Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2019/02716

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 24 өдөр

        Дугаар 184/ШШ2019/02716

                     Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... тоот хаягт оршин суух, У- овогт Н-ын А- /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... тоот хаягт оршин суух, О- овогт Д-ын Х- /РД:.../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... тоот хаягт оршин суух, О- овогт Ш-ын Б- /РД:.../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... тоот хаягт оршин суух, О- овогт Х-ын Э- /РД:.../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 61,388,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-, хариуцагч Ш.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Д.Х-, хариуцагч Х.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.А- нь хариуцагч нартай 2017 оны 06 сарын 14-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусах үед 2017 оны 12 сарын 14-ний өдөр гэрээг 18-н сарын хугацаагаар сунгасан байдаг. Зээлийн хүүг сар бүр тогтмол төлөхөөр тохиролцоод төлөөд явж байсан. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлийн хүүг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлж, үндсэн зээл болох 40,000,000 төгрөгийг хугацааны эцэст төлнө гэж тохиролцсон байгаа. Хариуцагч нар нь 2019 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэлх хүүг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 06 сарын 14-ний өдөр дууссан ба хариуцагч нараас гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй учраас шүүхэд хандсан. Нийт 24 сарын хүү төлөх үүрэгтэйгээс хариуцагч нар 22 сарын хугацаанд 26,400,000 төгрөг төлсөн. Хариуцагч 23 дахь сарын хүүг бэлнээр төлсөн гэж тайлбарлаж байгааг баримтгүй хэдий ч зөвшөөрч байна. Ингээд сүүлийн 24 дэх сарын хүү төлөгдөөгүй гэж үзэж болно. Иймд хариуцагч Д.Х-, Ш.Б-, Х.Э- нараас үндсэн зээл 40,000,000 төгрөг, сүүлийн нэг сарын хүү 1,200,000 төгрөг, алданги 20,188,000 төгрөг, нийт 61,388,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Х-, Ш.Б-, Х.Э- нар шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: “Зээлдэгч Г.А-тай 2017 оны 06 сарын 14-ний өдөр аав, ээж бид гурав зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний дагуу сар болгон зээлийн хүүгээ тогтмол төлж байсан. Г.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу үндсэн зээл болох 40,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Харин хугацаа хэтрүүлсний алданги гэх 20,188,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хариуцагч Ш.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Д.Х- шүүх хуралдаанд гаргасан  хариу тайлбартаа: “...Бид яагаад зээл авах болсон гэхээр манай хүү Х.Э-ын найз н.Г-а гэдэг залуу ТЭЦ-4 станцаас тендерийн эрх авах гэж байгаа гэж бидэнд танилцуулсан. Ингээд эхний ээлжид 40,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж бидэнд хэлсэн. Бид хүүхэд маань амьдралаа дээшлүүлэх гэж байгаа юм байна гэж итгэж зээл авах асуудал эхэлсэн юм. Тухайн зээлийг авах гээд явж байх үед н.Г-а гэдэг залуу нь бидэнтэй хамт зээлийн гэрээн дээр гарын үсэг зурах байсан боловч иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх байгаагүй учраас зээлийн гэрээнд оролцож чадалгүй үлдсэн юм. Ингээд Г.А-аас 40,000,000 төгрөгийг зээлсэн юм. Миний бодлоор н.Г-ыг зориуд зээлийн гэрээнд оролцохгүй үлдэх сонирхолтой байсан гэж бодож байгаа. н.Б- бид хоёр зээлийг хугацаандаа төлж байгаа эсэхийг хүүгээсээ байнга асуудаг байсан. Би зээлээ төлөөд явж байгаа гэдэг ойлголттой явж байсан. Би энэ сүүлд хийсэн гэрээ гэдэг зүйлийг ойлгохгүй байгаа. Мөн үүнийг бидний хүсэлтээр гэж хэлээд байгаа юм. Гэтэл бид үүнийг хүсээгүй. Манай гэрт ирсэн өдөр нь 2019 оны 03 сарын 23-ны өдөр буюу хагас сайн өдөр ирсэн. Ингээд гарын үсэг зуруулах гэж явна гэхээр нь бид сандраад гарын үсгээ зурчихсан. Би түүнийг нь гэрээ биш гэж ойлгож байгаа. Нэг хуудас цаасан дээр л хэдэн мөр бичсэн байгаа юм. Би нотариатаар орно гэхэд шаардлага байхгүй би та нарт элэгсэг хандаж байгаа учраас хугацааг чинь сунгаж байгаа юм гэж тайлбарлахад нь бид тайвширсан юм. Гэтэл тухайн сунгалтын гэдэг гэрээн дээр манай гэрт ирж гарын үсэг зуруулсан он сараар биш өмнөх он сар өдөр тавьсан байсныг нь бид анзаараагүй юм. Бид зээлж авсан 40,000,000 төгрөгөөс нийт 26,400,000 төгрөгийг төлсөн. Би ойлгохдоо хүү болон үндсэн төлбөртөө төлж байгаа гэж ойлгож байсан. Би зөвхөн хүү төлөөд байгаа гэдгээ мэдээгүй. Хариуцагч Ш.Б-гийн тайлбар нь надтай адилхан байгаа” гэжээ.

 

Хариуцагч Х.Э- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би хүчний спортоор хичээллэдэг хүн байгаа юм. Би уг спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа. Би Азийн аварга болж байсан. Сүүлийн хэдэн жил би фитнессийн багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Үүнийг хэлж байгаа учир нь найз н.Г-а маань хамтран миний олон жилийн туршлага болон багш, дасгалжуулагч хийж байгаа туршлагыг үндэслээд фитнесс клуб нээхээр ярилцсан юм. Ингэхдээ н.Г-а нь хөрөнгө гаргаж би хувьцаа эзэмшигчээр оролцох байсан. н.Г-а нь Дулааны цахилгаан станцаас тендерийн гэрээ авсан гэж бидэнд ирж үзүүлсэн. Ингэхдээ энэ ажлыг хийж дууссаны дараагаар санхүүжилт нь орно, урьдчилгаа байхгүй учраас өөрсдөө мөнгөө олж хийх юм. Энэ ажлыг хийсний дараагаар фитнесс клубээ нээж хамтарч ажиллах санал тавьж намайг байраа барьцаанд тавих санал гаргасан. н.Г-ын өөрийнх нь байр нь 8 хувийн зээлийн барьцаанд байсан юм. Ингээд би аав, ээжтэйгээ ярилцаж байгаад байраа барьцаанд тавьж 40,000,000 төгрөгийг Г.А-аас зээлэхээр болж 2017 оны 06 сарын 14-ний өдөр уулзсан юм. Тухайн үед Г.А- болон бид н.Г-ыг зээлийн гэрээнд оролцуулна гэж ярьж байсан боловч гэрээ байгуулах өдөр н.Г-а нь бичиг баримтгүй явж байсан учраас аав, ээж бид гурав зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан юм. Ингэж зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлсэн 40,000,000 төгрөг нь хоёр хуваагдаж миний Хаан банкны данс руу орсон. Бид өмнө нь байраа 5,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан ба Г.А-д барьцаалахын тулд хүнээс уг мөнгийг авч байраа чөлөөлсөн байсан. Ингээд 5,000,000 төгрөгийг буцааж нөгөө зээл чөлөөлж өгсөн хүндээ өгсөн. Ингээд 5,000,000 төгрөгийг нь өөр бусад хэрэгцээнд зарцуулсан. Ингээд 30,000,000 төгрөгийг н.Г-ад өгсөн. Ингэж өгөхдөө тухайн үед итгээд ямар нэгэн гэрээ хийхгүйгээр амаар тохиролцож өгсөн байдаг. Тухайн үед н.Г-а нь зээлийн хүүний төлөлтийг чинь хийж байгаад санхүүжилт ороод ирэхээр байрыг чинь суллаад өгнө гэж хэлж байсан. Тухайн үед би найздаа итгэж байсан учраас ямар нэгэн гэрээ хийлгүйгээр 30,000,000 төгрөгийг өгсөн. Бид анхны гэрээгээ зургаан сарын хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд зээлийн хүүг н.Г-а тогтмол төлж явж байсан. Заримдаа н.Г-а нь өөрийн дансаар заримдаа миний дансаар дамжуулан хийж байсан. Ингээд 2017 оны 06 сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 сарын 14-ний өдрийн хооронд буюу 24 сарын хугацаанд нийт 26,400,000 төгрөгийг төлсөн байгаа. Энэ хугацаанд нийт 23 удаагийн төлөлт хийсэн боловч баримтаас харахад 22 удаагийн төлөлтийг хийсэн харагдаж байгаа юм. Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа мөнгө нь үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, дээр нь алданги 20,188,000 төгрөг болон энэ хугацаанд миний төлсөн 26,400,000 төгрөг гэж тооцож үзэхээр нийтдээ 80 гаруй сая төгрөгийг авах гэж үзээд байгаа юм. Би өнгөрсөн хугацаанд хүү болон үндсэн зээлийг төлөөд явж байгаа гэж бодсон боловч нэхэмжлэгч талаас үндсэн зээлээс огт хасаагүй байна. Миний тооцсоноор хүүнд 7,200,000 төгрөгийг төлж үлдэх 19,200,000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч манай гэрт ирээд үүн дээр гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь бид сандарч балмагдаад гарын үсэг зурсан. Бид нотариатаар орох шаардлага байгаа юу гэхэд байхгүй та нар гарын үсэг зурахад л болно гэж хэлж байсан. Ингээд бид гарын үсэг зураад явуулсан. Гэтэл дараа нь бид он сар өдөр нь өөр буюу 2017 оны 12 сарын 14-ний өдрөөр бичигдсэн гэдгийг шүүхэд ирээд мэдсэн. Тухайн нэмэлт гэрээ гэдэг нь агуулгын хувьд ойлгомжгүй, гэрээний гол нөхцөл дурдагдаагүй учраас гэрээг хүчингүй гэж үзэж байгаа. Ийм учраас 2017 оны 12 сараас хойш төлсөн 19,200,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцож өгнө үү гэж хүсэж байгаа юм. Миний хувьд өөрөө ашиглаагүй найздаа өгсөн мөнгөнөөс болж ар гэрээ ийм асуудалд оруулсандаа их харамсаж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                             

ҮНДЭСЛЭХ нь:

 Г.А- нь хариуцагч Д.Х-, Ш.Б-, Х.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,388,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.

 

Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд  нь  хангаж  шийдвэрлэх

хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч    нэхэмжлэлийн    шаардлагын    үндэслэлээ  “...талуудын хооронд 2017 оны 06 сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан тул үндсэн зээл 40,000,000 төгрөг, сүүлийн 1 сарын хүү 1,200,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 20,188,000 төгрөг, нийт 61,388,000 төгрөгийг зээлдэгч Д.Х-, Ш.Б-, Х.Э- нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна...” хэмээн тодорхойлсон байна. 

 

Хариуцагч нар нь үндсэн зээл 40,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдангид шаардсан 20,188,000 төгрөгийг зөвшөөрөхгүй тухай тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан боловч шүүх хуралдаанд “...нийт 26,400,000 төгрөг төлснөөс хүүнд 7,200,000 төгрөгийг төлж үлдэх 19,200,000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн, тиймээс үндсэн зээлээс 19,200,000 төгрөгийг хасаж тооцуулан, үлдэгдлийг төлнө...” гэж маргав.

 

Талууд 2017 оны 06 сарын 14-ний өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан, 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2017 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл, сарын 3 хувийн хүүтэйгээр хариуцагч Д.Х-, Ш.Б-, Х.Э- нарт зээлдүүлсэн ба зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, .... тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-8-13х/

 

Хариуцагч нар нь Г.А-аас 40,000,000 төгрөгийг зээлсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, зээлийн болон барьцааны гэрээ, хариуцагч Х.Э-ын мөнгө хүлээн авсан дансны хуулга зэргээр нотлогдож байх ба хариуцагч нар зээлсэн мөнгөний үнийн дүнгийн талаар маргаагүй. /хх-22,27,28х/

 

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Г.А-д Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн тул зээлдэгч Д.Х-, Ш.Б-, Х.Э- нараас зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан “2017 оны 06 сарын 14-ний өдрийн зээлийн болон барьцааны нэмэлт гэрээ” гэх баримтад хариуцагч нар гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаагүй боловч тухайн нэмэлт гэрээг 2017 оны 12 сарын 14-ний өдөр байгуулаагүй, 2019 оны 03 сарын 23-ны өдөр буюу хагас сайн өдөр гэрээнд гарын үсэг зурсан, уг нэмэлт гэрээ гэх баримтыг хүлээн зөвшөөрөхгүй тул зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй хэмээн маргах боловч хариуцагч нарын энэхүү татгалзал баримтаар нотлогдоогүй болно. /хх-13х/

 

Тиймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ 18 сарын хугацаагаар сунгагдаж, зээлийн гэрээний хугацаа нийт 24 сар болсон гэж үзнэ.

 

Хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар, мөн хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан хариуцагч Х.Э-ын бичгээр ирүүлсэн “2017 оны 06 сарын 14-ний өдөр хийсэн зээлийн гэрээний 40.000.000 төгрөгийн хүүгийн тооцоо” гэх гарчиг бүхий баримт, мөн Х.Э-ын Хаан банк дахь .... тоот дансны хуулга,  Б.Г-ын Худалдаа хөгжлийн банк дахь ...., .... тоот дансны хуулга зэргээр “...Э-оос зээлийн хүү...” гэсэн утгатайгаар тогтмол 1,200,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг хийжээ. Нийт 26,400,000 төгрөгийг дансаар, 1,200,000 төгрөгийг бэлнээр төлсөн, уг мөнгийг зээлдэгч хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаангүй бөгөөд хариуцагч нарын “...нийт төлсөн 26,400,000 төгрөгийн 7,200,000 төгрөгийг хүүнд төлж, үлдэх 19,200,000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн тул үндсэн зээлээс  хасаж тооцуулах...” тухай тайлбар дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байгаа тул зээлдэгч нарын төлсөн 26,400,000 төгрөгийг 23 сарын зээлийн хүүнд төлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. /хх-22,27,28-48/

 

Зээлийн болон барьцааны гэрээ 2017 оны 06 сарын 14-ний өдөр байгуулагдсан байх боловч зээлийн 40,000,000 төгрөгийг 2017 оны 06 сарын 15-ны өдөр хариуцагч Х.Э-ын Хаан банк дахь .... тоот дансанд 20,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр зээлдэгчээс шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацааг 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс эхэлж 2019 оны 06 сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон гэж тооцох нь зүйтэй.

 

Зээлдэгч үндсэн зээлд 40,000,000 төгрөг, 24 дэх сарын хүү 1,200,000 төгрөг, 98 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид хоног тутамд 0,5 хувиар тооцож 20,188,000 төгрөг, нийт 61,388,000 төгрөг шаардсан ба зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үндсэн үүрэг 41,200,000 төгрөг болно. Зээлийн гэрээний хугацаа дээр дурдсанаар 2019 оны 06 сарын 15-ны өдөр дуусгавар болсон тул алдангийг мөн өдрөөс 2019 оны 09 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцоход хуанлийн хоногоор 100 өдрийн алданги шаардах эрхтэй байна. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.7-д анзын хэмжээг хоног тутамд 0,5 хувиар тооцохоор тохиролцсон. Тиймээс гүйцэтгээгүй үүрэг 41,200,000 төгрөгийн 0,5 хувийн алданги нь хоногт 206,000 төгрөг байх ба 100 хоногт 20,600,000 төгрөг байх боловч нэхэмжлэгч алдангид 20,188,000 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг, алдангид 20,188,000 төгрөг, нийт 61,388,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгох хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Д.Х-, Ш.Б-, Х.Э- нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох .... тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-....  дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 535,180 төгрөгөөс 535,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 90 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 535,090 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заасныг баримтлан хариуцагч Д.Х-, Ш.Б-, Х.Э- нараас 61,388,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.Х-, Ш.Б-, Х.Э- нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох .... тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-....  дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 535,180 төгрөгөөс 535,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 90 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Д.Х-, Ш.Б-, Х.Э- нараас 535,090 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ