| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2015/0482/З |
| Дугаар | 128/ШШ2016/0025 |
| Огноо | 2016-01-08 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2016/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтулга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхөө нарыг оролцуулан Бумбод ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан тендерийг дахин зарлахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бумбод ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-15/0004 дугаартай "Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажил"-ын тендерт оролцсон. Уг тендерийн материалд 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж 'Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын цахим системээс шүүлгэн 1/185 дугаартай өр төлбөргүй гэсэн албан бичгийг тендерийн материалд хавсарган явуулсан.
Тус тендерийн үнэлгээний хороонд "Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 8/594 тоот албан бичигт манай компанийг нийгмийн даатгалын шимтгэлийн 96767956 төгрөгийн өртэй гэсэн худал мэдээлэл өгч тендерт шалгарах боломжгүй гэж түдгэлзүүлсний улмаас манай компанид тодорхой хэмжээний хохирол учирсан. Бумбод ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар саналаас татгалзах үндэслэлтэй гэж үзсэн. Уг асуудал нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороо ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, уг тендерийн хүчинтэй хугацаа болох 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж өр төлбөргүй гэж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тодорхойлж өгсөн байтал Бумбод ХХК-ны үнийн саналаас илт өндөр үнэлгээтэй "БСОФТ"ХХК-ийг шалгаруулсан нь тухайн тендерт хуйвалдсан байх магадлалтай тул тус тендерт ялсан компанийг түдгэлзүүлж, дахин шалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлдээ: .."Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах" ажлын тендерийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зарлаж, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээлт хийсэн. 22 аж ахуйн нэгж материал ирүүлсэн.
Үнэлгээ хийх явцад тендерт оролцогчдын нийгмийн даатгалын өр төлбөртэй эсэх болон ажиллах хүчний талаар мэдээллийг авахаар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3/243 тоот албан бичиг хүргүүлсэн. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 8/594 тоот албан бичгээр хариу мэдээлэл ирүүлсэн. Энэ албан бичгийн хавсралтад дурдсанаар нэхэмжлэгч тал болох Бумбод ХХК нь 967679,56 төгрөгийн эцсийн үлдэгдэлтэй байсан. Энэ тухай үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлийн эцсийн үлдэгдэлтэй бүх тендерт оролцогчдыг тендер шалгаруулалтаас хассан байна. 2015 оноос Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь тендерт оролцогчдыг нийгмийн даатгалын газраас тодорхойлолт авдгийг болиулж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулга авч байхаар шийдвэрлэсэн. Иймд тендерт оролцогчид харьяалагдах дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тодруулга авах шаардлагагүй болсон.
Мөн Бумбод ХХКний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан болох Амгаланбаатар овогтой Гантуяагийн хөдөлмөр хамгааллын зааварлагчийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 2014 оны 03 дуаар сарын 18-ны өдөр дууссан байсныг үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж, Амгаланбаатар овогтой Гантуяаг тухайн ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах эрхгүй болсон гэж үзсэн бөгөөд энэ нь тендерийн баримт ТОӨЗ-ны 5.2(в)-д заасан шаардлагыг хангаагүй тул тухайн тендерт шалгарах боломжгүй болсон байна. Шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах зөвлөмжийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн.
2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6/2913 тоот албан бичгээр Сангийн яамнаас Бумбод ХХК захиалагчийн шийдвэрт гомдол гаргасныг мэдэгдсэн. Холбогдох бүх баримт бичгийг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн ба Сангийн яам уг тендер шалгаруулалтыг хянан үзэж, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/3217 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Сангийн яамнаас Бумбод ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 цугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт "... даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сарын төлөх шимтгэлийг дараа сарын 5-ны дотор төлсөн байна. ... гэж тодорхой заасныг хангаагүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.2-т заасны дагуу татвар хураамж, төлбөрөө төлөөгүй байх тул танай компанийн саналаас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 -т заасны дагуу Сангийн яамны шийдвэр нь эцсийн шийдвэр тул 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байна гэжээ.
Гуравдагч этгээд БСофт ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар хууль зүйн үндэслэлдээ: ...Б-Софт ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан
Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр
татах ажил НХААГ-15/0004 тоот ажлын тендер шалгаруулалтын явц буюу 2015
оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тендер шалгаруулах 45 хоногийн хугацаанд
харъяалагдах Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст татварын өр төлбөргүй байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр татварын улсын байцаагчийн актаар 12272727 төгрөгийн өр тавигдсан. Үүнийг манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөерөхгүй байгаа учир Нийслэлийн татварын газарт хүчингүй болгуулахаар гомдол гаргасан хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа.
Манай байгууллагад ажилладаг Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан инженер Гэрэлбаатарын Мягмарсүрэн нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хугацаагүй Хөдөлмөр аюулгүй байдал Эрүүл ахуйн ажилтныг мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан.
Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр
татах ажлыг НХААГ-15/0004 тоот гэрээний дагуу 2015 оны 06 дугаар сараас 08 дугаар
сарын хугацаанд гүйцэтгэн байнгын ашиглалтанд хулээлгэн өгч, Байнгын
ашиглалтанд хүлээн авах комиссын акт баталгаажсан.
Манай байгууллагыг Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажлыг гүйцэтгэх явцад Захиалагч, Захиалагчийг төлөөлөн хяналт тавих байгууллага Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас ажил зогсоох тухай мэдэгдэл огт ирүүлээгүй болно. Иймээс Бумбод ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Бумбод ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-15/0004 дугаар бүхий Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажил-ын Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерийг дахин зарлахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн эхний шаардлагаа дэмжиж тендерийг дахин зарлахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Хэргийн материалд авагдсан, маргаан бүхий захиргааны акт болох Үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/-т Бумбод ХХК-ийг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 8/594 дүгээр албан тоотоор 976,679,56 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний хугацаа дууссан нь шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлүүдээр тус компанийн тендерээс татгалзжээ.
Нэхэмжлэгч уг захиргааны актыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ тендерийг нээх үед буюу 2015 оны 3 дугаар сарын 20-ний өдөр гэхэд манай компани нийгмийн даатгалын өр төлбөргүй болсон байхад энэ үндэслэлээр манай тендерээс татгалзсан нь хууль бус..хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний хугацааг сунгуулах боломжтой байхад үүнийг харгалзаж үзээгүй... гэж тодорхойлон маргаж байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо НХААГ-15/0004 дугаар бүхий Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажил-ын тендерийг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нээж улмаар 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/243 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тамгын газарт хандаж Бумбод ХХК болон нэр бүхий компаниудыг...2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалд өр төлбөртэй эсэх талаар мэдээлэл ирүүлэхийг хүсчээ.
Үүний хариуд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 8/504 дүгээр албан бичгээр Бумбод ХХК-ийг 2015 оны 2 дугаар сарын эцсийн үлдэгдлээр 967679,56 төгрөгийн өртэй гэж тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч компаниас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандаж 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргаснаар тус зөвлөлийн мөн оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар албан бичгээр хариу өгөхдөө ...2015 оны 2 дугаар сарын тайлангийн үлдэгдэл төлбөр болох 967700 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төлсөн...Бумбод ХХК нь 2015 оны 3 дугаар сарын эцсийн байдлаар Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болно гэжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9-д зааснаас үзвэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын асуудлаар иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл гомдлыг барагдуулах эрх хэмжээтэй байна.
Үүнээс үзвэл Бумбод ХХК нь 2015 оны 2 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр болох 976,679,56 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төлж барагдуулснаар тендер нээх өдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэхэд нийгмийн даатгалын өр төлбөргүй болсон нь тогтоогдож байх тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй гэсэн үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хууль бус гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Бумбод ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний хугацаа дуусгавар болсон гэх тухайд:
Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-ын (в) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан-1 байх, уг ажилтан нь мэргэжлээрээ ажилласан хугацаа хамаарахгүйгээр тухайн компанийн үндсэн ажилтан байх, нотлох баримт нь төгссөн сургуулийн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, мэргэшсэн инженерийн хувьд гэрчилгээ байх шаардлагыг тус тус тавьжээ. Үүний дагуу хүргүүлсэн тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан А.Гантуяагийн ХХЗ-09-33 дугаар гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон байх боловч энэ нь тухайн тендерээс татгалзах шууд үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл тухайн ажилтны мэргэжлээр ажилласан хугацааг тусгайлан шаардаагүйн дээр Тендерийн баримт бичгийн 30 дугаар зүйлийн а-е дэх хэсэгт заасан тухайн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлийн алинд ч хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бумбод ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын, НХААГ-15/0004 дугаар бүхий Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам шинээр татах ажил ын тендерийн Үнэлгээний хорооны Бумбод ХХК-ийн тухай дүгнэлтийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН