Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00488

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/02855 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2118 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

М-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Х.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б-ll-02 тоот тушаалын үндэслэх хэсгийн 3 хоног дараалан ажил тасалсан гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. 3 хоног дараалан ажил таслаагүй. Тухайн өдрүүдэд ажлаа хийж байсан. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр томилолттой байсан. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хийж байсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэгийн магадлагааны хуудастай байхад эдгээрийг авч хэлэлцэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байхад ажлаас чөлөөлсөн. Энэ үйлдэл нь үндэслэлгүй юм. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нөхөн авах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Х.Байгалмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.3 б-д “...шалтгаангүйгээр дараалсан 3 өдөр, нийлбэр дүнгээр 4 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан...” гэснийг болон Хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т “...хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын 2 өдрийн ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан сахилгын зөрчил гаргасан нь цагийн бүртгэл, хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон.

Мын даргын 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б-ll-02 тоот тушаалаар Б.Быг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, 3 өдрийн ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр дуусгавар болгон цуцалсан нь Хөдөлмөрийн гэрээний 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь өвчтэй байсан гэх эмнэлэгийн магадлагааг албан байгууллагадаа гаргаж өгөөгүй. Энэ талаар огт мэдэгдээгүй атлаа шүүхэд эмнэлэгийн магадлагаа гаргаж өгч байгаа нь уг магадлагаа үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Амбулаторийн тэмдэглэл дээр эмнэлэгийн магадлагаа олгосон талаар тэмдэглээгүй, иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/02855 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Мд холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2118 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/02855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/02855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2118 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангалгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөвөөр бус буруу үнэлсэн дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хууль хэрэглээний хувьд илтэд алдаа гаргасан болно.

Нэхэмжлэгч Б Баттогтох нь Мын Барилга, ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн орлогч даргын албан үүргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хашиж ирсэн бөгөөд 2018.12.23-2012.12.25-ны өдрүүдийн хооронд Б.Б нь ангийн даргын хамт Сэлэнгэ аймагт ажиллах томилолт авч ажилласан бөгөөд томилолтоос буцаж эмнэлэгт үзүүлэхэд эмчийн зүгээс 2018.12.26-2018.12.29-ний өдрийг хүртэлх хугацаанд өвчний учир ажлаас чөлөөлж эмнэлгийн магадлагаа бичиж өгсөн бөгөөд уг асуудлын талаарх баримтыг шүүх үнэлэхдээ тухайн магадлагааг тусгайлан бүртгэл хийх ажилтнаар бүртгүүлээгүй, дугаар аваагүй гэх үндэслэл заажээ.

Гэвч тухайн үед иргэн Б.Б нь эмнэлэгт зохих журмын дагуу үйлчлүүлсэн, өөрөөр хэлбэл өөрийн биеэр эмнэлгээр үйлчлүүлэх дугаар авч бүртгэлийн ажилтанд хандсан бөгөөд үүнийг нь цахим бүртгэлд бүртгэх, авсан дугаарыг бүртгэх эсэх асуудал нь тухайн эмнэлгийн байгууллагын асуудал байхад магадлагааг тусгайлан бүртгэл хийх ажилтнаар бүртгүүлээгүй, дугаар аваагүй гэх үндэслэлийг зааж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Быг 2018 оны 12 дугаар сарын 25, 2018 оны 12 дугаар сарын 26, 2018 оны 12 дугаар сарын 27 өдрүүдэд 3 хоног ажил тасалсан гэсэн нь дараах зүйлээр няцаагддаг. Үүнд:

1. Нэхэмжлэгч 2018 оны 12 дугээр сарын 24-ний өдрөөс 2018 сны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт томилолттой байсан.

2. 2018 оны 12 дугаар сарын 25-ны үдээс хойш болон 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 32 айлын барилгын ажлын гүйцэтгэл, авто тээврийн үйлчилгээний төвийн дээврийн ажлын гүйцэтгэлүүдийг М-ын алба хэлтсүүдээр хянуулан холбогдох ажилтнуудад танилцуулж, гарын үсэг зуруулсан нотлох баримтыг хэрэгт хавсарган өгсөн. /Хэрвээ 2018.12.25 болон 2018 12.26-ны өдөр энэ ажлаа хийгээгүй байсан бол гэрээт байгууллагууд ажлаа дүгнүүлж хөлсөө авч чадахгүй, миний хийж гүйцэтгэсэн ажлаас орж ирсэн 10 сая төгрөг ч орж ирэхгүй, манай байгууллага ч ажилчиддаа цалингаа тавьж ч чадахгүй байсан./ Үүнийг “Мон-Эрдэнэ групп” ХХК, “Эгц Таван-Эрдэнэ” ХХК-ийн 2018.12.25-ны өдөр, 2018.12.26-ны өдөр бүрдүүлж гарын үсгүүд зуруулж баталгаажуулсан баримтаар нотолсон.

3. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өвчний учир Эмнэлгийн магадлагаатай байсан. Эмнэлгээр зохих журмын дагуу иргэн хүний эрхийн дагуу үйлчлүүлсэн. Эмнэлгийн бүртгэл хөтлөлт нь тухайн эмнэлгийн ажилтны ажлын хариуцлага болохоос үйлчлүүлсэн өвчтөний буруу байх үндэслэлгүй юм. Би амьдран суугаа газрынхаа харьяаллынхаа дагуу эмнэлэгт үзүүлсэн.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/02855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2118 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Мд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...эмнэлэгт зохих журмын дагуу үзүүлж, өөрийн биеэр эмнэлгээр үйлчлүүлж бүртгэлийн ажилтанд хандсан байтал үүнийг цахим бүртгэлд бүртгэх, эсэх эмнэлгийн ажилтны хариуцлагын асуудалтай холбогдуулан магадлагааг тусгайлан бүртгэл хийх эмнэлгийн ажилтнаар бүртгүүлээгүй, дугаар аваагүй гэх үндэслэл заасан нь нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, ...хууль хэрэглээний алдаа гаргасан...” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Быг Мын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн орлогч даргын ажил үүргийг гүйцэтгэж байхад нь Замын даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б-II-02 тоот тушаалаар “...2018 оны 12 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдийн ажил тасалж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан 3 өдөр буюу нийлбэр дүнгээр 4 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээний 5.3.2.-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-д зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...12 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт томилолтоор ажилласан, 26-29-ний өдрүүдэд эмнэлгийн чөлөөтэй байсан, акттай тухайгаа 27-ны өдөр нарийн бичгийн даргад мэдэгдсэн байхад ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж, 25-ны үүрээр Улаанбаатар хотод ирсэн, хамт томилолтоор явсан хүмүүс 25-нд ажилдаа ирсэн байтал нэхэмжлэгч нь ирээгүй, улмаар 12 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, энэ хугацаанд утас нь холбогдохгүй байсан тул 12 дугаар сарын 28-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, нарийн бичгийн даргаар нь дуудуулан, хуралд биечлэн оролцуулахад ажилд ирээгүй үндэслэлээ хэлээгүй, өвчтэй, эмнэлгийн магадлагаатай талаар тайлбар гаргаагүй тул шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэн, хөдөлмөрийн гэрээ цуцлуулах санал гаргаж, саналаа хүний нөөцийн албанд хүргүүлсэн, ажил олгогч хурлын тэмдэглэл, Хөдөлмөрийн тухай хууль, нийгэмлэгийн дүрэм, хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь баримтаар нотлогдсон, ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 26-29-ний хооронд өвчтэй байсныг нотолсон эмнэлгийн магадлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэжээ.

Шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн нэхэмжлэгчийн өвчтэй болохыг нотолсон эмнэлгийн магадлагааг эргэлзээтэй баримт гэж үнэлж, хэрэгт цугларсан бусад баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн тул “...нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2019/02855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2118 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД