Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00478

 
 

Б.Батдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02067 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2044 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Б.Батдорж

Хариуцагч: Кредит монгол ББСБ ХХК

 

Нэхэмжлэл: 33,888,098 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хяналтын журмаар 2019.12.26-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батдорж, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Кредит монгол ББСБ ХХК-д 2003 оны 12 сараас хуульч, хуулийн зөвлөх, Тамгын газрын захирлаар тус тус ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2015.11.18-ны өдөр 15/64 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.01-ний өдрийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд эгүүлэн томилохгүй, нэхэмжлэгч миний эрх ашгийг зөрчсөөр байсан тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018.06.12-ны өдөр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018.08.20-ны өдрийн магадлалаар олговорт 46,250,000 төгрөгийг Кредит монгол ББСБХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаа хамаардаг тул 2018.06.12-ны өдрийн шийдвэрээс хойшхи хугацааныхаа олговрыг нэхэмжилж байна. Иймд 2019.09.18-г хүртэлх олговорт 33,888,098 төгрөгийг Кредит монгол ББСБ ХХК-иас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Б.Батдоржийг 2019.09.01-с ажилд нь эгүүлэн тогтоосон захирлын тушаал 2019.09.09-ний өдөр гарсан. Уг тушаалыг ажилтны гэрийн хаягаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсэн. Одоогийн байдлаар Б.Батдоржийг халах тушаал гэх мэт зүйлс гараагүй. Б.Батдоржийг ирээд ажилдаа орно гэж бодож байгаа бөгөөд Б.Батдорж цалингийн хэмжээгээ 2,150,000 төгрөгөөр нэхэмжилсэн байсан. Шүүхийн журмаар нийгмийн даатгалын газраас лавлагаа авахад дундаж цалинг 1,554,937 төгрөг гэсэн байсан. Энэ цалингаар 2019.09.01-г хүртэл түүний ажилгүй байсан хугацааны цалинг төлнө. Бид дундаж цалингийн хэмжээг бодохдоо нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаагаар дундаж цалингийн хэмжээг тооцож байгаа. Б.Батдоржийн сарын цалинг 1,544,937 төгрөгөөр бодоод 2019.09.01-г хүртэл тооцож зөвшөөрч байгаа, бусдыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 181/ШШ2019/02067 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Кредит монгол ББСБ ХХК-иас 32,659,524 төгрөг гаргуулан Б.Батдоржид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах, нэхэмжлэлээс үлдэх 1,228,574 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 587,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заасан байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2044 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төлсөн 179,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрээс 10,294,722 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Шүүх ИХШХШТХ-н 40.4-т заасны дагуу Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтыг хэрэглэн ажилтны цалингийн хэмжээг 2,150,000 төгрөгөөр бодож нэхэмжлэлийг хангасан. Нэгэнт шүүх алдсан бол алдаагаа дараагийн удаа засч залруулж байх ёстой. Урьд гарсан шүүхийн шийдвэрээс харахад нэхэмжлэгчийн цалингийн хэмжээг талууд маргаагүй тул гэж дүгнээд нэг сарын цалингийн хэмжээг 2,150,000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтсийн ирүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгчийн сарын дундаж хөдөлмөр хөлсний хэмжээ 1,544,937 төгрөг байсан гэсэн байхад нотлох баримтыг үнэлэлгүй урьд гаргасан алдаагаа анхаарч засалгүй шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн урьд гарсан шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн биелүүлсэн байхад бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс дүнгээс нийт 10,294,722 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргаж байна. Бидний үзэж байгаагаар 1 сарын хөдөлмөр хөлсний хэмжээ 1,544,937х14 сар нийт 21,629,118 төгрөг дээр 10 хоног 735,684 / 2019.08.12-09.01 хүртэл ажлын 10 хоног/ нийт 22,364,802 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 10,294,722 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Батдорж 2018.12.26-ны өдөр Кредит монгол ББСБ ХХК-иас 33,888,098 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж ... 2018.06.12-ны өдрөөс 2019.09.18-ны өдөр хүртэл ажилгүй байсан тул олговор гаргуулах.. нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх..-г шаарджээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

 

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.01-ний өдрийн 102/ШШ2016/04776 дугаар шийдвэрээр Кредит монгол ББСБ ХХК-ийн Тамгын газрын захирал, Хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоогдсон боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.

 

Нэхэмжлэгч 2018.06.12-ны өдрөөс 2019.09.18-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байгаа нь тогтоогдож байх тул шүүх ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд нийцжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Түүнчлэн, хоёр шатны шүүх ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02067 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2044 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 179,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД, П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ