Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2016/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Зоригтбаатар, шүүгч Ц.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмид, иргэдийн төлөөлөгч Б.Уртнасан, нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд холбогдуулан гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож албан тушаал, ажлын байрны орон тоогоор хангахыг даалгах, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Миний бие Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны төрийн сангийн төлбөр тоооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр 2 жил буюу улсад 30 дахь жилдээ ажиллаж байна.

Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/96 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан зарим албан хаагчийн албан тушаал, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэснээр шилжүүлсэн юм. Гэтэл
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/182 тоот албан бичигт цомхотгосны тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгуулах асуудлыг зохих байгууллагад нь хандаж шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн.

Миний бие Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хандсан. 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 260755 дугаарын утсаар н.Энэбиш гэх хүн Улсын Их Хурлын Байнгын хорооны 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хариу өгч байгаа urgudul.mn хаягт хандаж тогтоолыг авах мэдээлэл өгснөөр 10 дугаар тогтоолоор хариу авсан гэж үзэж байна.

Ажлын байраар хангуулахаар Төрийн албаны зөвлөлд хандаж 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 286 тоот, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ХЭГ/143 тоотоор тус тус хариу авсан зэргээр цөхрөлтгүй явлаа. Эцэст нь эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам өнөөдрийг хүртэл намайг ажлаас халсан орон тооны цомхотголд оруулсан эсэх талаар албан ёсны тушаал гаргаагүй, мөн ямар учраас ажлаар хангахгүй байгаа талаарх хууль зүйн үндэслэлтэй тушаалгүй тул Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас өөрийн ажиллаж байсан албан тушаал, орон тоотойгоо очсон гэж үзэж байна.

Иймд намайг ажлын байраар хангахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсак ажил, албан тушаалд томилохыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд даалгуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: ...Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 382 дугаар тогтоолын дагуу яам бүтэц, зохион байгуулалт, ажлын байрыг шинэчлэн баталж, албан хаагчдаа томилон ажиллуулж байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучнаар/ татан буугдсантай холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга 2014 оны "Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай" Б/96 тоот тушаал гарган тус яамны нийт 18 ажилтныг Боловсрол, Соёл, шинжлэх ухааны яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2014 оны ХЭГ/2027 тоот, Сангийн яамны 2014 оны 4-3/261, 4-3/6888 тоот албан бичигт зааснаар тус яам нийт 12 албан хаагчийг ажилд томилох шийдвэр гарсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шинэчилсэн ажлын байранд соёл, урлагийн салбарын төрийн сангийн үйлчилгээг тусгайлан хариуцсан орон гоо батлагдаагүй. Энэхүү чиг үүргийг өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан мэргэжилтний ажлын чиг үүрэгт нэмж хариуцуулахаар шийдвэрлэсэн. Иймд иргэн Д.Мөнхцэцэгийг ажилд томилох боломжгүй бөгөөд бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан гэсэн үг юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучнаар/-наас шилжин ирж бүтцийн өөрчлөлтед орсон албан хаагчдад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Зардал гаргах тухай Б/16 тоот тушаалаар холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохих тэтгэмжийг олгосон болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ажилд авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаал, ажлын байрны орон тоогоор хангахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор яамдын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамыг татан буулгаж, түүний зарим чиг үүргийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд шилжүүлжээ. Үүнтэй холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/96 дугаар бүхий Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалаар албан тушаал, чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа албан хаагчдын нэрсийг тушаалын 2 дугаар хавсралтаар баталж Боловсрол, Соёл, шинжлэх ухааны яаманд шилжүүлсний дотор төрийн сангийн мэргэжилтэн Д.Мөнхцэцэг багтсан байна.

Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамыг татан буулгах комиссын даргад ирүүлсэн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/182 дугаар албан бичигт тус яаманд шилжин ажиллуулахаар ирүүлсэн 18 иргэний 9 иргэнийг холбогдох албан тушаалд томилж Д.Мөнхцэцэг нарын 9 иргэнийг томилолгүйгээр ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсоны тэтгэмж олгуулах асуудлыг зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэх талаар дурджээ.

Нэхэмжлэгч, ажлын байрны орон тоогоор хангахгүй байгаа Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны үйлдлийг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ ...миний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа...ажлаас халсан эсхүл орон тооны цомхотголд оруулсан талаар албан ёсны тушаал гаргаагүй атлаа ажлын байраар хангахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй... хэмээн тодорхойлж маргасан ба хариуцагч ...төрийн сангийн үйлчилгээг тусгайлан хариуцсан ажилтны орон тоо батлагдаагүй...бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан... гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байсан төрийн албан хаагчийг  мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжийг олгосны дагуу Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас Д.Мөнхцэцэгийг Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны яаманд цалингийн сангийн хамт шилжүүлсэн байхад Д.Мөнхцэцэгийг ажил албан тушаалд томилоогүй нь хууль бус, өөрөөр хэлбэл Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам нь Д.Мөнхцэцэгийг ажлаар хангах үүрэгтэй нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Д.Мөнхцэцэгийг төрийн албанаас түр чөлөөлөх эсхүл халах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар Зардал гаргах тухай тушаалаар буцалтгүй тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Д.Мөнхцэцэгийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил, албан тушаалд томилж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинтай тэнцэх олговрыг түүнд өмнө нь олгосон тэтгэмжийг хассан дүнгээр тооцож олгохыг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундраа нь 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 40 минутанд товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 цаг 40 минутанд товлогдсон шүүх хуралдааны товыг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр түүний 9909-2660 дугаарын утсанд 91071015 дугаарын утсаар мэдэгдсэн боловч 2 дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчээс түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Мөнхцэцэгийг ажил албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд томилохыг хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд даалгасугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Мөнхцэцэгийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд шилжүүлсэн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлхи ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг өмнө олгосон тэтгэмжийг хассан дүнгээр тооцон олгохыг хариуцагчид даалгасугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН

                             ШҮҮГЧ                           Д.ЗОРИГТБААТАР

                                                                        Ц.МӨНХЗУЛ