Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/02084

 

Г.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02716 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Х, Ш.Б, Х.Э нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 61 388 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Д.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямсүрэн, хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь хариуцагч нартай 2017.06.14-ний өдөр зээл, барьцааны гэрээг бичгээр байгуулж, 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед 2017.12.14-ний өдөр гэрээг 18-н сарын хугацаагаар сунгасан. Зээлийн хүүг сар бүр төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч нь зээлдүүлэгчид  хүүг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлж, үндсэн зээл болох 40 000 000 төгрөгийг хугацааны эцэст төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нар нь 2019.05.15-ны өдрийг хүртэлх хүүг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа нь 2019.06.14-ний өдөр дууссан ба хариуцагч нараас гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Нийт 24 сарын хүү төлөх үүрэгтэйгээс хариуцагч нар 22 сарын хугацаанд 26 400 000 төгрөг төлсөн. Хариуцагч 23 дахь сарын хүүг төлснийг зөвшөөрч байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 40 000 000 төгрөг, сүүлийн нэг сарын хүү 1 200 000 төгрөг, алданги 20 188 000 төгрөг, нийт 61 388 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 32 дугаар байр, 119 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Х, Ш.Б, Х.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Атай 2017.06.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний дагуу сар болгон зээлийн хүүгээ тогтмол төлж байсан. Үндсэн зээл  40 000 000 төгрөгийг төлж барагдуулна. Харин хугацаа хэтрүүлсний алданги гэх 20 188 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 03 сарын 23-ны өдөр буюу хагас сайн өдөр гэрт ирж гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөх хугацааг сунгаж байгаа гэж тайлбарласан. Гэтэл тухайн сунгалтын гэх гэрээн дээр өмнөх он сар өдөр тавьсан байсныг анзаараагүй. Зээлээс нийт 26 400 000 төгрөгийг төлсөн. Хүү болон үндсэн төлбөртөө төлж байгаа гэж ойлгосон. Анхны гэрээгээ зургаан сарын хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд зээлийн хүүг тогтмол төлсөн. Хүү болон үндсэн зээлийг төлж байгаа гэж бодсон боловч нэхэмжлэгч үндсэн зээлээс огт хасаагүй. Хүүд 7 200 000 төгрөгийг төлж үлдэх 19 200 000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн гэж үзэж байгаа. Нэмэлт гэрээ гэдэг нь гэрээний гол нөхцөл дурдагдаагүй учраас хүчингүй. Иймд 2017 оны 12 сараас хойш төлсөн 19 200 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заасныг баримтлан хариуцагч Д.Х, Ш.Б, Х.Э нараас 61 388 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.Х, Ш.Б, Х.Э нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр, 119 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007919 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 535 180 төгрөгөөс 535 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 90 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Д.Х, Ш.Б, Х.Э нараас 535 090 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч нарын тайлбарыг бүрэн хянаагүй. Нэхэмжлэгч нь  хариуцагч нарыг төөрөгдүүлж гэрээний хугацааг сунгаж төлбөрийг нэмэгдүүлсэн. Шүүх хугацаа сунгагдсан гэж үзээд гэрээний хугацааг 24 сар гэж тооцсонд гомдолтой.Хугацааг сунгасан гэх баримт нь ямар зээлийн гэрээний хугацааг сунгаж байгаа нь тодорхойгүй, хүчин төгөлдөр бус гэрээ.Зээлийн төлөлтийг хүү болон зээл гэж хийсэн байдаг.Нийт 23 удаа төлөлт хийсний 11 удаагийн гүйлгээ нь зээл төлөлт гэж төлөгдсөнийг шүүх буруу үнэлсэн. Зээлдэгч нар гарын үсгээ зурсан тул хүчин төгөлдөр гэж үзэн энэхүү гэрээг яг хэзээ үйлдэгдсэнийг тодруулаагүй хэний санаачлагаар хаана хийгдсэнийг нягтлаагүй. Үндсэн гэрээний хугацаа дууссанаас хойш хийгдсэн, хэдийд үйлдэгдсэн ямар гэрээг сунгаж байгаа нь тодорхойгүй өмнө байгуулсан зээлийн гэрээний огноо дугаар зөрүүтэй. Зээл, барьцааны нэмэлт гэрээг шүүх нягталж гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шалгаагүйд гомдолтой. Мөн барьцааны нэмэлт гэрээнд талуудын оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заагаагүй, Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нотариатаар гэрчлүүлээгүй үйлдэгдсэн бөгөөд хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэлийг шүүх хуульд заасан журмын дагуу үнэлээгүйд гомдолтой байна. Шүүх алданги тооцохдоо 2019 оны 06 сарын 15-ны өдрөөс эхэлж, 2019 оны 09 сарын 23-ны өдөр хүртэл 100 өдрийн алданги шаардах эрхтэй гэж тооцоолон 100 хоногт 20 600 000 төгрөг байх боловч нэхэмжлэгч алдангид 20 188 000 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 20 188 000 төгрөгийг үнэлсэн байдаг Гэвч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр нь 2019 оны 09 сарын 23-ны өдөр бус 2019 оны 09 сарын 20 өдөр байдаг бөгөөд, 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс эхэлж, 2019 оны 09 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцоолоход хуанлийн хоногоор 97 өдөр буюу 19 982 000 төгрөг болж байна. Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу бодож 70 200 төгрөгийг илүү тооцоолсон. Иймд зээлийн болон барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус болгож, зээлээс 20 400 000 төгрөгийг хасчтооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, талууд бүрэн мэтгэлцсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Д.Х, Ш.Б, Х.Э нарт холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 40 000 000 төгрөг, хүү 1 200 000 төгрөг, алдангид 20 188 000 төгрөг нийт 61 388 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 22, 66/

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 40 000 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сар бүр 3 хувийн хүүтэй зээлэхээр, зээлийг эгүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201007919 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр, 119 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсанд маргаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Мөн дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь 26 400 000 төгрөг төлсөнд талууд маргаагүй. /хх-8-11/

 

Талууд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл зээл, барьцааны гэрээг сунгаж нэмэлт гэрээ байгуулсан эсэх, уг гэрээгээр зээлдүүлэгч хүү, анз тооцох эрхтэй эсэхэд маргаж байна. /хх-1-2, 63-70/

 

Зохигчид дээрх нэмэлт гэрээг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулаагүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш байгуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэх бөгөөд талууд гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр дуусгавар болгохоор гэрээний гол нөхцөл талаар харилцан тохиролцсон байна. Гэрээний хугацаа нь гол нөхцөл болгож тохиролцсон хугацаагаар Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон он сар өдрөөр дуусгавар болох бөгөөд мөн оны тухайн сар, өдөр сунгах тухай асуудал үүсэх юм. Харин нэгэнт хугацаа дууссан гэрээнд гэрээний хугацааг сунгах тухай ойлголт байж болохгүй юм. /хх-8/

 

Нэгэнт 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж зээлдэгч нар мөнгөн хөрөнгө 40 000 000 төгрөгийг  өмчлөлдөө шилжүүлэн авсан, гэрээгээр алданги төлөхөөр харилцан тохиролцсон, уг гэрээний хугацаа дууссан,  26 400 000 төгрөгийг буцааж төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. Мөн талууд гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас хүү, анз төлөхийг шаардах эрхтэй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн хариуцагч нар нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд биелүүлээгүй тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар анз төлөх үүрэгтэй юм.

 

Иймд гэрээгээр хариуцагч нарын хүлээсэн нийт үүргийг тооцож үзвэл зээл 40 000 000 төгрөг, хүү 7 200 000 төгрөг /1 200 000х6=7 200 000/, нийт 47 200 000 төгрөг болж байна. Үүнээс хариуцагч нарын төлсөн төлбөр болох 26 400 000 төгрөгийг хасч, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож нэмэгдүүлбэл 31 200 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /47 200 000-26 400 000= 20 800 000, 20 800 000:2= 10 400 000, 20 800 000+10 400 000=31 200 000/

 

Нэгэнт хугацаа дуусаад өнгөрсөн гэрээний хувьд хугацаа сунгах тухай ойлголт байхгүйгээс гадна Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр хэлцэл хийсэн гэж үзэх юм. Хэргийн баримтаас үзэхэд барьцааны гэрээнд нэмэлт орж байна гэсэн атлаа бүртгүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг зөрчсөн гэж гомдсон хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02716 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “61 388 000” гэснийг “31 200 000” гэж, 3 дах заалтын “535 090” гэснийг “384 150” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД