Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0640/З |
Дугаар | 128/ШШ2023/0938 |
Огноо | 2023-12-06 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0938
2023 12 06 128/ШШ2023/0938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б*******, С.Б
Хариуцагч: Б******* дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоорондын нөхөн сонгууль зарлахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б*******, С.Б нар нь “Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоолгох, Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 03 дугаар сарын 0******* тоот захирамжаар Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдааныг хуралдуулах тухай шийдвэр гаргасан ба хурлаар шийдвэрлэх асуудлын 1.9 дэх хэсэгт “Нөхөн сонгууль зарлах тухай” асуудлыг тусгажээ. /х.х-н 58/
3. Улмаар Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болж “Нөхөн сонгууль зарлах тухай” асуудлыг хэлэлцээд олонхын саналаар тогтоолын төслийг дэмжээгүй байна. /х.х-н 59-60/
4. Иргэн С.Б , Ч.Э*******, Г.Б******* нараас Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан “...Б******* дүүрэгт ямар учраас нөхөн сонгууль зарлахгүй байгаа талаар тодорхой мэдээлэл хүсэж байна” гэх агуулга бүхий албан бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлжээ. /х.х-н 68/
5. Үүнд Б******* дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга Ч.М*******аас “Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт 2023 оны 01 дүгээр сард Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт "Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана" гэж заасны дагуу нөхөн сонгууль товлон зарлах тухай асуудлыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаар хэлэлцсэн. Тус хуралдаанд Монгол Ардын намын 23, Ардчилсан намын 17, Хүн намын 2 төлөөлөгч оролцож, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт Төлөөлөгчдийн олонх нь нөхөн сонгууль товлон зарлах шаардлагагүй гэж үзэн тогтоолын төслийг дэмжээгүй болно” гэх хариуг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/208 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. /х.х-н 69/
6. Ингээд нэхэмжлэгч нараас Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нөхөн сонгууль зарлаагүй шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тус сонгуулийг зохион байгуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Б******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит аравдугаар хуралдаанаар Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай хэлэлцэн, шийдвэрлэхдээ төлөөлөгчдийн олонхоор шаардлагагүй гэж үзсэнийг тухайн хурлын тэмдэглэлээс харж болно. Мөн сонгууль явуулах хурлын тогтоолыг дэмжээгүй гэж үзэж нөхөн сонгууль явуулах тогтоол гаргаагүй тухайгаа Б******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга албан бичигтээ ирүүлсэн юм. Нөхөн сонгууль явуулах асуудлыг Ингэж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Учир нь иргэдийн Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор эдлэх ёстой эрхийг хуулийг хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих үүрэгтэй дүүргийн төлөөлөгчид эрх мэдлээ урвуулан хуульд заагаагүй шийдвэр гаргаж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг ч Б******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан дээрх шийдвэр нь Үндсэн хуулийн энэхүү заалтыг зөрчөөд зогсохгүй иргэд бидний Үндсэн хуулиар олгогдсон эрхэд бүдүүлгээр халдаж байна гэж үзэж байна. Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт "Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана" гэж заасан нь хурлаар шийдэн зарлахгүй байж болно гэсэн утга агуулаагүй байгаа юм. Мөн тус хуульд нөхөн сонгууль явуулахгүй байх ганц л заалт байгаа нь 76 дугаар зүйлийн 76.2 хэсэгт зааснаар "Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй" гэж заасан байна. Мөн тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Үндсэн хууль, Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн энэхүү шийдвэрийн улмаас Б******* дүүргийн 6, 15, 18 дугаар хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрх болон иргэн миний нэр дэвших эрхийг зөрчиж байна. Иймд хуулийн дагуу сонгуулийг зохион байгуулж нэр дэвших, өрсөлдөх боломжийг олгож өгнө үү” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт 2023 оны 01 дүгээр сард Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт "Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана" гэж заасны дагуу нөхөн сонгууль товлон зарлах тухай асуудлыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаар хэлэлцсэн. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт "Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс орон даяар нэгдсэн журмаар явуулна" гэж заасан нь 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр таарч байсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална гэж заасан. Ээлжит аравдугаар хуралдаанаар тус асуудлыг хэлэлцээд, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонх нь нөхөн сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг батлахыг дэмжээгүй болно. Нөхөн сонгууль явуулах тухай асуудлыг дахин судалж үзэхэд нөхөн сонгууль явуулах боломжит хуулийн хугацаа дууссан байсан. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна" гэж заасан буюу 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 90 хоногийн өмнө цахим хуудсанд байршуулах, холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангах хуульд заасан хугацаа дууссан тул уг асуудлыг дахин хэлэлцэж, шийдвэрлэх боломжгүй байсан. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нөхөн сонгууль явуулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд уг асуудлаар тогтоол гаргаагүй нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
Иймд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчийн “Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
3. Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан нөхөн сонгуулийг товлон зарлах нөхцөл байдал буюу иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Б******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан байна.
4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана” гэж заасны дагуу Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн 11 дүгээр тойрогт нөхөн сонгууль товлон зарлаагүй нь нэхэмжлэгч бөгөөд дээрх тойргийн оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
5. Тодруулбал, Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нөхөн сонгуулийг товлон зарлах үед орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн нөхцөлөөс бусад тохиолдолд шууд зарлах эрх зүйн зохицуулалттай бөгөөд товлон зарлах асуудлаар санал хураах эрхгүй.
6. Өөрөөр хэлбэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт “товлон зарлана” гэсэн зохицуулалт нь хоёрдмол агуулгагүй, шууд хэрэгжүүлэх заалт байна.
7. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх хэсэгт “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй…” гэж заасан иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт нөхөн сонгууль зарлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.
8. Харин “Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:
9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хугацаа 2024 оны 10 дугаар сард дуусахаар байна.
10. Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нараас гаргасан “Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б*******, С.Б нараас гаргасан Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож, үлдэх “Б******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ