Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/02485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Баруун ард Аюушийн 2-р байрны 17 тоотод байрлах, РД-5378966, Даймондтопаз ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Богд-Ар хороолол 10А байрны 01 тоотод байрлах, РД-5646545, Тайгын булаг авто ХХК-д холбогдох

машиныг буцааж, 9 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Даймондтопаз ХХК-ийн захирал Ц.Амарбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгончимэг, Г.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өсөхбаяр нар оролцов.

                                    

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018-10-13 өдөр байгуулсан Мицубиши Фусо маркийн 5-8 тонн ачаа ачих зориулалттай, улсын 33-04 УБК дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, уг автомашиныг буцаан өгч, 9 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:Манай байгууллага нь худаг гаргах ажил эрхэлдэг тул хөдөө худаг гаргах мотор ачиж явах машин худалдаж авахаар Тайгын булаг авто ХХК-ний Сайн авто ломбардад 2018-10-13 өдөр очиж машин үзсэн. Борлуулагч нь хамгийн сайн гэж заасан, улсын 33-04 УБК дугаартай Мицубиши Фусо маркийн автомашиныг үзсэн. Машиныг 9 500 000 төгрөгөөр худалдан авсан.

Машиныг борлуулагч нар асааж өгсөн. Аккумляторгүй байсан тул жолоочоо явуулж аккумлятор худалдан авчруулж, машинд тавьсан. Уг автомашиныг аваад% Сонгинохайрхан дүүрэгт байрлах, аж ахуйн хашаанд аваачиж, кузов нь цөмөрхийг 10 сарын 14 өдөр засаж, шалласан. 15 өдөр худаг гаргах өрмийн мотороо ачиж явуулсан боловч Айдсын даваа хүрээд тос масло нь холилдож эвдэрлээ гэж жолооч хэлсэн тул би автомашиныг авсан автоломбардын Мөнхөөд утсаар энэ тухай хэлсэн. Тэгэхэд би маргааш засварчнаа авч очоод янзлаад өгье гэсэн.Тэгэхээр нь өөр машин явуулж, мотороо шилжүүлж ачуулж, машиныг аж ахуйн хашаанд авчруулсан.Маргааш нь утасдтал засварчин ажилтай болчихлоо, өөрсдөө янзал гэсэн тул задлуулсан.. Иймээс Мөнхөөтэй биечлэн очиж уулзтал би ландын түлхүүр хаячихаад ажлаасаа халагдах гээд байна, ТБД андуудын тэнд оч гэсэн. Очоод техникээ хариуцсан нэг залуутай уулзаж, моторын зургийг үзүүлсэн. Маргааш ир гэсэн. Маргааш нь хуульч залуутай уулзсан. Захиралтай ярья гэсэн. Маргааш нь очтол захирлынхаа утсыг өгөхгүй байсан. захиралтай ярь гэсэн. 2018-10-16 өдөр 99116996 утсаар ярихад өөрөө зас, 1 500 000 төгрөг өгье гэсэн .Моторын арлын дугаараар нь сэлбэг захих гэтэл 6 цилиндртэйг 8 цилиндэртэй болгож өөрчилсөн, байсан шалтгаанаар таарах сэлбэг захиалах боломжгүй болсон.

3 хоногийн дараа өмгөөлөгчтэй уулзаж,нэхэмжлэл гаргасан. Уг автомашин доголдол илэрч, ашиглах боломжгүй болсон тул Тайгын булаг авто ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс биет байдлын доголдлын улмаас татгалзаж, машиныг буцааж өгч, үнэ 9 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Тайгын булаг авто ХХК тайлбартаа: Даймондтопаз ХХК ньв 2018-10-13 өдөр манай байгууллагын Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 11-р гудамжинд байрлах Сайн авто ломбардны зогсоолоос улсын 33-04 УБК дугаартай Митсубиши Пусо маркийн автомашиныг худалдаж авсан байна.

Манай компанийн зогсоолд ойролцоогоор 50 орчим хүнд даацын автомашин худалдаалагдаж байдаг.

Эдгээр автомашинуудаас Ц.Амарбаяр болон жолооч Г.Баянбат нар манай компанийн ажилтан Д.Мөнхжаргалтай уулзаж, тухайн автомашиныг өрөм ачихад яг тохирсон машин байна гээд тос, масло солих болон зохих засварыг хийнэ гэж хэлээд автомашины үнийг төлж, авч явсан.

Худалдаж авсан автомашины талаар манай компанийн ажилтан Д.Мөнхжаргал хангалттай мэдээлэл өгч, автомашины копуд болон кузовыг сөхөж үзэж шалгаж авахыг санал болгосон боловч Ц.Амарбаяр, Г.Баянбат нар нь манайд яг хэрэгтэй машин байна, өрөс ачмх гэж байгаа, эндээс гараад зохих үйлчилгээг нь хийх учир үзэх шаардлагагүй гэж хэлээд аваад явсан байдаг.

Манай компанийн худалдсан улсын 33-04 УБК дугаартай автомашины хувьд бол зориулалтын дагуу ашиглах боломжтой, эд хөрөнгө буюу Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолгүй хөрөнгө юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан автомашины үнэ төлсөн баримт, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, автомашин, түүний эд ангийн фото зургууд, шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтүүд, барьцаат зээлийн гэрээ, автомашины бичиг баримт, гэрч Г.Баянбат, Д.Мөнхжаргал нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

            Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хурлын товыг шүүхээс 2019-09-13 өдөр түүний гар утсаар мэдэгдсэн байх боловч хуралдаанд ирээгүй байгаа байх бөгөөд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.

            Хариуцагчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх боломжтой гэж үзсэн, түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэдп хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд, шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг танилцуулж, хэргийг хэлэлцсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн Сайн автоломбардаас 2018-10-13 өдөр улсын 33-04 УБК дугаартай, Мицубиши Фусо маркийн 8 тонн ачаа ачих зориулалттай, автомашиныг 9 500 000 төгрөгөөр худалдан авсан талаар зохигч маргаангүй байна.

Зохигч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан байх бөгөөд хариуцагч компанийн захирлын ээж болох Гүнээгийн Бумцэнд өмчлөгчөөр бүртгүүлсэн дээрх автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд хариуцагч шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч хэлэлцэн тохирсон үнийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Автомашиныг хүлээн авсан нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Баруун туруу даваа 2-56 тоот хашаанд байрлах аж ахуйн хашаандаа аваачин, уг автомашины кузовын тэвшийг 2018-10-14 өдөр засварласан, 2018-10-15 өдөр 6,5 тн жинтэй худгийн өрмийн машиныг тээвэрлэж, Дундговь аймаг руу явах замд Айдсын даваа хүртэл 15-20 юм замыг туулаад мотор нь халж явахгүй болсноос ачааг өөр машинд шилжүүлж ачиж, уг автомашиныг өөрөөр нь явуулж, буцаан аж ахуйн хашаандаа байршуулсан, автомашин эвдэрсэн талаар тухайн өдрөөс эхлэн автомашиныг хүлээлгэж өгсөн хариуцагчийн төлөөлөгч болох гэрч Д.Мөнхжаргал болон холбогдох ажилтнуудад удаа дараа мэдэгдсэн боловч автомашины доголдлыг арилгаж өгөхийг шаардсан шаардлагаас хариуцагч татгалзсан болох нь тогтоогдож байна.

Зохигч байгуулсан худалдах худалдан авах гэрээний зүйл нь хуучин автомашин байгаа тул 5-8 тонн ачаа ачих зориулалттай уг автомашиныг зориулалтаар нь ашиглах боломжтой бол Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2 дахь хэсэгт зааснаар автомашиныг шалгаж авах үүрэгтэй боловч шүүхээс томилсон удаа дараагийн шинжээч уг автомашины эд ангийг задалж эд ангид үзлэг хийж, автомашины хөдөлгүүр ус тос холилдсон гэмтэлтэй, гэмтлийг арилтал уг автомашиныг зориулалтаар нь ашиглах боломжгүй болохыг тогтоосон байна.

Дээрх гэмтлийг худалдан авагч нүдээр үзээд, автомашиныг асаагаад, шалгасан байсан ч ачаалал аваагүй үед илрэхгүй байх боломжтой бөгөөд автомашины хөргөлтийн системийн эд ангийг солих, бүрэн болгох, хэвийн ажиллагааг хангах, хөдөлгүүрийн гавлын жийрэг, тосыг солих шаардлагатай, хөргөлтийн системийн хийцийг өөрчилснөөс хөдөлгүүрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хөдөлгүүр ачаалал авах үед халалт, тэлэлтийн нөлөөгөөр хөдөлгүүрийн дотоод даралт ихсэж, хөдөлгүүрийн гавлын жийрэг сэтэрч, хөдөлгүүрийн ус тос холилдсон, энэ гэмтэл ил харагдахгүй, бүрэн биш эд анги, хэвийн бус ажиллагааны явцад илрэх гэмтэл болохыг шинжээч тогтоожээ.

Хариуцагч нэхэмжлэгчид худалдсан улсын 33-04 УБК дугаартай, Мицубиши Фусо маркийн автомашиныг ачаа тээвэрлэх зориулалтаар нь ашиглах явцад гэмтэл үүсч, зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон байгааг худалдан авагч худалдан авах үед илрүүлэх боломжгүй, автомашин худалдах үед байсан биет байдлын доголдол худалдан авснаас хойш илэрсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд худалдагчид 254.1 дэх хэсэгт заасан доголдлыг арилгах зардлыг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хариуцагч биелүүлэхээс татгалзсан байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасны дагуу доголдолтой автомашиныг худалдах худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Гэрээний талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцаах үүрэгтэй тул 9 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагчид автомашиныг нэхэмжлэгч одоо байгаа байдлаар буцаан өгөх, хариуцагч буцаан авах үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 166 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 166 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дүгээр зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Тайгын булаг авто ХХК-иас 9 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Даймондтопаз ХХК-д олгохоор тогтоож, улсын 33-04 дугаартай, Мицубиши Фусо маркийн автомашиныг хариуцагчид шилжүүлсүгэй.