Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2118

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг              даргалж, шүүгч  Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/02855 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч МОННУТЗ-д холбогдох

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б-ll-02 тоот тушаалын үндэслэх хэсгийн 3 хоног дараалан ажил тасалсан гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. 3 хоног дарааллан ажил таслаагүй. Тухайн өдрүүдэд ажлаа хийж байсан. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр томилолттой байсан. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хийж байсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэгийн магадлагааны хуудастай байхад эдгээрийг авч хэлэлцэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байхад ажлаас чөлөөлсөн. Энэ үйлдэл нь үндэслэлгүй юм. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нөхөн авах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч МОННУТЗ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Х.Байгалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.3 б-д ...шалтгаангүйгээр дараалсан 3 өдөр, нийлбэр дүнгээр 4 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан... гэснийг болон Хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т ...хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын 2 өдрийн ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан сахилгын зөрчил гаргасан нь цагийн бүртгэл, хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул. Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б-ll-02 тоот тушаалаар Б.Б-ын хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, 3 өдрийн ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр дуусгавар болгон цуцалсан нь Хөдөлмөрийн гэрээний 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэж байна. Нэхэмжлэгч Б.Б- нь өвчтэй байсан гэх эмнэлэгийн магадлагааг албан байгууллагатаа гараж өгөөгүй. Энэ талаар огт мэдэгдээгүй атлаа шүүхэд эмнэлэгийн магадлагаа гаргаж өгч байгаа нь уг магадлагаа үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Амбулторийн тэмдэглэл дээр эмнэлэгийн магадлагаа олгосон талаар тэмдэглээгүй иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар МОННУТЗ-д холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Б- нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилга, ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн орлогч даргын албан үүргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хашиж ирсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдийн хооронд Б.Б- нь ангийн даргын хамт Сэлэнгэ аймагт ажиллах томилолт авч ажилласан бөгөөд томилолтоос буцаж ирээд эмнэлэгт үзүүлэхэд эмчийн зүгээс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд өвчний учир ажлаас чөлөөлж, эмнэлэгийн магадлагаа бичиж өгсөн бөгөөд уг асуудлын талаарх баримтыг шүүх үнэлэхдээ тухайн магадлагааг тусгайлан бүртгэл хийх ажилтнаар бүртгүүлээгүй, дугаар аваагүй гэх үндэслэл заажээ. Гэвч тухайн үед иргэн Б.Б- нь эмнэлэгт зохих журмын дагуу үйлчлүүлсэн. Өөрөөр хэлбэл өөрийн биеэр эмнэлэгээр үйлчлүүлэх дугаар авч бүртгэлийн ажилтанд хандсан бөгөөд үүнийг нь цахим бүртгэлд бүртгэх, авсан дугаарыг бүртгэх эсэх асуудал нь тухайн эмнэлэгийн байгууллагын асуудал байхад магадлагааг тусгайлан бүртгэл хийх ажилтнаар бүртгүүлээгүй, дугаар аваагүй гэх үндэслэлийг зааж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч МОННУТЗ-д  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг  хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 Нэхэмжлэгч Б.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хариуцагч МОННУТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн орлогч даргын ажилд жинхлэн томилогдон ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б-ll-02 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, 3 өдрийн ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулан, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр дуусгавар болгон цуцалжээ. /хх-ийн 4/

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн дарга Г.Энхбаатар, орлогч дарга Б.Б- нар жолоочийн хамт 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймагт ажиллах томилолттой байсан, томилолтоос 12 дугаар сарын 24-аас 25-нд шилжих шөнө Улаанбаатар хотод ирсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч Л.Мөнхсайхан, Г.Энхбаатар нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. /хэргийн 149-150, 155, 215-217 дугаар тал/

 Гэвч томилолтоос Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа ирээгүй байхаас гадна  26, 27-ны өдрүүдэд мөн ажилдаа ирээгүй болох нь табел хүснэгт буюу ирцийн бүртгэл баримтаар тогтоогдсон,  Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн  2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар  орлогч дарга Б.Б-ын ажил тасалсан асуудлыг хэлэлцэхэд өөрөө хүрэлцэн ирж оролцсон ба уг хуралд тэрээр дараалсан 3 өдөр ажил тасалсан шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлаагүй, өвчтэй байсан эсэх талаар эмнэлгийн магадлагаа, баримт гаргаж өгөөгүй тул уг хурлаас Б.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлуулах санал гаргаж, саналыг хүний нөөцийн албанд хүргүүлэхээр шийдвэрлэжээ. /хэргийн 96-101 дүгээр тал/

 Б.Б- нь 9118290 дугаарын картаар УБТЗ-ын Удирдах газарт 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11:58:41 цагт нэвтэрч 12:18:47 цагт гарсан болох нь хэргийн 171-172 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх боловч энэ нь түүнийг тухайн өдөр Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн орлогч даргын ажлын байрандаа ирж ажиллаж байсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хөдөлмөрийн гэрээний “...5.3.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 өдөр ажил тасалсан...” тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд   тооцохоор талууд тохиролцсон байна. /хх-ийн 105/

Дээрх байдлаар нэхэмжлэгч  Б.Б- нь Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.3, хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул МОННУТЗ-ын даргын 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б-//-2 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т дэх хэсэгт нийцсэн.

Иймд анхан шатны шүүх хариуцагч МОННУТЗ-д холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцжээ.

 Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ны өдөр хүртэл өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн байсан гэж эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн байх боловч уг магадлагааны талаар ажил олгогчид мэдэгдэж байгаагүй байхаас гадна эмнэлгийн магадлагаа нь Эрүүл мэнд нийгмийн хамгаалалын сайдын 1999 оны 10 дугаар сарын     04-ний өдрийн дугаар А243 тоот эмнэлгийн магадлагаа гаргах журмын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/02855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ           

                                                          ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД  

                                                                                                     Н.БАТЗОРИГ