Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02061

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2019/02766 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: В.Бд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 078 080 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нандинцэцэг, хариуцагч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Б нь “Д” ХХК-иас 2017.8.10-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан боловч үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй. Хариуцагчаас 2019.9.20-ны өдрийн байдлаар зээлд 2 610 800 төгрөг, хүү 1 222 734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 244 456 төгрөг, нийт 4 078 080 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсан, 5 000 000 төгрөг зээлсэн. Гэрээний үүрэгт 6 800 000 гаруй төгрөг төлсөн, төлсөн мөнгийг хүүд тооцон авсан нь үндэслэлгүй. 2 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх санал тавьсан боловч нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа тул шүүх шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Бгаас 4 078 080 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох 56-10 УНГ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинаар хангуулах тухай “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нандинцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тооцоолж нэхэмжилсэн. Гэтэл шүүх 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэхэд  зээл 5 000 000, хүү 1 769 000 төгрөг, нийт 6 769 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан гэж үзсэн. Зээлдэгч буцаан төлөх хуваарийн дагуу сар бүр тогтмол үндсэн зээлээс төлж байсан тохиолдолд зээлийн хүү нь 1 769 000 төгрөг болох байсан. Гэтэл хариуцагч нь гэрээний хуваарийг зөрчиж гэрээний нийт хугацаанд 2 удаагийн төлөлтөөр 4 000 000 төгрөг төлсөн. Мөн хариуцагчийн хугацаа хэтрүүлж төлсөн төлбөрийг үндсэн зээлээс төлсөн гэж тооцох бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 2 610 800 төгрөг гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 4 сарын дараа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч нь уг дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож үлдсэн дүн буюу 1 309 200 төгрөгийг үндсэн зээлийн дүнгээс хасч тооцсон. Хэрэв зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцолгүй, 3 000 000 төгрөгийг бүхлээр нь үндсэн зээлээс хасч тооцсон ч үндсэн зээлээс 920 000 төгрөг үлдэх ба мөн  920 000 төгрөгт тооцогдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцолгүй шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг буруу үнэлж хариуцагчийн төлөх төлбөрийг буруу тооцоолж алдаа гаргасныг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч В.Бд холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1307579 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 2 610 800 төгрөг, хүү 1 222 734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 244 546 нийт 4 078 080 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...гэрээний үүрэгт 6 800 000 төгрөг төлсөн, нэмж 2 000 000 төгрөг төлөх боломжтой, барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлнэ” гэж маргажээ. /хх-1, 21, 29/

 

Хариуцагч В.Б нь “Д” ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1307579 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 5 000 000 төгрөгийг, сарын 5  хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлэн авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 56-10 УНГ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээл, барьцааны гэрээ, талуудын тайлбараар тогтоогджээ./хх-1, 3-5, 29/

 

Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд байна. /хх-6-8/

 

Талууд дээрх зээл, барьцааны гэрээ байгуулагдсанд, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Мөн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэнд,хариуцагч нь гэрээний хугацаанд 4 000 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 000 000 нийт 7 000 000 төгрөгийг буцаан төлсөнд маргаангүй. /хх-1, 12, 29/

 

Харин төлбөр бүрэн төлөгдсөн эсэх,Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүрэг дуусгавар болсон эсэх, үүрэг гүйцэтгэх дараалал зэрэгт маргаж байна.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дууссан,хариуцагч нь 3 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хугацаа хэтрүүлж төлсөн 3 000 000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгчийн үндсэн үүргээс хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.  

 

Иймд дээрх хугацаанд хариуцагчийн биелүүлээгүй үндсэн үүргээс дээрх 3 000 000 төгрөгийг хасч тооцоход 920 000 /3 920 000- 3 000 000= 920 000/ төгрөгийн үндсэн зээл, 202 600 төгрөгийн зээлийн хүүгийн үүрэг үлдэж байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч хууль болон гэрээнд заасан шаардлагуудыг гаргах эрхтэй юм.

 

Талууд гэрээний 1.4, 1.5-д гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт заасантай нийцжээ. /хх-3/

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн биелэгдээгүй үлдсэн үүрэг 920 000 төгрөгийн хэмжээнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн биелүүлбэл зохих төлбөр 1 659 452 төгрөг болж байна. /2018.12.25-2019.09.23 хүртэл нийт 9 сар, 920 000 төгрөгт ногдох зээлийн хүү 920 000:100x5=46 000 төгрөг 46 000х9=414 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 414 000:100х20=82 800 төгрөг, 202 600:100х20=40 520, 920 000+202 600+ 414 000+ 82 800+40 520= 1 659 452/

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусаагүй хариуцагч нь нэхэмжлэгчид 1 659 452 төгрөг төлөх үүрэгтэй байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох 56-10 УНГ улсын дугаартайToyota Prius маркийн автомашины үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2019/02766 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Бгаас 1 659 452 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 418 628 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтаар “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.Б зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 56-10 УНГ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж нэмж, 2 дэх заалтыг 3 гэж дугаарлан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41 501 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД