Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 65

 

А.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дүгээр магадлалтай, А.А-т холбогдох 1721002050016 дугаартай эрүүгийн хэргийг Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6/01 дүгээр эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөр хамгааллын инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Баяжих овогт А-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.А-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн инженерээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.А-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6/01 дүгээр эсэргүүцэлд “Шүүхийн шийдвэр нь хууль зүйн хувьд ойлгомжтой бөгөөд үндэслэлтэй, хүчин төгөлдөр үйлчлэх эрх зүйн чадамжтай байх хуулийн шаардлагыг давж заалдах шатны шүүхийн магадлал нь хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрүүд байна гэж үзэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан хохирогч Б.Т, гэрч М.Д, Г.Н нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12324 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05-078-03 дугаартай дүгнэлт, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, шинжээч Д.Б, З.М нарыг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн гарсан шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байтал давж заалдах шатны шүүхийн магадлал нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж хоёр талын байгуулсан гэрээнд дүгнэлт өгч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ хэрэгт тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэх байтал шүүхийн зүгээс огт энэ талаар дурдахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох хэлсэн саналдаа “Эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл прокурорын бичсэн эсэргүүцэлд байхгүй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх 2 үндэслэлийг яг алийг нь зөрчсөн талаар тодорхой бичээгүй байна. Маргаад байгаа гол зүйл нь 2 компанийн аль нь хариуцах талаар юм. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний 1.1.5 болон 3.7, 3.8 дэх хэсгүүдэд “Д” ХХК бүрэн хариуцах талаар тусгагдсан. Шүүх нь заавал шинжээчийн дүгнэлтийг баримталж хэргийг шийдвэрлэх үүрэг байхгүй талаараа давж заалдах шатны шүүхийн магадлалд маш тодорхой тайлбарласан. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням хэлсэн саналдаа “Ажил гүйцэтгэх гэрээгээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар харилцан хүлээх эрх үүрэг хэн дээр байгаа вэ гэдгийг 1.1.5, 3.7, 3.8 дэх хэсгүүдэд харилцан тодорхойлсон. Энэхүү гэрээгээр хэн хариуцах нь тодорхойлогдсон буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тусгагдсан байгаа юм. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.А-ыг “Э.Ж.З” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажилд томилсон тушаал байхгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ энэ гэмт хэргийн субьектийг зөв тогтоогоогүй байхад анхан шатны шүүх нь ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо ажил гүйцэтгэх гэрээгээр “Э.Ж.З” ХХК буюу туслах компанийн болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөр аюулгүй байдлын талаар гэрээнд харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой тусгаж өгөөгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж хуульчилсан. Гэтэл энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ эрхээ шилжүүлсэн, гэрээнд тодорхой тусгагдсан байна гэж шүүгдэгчийг цагаатгаж хэн гэм буруутай эсэхийг дүгнээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6/01 дүгээр эсэргүүцлийг үндэслэн А.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч А.А-ыг “Э.Ж.З” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Б.Талынбүүвэй нь 2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө дулааны шугамын өргөтгөл хийхээр ухсан нүхэнд унаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Захиалагч Барилга, хот байгуулалтын яам нь  “Э.Ж.З” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Хорооллын гадна инженерийн шугам сүлжээний өргөтгөл” ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байх бөгөөд “Э.Ж.З” ХХК нь дулааны засварын ажлын зарим хэсгийг туслан гүйцэтгэгч “Дорсүхэ” ХХК-иар хийлгэхээр 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Гүйцэтгэгч “Э.Ж.З” ХХК болон туслан гүйцэтгэгч “Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх” гэрээний 1.1.5-д “Гүйцэтгэгч тал хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцах”, 2.4-д “Гүйцэтгэгч тал холбогдох хууль журмын дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх, уг ажиллагаанаас гарах зардал болон үүсэх хүндрэл бэрхшээл аливаа хариуцлагыг бүрэн хүлээх үүрэгтэй” гэж тус тус зааснаас үзэхэд “Э.Ж.З” ХХК гэрээнд заасан ажлын хүрээнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах үүргийг “Д” ХХК-д гэрээгээр бүрэн шилжүүлжээ.

Харин талууд энэхүү гэрээг байгуулахдаа гүйцэтгэгч “Э.Ж.З” ХХК-ийг захиалагч, туслан гүйцэтгэгч “Д” ХХК-ийг гүйцэтгэгч гэх байдлаар хуулийн нэр томъёог гэрээнд буруу тусгаснаас ойлголтын зөрүү гарч, улмаар энэ нөхцөл байдал нь шинжээчийг “...хариуцлагыг гүйцэтгэгч компанийн инженер А.А- хүлээх үүрэгтэй” гэсэн дүгнэлт гаргахад хүргэж прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна.

Хэрэгт авагдсан 05-078-25, 05-078-03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр гүйцэтгэгч “Э.Ж.З” ХХК болон туслан гүйцэтгэгч “Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүрэг, хариуцлагыг буруу дүгнэснээс гадна шинжээч хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн, хууль тайлбарлах байдлаар гүйцэтгэгч буюу “Э.Ж.З” ХХК-ийн албан тушаалтныг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцна гэж дүгнэсэн нь буруу гэж үзэв.  

Иймд “Э.Ж.З” ХХК-ийн инженер А.А-ыг энэхүү гэмт хэрэгт холбогдуулан буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч А.А-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүнийг цагаатгалгүй орхигдуулсан байх тул цагаатгасан өөрчлөлтийг оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дүгээр магадлалын 1 дэх заалтын “хэрэгсэхгүй болгон” гэсний дараа “цагаатгаж” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6/01 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН