Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02059

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Р” ХХК, У.З нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 479 101 633 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч З нар нь 2018.06.04-ний өдөр Хнаас 454 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэйгээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар 5 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Энэ хугацаанд 75 000 000 төгрөгийг төлснийг зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу төлбөрт суутгасан. Иймд зээлийн гэрээг цуцалж, хүү болон нэмэгдүүлсэн хүүний 479 190 633 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Үүргийн гүйцэтгэлийг мөн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.06 сарын 04-ний өдөр Хтай ЗГ1060044321 дугаартай, Зээлийн гэрээ байгуулан 454 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 365 хоногийн буюу жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн төлөлтийг 2018.10.02-ээс эхлэн төлөхөөр, зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2023 оны 06 сарын 02-ны өдөр дуусахаар тохирсон. Рояал Бьюти ХХК-ийн зүгээс зээлийн төлбөрт нийт 75 210 000 төгрөгийг төлсөн. Х ХХК-аас 2018.10.30-ны өдрөөс хойш 2019.08.21-ны өдөр хүртэл төлбөр төлөхийг мэдэгдэж байсан. Хариуцагч хуваарийн дагуу төлж чадах боломжгүй болсон, 2018.10.02-аас хойш 2019.12.27-ны өдрийг хүртэл 3 удаа, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нөхцөл байдал үүссэн байхад Х ХХК нь зээлийн гэрээний 5.1.1-д заасан шаардах эрхээ тухай бүр нь хэрэгжүүлээгүй. Улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдүүлэн тооцсон. Зээл 419 000 000 төгрөг,  2018.12.27-ны өдөр хүртэлх хугацааны хүү  5 096 246.57 төгрөг төлөхийг зөвшөөрнө.  2018.12.27-ны өдөр хүртэлх хугацааны хүү 44 629 366 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81 369 87 төгрөг бодогдсон. Үүнээс зээлийн хүүд 39 319 630 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 81 369.87 төлсөн. 2018.12.27-ны өдөр зээлд 11 000 000 төгрөг төлсөн. Мөн 2018.12.31 ны өдөр 709 410.96, 2019.01.02-ны өдөр 99 589 төгрөг зээлийн хүүд  төлсөн. 2019.07.04-ны өдөр 20 000 000 төгрөгийг төлснийг  зээлд суутгах  ёстой. Хариуцагч зээлийн төлбөрөө төлж чадахгүй болсон нөхцөл байдал үүссэн гэдгийг Х мэдсэн даруйдаа гэрээгээ цуцлах боломжтой байсан. Нэхэмжлэлээс 55 538 000 төгрөгийг  зөвшөөрөхгүй. У.Згийн хувьд Х ХХК-аас 2019.08.21-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлдээ 2019.08.30-ны 15 цагаас өмнө 84 164 373.00 төгрөгийг төлөхийг шаардсан байдаг ба уг шаардлагад төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд гэрээнд заасан эрхийнхээ дагуу гэрээг цуцалж. зээлийн төлбөрийг барьцааны хөрөнгөөр барагдуулна гэж дурдсан байна. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа эсэх нь тодорхой бус. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тохиолдолд Х ХХК-нь 2019.08.21-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлд дурдагдсан 84 164 373.00 төгрөгийг л нэхэмжлэх эрхтэй.Зээлийн төлбөрийг2018.10.02-ны өдрөөс эхлэн хэсэгчилсэн төлж, 2023.06.02-ны өдөр төлж дуусгахаар гэрээний хавсралтад тусгасан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Р ХХК, У.З нараас зээлийн гэрээний үүрэг нийт 479 101 633 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч У.З, хариуцагч Р ХХК-ний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205050007 дугаартай, Б дүүргийн 19 хороо, Чингүнжавын гудамж 62/1 байрны 1 давхарт байрлалтай 180 мкв талбайтай үйлчилгээний талбай, улсын бүртгэлийн Ү-2101004984 дугаартай О аймгийн Б сумын 3-р баг, Уурхайчин 17 байрны 41 тоот хаягт байрлалтай 38 мкв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2003004430 дугаартай Д аймгийн Д сумын 12 баг, 6 хороолол,15 байрны 50 тоот хаягт байрлалтай 39 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2003018140 дугаартай Д аймгийн Д сумын 12 баг, 6 хороолол, 15 байрны 50 тоотын өргөтгөл хаягт байрлалтай 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2003011316 дугаартай Д аймгийн Д сумын 12 баг, 6 хороолол, 15 байрны 00 тоот хаягт байрлалтай 12 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 623 658 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 623 658 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч 2018.07.02-ны өдрөөс сар бүр зээлийн төлөлтийг төлж чадалгүй, 2018.10.02-оос хойш 2019.12.27-ны өдрийг хүртэл 3 удаа  төлөлтийг зөрчсөн байхад Х ХХК нь зээлийн гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас 2018.12.27-ны өдрөөс хойш зээлийн хүү 45 515 835, нэмэгдүүлсэн хүү 489 551 нийт 46 005 386 төгрөг нэмэгдэхэд хүрсэн. Иймд 2018.12.27-ны өдрөөс хойш хугацаанд нэмэгдэж тооцогдсон  хүү, нэмэгдүүлсэн хүү болох 46 005 386 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Р” ХХК, У.З нарт холбогдуулан зээл 428 000 000 төгрөг, хүү 50 612 082 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 489 551 төгрөг нийт 479 101 633 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...,гэрээний хугацаа дуусаагүй. Зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхээ эрт хэрэгжүүлээгүй ” гэж маргажээ. /хх-ийн 1-3, 53-55/

Нэхэмжлэгч “Х” ХХК, хариуцагч “Р” ХХК, У.З нар нь 2018 оны 6 сарын 04-ны өдөр ЗГ1060044321 тоот зээлийн гэрээ байгуулж, 454 000 000 төгрөгийг үндсэн хөрөнгийн зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрөө БГ1060044321-01 тоот барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн Ү-2205050007 дугаартай, Б дүүргийн 19 хороо, Чингүнжавын гудамж 62/1 байрны 1 давхарт байрлалтай 180 мкв талбайтай үйлчилгээний талбай, улсын бүртгэлийн Ү-2101004984 дугаартай О аймгийн Б сумын 3-р баг, Уурхайчин 17 байрны 41 тоот хаягт байрлалтай 38 мкв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2003004430 дугаартай Д аймгийн Д сумын 12 баг, 6 хороолол,15 байрны 50 тоот хаягт байрлалтай 39 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2003018140 дугаартай Д аймгийн Д сумын 12 баг, 6 хороолол, 15 байрны 50 тоотын өргөтгөл хаягт байрлалтай 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2003011316 дугаартай Д аймгийн Д сумын 12 баг, 6 хороолол, 15 байрны 00 тоот хаягт байрлалтай 12 м.кв тапбайтай үйлчилгээний зориулалттай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. /хх 11-32/

Анхан шатны шүүх зээл, барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, 454 000 000 төгрөгийн мөнгөн  хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэнд, хариуцагч нар зээлийн эргэн төлөлтөд 75 000 000 төгрөг төлсөнд маргаангүй. /хх-1-3, 53-55/ Түүнчлэн хариуцагч нар нь зээлийн төлбөрийг гэрээний 1.3-д зааснаар буцаан төлөх үүрэг хүлээсэн ч 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн уг үүргээ зөрчиж  хугацаа хэтрүүлсэн, зээлдүүлэгч зээлдэгч нараас  гэрээний  үүргээ зохих ёсоор биелүүлэхийг удаа дараа шаардан мэдэгдэл хүргүүлсэн үйл баримтад мөн маргаагүй байна. /хх-1-3, 53-55/

Гагцхүү зээлдэгч нар нь хүлээх үүргийн хэмжээний хувьд, түүнчлэн зээлдүүлэгч гэрээг цуцалсан эсэх, хэдийд цуцлах ёстой байсан талаар маргаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн. Талууд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. /хх-ийн 14/

Түүнчлэн талуудын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваариар хариуцагч нар нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээл 428 000 000 төгрөг, зээлийн хүү 50 612 082 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 489 551 төгрөг нийт 497 101 633 төгрөг төлөөгүй болох нь тогтоогджээ. /хх-ийн 32 / Хэдийгээр 2023 оны 6 дугаар сарын 2-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахаар байгаа боловч, зээлийн эргэн төлөлтийн хуваарь удаа дараа зөрчигдсөн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм. Удаа дараагийн гэрээний үүргийн зөрчил, зөрчлийн хэмжээ зэргийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж дүгнэх боломжгүй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Талуудын хооронд тохиролцсон, гэрээний салшгүй хэсэг болох эргэн төлөлтийн хувиар нь зээлийг хэсэгчлэн төлөх завсрын хугацааг тогтоосон. Энэ хэсэгчлэн төлөх, гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчих нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчил болох юм. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхийг эдлэх бөгөөд гэрээгээр тохиролцсон графикт хугацааг удаа дараа зөрчсөн үүрэг гүйцэтгэгчид сануулж улмаар нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбараар гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар цуцалсан гэх бөгөөд энэ хугацаанаас өмнө цуцлах ёстой байсан гэж эрхийг үүрэгжүүлэн буруутгах боломжгүй юм. /хх-1, 62/

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахын тулд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх журмыг баримталсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Иймд “гэрээний 3.2.10-т зааснаар зээлдэгч нь 3 ба түүнээс дээш удаа буюу хэсэгчилсэн хугацааг зөрчсөн байхад гэрээг цуцлах үүргээ хэрэгжүүлээгүй, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 977 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД