| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/03028/И |
| Дугаар | 101/ШШ2024/02009 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2024/02009
| 2024 04 15 | 101/ШШ2024/02009 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Маршал таун 102-6 тоотод оршин суух, Жинст Боржигин овогт Цагаанбандийн Б******* /иргэний бүртгэлийн дугаар 610177572547/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 76 дугаар байрны 26 тоотод оршин суух, Өндөр гомбо овогт Даваацэрэнгийн Б******* /регистрийн дугаар ЧТ79021774/-т холбогдох
13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр өөрийгөө гүний худаг өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Батзол дриллинг ХХК-ийн захирал гэх Д.Б******* гэгчтэй ******* дугаараар нь холбоо барин Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр Хирст сүүл гэдэг газар 10,000,000 төгрөгийн өртөгөөр гүний худаг гаргуулахаар амаар тохирон гүний худгийн цооног өрөмдүүлсэн. Гүний худаг өрөмдүүлэх явцад янз бүрийн шалтаг тоочин зардлаа нэмсээр нийт 13,000,000 төгрөг авсан боловч өрөмдөж өгсөн цооног нь шаардлага хангахгүй хангалттай ус гараагүй тул ашиглах боломжгүй байна. 2021 оны хавар очиж дахин доош өрөм тавьж ус гаргаж өгнө гэж амласан боловч одоог болтол гаргаж өгөөгүй, сүүлдээ утсаа авахаа байсан. Манайх бог малгүй, эхний худгийг 8-9 метр гүн рүү ухсан боловч булингартай шавартай ус гарсан учир больж 2 дахь худгийг ухсан. Эхний газраас трубаг намайг битгий ав гэсэн гэх юм, уг багажаа буцааж авах багажгүй байсан учир тэнд нь үлдээсэн. Худаг өрөмддөг компаниуд хангалттай штанктай явах ёстой байтал 98 метр яваад штанк хугарсан, тэгэхээр нь штанкыг сугалаад мотор тавьсан. Ер нь бол худаг ухдаг компани нь 1 цагт 2 тонн ус гарахаар тохиролцож хүлээлцдэг, худаг гаргуулах газрынхаа ерөнхий багцааг би хэлж өгнө, компани нь хайгуулын төмрөөр усны судлаа тогтоох ёстой байдаг юм. 2 дахь худгийн усыг 1 цаг гаруйн хугацаанд гоожуулсан гэж байна, гэхдээ намайг хоол идчихээд 15-20 минутын дараа ирэхэд ус сайн гоожиж байна гээд насос болон багажаа хураачихсан байсан. Тухайн үед шөнийн 12 цаг болж байхаар нь за яахав, шөнө орой болж байна, өлсөж цангаж байгаа байх гээд итгээд багажаа хураахыг нь зөвшөөрсөн юм. Миний зүгээс 300 ширхэг адуу услах цооног гаргуулах шаардлага тавьсан. Угаасаа худгийн шаардлага нь 1 цагт 2 тн ус гарч байх юм бол шаардлагад нийцнэ гэж үздэг. Сүүлд өгсөн худаг нь цагт 200 литр ус гараад, усгүй болчихдог, дахиад 2 штанк хийчих юм бол ундарга нь сайжрах гээд байна гэдгийг хэлсэн. Д.Б******* нь худгийг 2020 оны 9 сард ухаж өгсөн, дараа хавар нь буюу 2021 оны 4 дүгээр сард дулаараад ирэхэд нь насос тавихад 15 минут ус гараад дахин гарахгүй болчихсон, би тэгэхээр нь н.Ш******* руу яриад худгаас ус гарахгүй байна, дахиад 2 ширхэг штанк тавиад өгчих юм бол ус гарах гээд байна, энэ талаар Д.Б*******тай яриад өгөөч гэсэн за гэсэн. Тэгээд н.Ш над руу яриад Д.Б*******тай ярьчихсан, болно гэж байна гэсэн боловч тэрээр өдий болтол өрөмдөж өгөөгүй байна.
Иймд Д.Б*******аас уг цооногийг өрөмдүүлэхэд төлсөн 13,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ: ...Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр Хирст сүүл гэдэг газар 10,000,000 төгрөгийн өртөгөөр гүний худаг гаргуулахаар амаар тохирон гүний худгийн цооног өрөмдүүлсэн. Гүний худаг өрөмдүүлэх явцад янз бүрийн шалтаг тоочин зардлаа нэмсээр 13,000,000 төгрөг авсан боловч өрөмдөж өгсөн цооног нь шаардлага хангахгүй хангалттай ус гараагүй тул ашиглах боломжгүй байна... гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй зүйл бичсэн байгаад ихэд харамсаж байна. Нэхэмжлэгч Ц.Б******* нь Д.Б*******тай утсаар холбогдож гүний худаг гаргуулах гэсэн юмаа гэх хүсэлтийг нь хүлээн авч харилцан тохиролцож 10,000,000 төгрөгөөр нэг гүний худгийн цооног өрөмдүүлэх ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Гүний худгийн цооног өрөмдөхөд тухайн нутаг орны онцлог усны судлаа харж байгаад харилцан тохиролцож цооног өрөмдөх газраа сонгодог. Улмаар нэхэмжлэгч Ц.Б*******ын сонгосон газарт 110 метр өрөмдлөг хийсэн бөгөөд бидний тохиролцоо зөвхөн нэг л өрөмдлөг хийх тохиролцоо байсан боловч тус цооног нь 20 минут ус гараад тасалдаж дахин хэсэг хугацаанд амрааж татахад ус гарч байсан тул нэхэмжлэгч нь дахин өөр газарт өрөмдүүлье энэ худгийг цөөхөн бог мал услахад боломжтой юм байна гээд дахин өөр газар 90 метр өрөмдлөг хийхэд тус цооногоос ус хангалттай гарсан. Бидний анхны тохиролцоо зөвхөн нэг л өрөмдлөг хийх байсан бөгөөд тухайн ажлын хөлс нь 10,000,000 төгрөг, харин нэхэмжлэгчийн хүсэлт гуйлтаар дахин өрөмдлөг хийсэн. Сүүлийн өрөмдлөг хийхэд ажлын хөлс багтаагүй шатахууны болон тухайн цооногт хийсэн турбо гэх мэт зардлыг төлсөн. Бидний хийсэн хоёр дахь өрөмдлөг нь хангалттай устай, ашиглах бүрэн боломжтой гүний худгийн цооногийг нэхэмжлэгчид өөрт нь хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2021 оны хавар очиж дахин доош өрөм тавьж ус гаргаж өгнө гэж амласан гэж ор үндэслэлгүй зүйл бичсэн байгаад гайхаж байгаа бөгөөд дахин өрөм тавих талаар амласан зүйл огт байхгүй. Хариуцагч Д.Б******* нь аман тохиролцооны дагуу ашиглах бүрэн боломжтой гүний худгийн цооногийг Ц.Б*******т хүлээлгэж өгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Худгийг түүнд хүлээлгэн өгч, тэрээр төлбөр төлсөн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасан. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй, 1 цагт 2 тонн ус гарах худаг ухаж өгнө гэж тохиролцоогүй, хэрэв гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан бол мэдэгдэх ёстой, гэтэл ийнхүү мэдэгдсэн зүйл огт байхгүй. Ер нь бол Ц.Б*******, Д.Б******* нар хоорондоо огт уулзаж байгаагүй, н.Ш гэдэг хүнээр дамжуулж хэлэхэд Д.Б*******ыг дахин өрөм тавьж ус гаргаж өгнө гэж амалсан гэх боловч үүнийг нотолсон баримт байхгүй байна. Д.Б******* нь Батзол дриллинг ХХК-ийн захирал, уг компани нь цооног ухах тусгай зөвшөөрөлтэй тул компаниа төлөөлөн нэхэмжлэгчтэй цооног өрөмдөхөөр амаар тохирсон.
Иймд Ц.Б*******ын 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Б*******ын иргэний үнэмлэх, Ц.Б*******ын Хаан банкин дахь ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 1 ширхэг флаш /улаан өнгөтэй/, нэхэмжлэгчийн итгэмжлэл, нэхэмжлэлийн тодруулгыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Батзол дриллинг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2022.06.24-ний өдөр гэрч Г.Д*******, Д.Б******* нараас авсан мэдүүлэг, мөн өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан зургууд, Хаан банк ХК-ийн 2024.01.23-ны өдрийн 29/878 дугаартай албан бичгийн тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч Д.Б*******т холбогдуулан гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1а. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01528 дугаартай магадлалд зохигчдын тайлбар, татгалзалтай холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон хариуцагчаар иргэн Д.Б******* эсхүл Батзол дриллинг ХХК-ийг тодорхойлох эсэх, эдгээр этгээдийн хэнтэй нь ямар эрх зүйн харилцаанд орсон эсэх зэргээр тодруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/02532 дугаартай захирамжаар нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахыг даалгасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* нь 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хариуцагч Д.Б*******аас 13,000,000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Учир нь гэрээ хийгдээгүй, амаар харилцан тохиролцсон болно гэж тодруулжээ.
2. Хариуцагч Д.Б******* нь Ц.Б******* надтай утсаар холбогдож гүний худаг гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч харилцан тохиролцож 10,000,000 төгрөгөөр нэг гүний худгийн цооног өрөмдүүлэх ажил гүйцэтгэхээр амаар тохиролцсон, Ц.Б*******ын сонгосон газарт 110 метр өрөмдлөг хийсэн бөгөөд бидний тохиролцоо зөвхөн нэг л өрөмдлөг хийх тохиролцоо байсан боловч тус цооног нь 20 минут ус гараад тасалдаж дахин хэсэг хугацаанд амрааж татахад ус гарч байсан тул нэхэмжлэгч нь дахин өөр газарт өрөмдүүлье энэ худгийг цөөхөн бог мал услахад боломжтой юм байна гээд дахин өөр газар 90 метр өрөмдлөг хийхэд тус цооногоос ус хангалттай гарсан. Бидний хийсэн хоёр дахь өрөмдлөг нь хангалттай устай, ашиглах бүрэн боломжтой гүний худгийн цооногийг нэхэмжлэгчид өөрт нь хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Д.Б******* нь өөрийн эзэмшлийн компанийг төлөөлөн нэхэмжлэгчтэй худгийн цооног өрөмдөхөөр тохирсон гэж маргаж байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хариуцагч Д.Б******* нь Батзол дриллинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал бөгөөд тус компанийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь гэрээгээр өрөмдлөг хийх ... зэрэг болох нь регистрийн дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
4а. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/471 тоот тушаалыг үндэслэн мөн өдөр Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жилийн хугацаатайгаар 0000346 дугаартай Усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ-г Батзол дриллинг ХХК-д олгожээ.
Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, сэргээн засварлах, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Д.Б*******ын эзэмшлийн Батзол дриллинг ХХК нь энэхүү хуульд зааснаар цооног өрөмдөх тусгай зөвшөөрөл бүхий усны мэргэжлийн байгууллага байна. Өөрөөр хэлбэл иргэн худаг гаргах зорилгоор цооног өрөмдөх эрхгүй байна.
4б. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн усны мэргэжлийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Батзол дриллинг ХХК-ийг төлөөлөн Д.Б******* нь нэхэмжлэгч Ц.Б*******тай худгийн цооног өрөмдөх ажлыг гүйцэтгэхээр 2020 оны 9 дүгээр сард амаар харилцан тохирсон гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь Усны тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу иргэн Д.Б******* цооног өрөмдөхөөр бусадтай тохиролцох эрхгүй байна.
5. Ингээд Д.Б******* нь өөрийн эзэмшлийн худгийн цооног өрөмдөх зөвшөөрөл бүхий Батзол дриллинг ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Ц.Б*******тай 2020 оны 9 дүгээр сард Дорнод аймгийн Матад сумын нутаг Хирст сүүл гэдэг газар худаг гаргахаар н.Ш гэж хүнээр дамжуулан тохирч, Ц.Б******* нь өөрийн Хаан банкин дахь ******* тоот данснаас Д.Б*******ын тоот дансанд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгийг худаг урьдчилгаа гэсэн утгаар, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,100,000 төгрөгийг худаг үлдэгдэл гэсэн утгаар, 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг худаг үлдэгдэл гэсэн утгаар тус тус нийт 7,100,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
5а. Харин Эрдэнэхүү овогтой Жанчив гэж хүний тоот дансанд нэхэмжлэгч нь өөрийн дээрх данснаас 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бб гэсэн утгаар 1,000,000 төгрөг, мөн өдөр турба гэсэн утгаар 2,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр бб гэсэн утгаар 900,000 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны өдөр тросс гэсэн утгаар 220,000 төгрөг, нийт 4,620,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба эдгээр шилжүүлэгийн зарим утгаас үзвэл худагийн цооног өрөмдөх ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 196 дугаар зүйлийн 196.1.5-д нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн гэж зааснаар Батзол дриллинг ХХК болон нэхэмжлэгч Ц.Б******* нарын хооронд худгийн цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, харин иргэд хооронд ажил гүйцэтгэх байгуулагдаагүй байна.
5б. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сард худгийг нэхэмжлэгч Ц.Б*******т хүлээлгэн өгсөн байх ба энэ үед хариуцагч талаас Д.Б*******, Г.Д******* нар байлцаж хүлээлцсэн, харин акт үйлдээгүй болох нь тэдний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах нь захиалагч буюу Ц.Б*******ын үүрэг бөгөөд дээр дурдсанаар ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т захиалагчийн шаардлага гаргах эрхийг заасан ба 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй, энэхүү шаардлагыг гаргахын тулд тэрээр ажлын үр дүн доголдолтой гэдгийг захиалагч өөрөө нотлох юм.
5в. Худаг өрөмдөх эхний цэгийг захиалагч тал буюу Ц.Б*******ын зааж өгснөөр уг цэгт өрөмдлөг хийсэн боловч хангалттай ус гараагүй тул хоёр дахь худгийг ажил гүйцэтгэгчийн заасан цэгт хийж гүйцэтгэсэн, энэхүү өрөмдлөгийн ажлын үр дүнгээр худгийг хүлээн авч, хүлээлцсэн. Харин талууд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар буюу тухайн худгаас цагт хэдэн м.куб ус гарах, худгаас гарах усны ундарганы хэмжээний талаар хэрхэн тохиролцсон болох нь тодорхойгүй байгаа нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг биет байдлын доголдолтой, гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн бусад компанитай байгуулсан гэрээний дагуу худгаас 1 цагт 2 тонн ус гарах ёстой тул худгаас хангалттай ус гарахгүй, усны гарцын хэмжээ бага гэх, мөн н.Шоор дамжуулан хэлүүлэхэд нэмж өрөмдлөг хийж өгнө гэсэн гэх тайлбар, түүнчлэн худгийн одоогийн нөхцөл байдлын талаарх бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр худгийн өрөмдлөгийн ажил доголдолтой гүйцэтгэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
5г. Нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, харин хариуцагч Д.Б******* нь өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэгч Ц.Б*******тай ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсгэж, улмаар ажлын үр дүнг нэхэмжлэгч нь хүлээн авсан, ажлын үр дүн доголдолтой байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч талын өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б*******т холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ