Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/286

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням

Шинжээч Д.Бямбасүрэн

Хохирогч Б.Талынбүүвэй

Шүүгдэгч А.А

Гэрч Г.Нямдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-т холбогдох эрүүгийн 1721002050016 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд .............. оны ...... дугаар сарын .....-ний өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, “...........” ХХК-нд хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо ........ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А.А /РД: ........./.

Шүүгдэгч А.А нь “Э........” ХХК-ийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж БД 12-106-14-д заасан газар шорооны ажил гүйцэтгэх үеийн байгууллагын үүргийн барилгын гадна байгаа худаг шуудуунд хязгаарлалт хийж, хамгаалалтын арга хэмжээ авах заалтын 3-д газар шорооны ажил гүйцэтгэх үед үүсэх аюул осол эрсдэлийн үнэлгээг хийж, авах арга хэмжээг ажил гүйцэтгэх төсөлтэй уялдуулан зохион байгуулна 5-д хөрсний нуралт гулсалт, болон бусад зүйлээс учирч болзошгүй хаалт, хамгаалалт, бэхэлгээг тооцооны үндсэн дээр хийсэн байна 6-д үзэгдэх орчин хязгаарлагдмал болон онцгой нөхцөл байдлын улмаас үүсэх аюулын нөхцөл байдлыг байнгын хянана 9-д барилга байгууламжийн суурийн эргэн тойрон дахь хөдөлгөөнийг зохион байгуулж гуравдагч этгээдийг аюулд өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд шугам сүлжээний өргөтгөл хийхээр ухсан нүхэнд хохирогч Б.Талынбүүвэй нь унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Алтанхуягийн Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай байгууллага Дорнод аймагт 3,2 км газарт дулааны шугам тавих ажил хийсэн. 120 метрийн шугам тавих ажлыг “Дорсүхэ” ХХК-иар хийлгэхээр болсон. Өмнө нь хамтран ажиллаж байсан болохоороо туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан тус ажлыг хийлгэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах тухай гэрээний 1.5-д заасан үүрэг дээр заагаад өгсөн. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг  “Дорсүхэ” ХХК хариуцна гээд заасан байгаа, иймд уг асуудлыг  “Дорсүхэ” ХХК  мэднэ...гэв.

Хохирогч Б.Талынбүүвэй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хятад руу тэмцээнд явахаар хот болон Сүхбаатар аймгийн баг тамирчид ирсэн байсан. Манайх араас нь явах төлөвлөгөөтэй байсан. Тэр өдөр манайд шинээр орсон ажилчид хамт олноо дайлахаар дуудсан юм. Тэнд ууж, идээд өглөө эрт явах байсан болохоор гэр рүүгээ харихаар явсан. Ухсан нүхний хажуугаар явахдаа өөдөөс ирсэн машины гэрэл гялбаад тэр нүхийг харахгүй унасан. Унаад ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэрээд тусламж гуйж бархирсан. Тэнд шатахуун авах гэж байсан хүн сонсоод түгээгчид “тэр хавьд хүн орилоод байна” гэж хэлсэн гэсэн. Нүх рүү өндийж харсан хүн намайг хараад цагдаа, түргэн дуудсан. Тэрнээс хойш би хотод очоод хагалгаанд орсон. Надад цаашид эмчилгээний зардал их гарна. Өөрт учирсан хохирлыг төлүүлнэ. “Петровис” ХХК-ийн хойд талд байрлах нүхэнд унасан, ямар нэгэн анхааруулах тууз тэмдэг байгаагүй...надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардал нэхэмжилнэ...” гэв.

  Гэрч Г.Нямдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай  “Дорсүхэ” ХХК компани нь “Эй Жи Зэт” ХХК-тай анх гэрээ хийхдээ хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг ажилчид болон техник машин механизмын хүрээнд хангана гэж тохирч, тодорхой хэмжээний зөрчил гарвал дүрэм журмын дагуу зохицуулна гэж байсан. Захиалагч байгууллага болох “Эй Жи Зэт” ХХК нь хамгаалалтын хаалт тор зэргийг татаж өгч байсан. Манай компани тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах журмын дагуу ажиллаж байсан. Хэрэв ерөнхий гүйцэтгэгч “Эй Жи Зэт” ХХК-ийн зүгээс санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн тохиолдолд манайх хариуцна. Тус гэрээний дагуу манай байгууллага ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэсэн үүднээс ойлгож байсан...гэв.

Шинжээч Д.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Барилга барих зөвшөөрөлд гүйцэтгэгч үү, захиалагч уу гэж бичигддэг. Гүйцэтгэгч дээр “Эй Жи Зэт” ХХК бичигдсэн байгаа. Барилгын тухай хуулиар захиалагч ерөнхий гүйцэтгэгчийг авна. Ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч авна. Тиймээс захиалагч туслан гүйцэтгэгч авахгүй. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй гэж хүсэх байна. Тийм учраас “Эй Жи Зэт” ХХК нь гүйцэтгэгч, хуульд заасны дагуу туслан гүйцэтгэгч авсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар захиалагч нь гүйцэтгэгч талд аюулгүй байдалтай холбоотой зардлыг гаргаж өгөх, мөн гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгч авсан бол хөдөлмөр хамгаалал аюулгүй байдалтай холбоотой зардлыг өгсөн байх ёстой гэж заасан  байдаг. Иймд гүйцэтгэгч нь “Эй Жи Зэт” ХХК, туслан гүйцэтгэгч нь “Дорсүхэ” ХХК  байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгоход ажил гүйцэтгэхэд тавих шаардлагад тавьсан байсан, хэрэв гэрээнд үүргээр тусгасан бол “Дорсүхэ” ХХК хариуцах ёстой байсан. Гэрээний үүрэгт нь энэ заалтыг заах ёстой байсан. Гэрээний үүрэгт тусгаж өгсөн бол “Дорсүхэ” компани хариуцах байсан. Ингэж гэрээнд заагаагүй тул “Эй Жи Зэт” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хууль, Ажлын байранд зааварчилга өгөх журам, газар шорооны ажил гүйцэтгэх журмыг зөрчсөн гэж үзсэн..гэв.

Гэрч М.Дэлгэрцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай гэрийн цонхоор “Петровис” шатахуун түгээх станц харагддаг юм. Хүүгийн хамт хэргийн газар очиход 2 цагдаагийн алба хаагч, 2 түгээгч хүмүүс байсан. Би очоод нүх рүү тонгойж харахад манай нөхөр дээшээ харсан байдалтай гар утсаа гартаа бариад ёолсон байдалтай байсан...уг нүх нь зүүнээс баруун тал руу чиглэсэн байдалтай дулааны шугам сүлжээний нүх байсан. Уг нүх нь ойролцоогоор 2 метрийн гүнтэй байх шиг байсан ба доод нүхний хэсэгт П хэлбэртэй суурь болгож тавьсан бетон байсан...уг нүхийг хүмүүст анхааруулах зорилгоор хаалт болон тууз татсан зүйл байхгүй байсан...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/

Гэрч Р.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..Намайг ажил дээрээ байхад “Приус-11” маркийн машинтай залуу ирээд бензин авах гэж ирж зогсоод машинаасаа гараад хойш гүйж явж ирчихээд “ар талын чинь нүхэнд хүн уначихсан байна, дуугарч чадахгүй байх шиг байна цагдаад дуудлага өгөх үү” гэж байснаа өөрөө дуудлага өгчихөөд яваад өгсөн. Тэгээд ажил руу орох гэж байхад цагдаагийн машин ирэхээр нь хамт гарч байсан Дэлгэрмаатай цуг цагдаа нарын зогсож байсан газар очиход манай ажлын ар талын нүхэнд хүн уначихсан байсан. Цагдаа нар очиход нүхэнд унасан хүний утсаар эхнэрийг нь болон 103 түргэн тусламж дуудсан. Хөдөлгөж болохгүй юм шиг байна гэж цагдаа нар хэлж байсан. Түргэний эмч ирээд үзлэг хийж байхад эхнэрээс нь “энэ хүн урд нь гэмтэж байсан уу” гэж асууж байсан. Эхнэр нь “хүзүүндээ гэмтэлтэй” гэж хариулж байсан. Тэгээд тэр хүнийг нүхнээс гаргаад эмнэлгийн машин аваад явсан. Тэр хүнийг сайн харсан чинь аймгийн арслан Талынбүүвэй байсан..” гэжээ. /хх-ийн 27-28 тал/

Гэрч М.Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 09 сарын 19-нөөс 20-ны өдөр ээлжтэй байсан юм. Тэр өдөр хамт ээлжинд гардаг Р.Энхбаатартай гарч байсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад цагдаагийн машин манай ШТС-ийн ард дээд талын алаг гэрлээ асаагаад зогсож байсан. Тэгээд би хамт ээлжинд гарч байгаа Энхабаатарын хамт яваад очтол манай ар талын ухсан нүхэнд хүн уначихсан цагдаа нар хараад зогсож байсан. Цагдаа нар хөдөлгөж болохгүй 103 дуудсан байгаа мөн тэр нүхэнд унасан хүний утсыг цагдаа нар аваад эхнэртэй нь холбогдож дуудсан байсан. Эхнэр нь удалгүй хүүхдээ дагуулаад ирсэн. Мөн 103 түргэн тусламж ирээд тэр хүнийг манай ар талын нүхнээс гаргаад эмнэлэг авч явсан...” гэжээ. /хх-ийн 29 тал/

- Гэмт хэргийн талаарх 4773 дугаартай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18 тал/

- Биет баримтын код /хх-ийн 19 тал/

- Мэргэжлийн хяналтын Ерөнхий  газрын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05-078-25 тоот дүгнэлт /хх-ийн 44-46 тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12324 тоот дүгнэлт /хх-ийн 48 тал/

-Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын нэмэлт шинжилгээний 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05-078-03 тоот дүгнэлт /хх-ийн 53-55 тал/

- Өвчний түүх /хх-ийн 60-75 тал/

- 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 53 тоот Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 76-78 тал/

- 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 83-85 тал/

- 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16/277 тоот Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 88 тал/

- Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 89-90 тал/

- Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /хх-ийн 91-94 тал/

- Дорнод аймгийн Хэрлэн суманд хэрэгжих “1000 айлын орон сууцны хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл” төслийн хүрээнд хийгдэж Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажлын төлөвлөгөө /хх-ийн 97-116 тал/

- Ажлын байрны зааварчилга өгөх аргачилсан зөвлөмж /хх-ийн 120-144 тал/

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль /хх-ийн 145-151 тал/

- Гэрч Б.Наранхишигийн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

- Гэрч Д.Батбилэгийн мэдүүлэг /хх-ийн 30 тал/

- Гэрч Г.Нямдаваагийн мэдүүлэг /хх-ийн 31, 38-40, 189 тал/

- Гэрч Д.Ариунболдын мэдүүлэг /хх-ийн 34-35, 190-191 тал/

- Гэрч Д.Дашнямын мэдүүлэг /хх-ийн 41 тал/

- Шинжээч Д.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 192-194/

- Шинжээч З.Мөнхтуулын мэдүүлэг /хх-ийн 195-197/

- Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 200 тал/

-Иргэний хариуцагч Д.Ариунболдын мэдүүлэг /хх-ийн 201-202 тал/

- Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 152-167 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.А-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...энэ асуудал “Эй Жи Зэт” ХХК-д хамааралгүй, харин “Дорсүхэ” ХХК-тай холбоотой юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах тухай гэрээний 1.5-д “Дорсүхэ” ХХК-ийн үүргийг заагаад өгсөн. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг “Дорсүхэ” ХХК хариуцах ёстой. Иймд А.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргаж байгаа нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, Б.Батцэнгэл, З.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05-078-03 дугаартай нэмэлт шинжээчийн

 Хариулт 2. “...Хэрэв Ажил гүйцэтгэх гэрээний “Ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага” гэсэн хэсгийн 1.1.5 дахь заалтыг “Дорсүхэ” ХХК-ийн үүрэгт тусгасан бол уг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/-д заасан үүргийг хүлээнэ. Харин ажил гүйцэтгэх гэрээнд тусгаагүй тул ерөнхий гүйцэтгэгч “Эй Жи Зэт” ХХК хариуцна.

Хариулт 4. “Эй Жи Зэт” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн захирал Д.Ариунболдын 16/277 тоот тушаалаар А.А-г хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан албан тушаалтанаар томилон ажиллуулсан байна. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан албан тушаалтан А.А хариуцна.

Хариулт 5. “Эй Жи Зэт” ХХК нь ажил гүйцэтгэгч тул “Ажлын байрны зааварчилгаа, өгөх аргачилсан зөвлөмж” БД 12-106-14-ын Газар шорооны ажил гүйцэтгэх үеийн байгуллагын үүргийн дараах заалтуудыг зөрчсөн байна.

“Барилгын гадна байгаа худаг, шуудуунд хязгаарлалт хийж, хамгаалалтын арга хэмжээ” гэсэн хэсгийн 3 дахь заалт /Газар шорооны ажил гүйцэтгэх үед үүсэх аюул осол, эрсдэлийн үнэлгээг хийж, авах арга хэмжээг ажил гүйцэтгэх төсөлтэй уялдуулан зохион байгуулна/,

5 дахь заалт /Хөрсний нуралт, гулсалт болон бусад зүйлээс учирч болзошгүй хаалт, хамгаалалт, бэхэлгээг тооцооны үндсэн дээр хийсэн байна/,

6 дахь заалт /Үзэгдэх орчин хязгаарлагдмал болон онцгой нөхцөл байдлын улмаас үүсэх аюулын нөхцөл байдлыг байнгын хянана/,

9 дэх заалт /Барилга байгууламжийн суурийн эргэн тойрон дахь хөдөлгөөнийг зохион байгуулж, гуравдагч этгээдийг аюулд өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авна/-ыг тус тус зөрчсөн байна” /хх-ийн 54-55/ гэсэн дүгнэлт,

Гэрч Г.Нямдаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд тогтвортойгоор мэдүүлсэн “...Манай компани тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах журмын дагуу ажиллаж байсан. Хэрэв ерөнхий гүйцэтгэгч “Эй Жи Зэт” ХХК-ийн зүгээс санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн тохиолдолд манайх хариуцах байсан” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Д.Бямбасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “... Эй Жи Зэт ХХК нь гүйцэтгэгч, хуульд заасны дагуу туслан гүйцэтгэгч авсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар захиалагч нь гүйцэтгэгч талд аюулгүй байдалтай холбоотой зардлыг гаргаж өгөх, мөн гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгч авсан бол хөдөлмөр хамгаалал аюулгүй байдалтай холбоотой зардлыг өгсөн байх ёстой гэж заасан  байдаг. Иймд гүйцэтгэгч нь “Эй Жи Зэт” ХХК, туслан гүйцэтгэгч нь “Дорсүхэ” ХХК  байна гэж ойлгох хэрэгтэй. Гэрээний үүрэгт тусгаж өгсөн бол “Дорсүхэ” компани хариуцах байсан. Ингэж гэрээнд заагаагүй тул “Эй Жи Зэт” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хууль, Ажлын байранд зааварчилга өгөх журам, газар шорооны ажил гүйцэтгэх журмыг зөрчсөн гэж үзсэн” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “А.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч А.А нь “Эй Жи Зэт” ХХК-ийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж БД 12-106-14-д заасан газар шорооны ажил гүйцэтгэх үеийн байгууллагын үүргийн барилгын гадна байгаа худаг шуудуунд хязгаарлалт хийж, хамгаалалтын арга хэмжээ авах заалтын 3-д газар шорооны ажил гүйцэтгэх үед үүсэх аюул осол эрсдэлийн үнэлгээг хийж, авах арга хэмжээг ажил гүйцэтгэх төсөлтэй уялдуулан зохион байгуулна 5-д хөрсний нуралт гулсалт болон бусад зүйлээс учирч болзошгүй хаалт, хамгаалалт, бэхэлгээг тооцооны үндсэн дээр хийсэн байна 6-д үзэгдэх орчин хязгаарлагдмал болон онцгой нөхцөл байдлын улмаас үүсэх аюулын нөхцөл байдлыг байнгын хянана 9-д барилга байгууламжийн суурийн эргэн тойрон дахь хөдөлгөөнийг зохион байгуулж гуравдагч этгээдийг аюулд өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд шугам сүлжээний өргөтгөл хийхээр ухсан нүхэнд хохирогч Б.Талынбүүвэй нь унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05-078-25 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12324 тоот дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын нэмэлт шинжилгээний 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05-078-03 тооот дүгнэлт, өвчний түүх, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 53 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16/277 тоот Ажилд томилох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, Ажлын байрны зааварчилга өгөх аргачилсан зөвлөмж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхээс шүүгдэгч А.А-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас хохирогч Б.Талынбүүвэй нь шугам сүлжээний өргөтгөл хийхээр ухсан нүхэнд унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.А-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Алтанхуягийн Анхбаярыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч А.А-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын энэ асуудал “Эй Жи Зэт” ХХК-д хамааралгүй, харин “Дорсүхэ” ХХК-тай холбоотой юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах тухай гэрээний 1.5-д “Дорсүхэ” ХХК-ийн үүргийг заагаад өгсөн. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг “Дорсүхэ” ХХК хариуцах ёстой  гэж маргаж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч А.А-н үйлдлийн улмаас хохирогч Б.Талынбүүвэйгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч А.А-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт “одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн инженерийн эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хариуцагч “Эй Жи Зэт” ХХК нь хохирогч Б.Талынбүүвэйд эмчилгээний зардалд 5000.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн 1721002050016 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч А.А-н ....................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ