Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2016/0149

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У, нэхэмжлэгч Т.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд Т.А*******, С.М*******, гуравдагч этгээд Ч.Чгийн өмгөөлөгч Б.Ж******* нарыг оролцуулан иргэн Т.Г*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан Нийслэлийн засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн Ч.Чд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж түүний үндсэн дээр олгогдсон Ч.Чгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг хүчингүй болгох, иргэн Ч.Чгаас С.М*******эд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсний үндсэн дээр олгогдсон С.М*******ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг хүчингүй болгох, С.М*******ээс Т.А*******д газар өмчлөх эрхийг худалдсаны үндсэн дээр олгогдсон Т.А*******ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгох, маргаж буй газрыг хууль ёсоор эзэмших боломжоор хангаж өгөх шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Т.Г******* миний бие нь 2003 оноос эхлэн хуучнаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Алтайн 23-р гудамжны 7Г /одоогийн албан ёсны хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 1 дүгээр гудамж 28 тоот болж өөрчлөгдсөн/ тоотод амьдарч ирсэн бөгөөд удаа дараа уг газрыг эзэмших хүсэлтээ өгч байсан боловч тухайн үед  уг газар нь хэвгий гуу жалга байсны улмаас үер усны аманд газар эзэмшүүлэх эрх олгохгүй гэх шалтгаанаар миний өргөдлийг хүлээн авдаггүй байсан.

Ингээд би 2006 оноос хойш уг газрыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулж, 20 машин шороо зөөж авчран асгаж жалгыг тэгшлэн өндөрлөсөн бөгөөд уг асгасан шороо нь нягтаршин доош суусан тул 2010 онд дахин 15 машин шороо асгаж өндөрлөж тэгшилсэн. Гэтэл миний удаа дараагийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч байгаагүй хирнээ бидний өөрсдийн хүч хөрөнгөөр засан сайжруулж хүн амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэн 20003 оноос одоог хүртэл амьдарч ирсэн газрыг Ч.Ч гэх этгээд миний нэрийн барин манай хороон дээр очиж миний өмнөөс хаяг авч хорооны Засаг даргад өргөдлөө өгсөн байх бөгөөд түүнийг хорооны Засаг дарга цааш Сонгинохайрхан дүүрэгт цохон явуулж 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 15 дугаар захирамжаар Ч.Чд эзэмшүүлсэн байх бөгөөд түүнийг 2010 оны 321 дүгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ч.Чд өмчлөх эрх олгосныг Ч.Ч нь С. М*******эд, С.М******* нь 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Т.А*******д худалджээ. Энэ талаар дүүргийн газрын албанд хандаж гомдол гаргасан боловч дүүргийн газрын албанаас Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ч.Чд өмчлөх эрх олгосон байх тул манай албаны шийдвэрлэх асуудал биш байна, хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн.

Иймээс 2010 оны Нийслэлийн Засаг даргын 321 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг алдагдуулсан мөн уг газрыг эзэмшүүлэхдээ Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг зөрчин олгосон байх тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага түүний хууль зүйн үндэслэлдээ: ...Ч.Ч эзэмших эрхтэй болмогцоо Нийслэлийн Засаг даргад хандан өмчлөх эрхтэй болгож, цааш нь С.М*******, Т.А******* нарт шилжүүлэн худалдсан байсан. Анх Ч.Чд газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нь огт судалгаагүйгээр газрын хууль бус наймааг дэмжсэн, хууль журам баримтлаагүй. Иймээс анхнаасаа хууль журам зөрчиж газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийг үндэслэн гарсан дараах захирамж болон газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Анх Ч.Чд газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын Ч.Чд газар өмчлөх эрх олгосон 2010 оны 321 дүгээр захирамжийг хүчингүй болгох, Ч.Чд газар өмчлөх эрх олгосон  ******* тоот, С.М*******эд газар өмчлөх эрх олгосон ******* тоот, Т.А*******д газар өмчлөх эрх олгосон ******* тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, миний өөрийнхөө хүч хөдөлмөрөөр сэргээн босгож 15 жилийн турш амьдарч байгаа газраа хууль ёсны дагуу эзэмшиж, өмчлөх эрхтэй болох боломж нөхцөлөөр хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 1 дүгээр гудамж 28 тоот хаалгатай 356 мкв газар нь манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт иргэн Т.А*******ын нэр дээр өмчлөгдсөн бөгөөд бусдын газартай ямар нэгэн давхцалгүй байна.

Уг газрыг анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар захирамжаар иргэн Ч.Чд эзэмшүүлснийг үндэслэж нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжаар өмчлүүлсэн байна. иргэн Ч.Ч нь өөрирйн өмчилсөн газраа бусдад шилжүүлснээр одоо манай мэдээллийн санд  иргэн Т.А*******ын нэр дээр бүртгэлтэй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Т.Г*******т маргаан бүхий уг газрыг эзэмших, өмчлөх эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлд дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн иргэн иргэн Ч.Чд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай шаарджээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс дараах байдлаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын газрын тухай хуулийн 2006 оны шинэчилсэн найруулгаар газар эзэмшихээр хүсэлт гаргахад тавигдах шаардлагыг зааж өгчээ. Хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших хүсэлт гаргахад тусгах зүйлсийг заасан ба 32.2.1... овог, нэр, байнга оршин суугаа хаяг,  иргэний үнэмлэхийн  болон  регистрийн дугаар...   32.2.2 эзэмших  газрын   засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн   нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг зэрэг нь бүрдсэн байх байтал иргэн Ч.Чгийн хүсэлтэд дарааллын байршил алдагдаж захирамж гарсан байдаг.

Мөн Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дугаар хэсэгт заагдсан эрхийн гэрчилгээг олгох дарааллыг зөрчсөн байна.

Учир нь газар эзэмших хүсэлт гаргаж байх огноотой өдөр газрын кадастрын мэдээллийн санд Газрын тухай хуульд заагдсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарахаас өмнө буюу захирамжлаагүй байхад маргаан бүхий газрыг мэдээллийн санд бүртгэсэн байгаа нь хууль, журмын тодорхой заалтуудыг илтэд зөрчсөн байна.

Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1...Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна... гэж заажээ.

Нэхэмжлэгч нь 2000 оноос маргаан бүхий газрын хажуугийн тоотод амьдарч 2009 оноос маргаан бүхий газарт амьдарч байгаа нь газрыг эзэмших давуу эрхтэй иргэн юм. Иймд Т.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 Гуравдагч  этгээд Ч.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо Сэлбэ гудамж, 10-235 тоотод оршин суугч Ч.Ч миний бие Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх 14 дүгээр хороо Алтайн 23-7г тоот газрыг 2010 онд хорооны Засаг дарга болон газрын албаны холбогдох албан тушаалтантай хамт очиж биечлэн үзүүлж, кадастрын зургийг шүүлгэж эзэнгүй хоосон газар болохыг тогтоосон.

Үүний үндсэн дээр 14 дүгээр хорооны Засаг даргаар цохолт хийлгэж хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлж Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүсэлтээ өгсний дагуу 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 15 тоот захирамжаар 356 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрчилгээ олгосон. Улмаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуульд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж, нийслэлийн газрын албанд өгч нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжаар уг газрыг надад өмчлүүлэх шийдвэр гарч өөрийн өмчлөлд авсан.

Миний бие амьдралын шаардлагаар 2011 оны 07 дугаар сард С.М*******эд өмчлөлөө шилжүүлсэн. Тухайн газрыг 2010 онд анх авахад болон 2011 онд С.М*******эд шилжүүлэхэд хоосон газар байсан.

Мөн Ч.Ч миний бие хэн нэгэн хүний нэрийг хуурамчаар ашигласан зүйлгүй, хууль журмын дагуу авсныг холбогдох бичиг баримтууд нотолно. Иймд энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Ч.Чгаас 2011 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Алтайн 23 дугаар гудамжны 7г тоот хашааг худалдан аван бөгөөд худалдаж авахад газрын гэрчилгээ болон бусад бичиг баримт нь хууль ёсны дагуу бүрэн байсан ба тухайн газар дээр айл хашаа хороо байгаагүй хоосон газар байсан. 2011 оны 10 дугаар сард тухайн худалдаж авсан газар дээр айл буусан байхаар нь эхнэр Н.Саруулын хамт очиж газар өмчлөх гэрчилгээ кадастрын зураг зэрэг холбогдох бичиг баримтаа үзүүлэн газар чөлөөлж өгөхийг хүсэхэд эрс эсэргүүцсэн. Тухайн үед очиход уг газар дээр нэг буланд нь жорлон ухсан, 2-3 машин шороо асгасан байдалтай байсан. Ингээд мөнгөний хэрэгцээ гарсан тул 2013 оны 08 дугаар сард Т.А*******д худалдсан болно.

Иймд хууль ёсны дагуу уг газар нь Т.А*******ын өмчлөлд шилжих ёстой гэж үзэж байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Т.А*******ын өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Алтайн 23 дугаар гудамж 7г тоот 356 м.кв газрыг иргэн Ч.Чд өмчлүүлэх шийдвэр гарсан байна. Уг шийдвэрийг 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ч.Ч нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу нотлох баримтын бүрдэл шаардлага хангасан тул Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар бүртгэл хийгдэн өмчлөх эрхийн ******* дугаарт бүртгэн өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээ олгосон байна. Улмаар 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 14 дугаартай нотариатын гэрчилсэн Бэлэглэлийн гэрээгээр Иргэний хуулийн 271, 276 дугаар заалтыг үндэслэн О.М*******эд өмчлөх эрх шилжигдэн бүртгэгдэн ******* тоот гэрчилгээ олгогдсон байна. Үүний дараагаар 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаартай нотариатын гэрчилсэн Худалдах худалдан авах гэрээгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дүгээр заалтыг үндэслэн иргэн Т.А*******д өмчлөх эрх шилжин бүртгэгдэж ******* тоот гэрчилгээ олгогдсон байна. Уг гэрээний хамт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 тоот тогтоолыг хавсарган хаягийн өөрчлөлтийн материалыг өгч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 1 дүгээр гудамжны 28 тоот гэсэн бүртгэлийг бүртгүүлсэн байна.

Т.Г******* нь Газрын алба болон холбогдох байгууллагад албан ёсоор энэ газрыг өмчлөх талаар хүсэлт гаргаж байгаагүй. Т.Г******* нь бусдын өмчлөлийн газар чөлөөлж өгөхгүй маш их хүндрэл учруулж байгаагаас Т.А******* нь хууль ёсны өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүртэл хохирч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Т.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Г******* шүүхэд хандаж Нийслэлийн засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи шаардлагаа нэмэгдүүлж ...анх Ч.Чд хууль зөрчиж газар олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийг хүчингүй болгох, уг хууль бус захирамжийг үндэслэн Ч.Чд газар өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж түүний үндсэн дээр Ч.Чгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгох, иргэн Ч.Чгаас С.М*******эд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсний үндсэн дээр олгогдсон С.М*******ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг хүчингүй болгох, С.М*******ээс Т.А*******д газар өмчлөх эрхийг худалдсаны үндсэн дээр олгогдсон Т.А*******ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, маргаж буй газрыг хууль ёсоор эзэмших боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2003 оноос эхэлж хороондоо бүртгэгдэж амьдарсан...газар эзэмших хүсэлтээ өгч байсан боловч үерийн аманд газар эзэмших эрх олгохгүй гэх шалтгаанаар миний хүсэлтийг хүлээж авдаггүй байсан атлаа Ч.Чд эзэмшүүлсэн нь хууль бус... 2006 оноос хойш удаа дараа шороо авчирч асгасаар тэр жалгыг тэгшилсэн гэж тодорхойлон маргаж байна.

Иргэн Ч.Ч 2010 оны 01 дүгээр сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандаж тус дүүргийн 14 дүгээр хорооны А*******г тоотод газар эзэмших хүсэлт гаргасныг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авч Иргэдийн санал, өргөдөл гомдлын хяналтын картад мөн өдрөөр огноолон  бүртгэлийн А/358 дугаарт Ч.Ч амины хашааны газар эзэмших эрх хүссэн гэж тэмдэглэн хүлээн авчээ.

            Уг хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар бүхий Иргэний амины хашааны газар эзэмших эрх олгох, амины хашааны газар эзэмших эрх шилжүүлэх, эрхийн хугацааг сунгах, талбайг өөрчилж баталгаажуулах тухай захирамжийн 1 дэх заалтаар 328 иргэний амины хашааны газар эзэмших эрх шинээр олгосныг 1 дүгээр хавсралтаар баталсан байх ба  уг хавсралтын 310-т мөн дүүргийн 14 дүгээр хороо, А*******г тоотод амины хашааны зориулалтаар 356 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн Ч.Чд эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр 2010 оны 4 дүгээр сарын 12-нд Гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших эрхийн 0286982 дугаар гэрчилгээ олгосон байна.

Үүний дараа буюу 2010 оны 4 дүгээр сарын 20-нд Ч.Ч уг газраа өмчилж авахыг хүсч өргөдөл гаргасныг үндэслэн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн, Нийслэлийн засаг даргын 321 дүгээр захирамжаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар тухайн газрыг 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн ******* дүгээрт бүртгэж Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг Ч.Чд олгосон, 2011 оны 7 дугаар сарын 18-нд Ч.Ч өөрийн өмчлөлийн дээрхи газрыг иргэн С.М*******эд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээр С.М*******эд 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ олгогдсон, С.М******* 2013 оны 8 дугаар сарын 19-нд иргэн Т.А*******тай Газар худалдан авах гэрээ байгуулж газраа 7,0 сая төгрөгөөр худалдсанаар маргаж буй газар болох Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, А*******г тоот амины хашааны зориулалттай 356 мкв газар нь Т.А*******ын өмчлөлд бүртгэлтэй байгаа үйл баримтууд тогтоогдов.

Харин нэхэмжлэгч Т.Г******* нь 2003 оноос эхэлж дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан, үерийн аманд газар эзэмшүүлэхгүй гэсэн хариу өгдөг байсан гэх боловч ийнхүү хүсэлт гаргасан нь баримтаар тогтоогдохгүй байхын дээр захиргааны байгууллага, албан тушаалтны татгалзсан үйлдлийг хууль бус болох талаар маргаан үүсгэж шийдвэрлүүлээгүй байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэн газар эзэмших хүсэлтийг хэрхэн гаргах, захиргааны байгууллага, албан тушаалтан хүлээн авч ямар ажиллагаа хийхийг нарийвчлан зохицуулсан ба хуулийн дээрхи заалтаас үзвэл газар эзэмших иргэний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн захиргааны байгууллага газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ёстой тул нэхэмжлэгч Т.Г*******оос газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаагүй асуудалд захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан...нэхэмжлэлийн дагуу...захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж зааснаас үзвэл маргаж буй захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд тухайн захиргааны актын талаар нэхэмжлэл гаргахаар байна.

Гэтэл нэхэмжлэгч Т.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн Ч.Чд холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид маргаж буй газрыг хууль ёсоор эзэмших эрх үүсээгүй байх тул гуравдагч этгээдүүдэд газар өмчлөх эрх олгосон захиргааны актын талаар нэхэмжлэгч маргах эрхгүй юм.

Нэгэнт нэхэмжлэгч уг газрыг эзэмших хууль ёсны эрхгүй тул ...2003 оноос хойш энэ газар дээр оршин сууж байгаа тул Иргэний хуулийн 105-р зүйлийн 105.1-д ...Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж зааснаар уг газрыг эзэмших эрхтэй гэж маргасан нэхэмжлэгчийн, хэргийн хамтран хариуцагч Сонгинохайрхан дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас үүнийг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлснийг тус тус  хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Ийнхүү нэхэмжлэгч Т.Г*******т газар эзэмших эрх олгосон ямар нэгэн шийдвэргүй атал бусдын өмчлөлийн газарт бууж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор  гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн хуулийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс тэдгээрийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсныг болон тэдэнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх итгэмжлэлээр олгогдоогүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г*******оос гаргасан Нийслэлийн засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 15 дугаар захирамжийн Ч.Чд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамж түүний үндсэн дээр олгогдсон Ч.Чгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг хүчингүй болгох, иргэн Ч.Чгаас С.М*******эд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсний үндсэн дээр олгогдсон С.М*******ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг хүчингүй болгох, С.М*******ээс Т.А*******д газар өмчлөх эрхийг худалдсаны үндсэн дээр олгогдсон Т.А*******ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгох, маргаж буй газрыг хууль ёсоор эзэмших боломжоор хангаж өгөх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН