Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2019/02766

 

2019 оны 10 сарын 31 өдөр

     Дугаар 184/ШШ2019/02766

                       Улаанбаатар хот

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Д ББСБ” ХХК /РД: /. Хаяг: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, дүгээр байр, тоот

Хариуцагч: Ц овогт В.Б /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Баянхошуу, тоот

            Зээлийн гэрээний үүрэгт 4 078 080 /дөрвөн сая далан найман мянга ная/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч В.Б,  нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.                                                                                                                                                                                                                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч В.Б нь “Д ББСБ” ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 5 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан боловч үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй. Иймд хариуцагчаас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн дагуу үндсэн зээлд 2 610 800 төгрөг, хүү 1 222 734  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 244 456 төгрөг, нийт 4 078 080 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсан, 5 000 000 төгрөг зээлэн авсан талаар маргахгүй байна. Гэрээний үүрэгт  6 800 000 гаруй төгрөг төлсөн, миний төлсөн мөнгийг хүүнд тооцон авсан нь үндэслэлгүй байна. Миний бие одоо ямар нэгэн ажил эрхлэх боломжгүй, хөхний хорт хавдар өвчнөөр өвчилсөн, цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа.  2 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх санал тавьсан боловч нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа тул шүүх шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК нь хариуцагч В.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  4 078 080 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох УНГ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинаар хангуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь  хариуцагчийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 1307579 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу  5 000 000 төгрөг хүлээн авсан тухайд маргахгүй, харин гэрээний  үүргийг бүрэн биелүүлсэн гэж маргасан.  

Хариуцагч В.Б нь нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1307579 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг, сарын 5  хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлэн авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар УНГ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг барьцаалсан болох нь талуудын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байна.

Гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хувиар ёсоор 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэхэд зээлдэгч нь үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 1 769 000 төгрөг, нийт 6 769 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаанд хариуцагч нь 4 000 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг буцаан төлсөн  нь талуудын тайлбар, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нэхэмжлэлийн тооцоо гэх баримтаар тогтоогдож байна.  /хх-ийн 12/.

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолооор  Нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 1/327 тоот гэрчилгээ олгожээ. /хх-ийн 7/

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч  бүрэн биелүүлсэн байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчийн хугацаа хэтрүүлж төлсөн мөнгийг үндсэн зээлээс төлсөн гэж тооцох  бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 2 610 800 төгрөг байжээ.

Иймд хариуцагч В.Б-с зээлийн гэрээний үүрэгт 4 078 080 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох УНГ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинаар хангуулах тухай “Д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болох, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүй тооцсон,  хариуцагч В.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгчийн барьцааны эрх дуусгавар болсныг дурдах нь зүйтэй.   

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Б-с 4 078 080 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох УНГ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинаар хангуулах тухай “Д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн     150 400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ