Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2097

 

“ГГТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч  Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/02198 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ГГТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Э-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 376 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч “ГГТ” ХХК-ийн төлөөлөгч Ж.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГГТ” ХХК нь Ч.Э-тай 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ЗГУ-219 тоот “Зээлийн гэрээ” байгуулан, 8.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд Ч.Э- нь Тоёота Ланд круйзер 100 маркын 6211 УБИ улсын дугаартай автомашиныг манай компанийн эзэмшилд шилжүүлсэн. Ч.Э- нь гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө огт төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд үндсэн зээл 8.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1.560.000 төгрөг, алданги 1.816.400 төгрөг, нийт 11.376.400 төгрөгийг хариуцагч Ч.Э-гаас гаргуулж өгнө үү. Хариуцагч Ч.Э- нь зээлийн хүүд хугацаа хэтрүүлэн 4.300.000 төгрөгийг төлсөн гэжээ.

          Хариуцагч Ч.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “ГГТ” ХХК-иас жилийн хугацаатай автомашин барьцаалж 8.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Уг хугацаанд төлөх төлбөрөөс хугацаанд хийгээгүйн улмаас хүү алданги нэмэгдээд 11.376.400 төгрөгийг нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би жилийн хугацаанд хоног хэтэрсэн ч уг компанийн данс руу 4.180.000 төгрөгийг хийсэн ч үндсэн зээлээс хасаагүй байна. Иймд үндсэн зээл болох 8.000.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Бас төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Э-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.816.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГГТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.560.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ГГТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 196.973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 172.012 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд хуралдаан болох талаар надад хуульд заасны дагуу албан ёсоор мэдэгдээгүй. Тийм учраас анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож харилцан мэтгэлцэж чадаагүй. Хуульч өмгөөлөгч авах эрхээ ч эдэлж чадаагүй. Анхан шатны шүүхээс тус зээлийн гэрээний дагуу тоо, тооцооллыг буруу үнэлж дүгнэсэн. Төлсөн төлбөрөөс үндсэн төлбөрийг хассаны дараа алданги тооцогдох байтал шууд алдангийг түрүүнд хасаж тооцож шийдвэрлэснийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй нь миний хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “ГГТ” ХХК нь хариуцагч Ч.Э-д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.376.400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Зохигчдын хооронд 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр  ЗГУ-219 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “ГГТ” ХХК нь 8.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдэгч Ч.Э-д зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0.5 хувиар алданги зээлдүүлэгчид төлөхөөр  тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцсэн.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн БГ-219 дүгээр барьцааны гэрээгээр  Ч.Э-гийн 62-11 УБИ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 100 маркийн автомашины өмчлөх эрхийг барьцаалагч “ГГТ” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байх боловч энэ талаар шаардлага гаргаагүй байна.

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон 4.300.000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлсөн үйл баримтын талаар маргаагүй  байна.

 Хариуцагч нь дээрх зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 8.000.000 төгрөг, зээлийн хүү 2.880.000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тул зээлдэгчээс нийт төлсөн 4.300.000 төгрөгийн 6 сарын зээлийн хүү 2.880.000 төгрөгийг хасаж, үлдэх 1.420.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацааны алдангид тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алданги 1.816.400 төгрөгийг, үндсэн зээлийн 8.000.000 төгрөгийн хамт нийт 9.816.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч  6 сарын зээлийн хүү 2.880.000 төгрөгийг төлсөн тул зээлийн хүүд 1.560.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/02198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 173 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

                                                                                                 Н.БАТЗОРИГ