Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2044

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг             даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02067 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “КМ ББСБ” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацаан цалин хөлстэй тэнцэх олговорт 33.888.098 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “КМ ББСБ” ХХК-д 2003 оны 12 дугаар сараас хуульч, хуулийн зөвлөх, Тамгын газрын захирлаар тус тус ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15/64 тоот тушаалаар ажлаас хууль бусаар халагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04776 дугаар шийдвэрээр нэхэмжэгч намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажил, албан тушаалд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны мөнгөн олговорыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд эгүүлэн томилохгүй, нэхэмжлэгч миний эрх ашгийг зөрчсөөр байсан тул миний бие ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 01335 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1862 дугаартай магадлалаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46.250.000 төгрөгийг хариуцагч “КМ ББСБ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч надад олгохоор шийдвэрлэсэн. Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаа хамаардаг тул миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээс хойшхи ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх эрхтэй юм.

Хариуцагч Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь тогтоосон мэт тушаал гаргасан байгаа юм. Гэхдээ хариуцагч шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг биелүүлээгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний сарын цалингийн хэмжээг бичсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул түүнийг дахин нотлохгүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01335 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 33.888.098 төгрөгийг КМ ББСБ ХХК-иас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-ийг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоосон захирлын тушаал 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Захирлын тушаал хоцорч гарсан учир нь надаас болсон юм. Надад ажил явдал    гараад би хөдөө явж ирээд хянасан тул ингэж гарсан. Уг тушаалыг ажилтны гэрийн хаягаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсэн. Одоогийн байдлаар Б.Б-ийг халах тушаал гэх мэт зүйлс гараагүй. Б.Б-ийг ирээд ажилдаа орно гэж бодож байгаа бөгөөд Б.Б- цалингийн хэмжээгээ 2.150.000 төгрөгөөр нэхэмжилсэн байсан. Шүүхийн журмаар нийгмийн даатгалын газраас лавлагаа авахад дундаж цалинг 1.554.937 төгрөг гэсэн байсан. Энэ цалингаар 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түүний ажилгүй байсан хугацааны цалинг төлнө. Бид дундаж цалингийн хэмжээг бодохдоо нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаагаар дундаж цалингийн хэмжээг тооцож байгаа. Б.Б-ийн сарын цалинг 1.544.937 төгрөгөөр бодоод 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцож зөвшөөрч байгаа, бусдыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “КМ ББСБ” ХХК-иас 32.659.524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “КМ ББСБ” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.228.574 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 327.390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтыг хэрэглэн нэхэмжлэгчийн цалингийн хэмжээг 2.150.000 төгрөгөөр бодож нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Урьд гарсан шүүхийн шийдвэрээс харахад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цалингийн хэмжээг талууд маргаагүй тул гэж дүгнээд нэг сарын цалингийн хэмжээг 2.150.000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтсийн ирүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгчийн сарын дундаж хөдөлмөр хөлсний хэмжээ 1.544.937 төгрөг байсан гэсэн байхад нотлох баримтыг үнэлэлгүй урьд гаргасан алдаагаа анхаарч засалгүй шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн урьд гарсан шүүхийн шийдвэрийг хэсэгчилэн биелүүлсэн байхад бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс дүнгээс нийт 10.294.722 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Бидний үзэж байгаагаар 1 сарын хөдөлмөр хөлсний хэмжээ 1.544.937*14 сар нийт 21.629.118 төгрөг дээр 10 хоног 735.684 / 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлын 10 хоног/ нийт 22.364.802 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 10.294.722 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “КМ ББСБ” ХХК-д холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 33.888.098 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04776 тоот шийдвэрээр Б.Б-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 17.814.286 төгрөг гаргуулж Б.Б-ид олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг хариуцагч “КМ ББСБ” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж “КМ ББСБ” ХХК нь Б.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин 17.814.286 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлсэн байх боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн дуусаагүй болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 80-117/

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01335 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1862 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 0142 дугаартай тогтоолоор “КМ ББСБ” ХХК-иас 46.250.000 төгрөгийг гаргуулан Б.Б-ид олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, улмаар  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасан тул түүнд шүүхийн шийдвэр гарах хүртэл болон шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн авах хүртэл хугацаа хамаарах юм.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба тодорхой ажиллагаа явуулсан боловч шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааг хамааруулан нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “КМ ББСБ” ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 32.659.524 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих газарт нь шилжүүлэн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.228.574 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр  үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 179 666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

                                                                                                 Н.БАТЗОРИГ