Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/02025

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02485 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 9 500 000 төгрөгийг буцаан  гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А, өмгөөлөгч Б.Отгончимэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх худаг гаргах ажил эрхэлдэг тул хөдөө худаг гаргах мотор ачиж явах машин худалдаж авахаар Т ХХК-ийн С авто ломбардаас 2018.10.13 өдөр Мицубиши Фусо маркийн машиныг 9 500 000 төгрөгөөр худалдан авсан. Уг автомашиныг аваад Сонгинохайрхан дүүрэгт байрлах, аж ахуйн хашаанд аваачиж, кузов нь цөмөрхийг 10 сарын 14-ний өдөр засаж, шалгасан. Дараачийн 15-ний өдөр худаг гаргах өрмийн мотороо ачиж явуулсан боловч Айдсын даваа хүрээд тос масло нь холилдож эвдэрсэн, худалдагч талаас маргааш засварчнаа авч очоод янзлаад өгье гэсэн. Маргааш нь утасдтал засварчин ажилтай болчихлоо, өөрсдөө янзал гэсэн тул задлуулсан, техникээ хариуцсан нэг залуутай уулзаж, моторын зургийг үзүүлсэн. Маргааш ир гэсэн. 2018-10-16 өдөр 99116996 утсаар ярихад өөрөө зас, 1 500 000 төгрөг өгье гэсэн.Моторын арлын дугаараар нь сэлбэг захих гэтэл 6 цилиндртэйг 8 цилиндэртэй болгож өөрчилсөн байсан шалтгаанаар таарах сэлбэг захиалах боломжгүй болсон. Уг автомашинд доголдол илэрч, ашиглах боломжгүй болсон тул худалдах-худалдан авах гэрээнээс биет байдлын доголдлын улмаас татгалзаж, машиныг буцааж өгч, үнэ 9 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Т ХХК тайлбартаа: Д ХХК нь 2018-10-13 өдөр Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 11-р гудамжинд байрлах С авто ломбардны зогсоолоос улсын 33-04 УБК дугаартай Митсубиши Пусо маркийн автомашиныг худалдаж авсан. Манай компанийн зогсоолд ойролцоогоор 50 орчим хүнд даацын автомашин худалдаалагдаж байдаг. Эдгээр автомашинуудаас А болон жолооч Б нар манай компанийн ажилтан Мтай уулзаж, тухайн автомашиныг тос, масло солих болон зохих засварыг хийнэ гэж хэлээд автомашины үнийг төлж, авч явсан. Худалдаж авсан автомашины талаар манай компанийн ажилтан М хангалттай мэдээлэл өгч, автомашины копуд болон кузовыг сөхөж үзэж шалгаж авахыг санал болгосон боловч А, Б нар нь эндээс гараад зохих үйлчилгээг нь хийх учир үзэх шаардлагагүй гэж хэлээд аваад явсан.Манай компанийн худалдсан автомашины хувьд  зориулалтын дагуу ашиглах боломжтой, эд хөрөнгө буюу Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолгүй хөрөнгө. Иймд нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дүгээр зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Т ХХК-иас 9 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгохоор тогтоож, улсын 33-04 дугаартай, Мицубиши Фусо маркийн автомашиныг хариуцагчид шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 166 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 166 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Я.Мягмарсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь шаардлагатай засвар үйлчилгээг хийгээгүйн улмаас тээврийн хэрэгсэл гэмтсэн. Тээврийн хэрэгслийн эрсдэл, үр шим худалдан авагчид шилжсэн талаар шүүх дүгнэлт хийгээгүй.Нэхэмжлэгч гэрээний зүйл шилжих үед эд зүйл доголдолтой эсэхийг шалгаж авах худалдан авагчийн үүргээ биелүүлээгүй тул гомдлын шаардлага гаргах эрхгүй. Нэхэмжлэгч нь ашиглалтын журам зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Худалдан авагч гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан, ашиглалтын журам зөрчсөнийг доголдол гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хүсэлтийн дагуу "А" ХХК болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчээр томилогдон, "А" ХХК-иас гаргасан дүгнэлтэд хараад мэдэх боломжтой хэмээн дүгнэсэн байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд тэр даруй нүдээр хараад илрүүлэх боломжгүй хэмээн дүгнэсэн. Гэтэл зөвхөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Дүгнэлт гаргах үед тээврийн хэрэгслийг явах боломжгүй болгосон этгээд нь нэхэмжлэгч. Хэрэв тухайн тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан даруйд Айдсын даваанаас чирэх, эсхүл ачих байдлаар тээврийн хэрэгслийг байрлуулж, нэхэмжлэгч өөрөө дур мэдэн задлаагүй байсан тохиолдолд шинжээчийн дүгнэлт дээрх байдлаар гарахгүй байсан. Тээврийн хэрэгсэл шилжүүлэх үед доголдолтой байсан эсэхийг тогтоох боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч, түүний эрх бүхий этгээдэд ямар нэгэн байдлаар хандаж байгаагүй атлаа шууд өөрийн эвдэлсэн тээврийн хэрэгслийг буцаан өгч төлбөрөө буцаан нэхэж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв хариуцагч нь шинжээч нарын зөрүүгүй бөгөөд нэгдсэн дүгнэлтээр доголдолтой хөрөнгө шилжүүлсэн болох нь нотлогдсон тохиолдолд хуульд заасны дагуу нэхэмжлэгч доголдлыг арилгуулах, эсхүл солиулах шаардлага гаргах ёстой бөгөөд хариуцагчийн хувьд ч мөн доголдлыг арилгах арга хэмжээ авах боломжтой. Учир нь хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд эд хөрөнгийн доголдлыг арилгах боломжтой талаар дурьдсан байдаг. Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд манай байгууллагаас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй байх ба шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй байна. Мөн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүйгээр өөрийн санаачилгаар дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч тал гэрээг цуцлах, эсхүл гэрээнээс татгалзах шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй. Анхан шатны шүүх тухайн тээврийн хэрэгслийг одоо байгаа байдлаар нь хариуцагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа бол гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг биет байдлаар нь буюу анх гэрээ байгуулах үеийн үнэ ханшид нийцэхүйц буюу өмнөх байдлаар нь шилжүүлэн өгөх үүрэгтэй.Шүүх доголдлыг эвдрэл, гэмтэл болгосон нэхэмжлэгчийн үйлдлийг хамгаалж, дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл 33-04 УБК улсын дугаартай, Мицубиши Фусо машиныг буцаан өгч, 9 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “худалдан авагч эд хөрөнгийг нэн даруй шалгаж авах үүргээ биелүүлээгүй, доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч ашиглалтын журам зөрчсөнөөс эд хөрөнгөд гэмтэл учруулсан” гэж маргажээ. /хх-1, 22, 89/

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 33-04 УБК улсын дугаартай, Мицубиши Фусо маркийн 8 тонн ачаа ачих зориулалттай автомашиныг 9 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан,  автомашиныг худалдан авагч хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй. /хх-1, 89/

Гэрээний зүйл болох Мицубиши Фусо маркийн автомашин нь 1991 онд үйлдвэрлэгдсэн, аккумляторгүй, кузов, шат цөмөрсөн хуучин машин байсан, автомашиныг худалдан авагч хүлээн авсаны дараа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр автомашин эвдэрсэн ба эвдэрлийн талаар худалдагч талд мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь автомашиныг ачаа тээвэрлэх зориулалтаар худалдаж авсан, автомашины эвдрэлтэй холбоотойгоор зориулалтаар ашиглах боломжгүй болсон үйл баримт гэрч Б,М нарын мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогджээ.  /хх-70, 77-79, 93, 98-99/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж эд хөрөнгийг хүлээн авах үүргийг хүлээдэг.

Талууд гэрээг амаар байгуулж, нэхэмжлэгч 9 500 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны дансаар шилжүүлсэнд маргаангүй. Автомашин 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өлзийт хороолол хавьцаа эвдэрч ус масло холилдон тосоолоо тургисан гэх үйл баримтыг хариуцагч няцаагаагүй. Хэдийгээр авто машин Г.Бумцэндийн нэр дээр бүртгэлтэй боловч хариуцагчийн эзэмшлийн машин гэдэгт талууд маргаагүй. /хх 7, 8-12/

  • алууд авто машинд илэрсэн доголдол гэрээ байгуулагдах үед байсан, эсхүл нэхэмжлэгч ашиглалтын журам зөрчсөнөөс эд хөрөнгөд гэмтэл учруулсны алин болох тухайд маргажээ.

Доголдолгүй, зориулалтаар ашиглах, ачаа тээвэрлэх боломжтой эд хөрөнгө шилжүүлэх нь хариуцагчийн үндсэн үүрэг бөгөөд нотлох үүргийн хуваарилалтаар хариуцагч доголдолгүй эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлснээ нотлох юм. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар талууд гэрээндээ эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Нэгэнт талууд гэрээндээ гэрээний зүйлийн чанарын талаар заагаагүй тул ачаа ачих зориулалтаар ашиглах боломжтой авто машин байх шаардлагатай юм.

Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлнэ.

Гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Аваад удалгүй машин эвдэрсэн, зориулалтаар ашиглаж чадаагүй гэх үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, машин засал аваагүй, засуулахаар сэлбэг захиалах гэтэл моторын 6 цилиндртэйг 8 цилиндэртэй болгож өөрчилсөн байснаас шалтгаалж таарах сэлбэг захиалах боломжгүй болсон гэх тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй.

Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт зааснаар үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болох бөгөөд дээрх 6 цилиндртэйг 8 цилиндртэй болгож өөрчилсөн байдлын талаар хариуцагч нэхэмжлэгчид мэдээлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдагч баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. Хэргийн баримтаас үзэхэд тэр дороо хэдхэн хоногийн дотор машинд эвдрэл илэрсэн. Иймд гэрээ байгуулах үед эд зүйл доголдолтой байсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэсэн гэдгээ хариуцагч баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж нэхэмжлэгчийг үзэх боломжгүй. Учир нь эвдрэл нь ашиглалтын явцад илэрсэн мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нь худаг гаргах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн байгууллага байх бөгөөд хуучин ачааны авто машин худалдан авах нь худаг гаргах үйл ажиллагаатай холбоогүй юм. Мөн тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг  ашиглах журам зөрчсөнөөс үүссэн гэдгийг худалдагч нотлоогүй.

Автомашины гэмтэл, эвдрэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор талуудаас шинжээч томилуулах, нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, шинжээч дүгнэлт гаргажээ./ хх-ийн 34, 105, 121-123, 147-148/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “гэмтлийг хөргөлтийн системийн хийцийг өөрчилснөөс хөдөлгүүрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хөдөлгүүр ачаалал авах үед халалт, тэлэлтийн нөлөөгөөр хөдөлгүүрийн дотоод даралт ихсэж, хөдөлгүүрийн гавлын жийрэг сэтэрч, хөдөлгүүрийн ус тос холилдсон, энэ гэмтэл ил харагдахгүй, бүрэн биш эд анги, хэвийн бус ажиллагааны явцад илрэх гэмтэл болохыг” тогтоожээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн муутгасан, дутаасан, устгасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул автомашиныг худалдагч буюу хариуцагчид буцаан шилжүүлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-д заасантай нийцнэ.

Анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөрт 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан байна. /хх-150/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД