Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2019/02198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         

           Хариуцагч: Ч.Э-д  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.376.400 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .............. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК нь Ч.Э-тай 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ЗГУ-219 тоот “Зээлийн гэрээ” байгуулан, 8.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд Ч.Э- нь Тоёота Ланд круйзер 100 маркын .... улсын дугаартай автомашиныг манай компанийн эзэмшилд шилжүүлсэн. Ч.Э нь гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө огт төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд үндсэн зээл 8.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1.560.000 төгрөг, алданги 1.816.400 төгрөг, нийт 11.376.400 төгрөгийг хариуцагч Ч.Э-гаас гаргуулж өгнө үү. Хариуцагч Ч.Э нь зээлийн хүүд хугацаа хэтрүүлэн 4.300.000 төгрөгийг төлсөн гэв.

 

           Хариуцагч Ч.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Г” ХХК-иас жилийн хугацаатай автомашин барьцаалж 8.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Уг хугацаанд төлөх төлбөрөөс хугацаанд хийгээгүйн улмаас хүү алданги нэмэгдээд 11.376.400 төгрөгийг нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би жилийн хугацаанд хоног хэтэрсэн ч уг компанийн данс руу 4.180.000 төгрөгийг хийсэн ч үндсэн зээлээс хасаагүй байна. Иймд үндсэн зээл болох 8.000.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Бас төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.376.400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Г” ХХК, Ч.Э- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ЗГУ-219 дүгээр “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий “Г” ХХК нь 8.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдэгч Ч.Э-д зээлдүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2-т заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн БГ-219 дүгээр “Барьцааны гэрээ /фидуци/”-ээр барьцаалуулагч Ч.Э нь .... улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 100 маркийн автомашины өмчлөх эрхийг барьцаалагч “Г” ХХК-д шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Дээрх гэрээний дагуу зээлдүүлэгч “Г” ХХК нь 8.000.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч Ч.Э-д шилжүүлсэн, зээлдэгч нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 600.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, нийт 4.300.000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Тооцооны баримтаар нотлогджээ.

 

            Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа “...4.180.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үндсэн зээлээс хасаагүй байна” гэснийг нэхэмжлэгч тал “...хариуцагч нь нийт 4.300.000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс зээлийн хүүд 2.880.000 төгрөгийг, алдангид 1.420.000 төгрөгийг тооцсон” гэж талууд мэтгэлцжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1-д зээлийн эргэн төлөлтийг хавсралтаар байгуулав гэсэн байх бөгөөд Зээлийн эргэн төлөлтийн хуваарь -ЗГ-219 дугаар хавсралтаар зээлдэгч Ч.Э- нь “2018.08.05 өдөр хүү 480.000 төгрөг, 2018.09.05 өдөр хүү 480.000 төгрөг, 2018.10.05 өдөр хүү 480.000 төгрөг, үндсэн зээл 800.000 төгрөг, 2018.11.05 өдөр хүү 432.000 төгрөг, үндсэн зээл 800.000 төгрөг, 2018.12.05 өдөр хүү 384.000 төгрөг, үндсэн зээл 800.000 төгрөг, 2019.01.05 өдөр хүү 336.000 төгрөг, үндсэн зээл 800.000 төгрөг, 2019.02.05 өдөр хүү 288.000 төгрөг, үндсэн зээл 800.000 төгрөг, 2019.03.05 өдөр хүү 240.000 төгрөг, үндсэн зээл 800.000 төгрөг, 2019.04.05 өдөр хүү 192.000 төгрөг, үндсэн зээл 800.000 төгрөг, 2019.05.05 өдөр хүү 144.000 төгрөг, үндсэн зээл 800.000 төгрөг, 2019.06.05 өдөр хүү 96.000 төгрөг, үндсэн зээл 800.000 төгрөг, 2019.07.05 өдөр хүү 48.000 төгрөг, үндсэн зээл 800.000 төгрөг”-ийг тус тус төлөхөөр тохиолцжээ.

 

Зээлдэгч Ч.Э- нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Зээлийн гэрээний 2.8-т “зээлдэгч гэрээний хавсралтад заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүрэг биелэгдээгүй өдрөөс эхлэн 0.5 хувийн алданги тооцно” гэж заасан, гэрээний 3.3-т “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0.5 хувиар алданги зээлдүүлэгчид төлнө” гэж заасны дагуу зээлдэгчээс нийт төлсөн 4.300.000 төгрөгийн 6 сарын зээлийн хүү 2.880.000 төгрөгийг хасаж, үлдэх 1.420.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацааны алдангид тооцон авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4, 222 дугаар зүйлийн 222.1, 232 дугаар зүйлийн 232.6, 286 дугаар зүйлийн 286.2, заасантай нийцжээ.

 

Иймд зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ч.Э- нь 6 сарын зээлийн хүүд төлөх 2.880.000 төгрөгийг зээлдүүлэгч “Г” ХХК-д төлсөн байх тул нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн хүү 1.560.000 төгрөгийг  шаардах эрхгүй юм.

 

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.8, 3.3-т “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0.5 хувиар алданги зээлдүүлэгчид төлнө” гэж заасны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8.000.000 төгрөгийн 0.5 хувиар алдангийг тооцон /нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1.816.400 төгрөг/-ийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ч.Э-гаас үндсэн зээл 8.000.000 төгрөг, алдангид 1.816.400 төгрөг, нийт 9.816.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн хүү 1.560.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Э-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.816.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.560.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 196.973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 172.012 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.СЭМЖИД