| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0238/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 52
Д.М-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогч Ю, түүний орчуулагч Ц, хохирогчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг, Д.Ганбат, хохирогч “М.И ФЗЕ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамир, Д.Батсүх, Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1004 дүгээр магадлалтай, Д.М-т холбогдох 2014260002222 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин, шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, социологч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, А овогт Д-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсаны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.М-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Д.Тамир нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд “М.И ФЗЕ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.А гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Учир нь анхан шатны шүүх Д.М-т 4 жил хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн. Хохирогчийн зүгээс хууль буцаан хэрэглэсэнд гомдол гаргаагүй бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахдаа ялын бодлого алдагдаж, үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, ялыг шударга ёсны зарчимд нийцүүлэн хүндрүүлж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүхэд шүүгдэгч Д.М- гаргасан гомдолдоо “Хэрийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоох, нотлох баримтыг шалгаж үнэлэх тухай болон хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 16.15 дугаар зүйл, 8.1 дүгээр зүйл, 9.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. “М.И ФЗЕ” ХХК болон манай компанийн хооронд хийгдсэн анхны тохиролцоо, гэрээ бол Зээлийн гэрээ байсан. Энэ гэрээгээр “Минметекс интернэйшнл” ХХК-иас хөрөнгө оруулалтын зээлийг “М.М.Б” ХХК-д олгохоор тохиролцсон нь анхдагч харилцаа байсан ба энэхүү зээлээр Монгол дахь бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн, ашгийг И бид хоёр 50:50 хувиар хувааж авах тохиролцоо нь Зээлийн гэрээнд үндэслэж хийгдсэн хоёр дахь тохиролцоо байсан. Энэ асуудлаар нэмэлтээр тусад нь Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан талаарх үйл баримт, түүнд хамаарах нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд тал бүрээс нь бодитойгоор хянан үзэж чадаагүй. Хамтын ажиллагааны гэрээ нь “Оюу толгой” ХХК-иас авах хаягдал шаарыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушааж, бизнесийн ашиг олох үйл ажиллагааны менежментийг “М.М.Б” ХХК хариуцах, санхүүжилтийг зээлийн гэрээний хөрөнгөөр хийж, эргэлтийн орлогоос эхний ээлжинд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, дараа нь үндсэн болоод олсон ашгийг хоёр тал хуваан авахаар харилцан тохиролцсон юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс намайг “... “Оюу толгой” ХХК-иас ган бөмбөлөг авч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх боломжгүйг мэдэж байсан...” гэж буруутгасан нь бодит байдалд нийцээгүй. Бодит байдал дээр бид “Оюу толгой” ХХК-иас ган бөмбөлөг биш харин ашиглагдсан ган бөмбөлгийн шаар болох “хаягдал металл”-г авч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлж ашиг олох асуудлаар хамтран ажиллах тохиролцоо байсныг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитоор дүгнэж чадаагүйгээс уг ташаа дүгнэлтийг хийхэд хүрсэн гэж ойлгож байна.
1.Бидний энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “хаягдал металл” худалдан авч борлуулах үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон болох нь бидний хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний “металлических шарав БВУ” гэсэн заалтаар хангалттай нотлогдож байгаа. “БВУ” гэдэг нь “бывший в употроблений” гэсэн үгийн товчлол бөгөөд “ашиглагдсаны дараах” гэсэн утгыг илэрхийлж байгаа. Мөн Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй хийсэн Худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д “...худалдагчаас шилжүүлж байгаа хөрөнгө нь чанар, овор хэмжээний хувьд шаарын хэмжээ 20 мм-ээс доошгүй...” гэсэн заалт, гэрээг “Хаягдал төмөр худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэсэн байгаа зэргээр нотолж байгааг хоёр шатны шүүх бодитойгоор үнэлж чадаагүй.
2. Манай компани “Оюу толгой” ХХК-тай хаягдал шаар, худалдан авах талаар гэрээ хийсэн гэж би огт яриагүй, харин Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дэмжлэгтэйгээр тус орон нутгийн аж ахуйн нэгж болох “И.Г.М” ХХК, “Оюу толгой” ХХК-иас төмрийн шаарыг авч, манай компани түүнийг нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т нийлүүлэхээр тохиролцсон байсан асуудлыг хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шалгаж үзэлгүйгээр зөвхөн “Оюу толгой” ХХК-ийн манай “М.М.Б” ХХК-тай гэрээ байгуулаагүй гэх албан бичгийг үндэслэн намайг буруутгасан нь хууль бус болсон. Түүнчлэн энэ хамтын ажиллагааны хүрээнд “...Оюутолгой ХХК-иас төмөрлөгийн шаар худалдан авч, Дархан хот дахь Төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх бизнес төлөвлөгөө...” бодитой хэрэгжиж “Хамтын ажиллагааны гэрээ”-г хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажлууд хийгдэн, бэлтгэл хангагдаж байсныг гэрч А.Т, Х.Н нарын мэдүүлэг, “И.Г.М” ХХК-тай байгуулсан “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”, Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан “Хаягдал төмөр худалдах, худалдан авах гэрээ”, хаягдал төмрийг газар дээр нь үзсэн зураг зэрэг баримтуудаар нотлогдож байгаа. Гэрч Х.Н орон нутаг “Оюу толгой” ХХК-тай холбоотой байсан хаягдал төмрийн яриа хийж байснаа Д.М-тай холбогдож байснаа шударгаар мэдүүлжээ. Гэрч А.Т, Х.Н нар нь тэр үед “Оюу толгой” ХХК-тай хаягдал төмөр нийлүүлэх гэрээг “И.Г.М” ХХК-иар хийгдэж байсныг гэрчилсэн ба тэр хүмүүсийн хувьд хаягдал ган бөмбөлөг, хаягдал төмөр гэдэг нь нэг ойлголт, харин “металл ган бөмбөлөг” гэсэн агуулгаар асуухад нь түүнийг тийм асуудлаар гэрээ хийгээгүй, бидний хооронд яригдаагүй зүйлийг тийм яриа болоогүй гэж хариулах нь зүйн хэрэг. Гэтэл мөрдөн байцаагчийн буруу асуусан асуултад хариулсан уг мэдүүлгээр нь намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Нөгөө талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хохирогч гэж үзээд байгаа “М.И ФЗЕ” компани нь ямар улсын хуулиар, эрх зүйн ямар этгээд болохыг шалгаж тогтоогоогүй, энэ компанийн гэрчилгээ, бусад баримт бичиг хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад тус компанид хохирол учирсан гэж үзээд намайг энэ үйлдэлд буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад нийцээгүй байна. Хэдийгээр би “М.И ФЗЕ” гэх компанитай гэрээ байгуулсны дагуу тус компанийн нэрээр манай компанийн дансанд мөнгө орж ирсэн нь үнэн боловч хууль зүйн хувьд ийм компани байгаа эсэхийг би баталж хэлэх боломжгүй юм. Учир нь би энэ компанийн гэрчилгээ бусад баримт бичгийг би огт үзэж танилцаж байгаагүй. Тиймээс энэ асуудлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байсан гэж би үздэг. Энэ асуудлыг урьд нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэж, Одбаяр шүүгч “М.И ФЗЕ” ХХК-иас Ч.А гэх хүнд олгосон итгэмжлэлийг хууль ёсны болохыг тодруулахаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн ч үүнийг нь давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон. Гэхдээ энэ асуудлыг хяналтын шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дахин хянан үзэж, давж заалдах шатны шүүхийн аргасан алдааг залруулж өгнө гэдэгт итгэж байна. Би яагаад энэ асуудлыг яриад байгаа вэ гэхээр надтай харилцсан И гэдэг хүн өөрөө ирээд надтай ярилцаж тохиролцсон асуудлаа хүлээн зөвшөөрөх, эсхүл үгүйсгэх тайлбараа гаргасан тохиолдолд түүнтэй харилцаж ярилцаж, бидний хооронд үүссэн төлбөр тооцоог харилцан ойлголцлын түвшинд шийдвэрлэх боломжтой байсан. Харин би 2014 оны 06 дугаар сараас хойш энэ хүнтэй холбогдох гээд чадахгүй байгаа. Энэ хэрэгт “М.И ФЗЕ” ХХК-ийг төлөөлөн оролцож байгаа Ч.А-д тус компаниас олгосон гэх итгэмжлэл нь хууль ёсны эсэхэд эргэлзэх олон асуудал байгаа.
Энэ хэрэг Ч.А-ны гомдлоор үүсч, түүний өгсөн мэдүүлгээр намайг буруутгаад байгаа. Гэтэл “М.И ФЗЕ” ХХК-ийн эрх бүхий этгээдийн гарын үсэгтэй нэг ч тайлбар, албан бичиг хэрэгт байхгүй. “М.И ФЗЕ” ХХК гэх хуулийн этгээд байдаг эсэх, байдаг бол энэ хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй субьект хэн болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. “М.И ФЗЕ” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал И-той тус компаниас шилжүүлсэн 130,000 ам.долларыг захиран зарцуулсан асуудлаар харилцан ярилцаж, уг төлбөрийн зээлийн гэрээний дагуу хэрхэн төлөх асуудлаар харилцан ойлголцоод явж байсан. Бидний энэ харилцааг үгүйсгэсэн ямар нэгэн тайлбарыг би зөвхөн тэр хүний хуулийн дагуу гаргасан гомдол, мэдүүлгээр л хүлээн зөвшөөрнө. Миний зүгээс тус компанид төлөх ёстой төлбөрөө төлье гэхэд хэнд өгөх нь тодорхойгүй байна. Ильдар хамгийн сүүл 2014 эхээр ирээд вольфрамын бизнесийн асуудлыг ашигтай байж болох юм байна гэж ойлголцоод салсны дараа 2014 оны 3 сарын үеэс Ч.А гэдэг хүн гэнэт цагдаад гомдол өгсөн байсан. Энэ үеэс хойш би түүнд “...төлбөрийг бараа, эсвэл орон сууцаар барагдуулъя...” гэдэг саналыг удаа дараа тавьж байсан ба “...И-тай уулзаж ярилцмаар байна...” гэхээр “...И чамтай уулзахгүй, татгалзаж байгаа, би л энэ асуудлыг шийдвэрлэнэ...” гээд Ильдартай харилцах ямар ч боломжгүй болгосон. Сүүлд шүүх хурлын дараа энэ төлбөрийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор миний найз нөхөд хохиролд тооцон үл хөдлөх эд хөрөнгө өгөхөөр болоход энэ бүхнийг Ч.А өөрийн өмчлөлдөө шилжүүлж аваад байна. Би “Хамтарсан гэрээ”-ний дагуу дансны гүйлгээнд 2 дугаар гарын үсэг зурах эрхийг цуцалснаа хэнээс ч нуугаагүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр эрхийг цуцалсан минь буруу байжээ гэдгийг би өнөөдөр ойлгож, ухамсарлаж байгаа. Тухайн үед би “...бизнесийн үйл ажиллагаагаа цаг алдалгүй явуулах хэрэгцээ шаардлага, анхдагч гэрээ болох зээлийн гэрээгээр хүлээсэн хүү төлөх болон бусад хариуцлагаа өөртөө үүрэхийн тулд хоёрдогч гэрээнийхээ тохиролцоог өөрөө дангаараа өөрчилж, энэ асуудлыг И-тай ярилцаж, ойлголцож чадна...” гэж тооцож энэ үйлдлийг хийсэн минь алдаа болжээ. Гэхдээ би дараа нь энэ асуудлаар Ильдартай ярилцаж ойлголцоод ажлаа үргэлжлүүлсэн гэж бодож байгаа.
Би 2015 оны хавар ашигт малтмалын 6676А тоот лицензийг эзэмшигч “Р” ХХК-ийн хувьцааг худалдан авч “М.Ш.Г” ХХК-тай Дархан-Уул аймгийн Шарын голын хөндий 6676А тусгай зөвшөөрлийн талбайд алт олборлох хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д “Дархан Уул аймгийн Хонгор сумын Шарын голын хөндий 6676 А тусгай зөвшөөрлийн алтны шороон ордын эрдэс, баялгаас ашиг орлого авах зорилгоор өөрсдийн эд хөрөнгийг нэгтгэж 100 кг алт олборлох ажлыг гүйцэтгэж...” гэж зорилгыг тодорхойлоод “Р” ХХК нь “ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ахуйн нөхцөл, ажиллах хүчинг бүрдүүлнэ...”, “М.Ш.Г” ХХК нь “...үйлдвэрлэлийн эхний хөрөнгө оруулалтад 300,000 ам.доллароор санхүүжүүлнэ...” гэх зэргээр бид ямар асуудлаар хэрхэн хамтарч ажиллахаар тохиролцсон болох нь энэхүү гэрээгээр хангалттай нотлогдож байгаа. Хохирогч үнэн зөвөөр мэдүүлэг өгөх үүрэгтэй. “М.Ш.Г” ХХК манай компанитай хамтран ажиллана гэж гэрээ хэлцэл хийчихээд гэрээний гүйцэтгэлийн явцад эрсдэл бий болоод ирэхээр захирал Юань Миао Жен нь залилуулсан гэж намайг илтэд гүтгэсэн мэдүүлэг, гомдлыг хуулийн байгууллагад гаргаад байгаа. Хамтын ажиллагааны явцад алдагдал, эрсдэл учирвал гэрээний 2 тал оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр эрсдэлээ хамтран үүрэх ёстой. Алт олборлох ажлын хүрээнд нийт 509,200,000 төгрөгийн зардал гарсан гэдгийг манай нягтлан Э.Мөнх-Эрдэнэ мэдүүлдэг, аудитын дүгнэлтэд энэ зардлыг тооцсон байгаа. Хэрвээ “М.Ш.Г” ХХК манай “Р” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу оруулсан хөрөнгө оруулалтынхаа талаар маргаж байгаа бол энэ нь Иргэний эрх зүйн маргаан бөгөөд иргэний шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай. Гэтэл гэрээний үүргийн талаарх асуудлыг эрүүгийн хэрэг болгон шалгуулж, намайг гэм хэрэг үйлдсэн мэтээр гүтгэж байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээсээ зайлсхийж, хамтын үйл ажиллагаанаас учирсан эрсдэлийг хариуцахгүй байх зорилгоор явуулж байгаа хууль бус үйлдэл гэж би үзэж байна.
“Р” ХХК нь “М.М.Б” ХХК-ийн охин компани бөгөөд 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа нь санхүүгийн тайлан тооцоо, улсын бүртгэл, статистик, татвар, металл тушаалт зэргийн цахим бүртгэл мэдээллүүдээр бүрэн нотлогдоно. Энэ бүхнийг баримтаар нотолж, дутуу ажиллагааг хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, зөвхөн хохирогчийн нотлогдоогүй мэдүүлгийг үндэслэж нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Ю-ий өгсөн мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгах, тэдгээрийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж чадаагүй гэж үзэж байна. Монгол хэл мэдэхгүй гээд шүүх хурал дээр тусгай хэлмэрч томилуулж байсан Ю Цагдаагийн газарт анх хандахдаа монголоор бичсэн өргөдөл гаргасан байдаг. Энэ өргөдлийг өөрөө гаргасан эсэх, өргөдөлд дурдсан асуудлаа бүрэн гүйцэд ойлгож бичсэн эсэх нь одоо хэр тодорхойгүй байгаа ба үүнийг шалгаж тодруулах шаардлагатай гэж би үздэг. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд алт олборлохын тулд аж ахуйн нэгжүүдтэй хийсэн хэд хэдэн төрлийн гэрээ, тэдгээртэй холбоотой гарсан зардлын баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор хянан үзээгүйд гомдолтой байна. Эцэст нь дээр дурдсан гомдлын үндэслэлүүдийг тал бүрээс нягтлан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгөхийг хүсье” гэжээ.
Мөн шүүхэд хохирогч Ю-ий өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх Д.М-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 4 жил хорих ял оногдуулсан бөгөөд уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хэсгийн 2.2-т “...бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжээр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Д.М-ын тухайд миний үйлчлүүлэгч Ю-д 330,306,260 төгрөгийн хохирол, хохирогч “М.И ФЗЕ” ХХК-д 145,583,181 төгрөг нийт 475,889,441 төгрөгийн хохирол учруулсан. Д.М- нь хохирогч нарт өнөөдрийг хүртэл хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байдаг. Гэтэл шүүгдэгч Д.М нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшээгүй, хохирол төлбөр барагдуулаагүй, бусдад их хэмжээний хохирол учруулсан байхад 4 жил хорих ял шийтгэсэн нь ял хөнгөдсөн гэж үзэж байна. Шинэ Эрүүгийн хуулийн үзэл баримтлалын дагуу шүүгдэгчийн үйлдэл тус бүрт үнэлэлт дүгнэлт өгөх ёстой ба бидний хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй байхад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэн прокурорын зүгээс 7 жил 8 сарын хорих ял санал болгосон байхад шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөрөө барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр 4 жил ял оноосон нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн гэм буруугийн хурал дуусч шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргаснаа шүүхээс танилцуулахад Д.М-ын зүгээс үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлнө хэмээн 5 хоногийн хугацаа авч хурал завсарласан. Гэвч энэ хугацаанд хохирлоо барагдуулаагүйгээр зогсохгүй, бид нартай нэг ч удаа холбогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Д.М-аас 330,306,260 төгрөг гаргуулж хохирогч Ю-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлээс хасч тооцсон нь үндэслэлгүй юм. Учир нь хохирогч Ю нь монгол хэл бичиг мэдэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгч, орчуулагч нарын хамт оролцох шаардлагатай. Өмнө нь мөрдөгдөж байсан болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Монгол хэл бичиг мэдэхгүй этгээд хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгч болон орчуулагчийн хамт оролцох ёстой. Өмгөөллийн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орно. Хавтаст хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон төлбөр төлсөн баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан болно. Иймд анхан болон давж давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Д.М-т оногдуулсан хорих ялыг хүндрүүлж, хохирол төлбөрт өмгөөлөгчийн зардал болох 2,500,000 төгрөгийг нэмж шүүгдэгч Д.М-аас гаргуулж хохирогч Ю-д олгож өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх “шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг холбогдох санхүүгийн баримтуудын хамт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгөхөд шүүх тухайн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ гэж нотлох баримтуудыг хүлээн аваагүй... энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй... дараа нь шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг дахин гаргаж өгөх гэсэн боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй гэх шалтгаанаар хүлээн аваагүй...” гэж маргах боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах санал, хүсэлтээ тухайн шүүхэд хуульд заасан хугацааны дотор гаргаж, шийдвэрлүүлээгүй байх бөгөөд энэ нь хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй...” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-д “шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна.” гэсний дагуу 2018 оны 08 дугаар сарын 20, 21-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдааны тэмдэглэл 08 дугаар сарын 28-ны дотор гарч, шүүх хуралдааны оролцогчдод танилцагдах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүхээс оролцож байгаа миний бие 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн материалтай анх танилцахад шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй, оролцогчдод шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулаагүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Тамгын газрын даргад энэ тухай хүсэлтээ бичгээр гаргаж, шүүх хуралдааны бичлэгийг шаардахад надад бичлэгүүдийг 10 дугаар сарын 24, 30-ны өдрүүдэд хоёр тасалж гаргаж өгсөн. Хуульд заасан хугацаанд тэмдэглэл, бичлэгийг тулган шалгах боломжоор хангаагүй. Энэ байдлыг давж заалдах шатны шүүх дээрх заалтаар үгүйсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг хаацайлан өнгөрөөж болохгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9-д заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй бол” гэснийг зөрчжээ. Мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-д “энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсвэл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна”, 2-т “шүүх хуралдааны тэмдэглэлд ... шүүх хурал эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэснийг зөрчсөн илт санаатай үйлдэл гэж үзэж байна. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг, 2018 оны 08 дугаар сарын 20, 21-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдааны эхний хэсэг буюу Д.М, өмгөөлөгчийн хамт “нотолбол зохих асуудал хангалттай тогтоогдоогүй байна нэмэлт ажиллагаанд буцаая, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг өгье...” гэсэн хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд оролцсон. Энэ талаар урьдчилсан хэлэлцүүлэгт болон шүүх хуралдааны тэмдэглэлд санаатай орхигдуулсан ноцтой зөрчил гарлаа. Шүүх хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн учраас Д.М, Д.Т өмгөөлөгч нар санхүүгийн тайлан, алт тушаалтын мэдээ, уурхайд ажил явагдаж байсныг нотлох бичлэг, зураг бүхий СД-ийг хэрэгт өгнө гэсэн хүсэлтийг бас шийдвэрлээгүйгээс гадна шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчжээ. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны тэмдэглэл бүхий түүвэр хийж, бичлэгийн хамт өгсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “М.И ФЗЕ” ХХК-ийг залилсан гэх үйлдэлд ямар этгээд хохирогч болохыг хуульд нийцүүлэн тогтоогоогүй. Улсын яллагчийн зүгээс Д.М-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгаж ялласан. Энэ төрлийн гэмт хэргийн үндсэн шинж нь “эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байхаар хуульчлагдсан. Эрүүгийн хуулиар тодорхойлсон “залилах” гэмт хэргийн уг шинжийг тодорхойлохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих асуудлын хүрээнд залилах гэмт хэргийн улмаас “эд хөрөнгөө алдсан этгээд нь хэн болох”-ыг тогтоосон байх шаардлагатай. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.М нь “М.И ФЗЕ" ХХК-ийг хохироосон гэж үзсэн. Эрүүгийн хэрэг анх үүссэн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн улмаас нэр, төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ”, 42.2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан бол шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж эрүүгийн хэргийн улмаас хохирсон этгээдийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хохирогчийн эрх зүйн байдлыг хэрхэн тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулсан байна. Д.М-т холбогдох хэргийг судлан үзэхэд “М.И ФЗЕ” ХХК-ийг хохирогчоор тогтоосон баримт огт байхгүй. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад “М.И ФЗЕ" компани, эсхүл “'М.И ФЗЕ" ХХК гэх хуулийн этгээдийг хохирогчоор тогтоож, тогтоол үйлдээгүй нь тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Мөрдөн байцаалтын явцад гаргасан энэ зөрчлийг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн залруулах шаардлагатай атал энэ алдааг залруулж, тус хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох шийдвэр гаргалгүйгээр хохирогч гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчжээ. Тухайн үйлдэлтэй холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор “М.И ФЗЕ" компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ч.А-г “Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагааг нэг тогтоолоор гүйцэтгэсэн нь процессын хуулийг ноцтойгоор зөрчсөн байна. Учир нь иргэн Ч.А-ыг энэ хэргийн хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгтэй нийцэхгүй юм. Хуулийн энэ шаардлагын дагуу “М.И ФЗЕ” гэх хуулийн этгээдийг хохирогчоор, Ч.А-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагааг шинээр үйлчилсэн процессын хуульд нийцүүлэн хийх шаардлагатай байсан. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно...”, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2 дахь хэсэгт “...хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх, албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг; ... гэж тус тус зохицуулсан. Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн жинхэнэ хохирогч байж болох “М.И ФЗЕ“ компанийг хохирогчоор тогтоох шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргалгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шийтгэх тогтоолд хохирогчийн асуудлаар буруу дүгнэлт хийх, хэргийн улмаас учирсан гэх хохирлыг хүлээн авах эрхгүй этгээдэд хохирол олгуулах зэрэг алдаатай шийдвэр гаргах үндэслэл болсон гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч гэх “Минметекс интернейшнл ФЗЕ” компанийн эрх зүйн байдлыг болон уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн болохыг тогтоогоогүй, тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Хэрэгт “М.И ФЗЕ" ХХК-ийн албан бланк дээр бичигдээгүй Монгол хэл дээрх зөвхөн гарын үсэг, тэмдэг бүхий ерөнхий захирал А гэх нэртэй “М.М.Б" ХХК-ийн ерөнхий захирал Д.М-т холбогдох 130,000 ам.долларын хэрэгт “М.И ФЗЕ" ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар Ч.А-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон...” гэх агуулга бүхий итгэмжлэлийг гарган өгчээ. Уг бичигтэй адилхан агуулга бүхий Орос, Англи хэл дээрх итгэмжлэлийг Монгол хэл дээр орчуулан гарган өгсөн байх бөгөөд эдгээр нь дээрхийн нэгэн адил ямар нэгэн маягт дээр биш зөвхөн Алдис Натальи гэх хүний гарын үсэгтэй, “М.И ФЗЕ” компанийн гэх тэмдэг дарагдсан байна. Эдгээр бичгүүд нь бүгд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр огноологдсон байна. Түүнчлэн хэрэгт уг албан бичигт нэр дурдагдсан “М.И ФЗЕ“ гэх компани, тухайн хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Уг итгэмжлэл гэх бичиг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсгийн “...төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн “...Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино: 64.2.1 дэх хэсэгт “...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэсэн шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй тул уг итгэмжлэлийг мөн зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэх боломжгүй юм.
Анхан шатны шүүх ийнхүү хэргийн хохирогч гэх этгээдийн эрх зүйн байдлыг болон тухайн хуулийн этгээдийн эрх баригч нь хэн болохыг тогтоосон ямар нэгэн нотлох баримтгүйгээр хохирогчийн төлөөлөгч гэх Ч.А-ы гарган өгсөн үнэн, бодитой эсэх нь үл мэдэгдэх итгэмжлэл гэх бичгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн “...нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэсэн заалттай нийцээгүй байна. Дээр дурдсан итгэмжлэл гэх бичгийг хууль ёсны гэж үзэх тохиолдолд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш “М.И ФЗЕ” гэх хуулийн этгээдийг Ч.А төлөөлөх эрхгүй болсон гэж үзнэ. Тухайн бичгүүдийг 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолсон боловч итгэмжлэлийг ямар хугацаагаар олгосон талаарх мэдээлэл тусгагдаагүй байгаа тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсгийн “...хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчии төгөлдөр байна” гэсэн хуулийн шаардлагын хүрээнд “М.И ФЗЕ” гэх хуулийн этгээдээс Ч.А-д олгосон гэх итгэмжлэлийн хугацаа дууссан байна. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хэргийн мөрдөн байцаалтын болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.А-ыг оролцуулсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт нийцэхгүй юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсноос хойшхи хугацаанд түүнийг оролцуулан хийгдсэн бүхий л ажиллагаа, тэдгээрийг бэхжүүлсэн баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцогдохгүй. Харин үүнээс өмнө хийгдсэн ажиллагаанд хуулийн энэ заалт хамаарахгүй.
2.“Р” ХХК-г төлөөлж захирал Д.М-, “М.Ш.Г" ХХК-г төлөөлж Ю нар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Дархан-Уул аймгийн Шарын голын хөндийн 6676А тусгай зөвшөөрлийн талбайд алт олборлох Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Уг гэрээний 2 дугаар зүйлд гэрээний хугацааг “төслийг дуусгавар болох хүртэл хугацаанд” байхаар, гэрээний зорилгыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шарын голын хөндийн 6676А тусгай зөвшөөрлийн алтны шороон ордын эрдэс, баялгаас ашиг орлого авах зорилгоор өөрсдийн эд хөрөнгийг нэгтгэж 100 кг алт олборлох ажлыг гүйцэтгэх”-ээр тус тус тодорхойлжээ. Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн, мөн хуулийн 48 дугаар бүлэгт заасан Хамтран ажиллах гэрээний төрөлд хамаарах хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ юм. “Р” ХХК нь 6676А тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч болох тус компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, шүүгдэгч Д.М, гэрч Х.Э, Х.Б, Я нарын мэдүүлгээр энэхүү гэрээ нь биелэгдэх боломжтой төдийгүй хэрэгжиж байсан бодитой гэрээ болох нь нотлогдож байгаа ба “гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйг мэдсээр байж...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Түүнчлэн “Р” ХХК нь 6676А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын ордын нөөц нь 97 кг-ийн үлдэгдэлтэй болох нь Ашигт малтмалын газрын албан бичгүүдээр нотлогдож байгаа бөгөөд эрх бүхий этгээдээс тогтоосон нөөцийг үндэслэн талууд Хамтын ажиллагааны гэрээний дагуу олборлох алтны хэмжээг 100 кг байна гэж гэрээндээ заасан байхад үүнийг “хөрөнгө оруулалтаас олох ашиг, үр өгөөжийн талаар ташаа ойлголт өгсөн” гэж буруутгах үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанчлан гэрээний талуудын чөлөөг байдлын зарчмын хүрээнд хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээг, гэрээний нэг талын үндэслэлгүй гомдол тайлбараар үгүйсгэх нь бодит байдал, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хохирогч гэх “М.Ш.Г” ХХК-ийн захирал Ю нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол болон мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Хамтран ажиллаж 2 сарын дотор ашгаа нөхөх ашигтай ажиллах гэрээ байгуулах талаар танилцуулсан...” гэж Д.М-ыг гүтгэн мэдүүлсэн нь анхан шатны шүүх “...хөрөнгөө богино хугацаанд өсгөх боломжтой ашгаа хуваана гэж худал хэлж...” гэсэн дүгнэлт хийхэд хүргэжээ. Шүүх хохирогчийн мэдүүлэг бодитой эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд харьцуулан үзээгүй, энэ асуудлын талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй. Анхан шатны шүүх “Р” ХХК болон “М.Ш.Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн маргааныг гэрээний нэг тал болох “М.Ш.Г” ХХК-ийн гэрээний үүрэг хариуцлагаас зайлсхийх зорилгоор гаргасан үндэслэлгүй, баримтаар нотлогдоогүй гомдлыг үндэслэн Д.М-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь Иргэний хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон. “М.Ш.Г” ХХК-ийг залилсан гэх үйлдлийн хувьд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын агуулгаас Д.М нь “М.Ш.Г” ХХК эсхүл БНХАУ-ын иргэн Ю нарын хэнийг хохироосон гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Дээр дурдсанчлан Д.М нь “Р” ХХК-ийг төлөөлж “М.Ш.Г” ХХК-тай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь тогтоогдож байгаа тул түүнийг иргэн Ю-ээс хөрөнгө оруулалт авсан гэж үзэх үндэслэлгүй. Үүнийг прокурор болон шүүх хүлээн зөвшөөрч Д.М-ыг гэрээний эрх зүйн харилцааг ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Тиймээс энэ үйлдлийн хувьд “М.Ш.Г” ХХК-ийг хохирогчоор тогтоох ёстой атал энэ ажиллагааг огт хийгээгүй байна. Анхан шатны шүүх “М.Ш.Г” ХХК-ийг залилсан гэх үйлдэлд Д.М-ыг гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг “тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр үнэлэх”, “нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах” зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
3. Давж заалдах шатны шүүх “...Хохирогч “М.И ФЗЕ” компанийн хууль ёсны төлөөлөгч Ч.А нь тус компанийн санхүүгийн асуудал эрхэлсэн захирал И болон “М.М.Б” ХХК-ийн ерөнхий захирал Д.М нарын хооронд байгуулагдсан гэрээ, хөрөнгө оруулалт хийх болсон шалтгаан, үүссэн нөхцөл байдлын талаар ... тодорхой тогтвортой мэдүүлж, түүнийхээ эх сурвалжийг зааж чаджээ...” гэж дүгнээд Ч.А-ы мэдүүлгийг нотолсон гэх 13 баримтыг нэрлэн заажээ. Эдгээр баримтуудаас “М.М.Б” ХХК болон “М.И ФЗЕ” компанийн хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Худалдаа хөгжлийн банк дахь “М.М.Б” ХХК-ийн ам.долларын харилцах дансанд 130,000 ам.доллар орж ирснийг бэлнээр гаргуулан авсан, Худалдаа хөгжлийн банк дахь “М.М.Б” ХХК-ийн төгрөгийн болон ам.долларын харилцах данснаас бэлэн болон бэлэн бус мөнгөний зарлага хийхэд хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг П.Х-д олгосон, түүнд олгосон хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг хасах тухай хүсэлт гаргасан зэрэг үйл баримтын талаар Д.М маргадаггүй бөгөөд эдгээр үйл баримтын талаараа анхнаасаа маш тодорхой мэдүүлэг өгч байсан. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан эдгээр баримтуудыг түүний мэдүүлэгтэй харьцуулан, нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн хийгээгүй, энэ талаар гаргасан түүний хүсэлт, гомдлыг хүлээн авдаггүй байсан талаар тэрээр давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан байхад магадлалд энэ талаар тодорхой тайлбар, няцаалт хийгээгүй. “Оюу толгой” ХХК-иас хаягдал ган бөмбөлөг худалдан авах асуудлаар Д.М “М.М.Б” ХХК гэрээ байгуулаагүй талаар анхнаасаа тодорхой мэдүүлж байсан ба харин энэ гэрээг Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дэмжлэгээр “И.Г.М” ХХК-иар хийхээр ярилцаж байсан гэх түүний мэдүүлэг нь гэрч А.Т, Х.Н нарын мэдүүлгээр батлагдаж байгаа. Гэтэл мөрдөн байцаалтын явцад “Оюу толгой” ХХК-иас “М.М.Б” ХХК-ийн захирал Д.М гэрээ байгуулсан эсэх асуудлаар тавьсан асуултад өгсөн хариултыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэх, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дэмжлэгээр “Ихэр Гурван Мөнх” ХХК-тай хаягдал ган бөмбөлөг худалдах, худалдан авах гэрээ байгуулах асуудлаар харилцаж байсан эсэхийг тодруулах ажиллагааг хийгээгүй талаарх гомдлыг давж заалдах шатны шүүх бодитоор үнэлж, дүгнэж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүх Д.М нь “М.Ш.Г” ХХК-ийг залилан мэхэлсэн гэх асуудлын талаар “...хохирогч Ю-ий мэдүүлэг нь гэрч Ю, Э.М, Ш.Ж. Х.Э, Я нарын мэдүүлгүүд, “Р” ХХК-ийн төлөөлж Д.М, “М.Ш.Г” ХХК-ийг төлөөлж Ю-тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, мөнгө хүлээлцсэн акт, Я-аас Ю-д олгосон итгэмжлэл, Ю болон “О.И” ББСБ-ын хооронд байгуулагдсан хөрөнгө барьцаалах зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, Хаан банк дахь “М.Ш.Г” ХХК-ийн 5003914641 дугаартай харилцах дансны хуулга зэргээр тус тус нотлогдож байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх, шалгах тухай шаардлагад нийцээгүй байна. Тухайлбал хохирогчийн төлөөлөгч Ю-ий мэдүүлэг, гэрч Ю, М, Х.Э, Я нарын мэдүүлгээр Д.М-ыг яллах бус харин цагаатгах нотлох баримт болж байна. “Р” ХХК, “М.Ш.Г” ХХК-ийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ, мөнгө хүлээлцсэн акт, Хаан банк дахь “М.Ш.Г” ХХК-ийн 5003914641 дугаартай харилцах дансны хуулга зэрэг нь тухайн хоёр этгээдийн хооронд Иргэний хуулийн 48 дугаар бүлэгт заасан Хамтран ажиллах гэрээний хүрээнд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болохыг нотолж байгаа. Я-аас Ю-д олгосон итгэмжлэл, Ю болон “О.И” ББСБ-ын хооронд байгуулагдсан хөрөнгө барьцаалах зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хүснэгт зэрэг баримтууд нь “Р” ХХК, “М.Ш.Г” ХХК-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр хөрөнгө оруулагч “М.Ш.Г” ХХК нь 300,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх үүргийн зарим хэсгийг биелүүлсэн үйл баримтыг нотолж байна. Дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтаар Д.М нь “М.Ш.Г” ХХК-ийг хууран мэхлээгүй, Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, тухайн гэрээнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдлыг нотолж байгааг давж заалдах шатны шүүх бодитойгоор үнэлж, дүгнэж чадаагүйг харуулж байна. Давж заалдах шатны шүүх Д.М-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ “хууль дээдлэх”, “хуульд захирагдах”, “хуулийг чанд сахих” зарчим, шаардлагыг зөрчсөн гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд: Энэхүү эрүүгийн хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байх үед 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж эхэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан хууль шинээр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн үед явагдаж байсан хэргийн хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааг шинээр батлагдсан процессын хуульд нийцүүлэх ажиллагаа хийгдэх ёстой байсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “М.И ФЗЕ” компани, “М.Ш.Г” ХХК-уудыг хохирогчоор тогтоогоогүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Ю-ий өмгөөлөгч А.Энхтүвшин хэлсэн саналдаа “Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Мөн хуралдаанд хохирогч Ю-ий өмгөөлөгч Г.Ганцэцэг хэлсэн саналдаа “Хохирогчийн зүгээс ял шийтгэлийн асуудал дээр мөн гомдол гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний асуудал дээр маргаагүй, хэргийг зөв зүйлчилж, бодит байдлыг тогтоосон гэж үзэж байгаа. Гэсэн хэдий боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн зарчим алдагдсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг 2-8 жил хорих ялтай бөгөөд хохирол төлбөр 500,000,000 гаруй төгрөгөөс барагдуулсан зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад 4 жилийн хорих ял оногдуулсан нь багадаж байна. Тийм учраас зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял шийтгэлийг хүндрүүлж өгөхийг хүсч байна. Мөн хохирол, хор уршгийн талаар гомдол гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 330,306,690 төгрөгийг гаргуулж, хохирогч Ю-д олгуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа боловч өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарахгүй гэж хасч тооцсонд гомдолтой байгаа. Учир нь хохирогч Ю нь монгол хэл, бичиг мэдэхгүй, шүүх хуралдаанд зайлшгүй өмгөөлөгчтэй оролцох шаардлагатай байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэмж тооцож өгнө үү. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.
Мөн хуралдаанд хохирогч Ю-ий өмгөөлөгч Д.Ганбат хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхээс Д.М-т оногдуулсан ял хуульд нийцсэн, үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон. Гагцхүү хохирлыг хэн авах вэ гэдэгт маргаад байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. Хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналтай санал нэг байна. Хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд ял багассан гэдэгт санал нэг байна” гэв.
Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамир хэлсэн саналдаа “Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.М-ын бусдын эд хөрөнгийг залилсан гэх үйлдлийг нотолсон ажиллагаа бүрэн хийгдсэн, нотлох баримт цуглуулах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байгаа. Хэрэгт хавсаргагдсан бичиг баримтын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.1 дүгээр зүйлд зааснаар аж ахуйн нэгж, албан тушаалтнаас ирүүлсэн баримт бичгийг хэрэгт шууд хавсаргана, мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар энэ баримт бичгийг эх хувиар нь хавсаргахаар заасан. Гэтэл Ч.А-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон бөгөөд үндэслэл нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой, гарын үсэг бүхий итгэмжлэл, давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн Наталъя гэсэн гарын үсэгтэй, огноогүй, албан бичиг гэсэн хэлбэр бүхий баримт бичгүүд хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Эдгээр баримт бичгүүд нь эх хувиараа байхгүй байгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа үндэслэл болж байна. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байгаа баримт бичгийг үндэслэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдөж байна. Тийм учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.М-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулжээ.
Прокуророос шүүгдэгч Д.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “М.Ш.Г” ХХК-ийн захирал Юань Миао Женыг “Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шарын гол хэсэг” гэх нэртэй газарт байгаа 6676А дугаартай тусгай зөвшөөрөлд хамтран ажиллана” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 294,406,260 төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр авч их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримтыг хангалттай нотолсон баримт хэрэгт авагдсан эсэх талаар бодитой дүгнэлт шүүх хийгээгүй байна.
Шүүгдэгч Д.М- нь “Р” ХХК-ийг төлөөлж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “М.Ш.Г” ХХК /Ю/-тай Дархан-Уул аймгийн Шарын гол хөндийн 6676А тусгай зөвшөөрлийн талбайд олт олборлох хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээний дагуу хохирогчийн зүгээс Д.М-ын худалдаж авсан гэх “Р” ХХК-д нийт 294,406,260 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, талууд ашгаа оруулсан хөрөнгийн хэмжээгээр буюу “Р” ХХК /Д.М-/ 60 хувь, “М.Ш.Г” ХХК /Ю/ 40 хувиар хуваарилахаар харилцан тохиролцжээ.
Иргэний эрх зүйн харилцаа тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх явдал юм.
“М.Ш.Г” ХХК /Ю/ хохирогчтой хэргийн тухайд Д.М нь хөрөнгө оруулалтын гэрээг хүсэл зоригоо бодитой илэрхийлэх замаар үнэнч шударгаар байгуулсан эсэх болон гэрээнд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлсэн буюу оруулсан хөрөнгийг гэрээнд заасан алт олборлох үйл ажиллагаанд зарцуулсан эсэх, тийм бол алт олборлосон эсэх, олборлосон бол бүтээгдэхүүн хуваах үүргээ биелүүлсэн эсэх, үгүй бол шалтгааныг тогтоох нь Д.М нь Ю-ийг залилан мэхэлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд гол ач холбогдолтой болно. Гэтэл эдгээр үйл баримт тогтоогдож буй эсэх болон ямар нотлох баримтуудыг үндэслэл болгож буй талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.
Иймд шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлыг хүлээн авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин нарын ял хөнгөдсөн тухай гомдлыг хэлэлцэхгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.М-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1004 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.М-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН