”, III зүйлийн 1-д “ТЗХАБ-ын гишүүнээр Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх эрх баригч байгууллагууд, эсвэл өөрсдийн төр засгаас итгэмжлэгдсэн төмөр замын төв байгууллагууд байна”, Y зүйлийн 4-т “ТЗХАБ-ын гишүүн тус бүр Хороонд өөрийн нэг төлөөлөгчийг томилох үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
14. Дээрх хууль болон дүрмийн заалтуудаар Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага нь энэ дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага бөгөөд Монгол Улс нь энэхүү ТЗХАБ-ын гишүүн, тус байгууллагын гишүүнийхээ хувьд Хороонд тус улсыг төлөөлөх ачаа тээврийн комиссын мэргэжилтнийг томилох үүрэгтэй, харин уг төлөөлөгчийг томилох, чөлөөлөх эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
15. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/217 тоот албан бичгээр төлөөлөгчийг С.Б-гаар солих талаар мэдээлэл өгөхөд тус байгууллагын хорооны дарга Тадеуш Шозда одоогоор солих боломжгүй талаар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хариу мэдэгдсэн байхад хариуцагч нь дахин санал, мэдээлэл гаргалгүйгээр, тус төмөр замын ачаа тээврийн комиссын мэргэжилтний албан тушаалд төмөр замын тээврийн мэргэжлийн бус С.Б-г шууд томилж, дээрх дүрмийн III дугаар зүйлд заасан “Хорооны бусад гишүүдийг Сайд нарын чуулганы гишүүд Хорооны удирдлагатай санал солилцож, шинээр томилогдох гишүүний талаарх мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгсөн тохиолдолд өөрчилнө” гэснийг зөрчсөн байна.
16. Иймд, шинээр томилогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагад суух төлөөлөгчийн албан тушаалд төмөр замын мэргэжлийн, тухайн ажлын байрны шаардлагыг илүү хангаж байгаа Ц.Алтанхуягийг томилж, нэхэмжлэгч С.Б-г уг албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийжээ.
17. Мөн нэхэмжлэгч С.Б-гийн хувьд тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтын журмаар томилогдоогүй учир эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр түүнийг тус албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нөхцөлд хуульд заасан тодорхой шалгуур тавих ёстой, 3 жилийн хугацаатай томилогдсон гэж маргасан нь үндэслэлгүй байна.
18. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0037 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0203 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА