Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2094

 

М.Ө-ын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч  Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01865 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Ө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ТЕГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 105 071 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ө- нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Татварын ерөнхий газрын даргын Б/140 тоот тушаалаар Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст хураагчаар томилогдон ажиллаж эхэлсэн. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/146 тоот тушаалаар ажлаас халсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Албан тушаалаас халсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, шүүх хангаж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилгүй хугацааны цалин болох 2.771.310 төгрөг гэж тооцож надад олгуулахаар шийдвэр гарсан бөгөөд хариуцагч нь тухайн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулсан. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/402 тоот тушаалаар ажилдаа ороод ажиллаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны цалин 10.105.071 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ТЕГ- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ө- нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Татварын ерөнхий газрын даргын Б/140 тоот тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст хураагчаар томилогдон ажиллаж эхэлсэн ба Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/146 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажлаас чөлөөлөгдсөн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1816 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хангаж, ажилгүй байсан 113 өдрийн 2.771.310 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Ажилд томилогдох өдөр хүртэлх цалин хөлс болох 10.105.071 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь М.Ө- нь 2018 оны 3 дугаар сард Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст ТҮ-7-2 шатлалаар үндсэн цалин 539.547 төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчийн ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 30 хувь буюу 161.864 төгрөг, нийт 701.411 төгрөгийн цалин авч байсан. Үүнээс үзэхэд ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх цалин хөлсийг ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 30 хувиар оруулан тооцоход 8.416.932 төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Татварын ерөнхий газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.204.825 төгрөгийг гаргуулж Нэхэмжлэгч М.Ө-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.900.246 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ТЕГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах заалтанд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.632 төгрөгийг Улсын орлогоос буцаан олгож, хариуцагч Татварын ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 114.227 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булган давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх ажилгүй байсан 253 хоногоос нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан тэмдэглэлт, баярын өдөр болох 12 хоногийг хасч тооцоогүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна. Зүй нь ажлын 253 хоногоос дээрх 12 хоногийг хасч, 241 хоногийн цалин хөлс /24.525 төгрөг х 241 = 5.910.525/-ийг бодох ёстой. Гэтэл шүүх шийдвэр гаргасан буюу 2018 оны 9 дугаар сарын 20-ны өдрийг оруулан цалинг бодсон /2018 оны 9 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/01816 дугаар шийдвэрээр/ байхад дахин 20-ны өдрийг оруулан ажилгүи байсан гэж тогтоосон, мөн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нь М.Ө-ыг томилсон өдөр бөгөөд 9 дүгээр сарын цалинг тушаал гарсан өдрөөр бодуулж авсан бөгөөд шүүх томилогдохоос өмнөх өдрөөр тасалбар болгох байсан. Иймд шүүхийн шийдвэрийн тооцооллын /24.525 төгрөг х 241/ алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч М.Ө- нь хариуцагч ТЕГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10.105.071 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/01816 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2316 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00448 дугаар тогтоолоор нэхэмжлэгч  М.Ө-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.771.310 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговортой холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зохицуулалттай нийцсэн,  дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй гэж үзнэ.

 

Хариуцагч ТЕГ- 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/402 тоот тушаалаар М.Ө-ыг ажилд томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан бүх хугацааг  анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа хамааруулсан нь зөв.

 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/01816 дугаар шийдвэрт дурдсан 113 өдрийн 2 771 310 төгрөгөөс дундаж цалин хөлсийг тодорхойлжээ.

Гэвч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцсон бол хариуцагч тал 8 416 932 төгрөгийн хэмжээнд зөвшөөрсөн тайлбар гаргаж мэтгэлцэж байсан тул шүүх хариуцагчаас 6.204.825 төгрөгийг гаргуулж Нэхэмжлэгч М.Ө-ад олгож, шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд “...5 910 525 төгрөг олгох ёстой...”  гэсэн тайлбарыг гаргаж байгаагүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                                                                                      Н.БАТЗОРИГ