| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/08614/И |
| Дугаар | 101/ШШ2024/00425 |
| Огноо | 2024-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2024/00425
| 2024 01 17 | 101/ШШ2024/00425 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан тул гэрээний төлбөрт төлсөн 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие анх хариуцагчтай зараар холбогдон *** тоотод байрлах 591 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай газрыг 12,000,000 төгрөгөөр худалдана гэсний дагуу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж нотариатаар батлуулан тухайн өдөр төлбөрийг хариуцагчийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн болно. Гэвч тухайн газрын талаар надад үнэн зөв мэдээлэл өгөөгүй машин очих боломжгүй, мөн хажуу айл тухайн газар луу 2 метр илүү шахаж хашаалсан энэ талаар маргаан үүссэн эрхийн доголдолтой газар байх тул өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр шилжээгүй болно. Дээрхээс үндэслэн миний зүгээс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээнээс татгалзаж гэрээг цуцалсан болно. Гэвч хариуцагч нь гэрээний төлбөрт надаас авсан 12,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан тул гэрээний төлбөрт төлсөн 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь иргэн *******өд *** тоот, 591 мкв талбайтай газрыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан тус хашааг худалдсан. Хашааг зарахдаа зарын группүүд дээр газрын далий болон бусад зургийг маш тодорхой зураг хөргийг оруулж зараа байршуулсаны дагуу олон хүн залгаж очиж үзэж харж байсан. Мөн л зарын дагуу ******* гэх хүн нь газраа үзлээ авахаар боллоо гээд 2023 оны 10 дугаар сарын 12-ны орой нотариат орж гэрээгээ байгуулья гэхээр нь маргааш өглөө болсон дээр гээд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өглөө бид гэрээг байгуулсан. Тус хашааг иргэн ******* нь очиж үзээд, хараад, газрын далий муруй, машин орох эсэхийг биеэрээ очиж үзчихээд өөрөө хашааг худалдаж авна гээд, зарж байсан үнээс доогуур гуйж, гуйж худалдан авсан. Худалдан авахаас өмнөх өдрүүдэд ******* нь 2-3 өдөр дарааллан утсаар ярихдаа зараагүй биздээ миний дүү, битгий зараарай, ах нь худалдаж авна л гээд байсан. 14,000,000 төгрөгөөс 12,500,000 төгрөгт зарна гэхэд ахдаа өгчих гэж гуйсаар байгаад 12,000,000 төгрөгт худалдан авсан. Гэтэл өөрөө очиж үзэж газраа харчаад, гуйж авчаад маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний 11 цагийн үед залгаж машин орох боломжгүй юм байна, гэрээг цуцлая гэж өөрөө ч яриад, охин нь ч өдөр шөнөгүй утсаар ярьж амар тайван байдлыг алдагдуулан хүнийг хулхидсан энтэр гэж элдвээр хэлсэн. Энэ байдал нь надад маш төвөгтэй санагдсан. Миний хувьд *******өд та үнэхээр гомдолтой байгаа бол хуулийн байгууллагаар явж болно, ингэж хүний тайван амьдрах эрхэд халдаж, элдвээр хэлэх таньд эрх байхгүй, би буруу зүйл хийгээгүй, таныг хулхидаагүй. Та өөрөө авий гэж хүсээд гэрээгээ байгуулсан, хуулиараа шийдүүлээрэй гэж хэлсэн. Удалгүй 3 хоногийн дараа шүүхэд өгөх гэж байна, гомдлоо бичиж байна гэж хүн сүрдүүлж байгаа юм шиг ярихад нь би тэг л гэж хэлсэн. Зарах гэж байгаа хашааг ******* нь очиж үзээд өөрөө худалдан авах шийдвэрээ гаргасан, тухайн газар яг л үзсэн хэвээрээ л эрхийн доголдолгүй *******ийн эзэмшилд шилжиж, нотариатаар баталгаажиж зарагдсан. Нэг хоногийн дотор тэр газар далийгаад 1 талын айл нь хойшоо татна гэж байхгүй. Байгалиасаа далий газрыг бид нар байгаагаар нь зарах нь ойлгомжтой. Шүүхэд өгнө гэж хэлсэний 2 хоногийн дараа заза ах нь болилоо ахдаа миний дүү мөнгийг минь өгчих гэж хэлсэн. Би зүгээр таны мөнгийг аваагүй. үл хөдлөх хөрөнгөө таны нэр дээр гэрээ хэлцэл хийж шилжүүлсэн. Мөнгө чинь хэрэгтэй бол хашаагаа зараад мөнгөө гаргаж авч болно гэж хэлсэн. Яагаад ингэж хүнд төвөг удаад байгаа юм бэ? гэхэд хэрүүд хийсээр л байсан. ******* нь үнэн зөв мэдээлэл өгөөгүй, эрхийн доголтой газар гэж нэхэмжлэлдээ бичжээ. Өөрөө биеэрээ очоод, нүдээрээ үзээд хараад болноо гээд худалдах худалдан авах гэрээ хэлцэл хийе гэж өөрөө зөвшөөрч хуулийн дагуу бид нотариатаар баталгаажуулан худалдах худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрчихөөд одоо ийм байдал үүсгэж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээг ямар хуулийн байгууллагаар цуцлуулсаныг би огт хараагүй, энэ цуцалсан гэж байгааг би огт ойлгохгүй байна. Анх үзээд хараад таалагдаад өөрөө л гэрээ байгуулья гэж хүсэж авсан. Бид хүчээр гэрээ байгуулаагүй, өөр авья гэсэн хүмүүс байсан. Аль түрүүлж мөнгө төлбөрөө өгсөн хүнд нь худалдсан. Би энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд харин ч намайг гэм хийсэн гэмтэн мэт болгож байгаа нь миний тайван амьдрах эрхэд халдаж байгаа гэж үзэж гомдолтой байна гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 000739461 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******ийн иргэний үнэмлэх, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, *******ийн Хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагааг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, хариуцагчийн хариу тайлбар, Газар зарахад ямар байдалтай байсан зургуудыг маш тодорхой оруулсан зургууд /2023.10 сард авсан зураг/, Зарын групп дээр байршуулсан хашааны маш тодорхой зургууд /2023.10.10 болон 19-ний өдөр зар тавьсан зураг/, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан тул гэрээний төлбөрт төлсөн 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, ямар нэгэн эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлээгүй, нэхэмжлэгч газрыг авахаас өмнө очиж үзээд авсан, гэрээ цуцлагдсан гэдгийг ойлгохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. *** тоотод байрлах, ******* нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 591 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр ******* нь 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдэж, 000739461 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
4б. ******* нь зарын сайтад дээрх газрыг худалдах зар тавьсаны дагуу ******* нь холбогдож, улмаар газрыг өөрөө очиж үзсэний үндсэн дээр тэрээр газрыг худалдан авахаар болж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулья гэж *******тэй утсаар холбогдоход маргааш гэрээ байгуулья гэсний дагуу 10 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4в. Зохигчид 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2246 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, дээрх гэр бүлийн хэрэгцээний газрыг 12,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээ байгуулсан өдрөө ******* нь 12,000,000 төгрөгийг *******д шилжүүлж, газрыг ******* хүлээн авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
5. Нэхэмжлэгч ******* нь худалдан авсан эд хөрөнгийг нойл байхгүй, гудамж нь нарийхан, машин очих боломжгүй, хажуу айл нь тухайн газар луу 2 метр илүү шахаж хашаалсан, энэ талаар маргаан үүссэн, үнэн зөв мэдээлэл өгөөгүй гэх үндэслэл зааж гэрээг цуцалж, шилжүүлсэн мөнгөө авья гэх тайлбарыг гаргаж байна.
5а. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл ******* нь газрыг худалдан авахаас өмнө зарын дагуу очиж худалдан авахыг хүсч буй газрын бодит нөхцөл байдлыг өөрийн биеэр очиж үзсэн буюу гэрээг цуцлах гээд буй нөхцөл байдлыг эд хөрөнгө хүлээн авах үедээ мэдэх боломжтой, мэдэж байсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй гэж заасан бөгөөд *******ийн хувьд газартай холбоотой нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, газрыг худалдан авахаас өмнө сайн үзэхийг *******өд хэлж байсан, улмаар ******* нь очиж үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргаж, газрыг худалдан авахаар болж, зохигчийн хооронд гэрээ байгуулагдсан байна.
5б. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан боловч нэхэмжлэгчийн хувьд нойл байхгүй, гудамж нь нарийхан, машин очих боломжгүй, хажуу айл нь тухайн газар луу 2 метр илүү шахаж хашаалсан, энэ талаар маргаан үүссэн, үнэн зөв мэдээлэл өгөөгүй гэх үндэслэл зааж гэрээг цуцлахаар маргаж буй нь үндэслэлгүй, эрхийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Иймд худалдан авсан газар нь эрхийн доголдолтой гэж үзэж, гэрээнээс татгалзаж буй нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан тул гэрээний төлбөрт төлсөн 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ